Categories
мэдээ нийгэм

Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулахыг ерөнхийлөгчөөс хүслээ

Зураг “Ахмад уурхайчдын холбоо” ТББ-аас Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүслээ.

Энэ талаар өнөөдөр “Ахмад уурхайчдын холбоо” ТББ-ын удирдлагууд мэдээлэл хийв. Тус ордыг стратегийн ордод оруулах асуудлыг судлахаар 2012 онд Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн О.Эрдэнэ нарын ажлын хэсэг газар дээр нь ажиллажээ. Тухайн ордод олборлолт явуулж буй “Мо Эн Ко” компани 311 км хатуу хучилттай автозам шинээр тавьсан байсан тул хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үүднээс стратегийн ордын жагсаалтад оруулахаас татгалзсан гэдгийг тус “Ахмад уурхайчдын холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга Д.Цэдэнбал дурьдлаа.

Тус уурхайн нүүрсний нөөцийг эцсийн байдлаар тогтоогоогүй бөгөөд 1980 онд хийсэн судалгаагаар 23 сая тонн нөөцтэй хэмээн үзэж байсан юм. Харин “Мо Эн Ко” компани үйл ажиллагаа явуулж эхлэхдээ уурхайн нөөцийг 30 сая тонн хэмээн шинэчлэн тогтоожээ. “Мо Эн Ко” компани олборлолт явуулахдаа орон нутгийн ИТХ-тай гэрээ байгуулж, “Хөшөөт сан”-д тодорхой хэмжээний мөнгө төвлөрүүлж байхаар тохирчээ. Тохиролцооны дагуу тус компани “Хөшөөт сан”-д жилд дунжаар 1.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой ч өнгөрсөн 10 жилд ердөө 500 сая төгрөг төвлөрүүлснийг “Ахмад уурхайчдын холбоо” ТББ-ийн тэргүүн Н.Бүргэд шүүмжлэв.

Тэрбээр, ““Мо Эн Ко” компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас гадна байгаль орчинд ихээхэн хохирол учруулж байгаа юм. Тиймээс Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулахыг Ерөнхийлөгчөөс хүсч байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *