Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилохыг эсэргүүцсэн цөөнгүй гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Тэрбээр Төрийн ордонд Б.Хурцтай холбоотой асуудлаар Нээлттэй сонсгол зохион байгуулж, сонсголоос гарсан дүгнэлтийг Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад хүргүүлээд байгаа билээ.
Тэрбээр нээлттэй сонсголын дүгнэлтийг гардуулах үеэрээ сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, “Ц.Элбэгдорж, М.Энхболд, Б.Хурцыг тойрсон мафийн бүлэглэлийн гарт сүүлийн арван жилийн дотор олон хүн хэлмэгдсэн байна. Монгол Улсын томоохон баялаг ордуудыг энэ бүлэглэл булааж авсан. Үүнийг илчилснийхээ төлөө УИХ-ын гишүүд заналхийлэлд өртөж байгаа. Гэхдээ бидний тэмцлийг энэ бүлэглэлийнхэн зогсоож чадахгүй. Одоо бид Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүлээж байна. Ерөнхийлөгч Б.Хурцын томилгоог зогсоож, мафийн бүлэглэлийг монголын төрөөс зайлуулна гэдэгт итгэж байна” хэмээн онцлон ярьсан байдаг.
Тэгвэл Ж.Батзанданд Б.Хурцын гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тодруулбал энэ талаар Ж.Батзандан, “Хүн ална гэж заналхийлсэн нөхөрт хэрэг үүсгэдэггүй хэрнээ Б.Хурцын нэр төрийг гутаасан гэж надад хэрэг үүсгэх юм. Манай шүүх, прокурор, цагдаагийн ажил иймэрхүү л байна даа. Бидний эцгийг хулгайлсан гээд хүүхдүүд нь гомдол гаргаад байхад, мөн Эрдэнэтийн хэрэгт оролцсон гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд байхад намайг хүн гүтгэсэн гэлээ. Ямар ч ариун нэр төртэй юм бэ дээ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.