Эмч, эмнэлгийн ажилтнуудын тэмцэл хөдөлгөөн өрнүүлсний үр дүнд улсын гурван талт нэмэлт хэлэлцээрийг өнгөрсөн сард хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр “Эрүүл мэндийн салбарын нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурах” үйл ажиллагаа Эрүүл мэндийн яаманд боллоо.
ЭМЯ-ны талаас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй ажлын хэсэг, нөгөө талаас Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар тэргүүтэй эмч, эмнэлгийн байгууллагын төлөөлөлүүд тус үйл ажиллагаанд оролцсон юм.
Энэхүү нэмэлт хэлэлцээрийн хүрээнд улсын үндсэн хэлэлцээрийн 3.3.2, 3.4 дэх заалтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд нийтдээ 10 зүйл заалттай аж.
Нэмэлт хэлэлцээрийн хүрээнд эрүүл мэндийн төрийн албан хаагчдад 2017 онд багтаан 300 мянган төгрөг олгохоор тохиролцжээ. Харин 2018 оны нэгдүгээр улиралд багтаан 8.1 тэрбум төгрөгийг олгохоор болжээ.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат:
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэхүү хэлэлцээрийг хийхэд маш их санал санаачилгатай оролцож байгаа гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Энэ холбооноос эрүүл мэндийн ажилтны цалинг 2018 онд 50 хувь нэмэгдүүлэх шаардлага ирүүлж, уг асуудлын хүрээнд Хөдөлмөр нийгэм хамгааллын зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрийг 2017 оны 11 дүгээр сард байгуулсан. Дээрх үндсэн хэлэлцээрийн хүрээнд салбар нэмэлт хэлэлцээрийг хийхээр эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага хүсэлт ирүүлснээр энэ хэлэлцээрийг эхлүүлж хэлэлцээрийн хүрээнд талууд амжилттай тохиролцоонд хүрч өнөөдөр албан ёсоор гарын үсэг зурж байна.
Төрийн үйлчилгээний албан хаагчдын нэмэгдэл хөлс, урамшуулалтай холбоотой журмуудын нөхцөл шаардлагыг уянга хатан болгож, шинэчлэн батлуулах, улмаар 2018 оны нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлнэ гэснийг тусгаж өгсөн.
Мөн эрүүл мэндийн даатгалаас өрхийн эрүүл мэндийн байгууллагад 2018 онд зарим төрлийн санхүүжилтийг олгох, бусад нэмэлт ажлууд тусгагдсан.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар:
МҮЭХ-г төлөөлж Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны хэлэлцээрийн баг бүрэлдэхүүн ирсэн. Энэ хэлэлцээр нь улсын гурван талын хэлэлцээрийн зарим зүйл заалтыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулж буй нэмэлт хэлэлцээр. Багагүй хугацаанд хэлэлцээрийг үр дүнтэй байгуулахын тулд хоёр талаас хамтран ажилласан. Удаан хугацаанд үргэлжилсэн шалтгаан нь Сангийн яам, Хөдөлмөрийн яам зэрэг зарим байгуулагуудаас хамааралтай асуудлууд тулгарсан.
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлс, нийгмийн асуудалд анхаарал хандуулж байгаа энэ хэлэлцээр зөвхөн ҮЭ-ийн байгууллагын асуудал биш, эрүүл мэндийн салбарын 48 мянган эмч, эмнэлгийн ажилтнуудын хүлээлтийг эцэслэж буй хэлэлцээр. Эрүүл мэндийн салбарынханы нийгмийн асуудлыг шийдүүлэхийн тулд удаан хугацаанд тэмцэсний үр дүнд Улсын гурван талын болон нэмэлт салбарын хэлэлцээр өнөөдөр эцэслэх хэмжээнд хүрч байгаад талархалтай байна.
Хэлэлцээрийн үр дүнд ЭМЯ, Хөдөлмөрийн яамнаас төрийн бусад байгууллагын оролцоотойгоор эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн тогтолцооны шинэчлэлийн асуудал хийгдэж, эрүүл мэндийн салбарынхан цалин хөлсөө нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Цаашид Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, ЭМЯ-тай эрүүл мэндийн түншлэлийг хөгжүүлэх хүрээнд аймаг, орон нутаг, нийслэлд 2018 онд шинэ шатанд гаргаж ажиллана гэж бодож байна. Нөгөө талаас эрүүл мэндийн ажилтнуудын ёс зүй, харилцаа хандлага, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх ажлууд хийгдэнэ гэж харж байна.
Эрүүл мэндийн салбарын улсын гурван талт хэлэлцээрийн хүрээнд хийгдэж буй нэмэлт хэлэлцээрээр 2017 онд багтан эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын тушаалын ангилал, зэрэг дэв, мэргэжлийн ур чадвар, ажлын ачаалал, үр дүн, хүлээх хариуцлага, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэй уялдуулан боловсронгуй болгож, 2018 ондоо үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байна.