Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Хамгийн хүчтэй бүлэглэл халаасандаа хэдэн намтай вэ гэдэг л асуудал яригдаж байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд тантай уулзаж ярилцаагүй юм байна. Ямар ажил, алба хашиж байна вэ?

-Одоогоор бичиг цаасны ажил л хийж байна. Үндсэн хуульт ёсны асуудлаар докторын судалгааны ажил эхлүүлсэн байсан. Тэрийгээ дуусгах санаатай. Үндсэн хуулийн шүүх, Үндсэн хуулийн тайлбар, хөгжилтэй холбоотой асуудлуудаар нэг судалгааны дүн гаргахаар ажиллаж байна. Өмнө нь онолын болон үзэл санааны судалгаа нь хийгдчихсэн байсан. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Үндсэн хуулийн Цэц дээр УИХ-ыг төлөөлж 30 орчим хуралд орсон байх юм. Тэдгээр маргааныг эргэн харахад 2-3 маргаанаас бусад нь онолын хувьд сонирхолтой, Үндсэн хуулийн үзэл санааг тэлэхтэй холбоотой, судалбал нэлээд сонин үр дүн гарч болохоор маргаанууд байсан. Энэ чиглэлийн материалуудыг нэгтгээд ном гаргахаар зэхэж байна. Мөн хууль, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой судалгаан дээр суурилсан, бас амьдрал дээр болсон бодит үйл явдлуудыг тусгасан ном гаргах санаатай нухаад сууж байна.

-Үндсэн хууль гэснээс манайхан Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлгүүд явуулж иргэдээс санал авсан. Удахгүй ард нийтийн санал асуулга явуулна гээд байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд та ямар байр суурьтай байгаа вэ? Хамгийн сүүлд “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлахыг иргэд дэмжлээ” гэдэг мэдээлэл цацагдсан…

-2010 оноос хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэдэг яриа улс төрийн хүрээнийхэн төдийгүй улс төр судлаачдын дунд нилээн гарч эхэлсэн. Тэр явц үргэлжилж байх шиг байна. Үндсэн хуулийн ийм ийм зүйлсийг нь өөрчилье гэдэг тодорхой саналууд бий. Тухайлбал, эрх мэдэл нь хязгааргүй болчихсон парламентын эрх мэдлийг хязгаарлах, тэр дундаа хууль тогтоох, Засгийн газрыг хянах чиг үүргүүдийг нь илүү тодорхой болгох хэрэгтэй. Гүйцэтгэх эрх мэдлийг булаацалдаж, дур зоргоороо ордог байдлыг цэгцлэх тал дээр санал нэг байдаг. Монгол Улсад гүйцэтгэх эрх мэдэл гэж алга болчихож. Гүйцэтгэх эрх мэдлийг УИХ-ын 76 гишүүн бүгдээрээ эдлэх гэж оролдож байна. Ерөнхийлөгч ч булаацалдаж байна. УИХ, Ерөнхийлөгч бүү хэл УИХ-ын дэргэдэх байгууллагууд булаацалдах болсон. Гүйцэтгэх эрх мэдэл бодитойгоор нэг гарт төвлөрөөгүй, гүйцэтгэх эрх мэдэл гэдэг агуулгаараа нэг цул болж чадаагүй гэдэг шүүмжлэл бий. Хүчтэй Ерөнхий сайдтай, гүйцэтгэх эрх мэдэл тодорхой, хэн нэгэнтэй булаацалдахгүйгээр хариуцлагаа хүлээсэн шиг хүлээгээд, ажлаа хийсэн шиг хийдэг, үйл ажиллагаа нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тасралтгүй хангагдаж байх ёстой гэдэгтэй санал нэг. Хэлэлцүүлгийн явцад гарч ирж буй саналуудыг харахад зарим нь урьд өмнө огт яригдаж байгаагүй зүйлс байна лээ. Тэдгээр санаа зарим талаараа 1992 оны Үндсэн хуулийн үндсийг эвдэхэд ч хүргэхээр.

Ер нь бол Ерөнхийлөгчийн тодорхой эрх мэдлүүдийг хязгаарлах ёстой. Тэгэхгүйгээр Ерөнхийлөгч хэн байхаас үл шалтгаалаад Ерөнхийлөгчийн институци нь өөрөө улс орны хөгжид саад тотгор учруулдаг, нийгмийг талцуулж хуваадаг болчихоод байгаа. Сүүлийн дөрвөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан арга барил, эрх мэдлийн өнгүүдийг нь хараарай. Уг нь “эв нэгдлийг илэрхийлэгч” гэсэн Үндсэн хуулийн маш чухал үүрэгтэй мөртлөө хагалган бутаргагч, гацаагч, улс төрийн хор найруулагч болсон. Ерөнхийлөгчөөс болж Засгийн газар үргэлж хөдөлж, тогтворгүй байдаг болсон. Энэ дүр зургийг харахаар Ерөнхийлөгчийн тодорхой эрх мэдлүүдийг тэр дундаа Үндсэн хуульд байхгүй, бусад хуулиар олоод авчихсан эрхүүдийг үгүй хийж, хязгаарлах нь зөв. Хууль санаачлах эрхийн хувьд Ерөнхийлөгч ямар хуулиудыг санаачлах эрхтэй, ямар хуулиудыг санаачлах нь зохимжгүй гэдгийг тодорхой болгох. Ганц Ерөнхийлөгч гэлтгүй, УИХ-ын гишүүдийн ч гэсэн хууль санаачлах эрхийг тодорхой болгож хязгаарлах ёстой. Хууль санаачлагч байна гэдэг нь хууль руу хувийн үзэмж, дур зоргоор халдана гэсэн үг биш. Тиймээс УИХ-ын 76 гишүүн ч гэсэн хууль санаачлах эрх нэрийн дор төсөв зохиож, татвар нэмэгдүүлэх санаачилга гаргадгаа болих хэрэгтэй.

-Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны улсын төсвийн зарлагын хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан ч УИХ хүлээж авсангүй. Энэ процессыг та хэрхэн харж байгаа вэ?

-Ерөнхийлөгчид олгогдсон гээд буй хориг тавих эрх нь Ерөнхийлөгчийн дангаараа эдэлж буй эрх биш. Энэ бол парламентын цөөнхийн эрхтэй холбогдох асуудал. Олонх хүч түрэн бодлогоо түлхээд цөөнхийн дуу хоолойг сонсохгүй, тэдний шүүмжийг үл тоомсорлоод байвал Ерөнхийлөгч хориг тавиад, хоригоор дамжуулан цөөнх уг асуудлыг парламентаар дахин хэлэлцэх боломжтой болж байгаа юм. Нөгөө талдаа олонхийг уг шийдвэрээ дахиад нэг эргэж хараач ээ гэдэг хоёр дахь боломжийг нээж өгч байгаа хэрэг. Тиймээс энэ нь парламент хоёр дахь удаагаа уг асуудлыг хэлэлцээд үзээч гэдэг л зохицуулалт.

Ерөнхийлөгчийн тавьсан гурван хоригийг авч үзэхэд Ерөнхийлөгчийн институцийн чадавх сул байгаа юм болов уу гэж харагдсан. Хориг тавьж буй үндэслэл, бичиг баримт боловсруулж буй байдал нь сул, муу байсан. Тиймээс тавьсан хоригоосоо бус хэлбэрийн тал дээрх дэл сул шүүмжээс болоод уначихав уу гэж харсан. Сүүлийн хоригийн хувьд 2018 оны төсвийн үрэлгэн байдлаа зогсоогооч ээ гэсэн шаардлага байсан. Өмнөх парламентын үед Н.Алтанхуягийн Засгийн газар “авлигажсан төсөв” гэж зарлаж байгаад төсөв дээр болсон болоогүй, зурагтай зураггүй их хэмжээний барилга байшинг эхлүүлэхтэй холбоотой зардлуудыг тавьдаг, тэр нь олон жил сунжирч, төсөвт өртөг нь үргэлж өсч байдгийг зогсоох гэж оролдсон. Улсын төсвийн сахилга батгүй, үр ашиггүй зарцуулалтыг засахын тулд дуусаагүй барилгуудыг зогсоохыг нь зогсоож, царцаахыг нь царцааж, зарим нэгийг нь борлуулах замаар багагүй хэл ам дагуулсан шинэчлэл төсөвт хийж байсан. Энэ өөрчлөлтийг өнөөдөр жишээ нь үгүй хийчихлээ. Дахиад бахь байдгаараа байшин савны өрсөлдөөн эхэлж байна. 2000 онд эхлүүлсэн улс төрийн авлига буюу гишүүний тойргийн мөнгө гараад ирэх шиг боллоо. Үүнийг нь дагаад бөөн авлига цэцэглээд ирдэг. Татвар нэмнэ гээд иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж байгаа мөртлөө, зардлаа хэмнэх биш, хүн бүрт бялуу хуваадаг болоод хувирчихаар ирэх оны нэгдүгээр сард нэмэгдэх гэж байгаа татвартай холбоотой асуудал чинь төсөвтэй холбоотой зарчимтай чинь зөрчилдөөд байна гээд нэлээд ул суурьтай, зөв хориг тавьсан байна лээ, уг нь. Харамсалтай нь нэр буруу бичсэн, тоо андуурч тэмдэглэсэн гээд хориг нь хэлбэрээсээ болоод хаа хамаагүй шүүмжлэл рүү орчихлоо.

-Ерөнхийлөгчтэй холбоотой зүйлсийг ярьж байгаагийнх нь тэр чигийнхээ яриаг үргэлжлүүлье гэж бодлоо. Төрийн тэргүүн цаазын ялыг сэргээх асуудлыг хөндөж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид судлах санал хүргүүлсэн. Цаазын ялын тухайд та ямар байр суурьтай яваа бол?

-Монгол Улсыг хөгжил дэвшил, ирээдүй рүү нь хөтөлж явах гэж байгаа лидерүүд үзэл санаа, итгэл үнэмшлийн хувьд ч манлайлагч байх ёстой. Түүнээс биш ухраагч, гацаагч, олон нийтийн санаа бодлыг аялалдан дагаад бусдад таалагдахын тулд худлаа попрогч байж болохгүй. Цаазын ялтай холбоотой асуудлын хүрээнд Монгол Улсын Төрийн тэргүүний зүгээс гаргаж боломгүй харалган, тэнэг гэж хэлж болохоор алхам хийсэн. Монгол Улс яагаад цаазаар авах ялыг халах болсон бэ гэхээр нэгдүгээрт, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал өөрөө цэрэг зэвсгийн гэхээсээ илүүтэй дипломат байдлаар хангагддаг. Хүчирхэг хоёр гүрний дунд байгаа хязгаарлагдмал нөхцөлд олон талт гадаад бодлого, гуравдагч хөрш, олон улсын байгууллагуудын эерэг харилцаагаар дамжуулан өөрсдийн тусгаар тогтнолыг баталгаажуулахын тулд 1990 оноос хойш хичээж байгаа. Гэтэл энэ бодлогыг нулимж байх шиг. Манай улс НҮБ-д гишүүн болох гэж яаж үйлээ үзэж, ямар эсэргүүцэлтэй тулж байж бүрэн эрхт гишүүн болсон билээ. Гишүүн болсноороо бид ямар амжилттай алхам хийж өнөөгийн зэрэгт хүрсэн билээ гэдгээ мартаж болохгүй. Бид НҮБ-аас гаргасан хүний эрхтэй холбоотой олон конвенцид нэгдэн орсон. Энэ конвенциудын нэг нь цаазаар авах ялыг халах тухай конвенци байсан. НҮБ-ын өмнө Монгол Улсын авсан амлалт байхгүй юу. Үүнтэй холбоотойгоор 2015 оны хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг халсан.

Хоёрдугаарт, манай гуравдагч хөрш гэдэг хүрээнд Европын холбоотой таатай буюу эерэг харьцаатай байхыг хүсч байгаа. Үндсэн хуульт ардчиллын үндсэн зарчим бол иргэдийнхээ итгэл үнэмшил дээр суурилдаг, эрх чөлөөтэй хувь хүмүүс хоорондоо тохиролцож бий болгосон нийгмийн гэрээ учраас би ч хүн алах ёсгүй, та ч хүн ялах ёсгүй. Тиймээс хоёулаа хүн алах ёсгүй учраас хүн алах нь гэмт хэрэг гэдэг зарчмыг гаргаад энэ тохирсон тохироог биелүүлэхийн тулд төрийг үүсгэж байгаа. Жам ёсны эрхтэй хүнд хүн алах эрх байхгүй бол үүсмэл төрд хүн алах эрх байх ёсгүй. Өөрөөр хэлбэл өөртөө байхгүй эрхийг иргэд төрд шилжүүлж өгч болохгүй. Ийм философиор дэлхий нийт энэ өөрчлөлтийг хийж байна. Бид ч гэсэн ийм үнэт зүйлтэй гээд цаазын ялаас татгалзсан. Үүнийгээ бид эргээд үгүйсгэж болохгүй. Гадаад орчноосоо тусгаарлаж, дотооддоо диктатур тогтоох гэж оролдож буй улс орон бий. Биднийг олон улсын тавцанд ганцаардуулах ийм алхмыг яах гэж хийгээд байна гэдэг нь сонин биз дээ.

-Харин яагаад ийм алхам хийсэн юм бол?

-Ерөнхийлөгч өөрөө хууль санаачлах эрхтэй. Өөрөө хууль санаачлаад Эрүүгийн хуулийн цаазын ялыг сэргээе гээд хуулиа УИХ-д өргөн барих эрхтэй мөртлөө яагаад Засгийн газар луу чихэж байгаа чинь цаазын ялыг сэргээх гэдэг нь нэгдүгээрт улс төрийн шоу гэж харагдаж байна. Хоёрдугаарт, цаазын ялыг сэргээнэ гэдэг энэ улс төрийн хөөсрөл, хийрхэл дундаас Ерөнхийлөгч өөрөө улс төрийн ямар ашиг хонжоо олох гээд байгаа юм бэ гэж асуухад хүргэж байна.

Засгийн газрыг муухай харагдуулж, ажлаа хийхгүй байгаа мэт ойлголт төрүүлж, улс төр хийхдээ ядаж л цаазын ялыг сэргээх асуудлаар улс төр хийж боломгүй.

1930-аад оны их хэлмэгдүүлэлтийг харахад хэн нэгэн дарангуйлагч гарч ирээд хийсэн гэхээсээ илүүтэй хуулинд нь хүнийг алах ял бэлэн байсан учраас 30 гаруй мянган хүнийг хэлмэгдүүлэх хүртлээ галзуурсан. Тийм учраас өнөөдөр олон нийтийн хувьд хамгийн муухай харагдаж буй гэмт хэрэг дээр цаазаар явах ялыг хэрэглэе гэдэг санаачлага гаргаж болно. Маргааш нэг мэдэхэд бусдаас өөрөөр сэтгэж, бодож байгаагийнхаа төлөө цаазлуулдаг болчихсон, цаазын ялын ард улстөрчид хэн нэгэн дургүй хүнийхээ амь насаар тоглох хэмжээний махны машин бүтээчихсэн байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр нэг хаалга нээгдэхэд маргааш 100 хаалга нээгдэх бүрэн боломжтой. Үүнийг халахын тулд хэлмэгдүүлэлт хийсэн нам уучлалт гуйгаагүй байхад Ардчилсан нам их хэлмэгдүүлэлтэд өртсөн ард түмнээсээ уучлалт гуйсан. Хүн алах хуультай байх нь хэлмэгдүүлэлтийн эх үүсвэр юм байна гээд цаазаар авах ялыг халсан. Харамсалтай нь Ардчилсан намаас нэр дэвшсэн, өөрийгөө ардчилагчдын туг нь гэж бодож явдаг нэг нөхөр түүнийг нь нулимаад сууж байна гэдэг гутамшиг.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Төрийн тэргүүнтэйгээ санал нэг байна гээд хэлчихсэн шүү дээ. Тэгэхээр цаашаа цаазаар авах ялыг сэргээх боломжтой мэт харагдаад байна л даа…

-Гоё юм яриад бусдад гай чирээд явж байдаг хүн байдаг л даа. Монгол Улсад цаазаар авах ялыг сэргээх хэмжээний хийрхэл явах юм бол хэцүү. Би нэг зүйлийг ойлгодоггүй юм. Цаазаар авах ялыг сэргээе гэж орилж байгаа, энэ санаачилгыг гаргаж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь хэргийг шалгах гэхээр “хэлмэгдүүллээ” гэж орилоод, өрөөлийг болохоор “алаад өг” гэж чарлаад байдаг. Өөрийг нь болон өөрийнх нь хамааралтай хүмүүс дээр хуулийн байгууллага ажиллахаар “шүүх, прокурор, цагдаа шударга бус байна” гэж мангас болгож зурчихаад, мангас болгож зурсан байгууллагууддаа хүн алах эрхийг нь өгье гээд байгаа нь эрүүл үү. Үүнд ямар ч эрүүл логик алга. Цаазаар авах ялыг бий болгоё гэхээсээ илүүтэйгээр шударга бус ажиллаад буй шүүх, прокуророо зөв болгох тухай, хүн хэлмэгдүүлээд байгаа байгууллагуудаа цэгцлэх тухай ярих ёстой. Л.Болд, Ж.Батзандангийн санаачилгаар нээлттэй хэлэлцүүлэг болж байна лээ. Тэнд ирсэн иргэдийн яриаг сонсож байхад үнэхээр харамсах сэтгэл төрөм. Хэрэв тэр иргэд үнэн ярьсан бол олон нийт хуулийн байгууллагад итгэх итгэл ямар хэмжээнд хүрэх вэ? Ийм итгэл үл даах систем өөрсдөө үйлдвэрлэж, угсарчихаад өөрсөд дээр нь ирэхээр байнга муулж, нөгөө талдаа жирийн иргэд рүү хандахаараа хүн алдаг эрхтэй байх тухай ярих нь ямар логик вэ.

-Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй сэдэв БНСУ-д Элчин сайдаар Б.Хурцыг томилсон явдал байлаа. Их хурал хаалттай хуралдаад Б.Хурцыг Элчин сайдаар томилчихлоо. Их хурал хүлцэнгүй байна, нэг хүний өмнө хүчин мөхөс байна гэж иргэд ярьж байна. Та ямар бодолтой байгаа бол?

-Б.Хурц гэдэг хувь хүн рүү нь хандаж шүүмжлээд байвал юу ч өөрчлөгдөхгүй. Ж.Батзандан, Ц.Нямдоржийн ярьж буй яриа дөрвөн жилийн өмнө яригдсан. Угаасаа дөрвөн жилийн өмнө ч ийм систем байсан, одоо ч байна. Энэ тогтолцоо чинь цаашид улам галзуурна. Үүнийг задлахын тулд хуулийг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй, асуудлыг ингэж шийдэх ёстой гээд хувилбаруудыг нь гаргаад явахаар энэ хуулиудыг эсэргүүцэн танхимын үүдэнд хэвлэлийн бага хурал хийгээд зогсч байсан хүмүүсийн зургийг нь эргээд хараарай. Одоо Б.Хурцыг шүүмжлээд зогсч байгаа хүмүүс тэр үед энэ тогтолцоог хамгаалаад зогсч байсан хүмүүс. “Ийм асуудал байна. Үүнийг хаалттай хэлэлцье” гээд Н.Алтанхуяг өмнөх Их хуралд олон удаа хэлсэн. Хэн ч сонсоогүй. Н.Алтанхуягийн Засгийн газрыг энэ тогтолцоо нь унагаж байсан. Алгаа ташаад зогсч байсан хүмүүс одоо ухаарч байх шиг байна. Хожимдсон ч гэсэн харж байгаа нь сайн.

Энэ бол ганц Б.Хурцын асуудал биш. Үүний дараа хуулиа хэрхэн өөрчилж, тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? Дараагийн Хурцыг гарч ирэхийг хүлээгээд шүүмжлэхдээ бэлдээд сууж байх уу? Дахиад хэлье. Хурцдаа биш, харин өөрсдийнх нь үйлдвэрлэсэн тогтолцоонд асуудал байна. Надад нэг сонирхолтой зүйл юу харагдсан гэхээр сая нээлттэй сонсгол хийх гэж оролдлоо. Сонсголтой холбоотой хууль батлагдахад Томилгооны сонсголоос гадна парламентад мөрдөн шалгах сонсгол хийх эрх өгье гэдэг санал байсан. Мөрдөн шалгах сонсгол гээд текстээр нь биччихсэн байхад “УИХ-ыг шүүх болгох гэж байгаа юм уу” гээд хасуулж байсан юм. Хэрэв тэр сонсгол байсан бол сая иргэдийн үгийг нээлттэй сонссон болоод, Их хурал нь хаалттайгаар томилсон болоод жүжиг тоглоод өнгөрөх биш, мэргэжлийн бие даасан шинжээч томилоод, нотлох баримтуудыг нь цуглуулаад, хар таамаг хов жив биш, хэн нэгний амаар ярьж буй гомдол биш, баримт материалуудыг нь нягталсан, хууль зүйн бодит дүгнэлт бүхий хэлэлцүүлэг УИХ дээр хийгдэх байлаа.

-Одоо хийх боломж байхгүй юм уу?

-Одоо улс төр нь бүхэлдээ авлигажсан, УИХ нь хэт туйлширсан, хөөсөрсөн олонхтой болсон энэ үед хоосон яриа, хайран цаг болох байх л даа. Үзэгдлийнхээ цаад учир шалтгааныг олоосой билээ. Б.Хурц гэдэг хүн рүү хувьчилж дайрахаас илүүтэй Францаас Бельги, Германаар дамжуулан Монголд хүн хулгайлаад ирсэн хүнээс энэ асуудлаар яг хэн тушаал өгсөн бэ, яах гэж өгсөн юм, яагаад энэ хүмүүс хууль ёсны гэж ойлгоод тэр тушаалыг биелүүлээд ирсэн юм, яагаад хилээр оруулж ирсний дараа “Цагдаагийн байгууллага авч ирсэн” гэж худлаа жүжиг тавьсан юм гэх мэтчилэн ул суурьтай нь авч үзэх юм бол олон улсын хууль дүрэм, Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдлүүд зөндөө бий. Яагаад энэ үйлдлүүд дээр хяналт тавьсан прокурор, зөвшөөрөл өгсөн улс төрийн албан тушаалтан, тушаал өгсөн тагнуулын байгууллагын удирдлага гээд хэн хэн байсан гэдэг талаар ярихгүй зөвхөн нэг хүний асуудал болгон чихээд байгаа юм.

2016 онд бөөн юм болж байж, арай гэж баталсан Эрүүгийн процессын хуулиар гүйцэтгэх ажлыг шүүхийн хяналтанд оруулсан, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиар өмнө прокурорын зөвшөөрөл, хяналтгүй хийгддэг байсан гүйцэтгэх ажлын тодорхой ажиллагаануудыг хууль дүрэмтэй болгосон. Харамсалтай нь 2016 оны сонгуулийн дараа МАН-ынхан Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийг нь бүр байхгүй болгоод Эрүүгийн процессийн хуулиас гүйцэтгэх ажилтай холбоотой нарийвчилсан зохицуулалтуудыг өөрчилсөн. Тэгэхэд одоо муу муухай гээд байгаа хүмүүс бүгд тэдний талд зогссон. Нийгмийн муу муухай бүхнийг ганц хүнд тохож, тэр нь хамгийн их хүн хэлмэгдүүлсэн, хамгийн балмад, хамгийн хууль бус ажил хийдэг мангас болгож хувиргаад, энэ бүгдийг өөрсдөө үйлдвэрлэсэн хүмүүс нь ямар ч гэм зэмгүй мэт үлдлээ шүү дээ. Нэг хартал нэг нь сайдаараа, нөгөөх нь Элчин сайдаар явж, бусад нь УИХ-ын гишүүнээрээ үлдэж байна. Шийдэгдсэн асуудал юу ч алга. Олон нийт хэдэн өдөр ямар муухай зүйл болоо вэ гэж хямраад өнгөрнө. Сарын дараа үүнийг бүгд мартана. Муу муухай бүхэн нь дараагийнхаа хохирогчоо хайгаад явна. Тиймээс одоо асуудлаа яаж шийдэх юм, үүнээс юу ухаарав, ямар сургамж авсан бэ, шийдэл нь юу байх вэ? гэдгийг яримаар санагдаад байгаа. Нэг хэсэг яриад мартчихдаг байх юм бол улс төрчид ярьж л байдаг юм, харин бид айлгаж чаддаг гэдэг зүйл цаашаа үргэлжлээд явна. Тэр бүгдийг шийдэхэд гай болсон хүмүүс өнөөдөр дахиад нөгөө сэдвийг чинь яриад баатар болсон хэвээрээ байна. Асуудлыг шийдэхэд дандаа садаа болдог, тэгсэн мөртөө асуудлыг үргэлж дөвийлгөн гаргаж ирж түүн дээр “од” болох гэж оролддог арга барилаасаа салахгүйгээр бид цаашаа зөв зүг рүү явахгүй.

-Гарц арга зам нь юу юм. Энэ хүмүүс улс төрөөс явж байж цэгцрэх юм уу?

-Асуудлынхаа голыг ярьж сурах хэрэгтэй. Яагаад ийм байгаа юм бэ гэдгээ ярихгүй мөртлөө “ийм байна аа” л гээд байвал асуудлаа шийдэж чадахгүй. Утаа хаашаа нүүхийг биш салхи хаанаас салхилж байгааг харах ёстой. Манайхан асуудлын араас хөөцөлддөг болохоос уг шалтгаан нь хаанаа байгааг огт ярьдаггүй. Өнөөдөр манайд улс төр, улстөрч гэж хоёр ойлголт гажчихлаа. Бүлэг фракциараа талцаж хэрэлддэг, кноп дарж эрх мэдэл олж авдаг, хувийн асуудлаа шийддэг, хор найруулах байдлаар нэгнийгээ татан унагаж оронд нь гарч ирэхийг улс төр, улстөрч гэж андуураад байна. Асуудлыг яаж шийдэх вэ, бодлого хаана байна вэ, бодлогоо хэрхэн тодорхойлох вэ, тодорхойлсон бодлогоо хэрэгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ гэх мэтчилэн зүйлсээ толгойдоо бодож, ул суурьтай ярьж амьдрал дээр хэрэгжүүлэх гэж оролддог, тэр нь эсэргүүцэлтэй тулсан ч даван туулаад гардаг хүмүүсийг улстөрч гэдэг. Харамсалтай нь өнөөдөр манайд бодлогын улс төр, бодлоготон алга. Хор найруулж хов хөөдөг, хэрүүл талцал дундаас ашиг хонжоо хайдаг нь олдчихож.

-Иргэд үнэндээ өнөөдөр хэнд итгэхээ мэдэхээ байчихлаа. АН-д итгэсэн ч итгэлийг нь алдсан, МАН ч ялгаагүй сандал суудлын төлөө явсаар иргэдээ хайхарсангүй. МАХН хоёр хуваагдчихлаа. Парламентад суудалтай гурван намын дүр төрх иймэрхүү байна. Бид хэнд итгэх ёстой вэ?

-Нэгдүгээрт, улстөрчид, улс төрийн намууд хийж чадахгүй зүйлээ хийнэ гэж амлах хэрэггүй. Хоёрдугаарт, амласан бол амласнаа хийх гэж оролдохоос амласныхаа эсрэг явж болохгүй. Үүнээс болж иргэд аль ч намд итгэхээ байчихлаа. Үүнээс болж ардчилалд ард түмний итгэх итгэл багасч байна. Хамгийн том аюул нь энэ. Улс төрийн хүчнүүдийг сул байлгах, хагаралдуулах үйл явц ухаалгаар төлөвлөсөн ажил шиг явж байна. Ардчилсан намыг хэд хувааж, хагалж, зодолдуулав. Яг тэр технологи Ардын намыг хооронд нь зодолдуулаад дуусч байна. МАХН-ыг ч гэсэн тэр технологи дахиад хувааж байна. Маш их мөнгө л ийм зөрчилдөөнийг бий болгодог. Аль нам эрх барихаас үл хамаараад улс төрийн нам гэдэг институцийг байхгүй болгож байна. Улс төрийн нам байхгүй болохоор оронд нь юу гарах юм. Улс төрийн намуудаа нулимаад оронд нь хэн нэгэн хувь хүнд итгэсэн тогтолцоог бий болгох уу. Хэрэв ийм болчихвол хувь хүний аяг ааш, эрүүл мэнд, хувийн бодлоор бидний ирээдүй хэмжигдэнэ. Хувь хүнийх биш юмаа гэхэд хамаатан садан руу, эдийн засгийн ашиг сонирхлоор нэгдсэн бүлэглэл рүү орно. Компани, бизнесүүд ашиг сонирхлоороо нэгддэг. Гэр бүл, хамаатан садан цусан холбоогоороо нэгддэг. Найз нөхөд сонирхол болон хоббигоороо нэгддэг. Харин улс төрийн нам бол үзэл бодлоороо нэгдэж, үүн дээр суурилсан хөгжлийн бодлогоор түүчээлдэг систем. Гэтэл үүнийг зөв талаас нь хөгжүүлэхийн оронд намуудыг сахилгажуулах, ил тод, авлигаас ангид байлгах гэсэн дэвшилттэй бүх алхмуудыг нулимаад байгааг харахад аль нэг гэр бүл, эсхүл бизнесийн бүлэглэл төрийн толгойд гарч айдсаар зэвсэглэн он удаан жил эзэн суух ийм л бодлого хэрэгжээд байна уу гэж хардахад хүрч байна.

-Энэ тухай АН нь ч МАН нь ч ярьдаг. Яриад байгаа хүмүүс нь санаа зорилго нэгдээд үүнээсээ салчихаж болохгүй юм уу?

-Одоо АН, МАН гэсэн ойлголт байхгүй болсон. Хамгийн хүчтэй бүлэглэл халаасандаа хэдэн намтай вэ гэдэг л асуудал яригдаж байна. МАХН сая хуваагдаж байгаа нь нөгөө бүлэг талыг нь халаасандаа хийчихлээ л гэсэн үг. Хамаг мөнгийг нь гаргаад зохион байгуулалтыг нь хийгээд авчихлаа. Тэгэхээр манайд нэг намаар бодлогоо хэрэгжүүлэх явдал байхгүй болсон. Нам нам дээр хөлөө тавьж байгаад тогтвортой байх гэсэн эрх мэдлийн дайн явж байна. Энэ бол аль нэг нам нь ялж ялагдах тухай биш, аль ч нам гарсан манай хүмүүс байх тухай яриа. Хэвлэл мэдээлэл, банк санхүү рүү орсон, одоо хуулийн байгууллага руу орж байна. Хэзээ энэ улс доторх улс болсон мангас чинь улсаа идэж дуусгах бол?

-Таны үеийнхнийг АН-ын залуучууд гэдэг байсан. Харин одоо бол мэдлэг, боловсролтой дунд үеийнхэн гэж нэрлэх нь илүү зохимжтой байх. Танай үеийнхэн намаа шинэчлэхгүй байгаа болохоор энэ бүхэн даамжраад байгаа юм биш үү?

-Хамгийн том зовлон энэ л дээ. Өөрийн гэсэн үзэл бодолтой, итгэл үнэмшилтэй зөв, бурууг ялгаж зааглачих боловсролтой, нүд тайлагдсан хүмүүс муу муухай хог шааруудаас хол байхыг хүсдэг юм байна. Тэр нь зарим талаараа сул тал болдог юм байна. Маш олон зөв бодолтой, боловсролтой залуус энэ муу муухайгаас зайгаа бариад зогсчихлоо. Гэтэл хамгийн увайгүй ичгүүргүй, цүнх баригчид нь, авлига, албан тушаалын хэнээтнүүд нь хамгийн том дарга гээд наалдаад гүйчих.

-Та намынхаа ажилд хэр оролцож байна вэ?

-Нэг их сүртэй оролцсон юм алга.

-Цаашдаа оролцоно биз дээ?

-Мэдээж оролцоод явна. Ардчилсан нам хэн нэгний компани биш. Ардчилсан нам ардчилал, хүний эрхийг энэ улс оронд бий болгохыг оролддог хүмүүсийн нэгдэл. Тэр нэгдлийг тэр чигээр нь авч явахын тулд анх эхлүүлсэн зөв зам дээрээ эргэн очиж, дуусгахын тулд хүчин чармайлт гаргах ёстой.

-Ойрын хугацаагаар авч үзэхэд 2020 он хүртэлх Монголын улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Монголын улс төр бага хаадын тэмцлийн үе шиг ороо бусгаа байна. Монголын нууц товчоо дээр “Орондоо орох завгүй олзлолдон тэмцэлдэж” гэж гардаг даа. Тэр шиг цаг үеийг бид туулж байна. Хөгжил дэвшлийн төлөө бус эрх мэдлийн төлөө зодолдож байгаа, би л эрх мэдэл дээр очиж байвал миний хөл, гарт хэн өртөх нь, тэр хүний амьдрал, гэр бүл яах нь хамаагүй гэсэн хагас зэрлэг араатанлаг улс төр өрнөж байхад бодлого ярих хамгийн хэцүү. Энэтхэгийн “Эх захгүй бөмбөр балбаж байхад бишгүүр хөгжим юунд сонсогдох” гэж үг бий. Яг л ийм цаг үед бид амьдарч байна даа. Бодлого шийдэл хэлье ч гэсэн түүнийг сонсох тэнхэлгүй, хов жив болохоор чих нь сортосхийж, дагаж хуйлардаг эвгүй цаг үе Монголын хувь заяаг хааш нь эргүүлэхийг мэдэхгүй. Энэ л миний сэтгэлийг эмзэглүүлж байна.

-У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын хувь заяаг хэрхэн харж байгаа вэ. Нэг хэсэг нь удахгүй огцорно л гэх юм?

-У.Хүрэлсүхийн Засгийн газарт эмзэг гурван цэг бий. Нэгдүгээрт, Хүрэлсүхэд ч тэр, Засгийн газарт нь ч тэр ямар ч тодорхой бодлого, хөтөлбөр алга. Өмнөх Засгийн газраа хичнээн шүүмжилсэн ч “Бид ийм зүйл хийнэ” гэсэн бодлого алга. Хийх ажил нь тодорхойгүй хүмүүст хэрүүлээс өөр ажил үлддэггүй. Хоёрдугаарт, Хүрэлсүхийн Засгийн газарт хоёр эмзэг цэг байна. Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар хоёр.

-Ямар утгаараа…

-Б.Хурц, Ц.Нямдорж хоёрын тулаан дуусчихсан гэж бодож байна уу. Б.Хурц Ц.Нямдорж руу өөрөө гүйж очиж тулалдаж байна гэж бодож байна уу. Өмнө нь би нэг сумыг таван нумаар харваж болдог юм байна гэж хэлж байсан. Сумаа харвасан хүмүүс нумаа нуучихдаг юм аа гэж. Нум хэний гарт, нумны эзэн хэн бэ гэдгийг харах юм бол дахиад хоёр жил энэ зөрчил үргэлжилнэ. Засгийн газарт ажил хийх гэж оролдож байгаа хүнийг хажуунаас нь байнга түгжилдэж, араас нь жадлаад, өмнө нь дэгээ тавиад байх юм бол зургаан сарын дараа олон нийтийн санаа бодол эргэнэ. Хэвлэлээр өчнөөн юмс явна. Хичнээн зөв юм хийх гэсэн ч хүн нь муу хүн юм даа гэдэг ганц үгээр бүх бодлого нь нурна. Ч.Хүрэлбаатар ч гэсэн үүнтэй яг адилхан замаар явна. Хуулийн болон эдийн засгийн хоёр гол гогцоог нь балбаад байхад л унана. Гуравдугаарт, дахиад хэлье. Бодлогын улстөрч байхгүй болсон. 65-ын бүлгийг хар л даа. Би юу хийх вэ гэхээсээ илүүтэйгээр надад юу оногдох вэ гэдгээрээ уралдаж байгаа ийм хүмүүсийн шуналын хүүдий дүүрэхгүй. Мөдхөн хүүдийгээ томсгоод дахиад ороод ирэхэд түүнийг нь дүүргэх боломж Засгийн газарт байхгүй. Энэ гурван нөхцөл байдлаас болоод У.Хүрэлсүхийн Засгийн газар маш эмзэг байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *