Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ ажлын хүрээнд хоёр байгууллага хамтран нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулах, ард иргэдэд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зэргээр хамтран ажиллана. Мөн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь тус байгууллагын албан хаагчид, тэдгээрийн гэр бүлийнхэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллах юм.
Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн удирдлагуудын санаачлагаар энэ оны 10 дугаар сард “MNB хүүхдүүд” цэцэрлэгийг албан хаагчдынхаа хүүхдүүдийг хүмүүжүүлж, тэдний ажлыг хөнгөвчлөх зорилгоор нээсэн билээ. Одоо тус цэцэрлэг нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, хоол, хүнсний аюулгүй шаардлага хангасан, хүүхэд, багачууд хүмүүжихэд таатай, аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлсэн үлгэр жишээ цэцэрлэг болон үйл ажиллагаагаа явуулж байна.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн их эмч, дэслэгч Ч.Ганчимэг, шүдний их эмч Б.Баярцэцэг нар энэ сарын 15-ны өдөр тус цэцэрлэгийн 40 гаруй хүүхдэд эрүүл мэндийн үзлэг хийн, амны хөндийн эрүүл мэнд, гарын эрүүл ахуйн талаар бичлэг үзүүлэн, зөвлөгөө өглөө. Цаашид амны хөндийн эрүүл ахуйн тал дээр шат дараалсан арга хэмжээ авч, эрүүлжүүлэх ажил нэн шаардлагатай байгааг эмч нар онцоллоо. Түүнчлэн багш, сурган хүмүүжүүлэгчдээс гадна эцэг, эхчүүд энэ асуудал дээр анхаарлаа хандуулан, хүүхэддээ аль болох чихэрлэг зүйлс авч өгөхгүй байх, шүдний эмчийн хяналтад тогтмол оруулах, шүдийг нь тогмол зөв угаалгаж занших хэрэгтэй байгааг хэллээ.