Categories
мэдээ нийгэм

Цагаан будааны 80 хувь нь цардуул учир шатамхай чанартай байдаг гэв

Энэ сарын 15-ны өдөр нэгэн фэйсбүүк хэрэглэгч будаа шатааж буй бичлэг хийн, “Хуванцар будаа шатааж үзэж байгаа бичлэг хараад гэрийнхээ будааг шатааж үзлээ. Үнэхээр аюултай юм байна. Та бүхэн будаагаа шалгаж үзээрэй. Монголд зарагдаж буй бүх будаа хуурамч юм биш үү. Халахаараа хөөж бэлцийгээд томордог юм байна. Олон түмэн минь харж байгаарай, гялгар уут мөн л бол асах ёстой” хэмээн ярьж, өөрсдийн туршилтаа олон нийтийн сүлжээнд байршуулсан. Хэдхэн сарын өмнө “БНХАУ-аас орж ирдэг углааш ДОХ, тэмбүүтэй гэнэ” хэмээн шуугьцгаасан. Гэтэл өнөөдөр цагаан будаагаар давалгаалж байна. Элэг нэгтнүүдийнхээ туйлшралыг зогсоохын тулд АНУ, Япон, БНСУ-д амьдардаг монголчууд маань өөрсдийн хэрэглэдэг цагаан будаагаа шатааж үзүүлэв. Яг адилхан шатаж байсан юм. Олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа уг асуудлаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас мэдээлэл хийж байна.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн ярихдаа “Улаанбаатарт худалдаалагдаж байгаа цэгүүдээс дээж авч, шинжилж үзсэн. Хуурамч цагаан будаа гэдэг нь нотлогдоогүй. Анх 2011 онд БНХАУ-ын олон нийтийн сүлжээнд ийм мэдээлэл гарсан юм билээ. Энэ нь тухайн үедээ худал мэдээлэл гэдэг нь нотлогдож байсан. Фэйсбүүкээр явж буй мэдээллээр резин, нийлэг зүйлээр хийсэн, шатаахаар барьцалдаж байна гэсэн байсан. Үр тариа 50-80 хувь нь цардуулаас бүтдэг. Цагаан будааны 80 хувь нь цардуул байдаг. Үүнийг нийгэмд шатааж үзүүлээд, өвчин тусна, хуурамч гэсэн мэдээлэл түгээж, ард иргэдийг айдаст автууллаа.Сүүлийн үед фэйсбүүк, твиттерээр явж буй мэдээлэл эх захаа алдаж байна.НМХГ-аас цагаан будааг импортоор орж ирэхэд нь хяналт тавьж, худалдаан дээр байхад нь ч хяналт шалгалт хийдэг. Фэйсбүүктэй холбоотой мэдээлэлтэй холбоотой нэг ч гомдол НМХГ-т ирээгүй.Бид фэйсбүүкээр мэдээлэл цацсан хүмүүстэй холбогдоход хариу өгөөгүй” гэв.

Улсын ахлах байцаагч Ц.Булган хэлэхдээ: “Цагаан будаа өөрөө үр тарианы гаралтай. Химийн найрлагаараа уураг, цардуул, ус агуулагдсан байдаг.Цардуул нь хүнсний зориулалттай, нэг ёсондоо нүүрс ус юм. Хуурай хэлбэрт байхдаа шатаж барьцалдана. Цавуулаг чанартай. Үүнийг сошиалаар хүмүүс айдас түгшүүртэй хүлээн авч байна. Улаанбуудай ч гэсэн чийг бага үед тэгж шатдаг” хэмээв.

МХЕГ-ын ХМХГ-аас ОХУ-аас 39, БНХАУ-аас-18, Вьетнамаас 16, Тайландаас 4, Японоос 4, АНУ 1, Австрали 1, Какахстанаас 2 компани цагаан будаа импортлох мэдэгдэл авсан байна.

Үүнээс Улаанбаатар хотын гүний хяналтын найман терминаль дээр БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон, Австрали, АНУ, БНСУ, Тайланд зэрэг найман улсаас цагаан будаа импортолсон байна.Нийслэлийн хэмжээнд цагаан будаа импортлогч 36 аж ахуйн нэгж байгаа бөгөөд үүнээс 22 аж ахуйн нэгж, иргэн өөрсдөө дахин савлагаа хийж байгаа аж. 2017 онд цагаан будаа импортолж, худалдаалдаг 21 аж ахуйн нэгж 38 иргэний худалдаалж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, цагаан будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлтийн байдалд хяналт шалгалт хийжээ.Хяналт шалгалтаар цагаан будааны ул мөрийн бүртгэл хөтлөлтгүй, агуулах, савлагааны хэсэг шаардлага хангаагүй, харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст бүртгүүлээгүй, гарал үүсэл тодорхойгүй цагаан будааг савласан зэрэг зөрчил бүхий гурван аж ахуй нэгжид /Хүрэл тайж, МК сторe, Бишрэлт веллмарт/, 3,350,000 төгрөг, нэг албан тушаалтанд 720 мянган төгрөг, гурван иргэнд 1,440,000 мянган төгрөг нийт долоон аж ахуйн нэгжид 5 сая 510 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулж, зөрчил дутагдлыг арилгуулан, нэг иргэний цагаан будаа савлах үйл ажиллагааг зогсоожээ.

2017 онд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 100 дээж, цагаан будаа импортлогч, савлагч 28 аж ахуйн нэгж, долоон иргэний хүсэлтээр 39 дээж, нийт 139 дээжийг мэдрэхүй, чийг, гадны хольц, хортон шавж, пестицид, хүнд металлын үлдэгдлийг тодорхойлох үзүүлэлтээр шинжлүүлэхэд 12 дээж 17 үзүүлэлтээр шаардлага хангаагүйгээс есөн дээж мэдрэхүйн үзүүлэлтээр, хоёр дээж хугацаа дууссан, зургаан дээж хорио цээртэй хортон шавжийн үзүүлэлтээр шаардлага хангаагүй гарсан байна.

Итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүнгээр шаардлага хангаагүй гарсан цагаан будааг савласан, худалдаалж байсан иргэн, аж ахуйн нэгжид Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль дүрэм журмын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, гурван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 4.2 тн цагаан будааг зориулалтын устгалын цэгт устгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *