Categories
мэдээ цаг-үе

Ж.Батжаргал: Том төслүүдээ хөдөлгөж чадвал 7000 ажлын байр нэг дор бий болно

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалтай ярилцлаа.


-Өнгөрсөн жилүүдэд орон нутгийнхаа хөгжил, бодлогын хүрээнд хийгдсэн онцлох ажлуудыг дүгнэхгүй юу?

-2017 он их онцлогтой жил боллоо. Учир нь Засаг даргын бүрэн эрхийн гарааны суурь он юм. Тийм болохоор 2016-2020 онд аймаг, орон нутгийг хөгжүүлэх хөгжлийн бодлогуудын хэрэгжилтийг хангах тал дээр онцгойлон анхаарал хандуулж, нутгийн удирдлагын байгууллагуудаас аймгийнхаа хөгжлийн бодлого зорилтуудыг сайн дүн шинжилгээ хийж үзээд ирэх он жилүүдийн хөгжлийн хэрэгцээ, шаардлага, хөгжлийн бодлогуудаа цэгцтэй бодлогын түвшинд хүргэх “Хөгжлийн түүчээ Төв аймаг” гэсэн уриан дор 2024 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрөө боловсрууллаа. Энэхүү хөтөлбөрт тулгуурлаж “Ажилтай, орлоготой иргэн” зорилтыг дэвшүүлж ажиллаж байна.

-Энэ зорилтын хүрээнд юу хийх вэ?

-Энэ хүрээнд бүхий л хөрөнгийн эх үүсвэрүүдийг дайчлах замаар иргэдийнхээ ажилтай, орлоготой байх бололцоог нээсэн бодлогын, хөрөнгө санхүүгийн, тодорхой зах зээлийн өргөтгөлийг хийж хэрэгжүүлсэн он жил байлаа. Төв аймгийн нутаг дэвсгэр дээр хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын үйл ажиллагааг аймгийнхаа эрх ашигт уях, бодлогын нэгдмэл байдлыг хангах зорилтыг бэхжүүлэн ажиллалаа. Жилд манай аймагт 13 мянга орчим ажлын түр байр бий болдог гэсэн судалгаа гарсан.Энэ бол өнөө жилийн ололт хийгээд ирэх жилүүдийн суурь баримжаа тооцоо гарч байгаа гэсэн үг. Бид иймэрхүү зохион байгуулалттай ажиллаж чадвал жилд 13 мянган иргэдээ түр ажлын байраар хангаж, ажилтай, орлоготой болгож, амьдрал ахуйг нь дээшлүүлэх боломж харагдаад байгаа юм. Төв аймгийн хөгжил, эдийн засгийн бүтцийг судлаад үзвэл боловсруулах чиглэлийн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлүүдийн хөгжил сул байна. Тийм болохоор мал аж ахуй, газар тариалангийнхаа үйлдвэрт тулгуурлаж, түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр анхаарал хандуулан ажиллалаа.

-Санхүүжилтийг шийдсэн үү?

-Аймгийн тухайн оны төсвийн шилжих үлдэгдлийн 30-аас доошгүй хувийг нь аймаг хөгжүүлэх санд татан төвлөрүүлж, 600 гаруй сая төгрөг бүрдүүлсэн. Хөрөнгө санхүү дутагдалтай байгаа энэ цаг үед цомхон зохион байгуулалтаар, багахан хөрөнгө гаргаж тодорхой ажлын байр бий болгох боломж бүрдэж байгаа хэрэг. Энэ хүрээнд бид өдийг хүртэл сум хөгжүүлэх сангаас 680 сая төгрөгийн зээл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зургаан хөтөлбөрийнхөө хүрээнд нэг тэрбум 500 орчим сая төгрөгийн дэмжлэг, туслалцааг иргэддээ үзүүлсэн байна. Том дүнгээр нь авч үзвэл 17 орчим шинэ үйлдвэр, цех ашиглалтад оржээ. Мөн өмнө нь ашиглагдаж байсан 30 орчим үйлдвэрүүд хөдөлгөөнд орж, үйл ажиллагаа нь тодорхой хэмжээгээр өргөжсөн байна. Энэхүү хүрээнд 1200 орчим байнгын ажлын байрыг бий болгож чадлаа. Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй том төсөл, хөтөлбөрүүдтэй үйл ажиллагаа уяснаар мянга орчим иргэдээ ажлын байраар зуучлуулж оруулсан байна. Ингээд тооцоод үзвэл 15 мянга орчим иргэд ажлын байраар хангагджээ. Ингэснээр энэ жилд 540 орчим сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулсан байна гэсэн дүн мэдээ гарсан.

-“Эко тохилог хашаа” төсөл хэрэгжүүлж байгаа гэж дуулсан?

-Төв суурин газрын айл, өрхүүд 0.07 га газартаа зөвхөн байшин барилга, жорлон барьдаг тухай ойлголт биш юм. Энэхүү газартаа амьжиргаагаа дэмждэг тодорхой эх үүсвэртэй байх ёстой. Өөрөөр хэлбэл хашаандаа хүлэмжтэй, жимсний модтой байх ёстой. Жилд хувьдаа хэрэглэх хүнсний ногоогоо хашаанаасаа хураачих, цаашлаад илүү гарсныг нь худалдаанд гаргаад хэдэн төгрөг болгочих юм бол иргэдийн амьдрал, амьжиргаанд бодитой түлхэц болно гэж үзэж байгаа. Энэхүү төслийн хүрээнд бид аймагтаа хүлэмж угсрах үйлдвэртэй боллоо. Одоогийн байдлаар 100 орчим өрх жижиг хашааны хүлэмжээр хангагдсан байна.

-Танай аймгийн хувьд өвөлжилт ямар байна?

-Сүүлийн 30 гаруй жил тохиогоогүй ган гачиг боллоо гэж газар тариалангийн салбарын улсууд хэлж байна. Аймгийн онцгой комиссын хурлаар газар тариалангийн салбарын бүх дүн мэдээг нэгтгэн авч үзэхэд 52 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Зун гантай байснаас бэлчээрийн ургамлын гарц тааруу, намрын хадлан, тэжээлээ үндсэндээ орон нутгаасаа бэлдэж чадаагүй ээ. Сүхбаатар, Дорнод, Хэнтий зэрэг аймгаас нийтдээ 80 мянган тонн хадлан бэлтгэж, иргэд, малчдадаа борлуулалтыг нь зохион байгуулалттай хийлгэж аймаг сумынхаа аюулгүй нөөцөд бүрдүүлэх ёстой өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлж авлаа. Малын тарга тэвээрэг намрын отор нүүдлээр бага зэрэг өөхөн тарга авсан. Өнгөрсөн намрын сүүлээр орсон цас Төв аймгийн нутгаар олон жилийн дунджаас нэлээд ахиу орсон. Аймгийн онцгой комиссоос ажлын хэсэг гарч сумдынхаа өвөлжилтийн байдалтай танилцахад 17 сум зудтай, 10 сум зудархуу байна гэсэн дүгнэлт гаргасан.

-Зам дагаж хөгжил гэдэг. Энэ онд зам тээврийн салбарт хийгдсэн онцлох ажлууд гэвэл…

-Энэ онд манай аймаг төсөл, хөтөлбөр бусад хөрөнгө оруулалтаар нийтдээ 46 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийлээ. Сургууль, эрүүл мэндийн байгууллагуудын засвар, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хангалтын чиглэлд нэлээдгүй хөрөнгө оруулалт хийсэн. Мөн дэд бүтцийн чиглэлд таван жил царцчихсан байсан хэд хэдэн замыг бид энэ жил хатуу хучилтай болгож ашиглалтад хүлээн авлаа. Энэ бол Зуунмод хотод зүгээр нэг зам тавигдаад байгаа зүйл ч биш. Шороон замаар явах машины тоос, тоосонцроор дамжиж иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа зүйл л дээ. Үүнийг нь цардчихаар ойр хавийн гудамж, талбай тоос шороогүй, замтай ойр орших айлын амьдрах орчин тохиотой болох юм. Энэ хүрээнд аймагтаа хоёр том замыг улсын хөрөнгөөр, таван жижиг замыг аймгийнхаа хөрөнгөөр шийдэж, чадлаа. Нийт тав орчим тэрбум төгрөгийг зам барих ажилд зарцуулсан. Нөгөө талаар хот суурийн газрын иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бид онцгой анхаарах ёстой юм. Ингэхийн тулд өөрсдийнхөө санхүүгийн нөөц бололцоондоо тулгуурласан ажил, үүргийг хийж гүйцэтгэх шаардлагатай. Эхний ээлжид инженерийн шугам сүлжээнд ойрхон айл, өрхүүдийг энэхүү шугам сүлжээнд холбох ажил юм.

-Өнгөрсөн хугацаанд ямар ажил хийгдэв?

-Өнгөрсөн жилүүдэд бид энэ чиглэлд нэг тэрбум 500 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн. Шинэ суурьшлын бүсүүдэд цахилгаан, дулааны шугам сүлжээг тавьж байгаа нэг хэсэг байна. Харин инженерийн шугам сүлжээнд холбогдож чадаагүй, алслагдал орших айлуудыг юун түрүүнд бүрэн шаталттай, түлш бага зарцуулдаг зуухаар хангах ажлыг энэ онд хийлээ. Нийт дүнгээрээ 3200 зуухыг айл, өрхүүдэд олгочихсон. Зуух тавьсан айлууд “Түлш бага зарцуулж, утаа униар бага гаргадаг зуух байна” гэж ярьж байна лээ. Шинэ хөтөлбөр, том ажил эхэлчихсэн учраас айл бүр энэхүү зуухыг тодорхой горим, зааварчилгаагаар нь ашиглаж чадахгүй байгаа. Тийм болохоор удирдлагуудын зүгээс эдгээр зуух ашиглаж буй айл өрхүүдэд шат дараатай сургалт явуулж, зуух ашиглах ойлголтыг нийтэд түгээх ажлыг хийсэн. Ирэх онд бид аймгийнхаа өрх, айлуудыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлаа улам эрчимжүүлнэ. Энэ талаар тодорхой төсөл, хөтөлбөр, арга туршлагыг судалж байгаа.

-“Ашигтай, орлоготой иргэн” уриан дор ямар ажил хийгдэв?

-Манай аймагт 14 мянган малчин өрх бий. Зуны цагт сүү, цагаан идээ боловсруулахад их түвэгтэй л дээ. Тэр өдрийн халуунд байнгын гал түлээд сүүгээ хөөрүүлээд сууна гэдэг хүн асуудал шүү дээ. Тийм болохоор зуух үйлдвэрлэгчид маань бидэнд бөөрөө буюу хажуу талаараа халдаггүй, зөвхөн дээшээ буюу тогоо руугаа халдаг зуухыг санал болгоод байгаа юм. Үүнээс саяхан гурвыг захиалж хийлгээд туршиж үзлээ. Ирэх зунаас хөдөөгийн малчин гурван өрхүүдэд энэхүү зуухыг туршиж үзнэ. Ингээд үнэхээр малчдын сүү, цагаан идээ боловсруулахад нь нэмэр болж байвал үйлдвэрт захиалгыг нь өгч, малчдадаа бөөрөөрөө халдаггүй зуухаар хангах асуудлыг хэлэлцэнэ. Үүнийг Засгийн газрын хоорондын гэрээ хэлэлцэлд оруулах бодолтой байна. Эдгээр дэвшилттэй санааг ашиглаж, иргэдийн зардлыг хэмнэж болохоор, эдийн засгийн хувьд үр ашгаа өгч чаддаг эд зүйлээр хангах аваас иргэн ажилтай, орлоготой болоход ихээхэн дэмжлэг үзүүлнэ. Үүнд тулгуурлаж ирэх жилийг үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил болгон зарласан байгаа.

-Саяхан ирэх оны төсөв батлагдсан. Төв аймагт ирэх жил хийгдэх онцлог ажлууд юу байна?

-Төв аймаг ирэх жил улсын төсвөөр 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бол аймгийн төсвөөр 6.4 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх юм. Энэ хүрээнд хэлэх чухал хэдэн санаа бий. Тухайлбал, үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ хөгжлийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах талын арга хэмжээнүүдээ бодлогын их цэгцтэй эрэмбэтэй үйл ажиллагаа явуулж байж хангана гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, бид хүний хөгжлийг хангах асуудал дээр онцгой анхаарах ёстой. Тэр дундаа эрүүл мэндийн үйлчилгээ иргэдийн маань суурь үйлчилгээ байна. Аймгийн төвөөс 200 гаруй, сумын төвөөсөө 100 орчим километрт алслагдчихсан иргэдээ бид жилд нэг удаа үзлэг, оношлогоо, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ёстой гэж зорьсон. Улмаар “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийг батлан гаргасан. Энэхүү хөтөлбөрт бид 85 орчим сая төгрөг төсөвлөчихсөн байгаа. Мөн сурагчдын дотуур байрны асуудал байна. Адаглаад хүүхдийн ариун цэврийн өрөөний асуудал бий. Хүүхдүүд яагаад заавал шөнө орой гадаа ариун цэврийн өрөө орох ёстой юм. Энэ асуудлыг дотроо шийдвэрлэх асуудлаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөчихсөн байна. Тухайлбал, аймгийнхаа хөрөнгө оруулалтаар 17 суманд худаг гаргана. Үлдсэнийг нь улсын хөрөнгөөр барьж, байгуулах юм. Мөн бэлчээрийн мэрэгчид их боллоо. Мэрэгчдийн эзэлж буй талбай их өргөн болж байна. Нүүдлийн маж ахуйн тэжээлийн үндсэн бааз нь бэлчээр. Тэгэхээр бэлчээр менежментийн талаар зөв менежмент явуулахгүй бол болохгүй. Хөдөө аж ахуйн яаманд хэрэгжиж буй бэлчээрийн чиглэлийн “Ногоон-Алт” төсөл бий. Энэхүү төслийг аймгийнхаа дөрвөн сум дээр хэрэгжүүлнэ. Улмаар энэхүү төслийн арга туршлагыг бусад сумдад хэрэгжүүлэхээр ажил хийгдэж байна. Мөн Солонгосын бэлчээрийн мэрэгчтэй тэмцэх утагч аппаратууд байна. Энэ жил аймгийнхаа төсвөөр 20 аппарат, төслийн байгууллагуудаас 10 аппарат оруулж ирэн сум бүрд нэгийг өгсөн. Энэ ажиллагаагаа ирэх жил үргэлжлүүлнэ. Болж өгвөл баг тус бүр нэг аппараттай байвал сайн. Улмаар нийтийн хэрэглээнд оруулж өгөх ажлыг хийнэ. Энэхүү аппарат нь 500 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Хоёр малчин өрх 250 мянган төгрөгөөр нийлж байгаад дундаа нэг аппараттай болчихвол зүгээр. Мөн махчин шувууд, мэрэгчдээр хооллох амьтдын суултуурыг нэмэгдүүлэх чиглэлийн ажил хийгдэнэ.

-Ирэх жилүүдэд хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулахгүй юу?

-Юуны өмнө ирэх онд Төв аймгийн хэтийн хөгжилд нэлээд түлхэц болохоор есөн төслийг эхлүүлэх бодолтой байна. Одоогийн байдлаар судалгааны ажлууд эхэлчихсэн явж байна. Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын гэрээ, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Төв аймгийн төвийг дулааны станцтай болох асуудал байна. Техник, эдийн засгийн үндэслэлүүд нь хийгдчихсэн. Мөн Манзуширын амыг хаанаас хэн ч ирсэн үзэж харах зүйлтэй болгох ажлыг хийх хэрэгтэй байна. Аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл хүний нүдийг хужирлах түүх дурсгалын үзвэртэй л байхгүй бол болохгүй шүү дээ. Энэхүү ажлыг эхлүүлэхээр Аялал жуулчлалын яаманд судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлүүд нь явагдаж байгаа. Мөн шинжлэх ухааны парк барих асуудлыг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамтай хамтарч Хятадын засгийн газрын дэмжлэгээр хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажил явагдаж байгаа. БСШУС яамны дэргэд Шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн нэгдэл буюу шинжлэх ухаан технологийн паркийн захиргаа гэсэн нэгдэл байгуулагдаад ажилдаа орсон. Энэ нь дотроо зургаан хэсэгтэй байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өндөр технологийн үйлдвэр, IT-ийн чиглэлээр, цөлжилтэй тэмцэх ургамал, ногоон байгууламжийн тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах шинжлэх ухааны паркийг аймагтаа байгуулахаар ажиллаж байна.

-Хөшигийн хөндийн Олон улсын нисэх буудал ирэх жил ашиглалтад орно. Энэхүү том бүтээн байгуулалтаас орон нутгийнхаа эдийн засаг, иргэдийн аж амьдралд ашигтай байх талаар ямар ажил зохион байгуулж байна вэ. Мөн урагшаа гарах төмөр зам ч танай нутгаар дайран өнгөрнө шүү дээ?

-Олон улсын нисэх буудал 2018 онд ашиглалтад орно. Улсын тусгай хэрэгцээнд авагдчихсан энэ 12 мянган га талбайд чухам юу байх юм бэ гэдгийг эцэслэн дуусгая гэж байна. Энэ дагуу хөрөнгө оруулалт, газрын харилцааны эрх зүйн зохицуулалт бүх зүйлийг нь хангая. Үүгээр дамжуулж аймгийн төсөв рүү нэлээдгүй хөрөнгийг оруулж ирэх шаардлагатай байна. Үндсэндээ олон улсын нисэх буудлаас гадна төмөр зам нь ч тавигдахаар болсон. Тийм болохоор яалт ч үгүй тээвэр, логистикийн том бүтээн байгуулалт хийгдэхээс өөр аргагүй. Үүнийгээ дагаад олон мянга зорчигчид энэ орон нутгаар дамжин өнгөрнө. Тэр хүмүүсийн ая тухтай байдлыг хангах, үзвэр, үйлчилгээгээ бүрэн авч чадах зочид буудал, нийтийн хоолны газар, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбар чухал болоод байна. Нисэхийн үндсэн үйлчилгээг дэмжсэн жижиг үйлдвэрлэл, цех бий. Жишээ нь зорчигчдын уух усыг нь бид үйлдвэрлэж, борлуулдаг болох ёстой. Мэдээж хэрэг олон улсын нисэх буудал учир олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн байх нь гарцаагүй. Энэхүү ажлыг хийхийн тулд үйлдвэрлэгч нартаа тодорхой шаардлага тавьж, мэдээллээр хангах нь чухал байна. Мөн тодорхой хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлбэл Төв аймгийн үйлдвэрлэл үйлчилгээний салбар хөгжих гол түлхэц болно. Энэхүү ажил, том төсөл дээр бид онцгой анхаарал хандуулж, ажиллаж байна. Баянжаргалант сумын нутагт орших Бөөрөгжүүлт цайдамын нүүрсний ордыг түшиглэсэн цахилгаан эрчим хүчний том төсөл бий. Энэхүү цахилгаан станц ашиглалтад ороод үйл ажиллагаа явуулбал жилдээ 1.5 сая тонн нүүрс хэрэглэнэ. Үүнээс 500 гаруй мянган тоонн үнс гарна. Тэр үнсийг барилгын материал болгох үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх гэж байна. Энэхүү станцыг тойрсон цахилгаан эрчим хүчний үйлдвэр, байгалийн хийн үйлдвэр, барилгын материалын үйлдвэр зэрэг томоохон гурван үйлдвэр бий болох юм. Энэхүү төслийг дэмжээд ажил болгочихвол манай орон нутагт ч тэр улсын хөгжилд том түлхэц болно. Бүтээн байгуулалтын цаг хугацаанд 1800 орчим ажлын байр бий болно гэсэн судалгаа гарсан. Гурван үйлдвэр бүрэн ашиглалтад орвол 7000 орчим ажлын байр бий болох тооцоо гарсан. Энэ төсөл хөдлөөд үнэхээр ажил болчихвол эдийн засгийн маш том өсөлт бий болох юм. Том төслүүдээ хөдөлгөж чадвал 7000 ажлын байр нэг дор бий болно. Энэхүү ажлыг хэрэгжүүлбэл манай аймагт болоод улсад эдийн засгийн бодитой том түлхэц өгнө. Энэ мэт томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, ажил болоод явбал орон нутаг хийгээд улсын хөгжил, эдийн засгийн томоохон дэвшилт гарч ирнэ гэдгийг хэлэх байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *