Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмч хувьчлалаар хөлжиж, уул уурхайгаас баяжсан бүлэглэлүүдийг ойлголцлын ширээнд урья

Монголд улс төр, бизнесийн хоёр том бүлэглэл байна. Нүүрсчдийн намынхан, шороочдын намынхан гэж өөрсдийгөө ил далд хэлэлцэх болж. Угтаа бол нэг нь уул уурхайгаар баяжиж, нөгөө нь өмч хувьчлалаар баяжсан хоёр бүлэглэлийг хэлээд байгаа юм. Өнөөдрийн улс төр бизнесийн хүрээнд энэ хоёр бүлэглэлийн л дайн болж өрнөлөө. Өмч хувьчлалынхан уул уурхайнхнаа нэг нүдээр үзэхгүй. “Бурхнаас монголчуудад заяасан баялгийг нэр бүхий гучин гэр бүл эзэмших ёсгүй. Энэ баялаг бол монголчуудын бүгдийнх нь. Оффшороос мөнгөө оруулж ир. Лицензийг нь хураана. Эх орноо худалдагсад” гэлцэв. Тэгтэл уул уурхайнхан нь нөгөөдүүлээ “Монголын ард түмний 70 жил бүтээсэн баялгийг хэдэн эрээн цаасаар авчихсан луйварчид” гэцгээж ад шоо үзнэ. Нөгөөгөөсөө буруу хайсан тэд эрх мэдэлд хүрч, төрд очихоороо улсаараа тоглож байна. Өрсөлдөгч бүлэглэлийнхнээ намнана. Энэ хоёр том бүлэглэлийн маргаан талцал нь нийгмийг хуваагаад зогсохгүй Монголын улс төрийг булингартуулсаар ирлээ. Монголын төр улсынхаа аюулгүй байдал, иргэдийнхээ тэгш эрхийг хангах үүрэгтэй. Гэтэл Монголын төр нийгмийн баялгийн төлөө ноёрхолоо тогтоох гэсэн тэмцлийн төр болж хувирсан. Дотооддоо тэмцэлддэг биш, дэлхийн хөгжилтэй өрсөлдөхүйц тийм улс орон болмоор байна.

Өмч хувьчлалаар цэнхэр, ягаан тасалбар бүгдэд тэгш өгсөн л дөө. Ихэнх нь тасалбарынхаа үнэ цэн учир утгыг ойлгоогүй. Харин мэдээлэлд ойр, бас арай сийрэг толгойтой, сэргэлэн гэх зарим нь тэр тасалбарыг бусдаасаа авч “чулуу” болгосон нь үнэн. Нэг ёсондоо боломжийг олж харж чадсан хүмүүс. Гэхдээ тэд аваад юу ч үгүй үрэн таран хийчхэлгүй, өдий зэрэгтэй авч явааг нь бол буруутгах аргагүй. Америкт зуу гаран жилийн өмнө хэдхэн баян л байсан. Япон ч мөн л хэдхэн гэр бүлийн хүчинд хөл дээрээ боссон. Цаг хугацааг буцааж болохгүй хойно өнгөрсөнтэй зууралдахаасаа илүүтэй ирээдүйгээ бодоцгооё. Хуучин социалист орнуудын зах зээлийн эдийн засаг руу орохдоо бүгд л иймэрхүү маягаар хувьчлал явагдсан байдаг. Манай хоёр том бүлэглэл ч нэг тиймэрхүү аргаар баяжсан ч сэтгэл нь ханахгүй юм. Аль аль бүлэглэл нь одоо биесээ элдвээр нь хэлцгээж, чи их идэж, би бага идлээ гэх талцлаа үргэлжлүүлсээр байгаа. Олсноо арвижуулах, өргөжүүлэх гэхээр нэг бүлэглэл нь нөгөөдөө саад хийж, тэмцэлдсээр байтал хоёр бүлэглэлийн зодооны дүнд Монгол Улс сүйрэх нь. Та хэд минь одоо эе эвээ ололцоо. Та нарын яаж баяжсан нь сонин биш цаашид юу хийж бүтээх чинь л чухал. Эв түнжинтэй байж хуваалцах юм байвал хуваалц, тохиролц. Ширээний хоёр талд өөд өөдөөсөө хараад ярилцаад үз. Та бүхний аль, аль нь энэ хугацаанд бас ч үгүй чамгүй зүйл хийж бүтээжээ. Одоо их бага, авсан гэж хэрэлдэхийн оронд ойлголцож, улс орноо хөгжүүлэхэд анхаарлаа хандуулаач. Өгөгдөлтэй хүмүүс гэж байна. Тэр бүтээгч хүмүүс нь та нар гэдгийг үгүйсгэх аргагүй. Дэлхийн долоон тэрбум хүн бүгд саятан, тэрбумтан биш, цөөн нь баян, тэд нь бусдыгаа авч явдаг. Үнэн хэрэгтээ заримынх нь баян гэж ад үзээд байгаа хүмүүс олсон мөнгө хөрөнгөө ганцаараа идэж уугаад байдаг юм биш. Үйл ажиллагаа явуулж, олон хүнийг ажлын байраар хангаж, тэр хэрээр татварт мөнгө төвлөрч байдаг. Одоо тэдний хөрөнгийг хурааж аваад юу болох юм. Тэдний өнгөрсөн хугацаанд бүтээснийг нурааснаараа санаа амраад, ядуу хүмүүс баяжчих юм биш. Тэд улам баян болог. Тэр хэрээрээ Билл Гейтс шиг улсынхаа төлөө юм хийг. Улс нь байтугай дэлхий түүнийг хүлээн зөвшөөрч байна. Шүтэн биширч, хүндэтгэж байна. Жак Ма шиг хүлээн зөвшөөрөгд. Си Жиньпин, Трамп бүгд түүнтэй уулзаж гарыг нь барьж байна. Үндэсний хөрөнгөтнүүдээ үзэн ядах цаг бишээ. Муугийн бэлээхэн жишээ Венесуэл байна. Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүндээ хориг тавьж, хөрөнгөтэй хүмүүсийнхээ хамгийг хурааж, шоронд хийлээ гээд эдийн засаг нь доройтож, ямар хүнд байдалтай байгаа билээ. Олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал газар авч, ажилгүйдэл дээд цэгтээ хүрч, бараа бүтээгдэхүүн, хүнсний хомсдолд орж, дээрэм тонуул цадигаа алдсан. Уго Чавесийн алдаатай бодлого, популизмаас болж улс орон нь ямар нөхцөл байдалд байгаа билээ. Манайх нэг иймэрхүү замаар яваад байна. Яг одоо л зөв голдрилд нь оруулж, зөв бодлого явуулах хэрэгтэй байна. Яг одоо эввлэрэл эв нэгдэл хэрэгтэй байна. Дэлхийн том удирдагчид улсынхаа том бизнес эрхлэгчидтэй жигтэйхэн найрсана. Тэднийгээ дэмжинэ. Тэд хариуд нь бүтээж байна. Харин манайд төрд гарсан нэг бүлэглэл нь нөгөө бүлэглэлээ дарж авах гэж үзэж тарсаар өдийг хүрлээ.

Гуравхан сая хүнийг ажилтай, орлоготой байлгах тийм ч хэцүү биш шүү дээ. Иргэд нь аз жаргалтай байхад тийм ч их зүйл хэрэггүй. Утаагүй, түгжрэлгүй, хууль дүрэм нь үйлчилдэг, боломжийн цалинтай байхад л хүн амын ихэнх нь оршин суудаг хотынхны нуруу тэнийчихнэ. Дэлхийн улс орнуудад байгаа стандартыг мөрдөхөд л болчихно. Тэр дагуугаа явахад л тайван амгалан болоод байна. Хүн амьдрах таатай тохитой байхаас илүү өөр юу хэрэгтэй гэж. Бутаныг хар л даа. Тийм баян тарган, баялагтай улс биш ч дэлхийн хамгийн аз жаргалтай иргэдтэй. Тэдний аз жаргал бол их мөнгө хөрөнгө биш амгалан тайван байдал юм. Магадгүй удирдагчдад нь булаацалдаад шунаад байх зүйл байхгүй ч байдаг биз.

Удирдагчид нь олигтой шийдэл гаргаж өгөхгүй, бизнес улс төрийнхөн нь талцаад бие биенээ шоронд хийнэ гээд байвал улс орон яаж амар жимэр байх юм. Ядуу байх тусмаа их улстөрждөг гэсэн судалгаа гарч, тэр улстөрждөг ядуу улсуудын тэргүүн эгнээнд манайх орчихсон явна лээ шүү дээ. Хоёр тал хоёр биенийхээ улыг шагайгаад мууг нь дуудаад байвал энэ хэрүүл зогсохгүй. Ард түмэн нь яг эдэн шигээ талцаад л үзээд байна.

Буянгийн Жагаа нэг удаа “Намайг баян гээд байх юм. Би яаж ч баяжсан арван давхар ноолууран цамц өмсөхгүй. Есөн ноолууран цамц нь тэнд үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүст өгөөжөө өгч, тэд амьжиргаагаа авч явж байна” гэж хэлсэн нь яах аргагүй үнэн үг. Буян Жагаа шиг бизнес эрхлэгчид ноолууран цамцаа амар амгалан үйлдвэрлэг. Түүнд бүү саад хий. Учир нь түүний үйлдвэрлэсэн цамцны ашгийг овоо хэдэн гэр бүл хүртэж байгаа. Дээрх бүлэглэлүүд ч мөн ингэж дайтахгүйгээр учраа ололцоод урдахаа л хийж бүтээ. Бие биедээ гай тарихгүй нэг зүг рүү харж ажиллавал бид ч бас мөрөөрөө сайхан амьдарчихмаар байна.

Иргэдийнхээ амьдралыг сайжруулах төрийн үүргээсээ илүүтэй эрх мэдлээ яаж хадгалах вэ, тэрний төлөө хэн нь илүүг хожих вэ гэдэг асуудал төрийн бодлого болоод хувирчихлаа. Алийн болгон ингэж явах юм бэ. Монголд арван том үйлдвэр барьчихад л Монголын залуус Солонгос явахгүй. Эрдэнэт, Оюу толгойд ажиллаж байгаа хүмүүс Солонгос явдаггүй. Харин ч гурван жилийн өмнө Оюу толгойд ажиллахаар Солонгос явсан залуус эргэж ирж байсан шүү. Нефть боловсруулах, зэс хайлах үйлдвэр барьчих. Зодолдож хэрэлдэлгүй, тохироод барьцгаачих.

Үр шим нь монголчуудад өгөөжөө өгөг. Хэрэлдэж байгаа хоёр хүний эцсийн дүр зураг нь хэлхээтэй хоёр яс л шүү дээ гэдэг үгийг санаж, тоотой хэдэн насаа үүрдийнх юм шиг алийн болгон хоорондоо тэмцэлдэхэв. Та нарын зодооны талбар Монгол Улс бүү болог. Тиймээс өмч хувьчлалаар хөлжиж, уул уурхайгаар баяжсан бүлэглэлүүдийг ойлголцлын ширээнд урьж байна.

One reply on “Өмч хувьчлалаар хөлжиж, уул уурхайгаас баяжсан бүлэглэлүүдийг ойлголцлын ширээнд урья”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Өмч хувьчлалаар хөлжиж, уул уурхайгаас баяжсан бүлэглэлүүдийг ойлголцлын ширээнд урья” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы сурвалжлах баг утааны голомт, эмнэлэг, сургуульд үүсээд буй нөхцөл байдлыг сурвалжилж, гарц шийдлийг албаны хүмүүсээс тодруулжээ. Үүнийг тэргүүн нүүрэн дэх “Шийдвэр гаргагчид аа, сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоох цаг болжээ” сурвалжилгаас хүлээн аваарай.

Өчигдөр УИХ-ын ээлжит чуулган хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Энэ талаар улс төрийн хоёрдугаар нүүрэн дэх “Малын генетик нөөцийн тухай хуулийг баталлаа” сурвалжилгаас уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Мөнгөндалайгын “Өмч хувьчлалаар хөлжиж, уул уурхайгаас баяжсан бүлэглэлүүдийг ойлголцлын ширээнд урья” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Монгол Улсаас БНСУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдохоор нэр дэвшээд буй Б.Хурцад холбогдох асуудлаар төрийн ордонд өнөөдөр арван цагаас нээлттэй хэлэлцүүлэг хийхээр болсон юм. Энэ талаар өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар хэвлэлийн хурал хийснийг улс төрийн тавдугаар нүүрнээс хараарай.

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагаас Улсын дээд шүүхийн өмнө шүүхийн байгууллагын шударга бус байдлыг эсэргүүцэж жагсаал зохион байгуулна хэмээн мэдэгдээд байсан билээ. Гэвч тэд жагсаал хийж чадаагүй байна. Энэ талаарх мэдээг цаг үе, үйл явдлын наймдугаар нүүрнээс уншаарай.

“Ай түүлс” компанийн үүсгэн байгуулагч А.Баттамиртай хийсэн ярилцлагыг XII нүүрнээс үзээрэй. Тэрээр “Орчин үед өгөгдөл, дата мөнгөнөөс ч үнэ цэнтэй болсон” гэжээ.

“Алдар” спорт хорооны багш гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяртай хийсэн ярилцлагыг XV нүүрнээс хүлээн аваарай. Тэрээр “Арван гурван жилийн турш ялгагдаагүй байсан К.Ичог хожсон нь П.Орхоныг их хурцалж өгсөн” хэмээжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *