Categories
мэдээ нийгэм

Осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж

Шинэ жил ирж байна. Энэ үеэр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж бие авч явах чадваргүй болсон иргэд осгож гэмтэх тохиолдол ихэсдэг. Энэ үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тасаг 24 цагаар ажиллах аж. Уншигч та бүхэндээ осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэе.

Осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд амин дэмтэй хоол хүнс хэрэглэх, хүйтэнд орчинд удаан хугацаагаар байхгүй байх. Мөн ууланд алхаж, ан, оторт удаан хугацаагаар явахгүй байж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх хэрэгтэй гэдгийг холбогдох эмнэлгийн ажилтнууд зөвлөж байна. Осголтын үед арьсны гадаргуу улааж өвдөх, цайрч сааралтах, гөлгөр болж мэдээ алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Мөн энэ үеэр осгосон хөлөөр алхаж, ил галын ойролцоо суун, осгосон эрхтнээ үрж, массаж хийх зэргийг хориглодог байна.

Осгосон үед хамгийн түрүүнд эмнэлэгт хандах хэрэгтэй. Мөн осгосон хүнийг дулаан байранд байлган норсон хувцасыг нь тайлж, дулаан хувцас өмсгөн хөнжлөөр хучин бүлээн шингэн зүйл ихээр уулгах хэрэгтэй юм. Мөн зуун наст болон E витамин найрлаганд нь орсон тос түрхвал сайн аж.

Нийт ард иргэдэд анхааруулж хэлэхэд архи согтууруулах ундааг баяр ёслолын үеэр тааруулан хэрэглэж осол гэмтэл болон осголтоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг эмнэлгийн байгууллагын ажилтнууд зөвлөж байна.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *