Categories
мэдээ цаг-үе

Хадны захидал

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Төрийн Баянсангийн бэх нь хатаагүй нэгэн өгүүллэгийг уншигч танаа толилуулж байна.

Шөнө дөлөөр юм сан. Зүүд айсуй… Томоо харанхуй ханан хадны цээжинд захидлын дугтуй шиг юм цайрна. Сэтгэлийн онгорхойгоор түүнийг харсан нүд бүрэлзэнэ. Тэр дугтуй шиг зүйл нь байшингийн цонх байлаа. Цонхны цаана нэгэн зэгэл саарал хүн, өөртэйгээ зүс дагасан өнгө бүхий унтлагын өмд цамц салхинд дэрвэгнүүлэн ямар нэгэн зүйлийг хичээнгүй оролдоно. Був буурал үс нь хариугүй зулгаран одох гэж байгаа юм шиг, сүүлчийн мөч шиг, сүрэл өвс шиг хийсэлзэх ажээ. Тэр хүн цонхны цаана зогсож байгаа юм чинь байшин дотор л байж таарна. Байшинд байгаа хүний үс толгой, хувцас хэрэглэл яахаараа хээрийн салхины эрхшээлээр үрчис үрчис хийсч байдаг билээ. Үгүй мөн сонин юм даа. Нөгөө зэгэл хүний гарт утасны харилцуур харагдлаа. Хуучны муу утсан харилцуур ирээдүйгээс ирсэн новшийн өвгөн хоёр юм уу даа. Би дунд нь зогсоод тэднийг сайтар ажиж байв. Хэн нэгэнтэй холбогдон мэндлэх шиг болов. Мөнөөх хүний “Сайн байна уу” гэх нь их л тунимхай сонсогдсон бөгөөд надтай л ярих гэж мунгинаж байсан бололтой. Мэндийн үг дотор нь хувхайрсан эрүүний яс булталзах шиг санагдан нуруугаар жирсхийгээд явчихлаа. Цонхны цаана чөрийгөөд зогсож байгаа тэр хүнэнцэр чухам хэн юм бол оо. Тэгсэн чинь мань хашрын өчиж буйгаар тэр нөхөр бол дөчин жилийн дараахь би юм санж. Дөчин жилийн дараахь би өөр лүүгээ эргэж харахад нүд нь ухархайндаа наалдсан байлаа. Цусгүй хөх уруулд хэзээ цагийнхыг эс мэдэх инээмсэглэл шиг зүйл зуугджээ. Инээмсэглэлтэй зүйлээ тэрбээр шимэн хэмлэнэ. Тэжээл авч буй бололтой. Утасны чагнуур чихэндээ наагаад над аминчлан шивнэв:

-Би зөв амьдармаар байна. Чиний насан дээрээс л дахин явж эхэлмээр байна. Чи наанаа зогсох хэрэгтэй. Арай хал үзэж халуун чулуу долоосноороо би л дахимаар байна гэлээ. Цочихдоо түүнийг удтал ажиглан харав. Тоглоогүй нь илт байснаар барахгүй, миний үлдсэн амьдралыг энэ харанхуй ханан хадны дэргэдээс цаашаа торх шиг өнхрүүлэн явж дуусгах ёстой гэдэгтээ дэндүү итгэсэн байлаа.

-Зогсох хэрэгтэй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Намайг энд үх гэсэн санаатай юм бий чи муу гэж амьдралдаа уурлаж үзээгүйгээрээ уурлаж, ханан хад руу чулуу шидэн бөөлж гарав. Би энэ муугийн өөрийгөө дахин шинээр хийж, сайжруулан засварлах түүхий эд нь юм уу гэж бодогдоход уур хилэн түймэр мэт асна. Цонхны цаанаас дөчин жилийн дараахь би гэгч инээмсэглэхчээ аядаж, намайг өрөвдөн харахад л тэндээс нэг зөөлөн юм асгарах шиг болов. Утасны харилцуур дахин торчигнож,

-Битгий уурла л даа. Чи яагаад юм ойлгодоггүй юм бэ. Одоо зогсож байгаа газраасаа наашаа яваад амьдарсан гээд бод доо. Чамд миний үзэж өнгөрүүлсэн зовлон зүдгүүрээс өөр сайн сайхан юм юу ч тааралдахгүй. Нэгэнт утгагүй, шал дэмий нь тодорхой болсон зүйлийг үзэж яах гэсэн юм. Хайран цагийн гарз биш үү гээд аав нь хүүдээ алтан сургаалаа харамгүй хайрласан мэт царайлах шинжтэй. Тэгнэ бий вий гэж бодогдоод толгойд гал манасхийж, хярвас үнэртээд явчихлаа.

-Үгүй ээ, би зөвшөөрөхгүй. Чи намайг мэхэлж байна. Би өөрт оногдсон хорвоог туулах ёстой, хичнээн муу муухайтай таарах байсан ч энэ чинь миний л амьдрал. Тиймээс хэнд ч хамаагүй. Хэн нэгэн миний амьдралыг малын хулгайч морь шиг юүлж унаад давхих учиргүй, за юу, мэдэв үү чи гэж байдгаараа хашгирлаа. Дэндүү дээрэлхүүлсэндээ дахин бөөн чулуу хормойлоод ханан хад руу заналтай нүүлгэж орхив. Хахаж цацах сонсогдсоноо дээрээс анхааруулж байна.

-Хөөш өө, боль чи. Энэ чулуу шидэх чадвар л насаар минь шоронд хатаасан юм шүү дээ. Муу эрдэм биеийн дайсан гэж аргагүй л үнэн үг юм билээ. Хцс, тоогүй, тоогүй…ингэж ч амьдрах гэж… хэмээн ханан хадыг ч уяран долгиолтол гаслах юм. Сонсоод байвал нулимс цухуйлгаж магадгүй яриаг нь тас цохихоор,

-Юун шорон орон яриад мангартаад байгаа юм бэ. Хөгшин төгцөг чамайг наад ханатай чинь гагнаж орхино шүү гэж төмөр саваагаар ороолгох мэт хашгирлаа. Тэр этгээд ч зогсох шинжгүй улангасан дайрлаа.

-Чи аан гэж бай. Чи гурван сарын дараа хэн нэгэнтэй муудалцана. Хэн нэгэн ч гэж дээ. Одоо чиний уулзаж ганц хоёр хундага юм хуваахаар явж байгаа Чинбадрахтайгаа муудалцана. Тэгээд чи тал туйпуугаар толгойг нь…

-Оо ёо ёо… Шөнийн харанхуйгаар сэрж бүжиглэсэн хорлолын дүрс чи бүү солиор. Би яалаа гэж газар дээрх ганц найзтайгаа муудалцах билээ. Тэгээд бүүр сайн найзынхаа амийг нь хөнөөнө гэх гээд байгаа юм бий. Үзмэрч болж жүжиглэж байгаа юм биз дээ. Хм, ингэхэд чи ер нь хаанаас Чинбадрахын нэрийг мэдэж авсан хий үзэгдэл вэ? Аан…?

-Чи намайг яагаад ад шоо үзээд байгаа юм бэ? Би чинь чи шүү дээ. Дөчин жилийн дараа Чи-би болно. Тэгвэл сайхан байна уу. Ийм хөсрийн амьтан болж хувирахгүй л гэж байгаа юм бол чи үлдсэн насаа надад өгчих? Өөр замаар амьдрах хэрэгтэй.

-За би чамд үлдсэн насаа өглөө гэж бодъё. Чи тэгээд яаж амьдрах юм бэ? Далдыг хардаггүй л юм бол хэн ч гэсэн хувь тавилангаараа л амьдраад дуусна. Чи намайг сайхан дөнгөж насыг минь зальдаж авах гээ юу? Дөчин жилийн дараахь маань миний асуултанд тулгамдаж ээрч мууран,

-Насыг залилж мэхэлж, бас хулгайлж авч болдоггүй юм л даа. Харин өөр юу бол юуг ч хулгайлж болно. Тийм учраас л шоронгийн үзлээр биеэ ирлэсэн атлаа өвгөн чинь залуу нас чамаасаа ингэж гуйж байгаа хэрэг шүү дээ. Ойлгож байна уу. Чи үнэхээр намайг өрөвдөөд ч юм уу, өөрөө зөв сайхан, дурсамжтай амьдарсан байхыг хүссэнээр би чиний оронд амьдрах эрхтэй болох юм. Тэгээд гоё амьдарна, за. Чамайг бахархтал амьдарна шүү… Яриандаа согтож буй бололтой.

-Үгүй ер өө, чи тэгээд миний оронд яг амьдрахаар шийдлээ юу. Энэ тэнэглэл чинь гэмт хэрэг. Хүн амины гэмт хэрэг. Түүндээ хүрвэл би буруу амьдраад яачихсан юм, аан. Чи тэгээд эхнэртэй минь гэрлэх юм биз дээ. Миний орон дээр унтах юм биз дээ. Цээж давчдаад ирлээ. Үлдсэн ганц чулуугаа чавх харваж, тэвэг өшиглөж өссөн хар багын эрдмээ ашиглан өгөр новш руу нүүлгэчихэв. Дөчин жилийн дараахь маань толгойгоо тэврээд гуйвж байснаа тэрий хадах шиг боллоо. Ханан хадны цонхоор юм харагдахгүй нэг хэсэг байв. Тэр зөв сайхан амьдралаа аль түрүүн бүтээж байхгүй яасан махир толгойт вэ энэ чинь гэж бодогдоод гүрээний судас лүг лүг цохилно. Пээ гэж. Мөнөөх туниа алдсан сөөнгө хоолой дахин сонсогдож,

-Залуу нас чамайгаа би дэндүү хайр гамгүй хэрэглэсэн юм аа. Чи надад боломж өг. Хардаж харамлаад байгаа эхнэртэй чинь энэ удаа суухгүй. Амалъя. Тэр өөртөө таалагдсан хэн нэгэнтэй л учраа олно биз. Түүнийг өмнө нь би хангалттай зовоосон юм. Одоо уулзахаасаа ч ичиж байна гэлээ.

-Эхнэрийг минь бас өөр хүнд зуучлах нь уу. Чи яасан цавинд зочилсон нойтон хамуу, цардмал замын хүйтэн мөс шиг салдаггүй амьтан бэ? Би найзындаа очих гэж яарч явна. Чамтай сүг царайлж, сүүтэлзэж байх зав алга. Дөчин жилийн дараахь би одоогийн би-дээ харамсан зөвлөсөөр байна.

-Чи сайндаа л Чинбадрахтайгаа ганц лонх юмны ард гарна. Энэ чухал гэж үү. Түүний оронд надтай жаал яриач гэх сөөнгө дууны араас ханан хадны цонхоор өрөвгөр үс хийсэж, дөчин жилийн дараах би гэгч цухуйлаа. Түүнийг одоо харсан чинь өрөвдмөөр ч юм шиг… Толгойгоо няслуулсандаа айж далдчиж байна гээч… Хөгшчүүл нь залуусаасаа айх ёстой. Дийлэхгүйгээс хойш өөр зам бий гэж үү? Залуус бол хүч чадалтай, юуг ч хийж чадна. Сайхан занг хөдөлгөвөл буян ч үйлдэнэ. Дургүй хүрвэл духан дээр нь чулуу няслах бол юу ч биш гэсэн сээрдүү бодол толгойд харвасан хэдий ч тун удалгүй омогт цээжний дотор өрөвдөхийн шар гэрэл яах аргагүй хайлж туналаа. Харанхуйд лаа барьсан юм шиг болж байна. Тэгээд түүний сэтгэлийг засах санаатай,

-Өвөө та намайг уучлаарай гэвэл:

-Юуны чинь өвөө гэж… Би чинь чи шүү дээ…гэж улиглаад,

-Чи цаашаа энэ чигээрээ амьдарвал хэн болж төгсөхөө яг одоо цонхны толинд харж байна. Ирээдүйн өөрийгөө үзэн ядан зодож байна. Чи бол би юм шүү дээ. Өвгөний хоолой дотогш ширжигнэсхийгээд таг боллоо. Өрөвгөр үсийг нь салхи хийсгэж байгаа нь амьдын тэмдэг үү гэтэл өвс ногоог ч үүнээс гоё халиуртал хийсгэдэг шүү дээ гэсэн алчуур бодол тархинд орж ирнэ. Энэ цаг бусын зочноосоо яаж салж авъя даа байз. Юухан хээхнээр хуураад явуулчихъя гэсэн мэргэн санаа оллоо. Аль хэдийнэ ингэх байсан юм. Тэгсэн бол Чинбадрах бид хоёр өдийд… гэсэн харуусал зурсхийнэ.

-Өвөө, үгүй ээ…Дөчин жилийн дараахь аа…гэж дуудахад арай энэрэнгүй зөөлөн сонсогдсон юм байлгүй өвгөн хамаг тэнхээгээ шавхан өндийж,

-Өөв, юу гээв… гэлээ. Энэ тасалданги дорой байдал намайг тарвалзуулан эрхлүүлээд байх шиг хачин санагдсаныг яана.

-Хоёулаа асуудлаа шийдчихье. Би таны тэтгэвэр дээр мөнгө нэмж өгч байя аа. Сар болгон энэ газраа л уулзана шүү. Тэгээд хорин мянгыг авч бай, за юу. Одоо үүнийг, тэгээд арилж үз гэтэл мөнөөх муу дөчин жилийн дараахь чинь уурлаж, хаанаас нь гарав гэмээр чангаар,

-Чи яасан тэнэг юм бэ. Засгийн газар шиг цэвдэг сэтгэл бүү гарга. Би чинь чи шүү дээ. Өөртөө ийм хайргүй байхдаа яадаг байна аа…аа, аа…

Энэ дуу хоолой холын уулсын цуурайнд хувирлаа. Цуурай утас шиг нарийн болж тасарлаа. Ёох, арай чүү хар дарсан зүүднээсээ нэг юм сэрэв. Би хэнтэй юу ярьчихав аа?

…Хэдэн жилийн өмнө тас хар шөнөөр ингэж зүүдэлсэн юм сан. Одоо хэрнээ үүр цайгаагүйг бодоход мөнөөх зүүд үргэлж намайг сүүдэр шиг дагадаг болжээ. Уг нь мөрөөрөө амьдрахад л болох шүү дээ, тэнгэр минь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *