Арван зургаан улирал дараалан уншигчдынхаа оюуны хэрэгцээг хангаж, захиалагч олныхоо талархлыг хүлээсэн “Улирал ба зохиолч” сэтгүүлийн энэ оны өвлийн дугаар хэвлэгдэн гарлаа.
Уг дугаарт Монгол Улсын төрийн шагналт, эрдэмтэн зохиолч Пүрэвийн Хорлоогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан намтар цадиг, судалгааны өгүүлэл, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Санжийн Пүрэвийн “Амгалан тэнгэрийн нүүдэл” кино тууж, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч А.Лхагвагийн “Нумын хөвч, сумын зэв” эрхин сонет.
Мөн зохиолч, орчуулагч Д.Гүн-Үйлсийн “Судага” өгүүллэг, нобелийн шагналт зохиолч Э.Хемингуэйн хөрөг, Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч Л.Мягмарсүрэнгийн “Болор чулаанд туссан сарны гэрэл адил…” шүлгийн гар бичвэр, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн оюутан Д.Чинзоригоос яруу найрагч Цэндийн Чимиддоржид бичсэн захидал, яруу найрагч Ш.Сүхбаатар, Н.Пүрэв, Г.Жамьяан нарын шинэ шүлгүүд, нобелийн шагналт, шведийн зохиолч Элмар Сойдэрбергийн өгүүллэг , хятад хэлээр шүлэг бичдэг цөөн тоот үндэстний яруу найргийн цоморлиг, буриадын нэрт эрдэмтэн Людмила Пампиловагийн бичсэн “Лувсандамбын Дашнямын боинго мөрт яруу найраг” зэрэг онц сонирхолтой бүтээл тавиигджээ.
“Номын ордон” буландаа Говь-сүмбэр аймгийн номын сангийн хамт олны тухай танилцуулсан байна.
“Улирал ба Зохиолч” сэтгүүл улиралын онцлох зохиолчоор саяхан БНСУ-ын Гваньжиу хотод болсон Азийн утга зохиолын анхдугаар наадмаас “Азийн утга зохиолын шагнал”-ын анхны шагналыг хүртсэн яруу найрагч Д.Урианхайг тодруулж, “Утга зохиолын судлал, шинжлэл цуврал”-ыг нэрлэсэн байна.