Стандарт, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр үнэт цаас хуурамчаар үйлдсэн этгээдэд ямар нэгэн хуулийн хариуцлага тооцуулахгүйгээр ажлаас халжээ. Тодруулбал, халуун, хүйтэн усны тоолуур болон цахилгааны тоолууранд баталгаажуулалт хийлгэдэг. Энэхүү баталгаажуулалт нь үнэт цаас дээр хэвлэгддэг тул хуурамчаар үйлдвэл гэмт хэрэгт тооцогддог байна.
Дур мэдэн хуурамч баталгаажуулалт үүсгэж, иргэдийг хохироож, улсад ихээхэн хохирол учруулсан хэргийг Стандарт, хэмжилзүйн газрын зарим мэргэжилтнүүд удаа дараа үйлдсэн хэрэг нь илэрсэн байдаг. Уг хэргийг 2012-2014 оны үед эрчимтэй үйлдэж байсан аж. Тодруулбал, стандарт хэмжилзүйн газрын хэмжих хэрэгсэлд улсын баталгаажуулалт хийдэг улсын шалгагчдын үнэт цаасны зарцуулалт, гүйцэтгэлийн хяналт, шалгалт хийх ажлын хэсэг нь 2015 онд улсын баталгаажуулалт хийж олгосон гэрчилгээ буюу үнэт цаас болон лабораторийн эрхлэгчийн тэмдгийг хуурамчаар үйлдсэн нь Шүүхийн шинжилгээний газрын мэргэжилтний гаргасан дүгнэлтээр тогтоогдсон байна.
Энэхүү зөрчлийг илрүүлсэн ажлын хэсэг тайлангаа СХЗГ-ын дарга Г.Гантөмөр болон 2015 онд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Г.Өнөржаргал нарт танилцуулж дээрх үйлдлүүд нь Улсад их хэмжээний хохирол учруулсан, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байгаа тул хууль, хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэсэн саналаа хэлсэн байдаг. Гэвч СХЗГ-ын дарга Г.Гантөмөр нь зөрчил гаргасан албан хаагчдыг ажлаас нь халаад, хууль, хяналтын байгууллагад өгөлгүй гэмт хэргийг нуун дарагдуулсан байгаа юм.
2015 онд Стандартчилал хэмжилзүйн газрын дэд дарга Дарь.Сүхбаатар Монгол Улсад учруулсан мөнгөн дүнг яагаад тогтоохгүй явуулав. Цагдаа шүүхэд хандах ёстой шүү гэдгийг хурал дээр хоёр ч удаа хэлж байсан аж. Өөрөөр хэлбэл улсад учруулсан хохирлыг нь төлүүлэхгүйгээр ажлаас нь халсан нь авилгал хээл хахууль авсан байх магадлалтай гэж хамт ажиллагсад нь хардаж байгаа гэнэ.
Г.Гантөмөр даргын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйл. Хайнга хандах гэсэн заалтыг зөрчсөн байж болзошгүй аж. Учир нь Эрүүгийн хуулийг зөвхөн УДШ тайлбарлах бөгөөд Эрүүгийн хуулийн 23.5.1-д Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэхүү үйлдлийг шалгах зайлшгүй шаардлагатай байгаа аж.
Тэрбээр албан хаагчдаасаа санал авалгүй өөрөө хүссэн хүмүүсээ томилж, ёс зүйн хороогоороо хүссэн шийдвэрээ гаргуулдаг гэх мэдээлэл бас бий. Ёс зүйн хороо нь хэрхэн баримт, нотолгоогүй зүйл дээр СХЗГ даргынхаа өгсөн үүрэг даалгавраар төрийн албан хаагчийг илт гүтгэж, гүжирдсэн тайлбарыг үндэслэж дүгнэлт гаргаж, төрийн албан хаагчийг хэлмэгдүүлсэн гэнэ. Ингэснээр СХЗГ-ын Ёс зүйн хороо нь журмын 2.5.4. гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргах бөгөөд энэхүү дүгнэлт нь аливаа албан тушаалтан, улс төрийн хүчний нөлөөлөлд автаагүй, нотлох баримтад үндэслэгдсэн байх гэсэн заалтыг зөрчсөн байна.
О.Болор