О.Баасанхүү гишүүнийг эгүүлэн татах талаар ҮХЦ-д хандана гэлээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа хэмээн Монголын залуу хуульчдын “Хос дэнс” ТББ-ын А.Гантөмөр мэдэгдлээ.
Тэрбээр ярихдаа “Манай клубын зүгээс О.Баасанхүү гишүүнийг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж байгаа. УИХ-ын тухай хуулинд заасанчлан гишүүнийхээ нэр хүндийг хувийн зорилгодоо ашиглахыг хориглодог. Гэтэл О.Баасанхүү гишүүн Төрийн ордонд амралтын өдрөөр МАХН-ын хууль бус Их чуулганыг зохион байгуулсан. Төрийн ордонд онцгой хурал зөвлөгөөнүүдийг зохион байгуулдаг. Гэтэл хувь гишүүн өөрийн зохион байгуулж буй чуулганыг Төрийн ордонд хийсэн нь буруу. Гол нь О.Баасанхүү гишүүний зохион байгуулсан чуулган нь тухайн намаас гараагүй, албан бус шийдвэр байсан.
Түүнчлэн О.Баасанхүү гишүүн уг чуулганыг зохион байгуулахдаа 150 сая төгрөгийг хандивын шугамаар босгосон гэж тайлбарласан. Гэтэл улс төрийн намын тухай хуулинд иргэн 1 сая хүртэлх төгрөгийг хандивлах эрхтэй гэж заасан байдаг. Тэрбээр хандивлагчаа ил зарлах боломжгүй гэж мэдэгдсэн хэдий ч албан байгууллага хандив өгсөн гэж тодотгохгүй байгаа юм. Энэ нь Улс төрийн намын тухай хуулийг зөрчиж, нэг иргэнээс их хэмжээний хандив авсан гэх хардлага үүсгэж байна. Хандивын асуудлаар бид АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан.
Их чуулганаас О.Баасанхүү гишүүн өөрийгөө намын даргаар сонгуулсан нь хувийн эрх ашигтаа нийцүүлэн зохион байгуулсан гэх үндэслэл болж байна. Тиймээс бид АТГ, Үндсэн хуулийн цэцэд давхар хандаж байна. Бид хуулийн байгууллагад хандахаасаа өмнө О.Баасанхүү гишүүнтэй өөртэй нь уулзаж, зөрчигдөж буй хуулийн заалтуудаар санал солилцох хүсэлт тавьсан” гэв.