Холхи газраас гялалзан харагдагч өнгөт Од.
Д.Н
Би сэрж байнам…Амин сүнсний минь нэрээр дуудахыг сонсдог байна шүү, намайг.Тэр нэрийг авиагаар үл дуудах, харин гэрэл, туяагаар л дуудаж болох. Түмэн жил хэн ч дуудаагүй, миний ч санаанд ороогүй бөлгөө. Нэрийг минь санан дуудсан мөнөөх одны амраг туяа нь намайг сэрээхийн учир юусан.
Танихгүй атлаа танил дуун
Таараагүй байтлаа мэддэг дуун
Тааруулж оноох эзэнгүй дуун
Тааж тайлах утгагүй дуун
Онхид дуулдаагүй тэр нэрээр
Огтоос байгаагүй тийм нэрээр
Оноож хэнд ч өгөөгүй нэрээр
Одоо дуудаж, яах гэж сэрээв!
Сэрээд үзэхнээ гариг оддын буудал мөн байнам. Тэнгэр тэлсээр газартай нийлэх энэ л зайд од гариг бууж чуулдаг. Энэ бол хээр тал…Энд мөрөөдөл өөрөө ододтой хамт бууж ирдэг юм. Хэрвээ чи мөрөөдөж чадвал тал нутгийн нэг хэсэг, од эрхсийн үргэлжлэл нь болно.
Гариг эрхэс шивэгнэн хэлэх нь: “Мөрөөдөгтүн…Мөрөөдлөө гансрал, санаашрал болгож болохгүй. Харин түүнийг бясалгал болго. Бясалгал болгосон мөрөөдөл диваажинд хүргэж, гансрал болгосон мөрөөдөл зовлонд унагадаг…мөрөөдөгтүн” хэмээнэ.
Оддыг туучин хээр талаараа алхнам…Хувь тавилан энд л ододтой хамт бууж ирдэг юм. Хувь тавилангаа өөрчлөх гэж, шинээр зохиох гэж битгий зүдэр. Хувь тавилантайгаа нийл. Учир нь чи хувь тавилан руу ирсэн юм биш, хувь тавилан чамайг эрж, олж ирсэн юм…
Хөлд одод хөглөрөхийн цагт
Хөх тэнгэр… хаана вэ, юу вэ!
Хөх оддын хөнжлөөс харахад
Хөөрхөн гэж…хэн бэ, хаана вэ!
Сар, эрхэс асгарахын цагт
Сансар тэнгэр…хаана вэ, юу вэ!
Сансрын хөнжлийг сэвэн харахад
Сайхан гэж…юу вэ, хаана вэ!
Одод харвах нь санаа алдах мэт ээ. Одод асгарах нь тэнгэрийн алдас гэж үү? Үгүй ээ, одод харван алдарч байгаа юм биш, нисэн одож байгаа юм. Одод асгарч байгаа юм биш, орон зайгаа хээр талаар тэлж байгаа юм. Яах гэж тэр вэ? Чиний үнэлэмжийг өөрчлөхийн тулд хэмээнэ. Алдаа гэж байдаггүй, харин цагаа олоогүй оноо гэж буй. Харин алдаатайгаа битгий зууралд. Алдаагаа битгий давт, бас битгий зас, тэнд нь л орхиж бай.
Харуй бүрийн заагаар
Хар нар мандаж
Харанхуй гэрэл нэлмийж
Хамаг амьтан гялбана
(Харахгүй, үзэхгүй болно)
Харахгүй, үзэхгүй гэтэл
Харийн одод тодорно
Хар нар л тэднийг
Харуулж,гийгүүлдэг байх нь.
Одод хоромхон зуур гялбалзаад, анивчих нь аз жаргал ирэх мэт, ирснээ алдрах мэт… “Аз жаргалтай битгий зууралд, тэр зууралдсан хүнээс зугтаадаг. Тэврэх, боомилох хоёр ялгаагүй түүнийг давчдуулж, улмаар зугтан тэлүүлэхэд хүргэнэ. Аз жаргал орхиж чаддаг хүнд л эргэж ирдэг юм. Үүдээ нээлттэй орхи, аз жаргал гарч л байж эргэж ирдэг” гэнэм.
Орон дэлхийн зай завсраар
Огторгуйн заадас хөглөрч байлаа
Оддыг тэгж тэнгэрээс харахад
-Одоо боллоо, нислээ гэхийн
Оготно хулганын оромж нүх рүү
Огторгуйн заадас хөвөрч одлоо
Одоо тэгээд дээшээ харахад
Олж үзэх юм юусан билээ.
Одод унтрах нь үхэл мэт ээ. Үгүй ээ, унтарч байгаа бүхэн үхдэггүй. Одод унтарч байгаа бол шинэ од мэндэлж байгаа юм. Үхэл л зөвшөөрсөн учраас чи амьд байгаа шиг. Зүгээр л, үхэлтэй мөр зэрэгцэн од мэт гялбалзагтун. Харин түүнээс битгий ай, битгий зугтаа. Үхэл өөрөө араатны зөнтэй. Айж байгаа, зугтааж байгаа бүхнийг анзаарамтгай. Амьдрал бол үхлийн өгсөн чөлөө…өглөгийн эзэнд чимээгүй талархагтун.
Үзсэн бүхэн минь зүүдсэн бол
Үзүүр нь үлдсэн амьсгал юу вэ!
Үнэхээр ертөнц хумхи юм бол
Үнэр нь үлдсэн цэцэгс юу вэ!
Анзаарсан бүхэн зэрэглээ юм бол
Амт нь үлдсэн уруул юу вэ!
Атгасан бүхэн минь хоосон юм бол
Алганд үлдсэн мөр нь юу вэ!
Алганд буувч алганд эс үлдэх, алслан одовч орхин үл арилах од эрхэс, чи мөрөөдөл үү, бодит үнэн үү? Үнэн гэдэг бол царцсан мөрөөдөл юм. Царцсан мөрөөдлөө гэсгээ, амьдруулан асааж, дэрвүүлэн хийсгэ. Одод дэвссэн хээр талд мөрөөдөл биелдэг болохоос биш төлөвлөгөө биелдэггүй. Эргэн тойрноо хар. Ямар лут, лут төлөвлөгөө, өө сэвгүй төлөвлөгөө элсэн байшин мэт нурж байгааг үз!
Харин ямархан, ямархан биелшгүй мөрөөдөл, ер бусын санаа амилан босч байгааг үз… Одод буудаг энэ орон зай ирээдүйгээ төлөвлөж буй хүнийг өөртэйгээ тэрсэж байна гэж хардаг юм. Харин мөрөөдлийг нөхөрлөл, хайр хэмээн хүлээж авдаг.Энэ хээр тал од эрхэст хамаатай болохоос газар дэлхийд хүртээлгүй хэмээнэ.
Хүлэг морь минь уяан дээрээс
-Хүрээд ирээч гэж үүрсэн дуудлаа
Хүргэж ирсэн унаа хүлэг минь
Хүнийрхэж юундаа тэлүүлж янцгаав!
-Уяа, буудлыг орхиод нисч бай
-Уягдаж, өөрийгээ битгий хүлж бай
Улаан наран эхэлж мялаадаг
Уулсын оргил дуудлаа гэнэм.
Алсын одод дэргэд буухын цагт алс гэж юу сан. Алсад буй одод л алсыг бидэнд “энд” хэмээн төсөөлүүлсэн бус уу? Алс өөрөө буугаад ирэхээр алс гэж юусан билээ. Одод эрхсийн сургууль “Алсыг харах гэж битгий яар. Алс өөрөө буугаад ирэхийг хүлээ. Хүлээлт бол мөрөөдлийн буудал. Юуг ч хүлээдэггүй хүнд юу ч ирэхгүй” хэмээн үүдэн дээрээ бичжээ.
Сүмийн хонх бурхдыг дуудахад
Сүсэгтний цуваа хийд рүү хөвөрнө.
Сүүдэр бараадсан бяцхан хулгана л
Сүмээс чанадад хэнийг эрнэм!
…Би сэрж байна. Сэрсэн хойноо бяцхан зүрх гэрэлтэхийг харав шүү. Бяцхан зүрхний бяцхаан гэрлийг нэгэн бяцхан эрвээхэй ирээд бяцхан зуур хааваас од эрхэс бүүдийн харанхуйлах чинь юү вэ…
Од эрхэс чамайг бус, од эрхсийг чи гэрэлтүүлнэм буюу. Ингэхэд, тэнгэр, хээр тал хоёрын аль нь дээрээ байж, одод, зүрх хоёрын аль нь алийгаа гялбуулан гэрэлтүүлнэм бэ?
Од эрхсийг нэрлэн дууднам, би. Амраг туяа нь намайг гиигүүлсээр бууж л байг уy.