Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баярынх нь өдөр иргэдээ барьж хорьж, хөөж туудаг хударгагүй төр

“Хар баасан гариг” гэх нэршил одоо хэр нь иргэдийн дунд айдас, сэтгэл зүйн дарамт дагуулсаар байдаг. Уул нь баасан гариг олон түмний хувьд хамгийн кайфтай, баяр баясгалан авчирдаг, зугаа цэнгэлийн өдөр байв. Хамт олон найз нөхөд, гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэж урин дулаан цагт хөдөө гадаа аялал зугаалгаар явна. Гэвч энэ баярын өдөр нэг л мэдэх нь ээ хүний халдашгүй чөлөөтэй эрхийг ноцтойгоор зөрчсөн хамгийн харгис өдөр болж хувирсан юм. Авлигатай тэмцэх газар цагаан захтнуудыг эл өдөр ээлж дараалан хорьж, “хойшлуулшгүй ажиллагаа” гэх халхавч дор олон айлын ар гэрт үймээн самуун дэгдээж нялх хүүхдийг нь орилуулж чарлуулан, тулгар биетэй эхнэрийг нь түлхэж хаячихаад явж байсан цаг саяхан. Гэр оронд нь нэгжлэг хийх нэрээр ёс зүйгүй авирлаж, эмэгтэй хүний оймс бандаашийг нь хүртэл нэг нэгээр нь тоолж тохуурхаж байсан нь бий .

Гучин долоон оны баривчилгаа гэдэг чинь энэ үү гэж Монголын нийгэм тэр чигтээ айдаст автсан байлаа. Баасан гаригт АТГ-ын газрын үүдээр инээд алдаад орсон хэн боловч тэр өдрөө буцаж гарч ирэхгүй. Арынх нь хаалгаар ачигдаад явна. Хамгийн зэвүүн нь бүх албан газрын ажлын өдрийн цаг дуусах, үргэлжлээд бүтэн хоёр өдрийн амралт залгадаг яг ийм заагийг Монголын төр аймшигтайгаар ашиглаж иргэдээ цагдаж хорьдог байсан. Баасан гаригт баривчлагдсан нэгэн өмгөөлөгч авах нь бүү хэл ар гэрийнхэнтэйгээ ч холбогдож чаддаггүй. Бүтэн гурав хоногийн турш сэтгэл санаа болоод бие эртхнээрээ тарчлан зовдог. Хар баасан гаригт хэн хэн хоригдсоныг бид нэртэй устай, он сартай нь мэднэ.

С.Зоригийн эхнэр Булганыг энэ өдөр анх удаа яллагдагчаар татаж баривчилж байсан. Мөн 2015 оны аравдугаар сарын 30-ны баасан гаригт Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ын дарга Б.Батзаяа нарын гурван хүнийг албан тушаалаа ашиглаж ихээхэн хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр хорьсон. АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Оюундэлгэр нарын хүмүүсийг, мөн “Тэнгри холдинг” компанийн захирал Э.Анхбаярыг хээл хахуулийн хэргээр баривчилж байв. Баасан гаригт ийнхүү баривчлагдаж нэр төрөө гутаалгасан эрхмүүдийн 80 хувь нь гэм зэмгүй нь тогтоогдож цагаадсан байдаг. Хүний халдашгүй эрхэнд шууд халдсан уг баривчилгааг Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулснаар баасан гаригийн баривчилгаа дуусгавар болсон. Үндсэндээ аливаа хэрэгт сэжигтнээр татагдсан тухайн иргэнийг зөвхөн шүүгч, прокурорын зөвшөөрөлтэй нэг хоногийн хугацаанд саатуулах хуультай болсон.

Ингэж Монгол төрийн ар хударгаар дайрдаг байдал түрдээ намжсан. Гэтэл хууль чангарах тусам хулгайчийн арга нарийсдаг гэдэг шиг баярынх нь өдөр иргэдээ барьж хорьж, хөөж туудаг хударгагүй төрийн ааш аяг хэвээр байсаар байна. Баривчилдгаа больсон бол баярын өдрийг далимдуулан ажлаас нь халдаг, хоолноос салгадаг газар авах нь ээ. Чоно борооноор гэгчээр ар хударгаар дайрдаг төр баяр цэнгээн, наадам найрын өдрүүдэд буюу олны анхаарал өөр зүгт хандсан байхад гол гол хуулиудаа баталчихдаг аюултай. Үүнийгээ төрийн түшээд нь ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хоёр жилийн өмнө нэр бүхий улстөрчидтэй хамтарч нэгэн сонирхолтой судалгааг олон нийтэд дэлгэн үзүүлсэн. Зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярихын үлгэрээр нөгөө намынхаа муу муухай, заль мэхийг илчлэх гэж байгаад Монголын улс төрийн сүүлийн 27 жилд бий болсон эрх баригчдын нарийн технологийг ТБД гишүүн дэлгэчихсэн л дээ, хөөрхий минь.

Тэрээр “Улсын Их хурал 2006 оноос хойш баталж гаргасан нийт хуулийн 196 нь дандаа баяр ёслолын үеийг тааруулж буюу олон нийтийн анхаарал өөр зүгт хандсан үед баталсан байна” гэж мэдэгдсэн. Юу үнэн, энэ үнэн. Төрийн ордонд жинхэнэ хэрүүлийн алим болдог, хоёр том намын аль алиных нь ашиг сонирхлыг хүлээж, эрх баригчдын шунаг шунахай сэтгэлийг соронз адил татдаг эдийн засгийн лоббины тийм л хуулиуд баярын үеэр батлагддаг. Саяхан шинэ жилийн баярыг далимдуулж “Оюутолгойгоо Риотинтод албан ёсоор өгчихлөө. Жижиг намуудыг жийж, хоёр том нам мөнхөд эзэн суух боломжийг бүрдүүлсэн Сонгуулийн хуулийг баталлаа” гээд шуугьж байсан.

Монгол Улсын Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахдаа ч хуйлгач муур шиг сэмээрхэн гэгч нь баяр наадмаар чимээ аниргүйхэн өөрчлөлт оруулсан байдаг. Өнөө хэн бүхний яриад байдаг “дордохын долоон өөрчлөлт” гээчийг шинэ жилийн баярыг далимдуулж хийсэн гээд л шүүмжилцгээдэг. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Урт нэртэй хууль бүгд л наадам, цагаан сарын бууз банш, айраг цагаатай холилдоод алга болсон. Тэр жил наадмаар тав хоног амарна гэж иргэдийн санаа бодлыг сэнслүүлж орхиод тэрхүү хөөрлийнх нь сэтгэл зүй дээр тоглолт хийж шууд залгуулаад Газрын тосны тухай хуулийг баталсан. “Монгол Улс ганцхан компанид үйлчлэх хууль гаргаж болно гэж үү” хэмээн “Дачин тамсаг”-тай холбоотой үүх түүхийг гишүүд сөхсөн ч олонхиороо түрээд л баталсан.

Хүн бүхний нүд, чих баяр наадам руу, бөх морь руу хандсан үед мөнгөний болоод эрх ашгийн хуулиудаа сэмхэн батлаад, харин ард иргэдийн амьдралд тустай ганц нэгхэн хуулийн заалтыг энгийн үед баталж жигтэйхэн сайн хүний дүрд тоглохоо эрх баригчид мэднэ.

Монголын төр сүүлийн 27 жил ард иргэдийнхээ ар хударгаар ажлаа амжуулж ирлээ. Уг ажлынх нь үр дүнд Ардын нам, Ардчилсан нам хоёрын нэр бүхий улстөрчид хагартлаа баяжаад энгийн иргэдийн амьдрал дээсэн дөрөөн дээр дэн дун байна. Эрх баригчид ард түмнийхээ ахуй амьжиргаанд хэрэг болох, бодит үр дүн өгөх, хоногийн хоолонд нь нэмэр болох нэг ч хууль батлаагүй гэхэд дэгсдүүлсэн болохгүй л болов уу. Зөвхөн өөрсдийгөө бодсон дараагийн сонгуулиа тооцоолсон, амиа хоохойлж өөрт ямар ашигтайг л харна. Тиймдээ эдийн засгийн нөлөө бүхий хуулиуд баяр ёслол, бүх нийтийн амралтын үед, хэвлэл мэдээллийнхнээс хүртэл нууж байгаад баталдаг. Ард түмнээсээ хууль нууж батална гэдэг эх орныхоо баялгийг нуун цөлмөж байна гэсэн үг юм. Аль ч нам, засгийн эрхэнд гарна нийгмийн, ард иргэдийн нүд чих, дуу хоолой болсон хэвлэл мэдээллийн амыг барих гэж улайран дайрдаг. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн чөдөр тушаа болсон заалтуудыг эсэргүүцээд эхлэхээр эрх баригчид өнөө л муу аргаа хэрэглэнэ. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн харгис заалтуудыг бид мэдэж байгаа.

Захиргааны ерөнхий хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд хүртэл хэвлэлийг боомилох заалтууд сэмээрхэн шургуулсан байдаг. Ардчилсан чөлөөт нийгэмд хэвлэл мэдээлэл рүүгээ ингэж дайрна гэдэг том аюул.Энд тэндгүй албан газрууд ёолкоо тэмдэглээд хөдөө хотгүй шинэ жилийн баярт умбаж байна. Гэвч яг энэ баярын өдрүүдэд хударгагүй төрийн хар машин жинхэнэ ажлаа эхэлжээ. Баасан гаригийн баривчилгаа хуулиар хориотой болсон учир эрх баригчид баярын өдрүүдийг ашиглаж халаа сэлгээгээ чимээгүй хийж байна. Хэдхэн хоногийн өмнө Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Ямар шалтгаанаар гэдэг нь бараг тодорхойгүй. Залгуулаад Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлчихлөө. Уул нь салбар яамны төрийн нарийн гэдэг улс төрийн албан тушаалтан, засаг солигдоход дагаж солигддог алба биш. Энэ бол монгол төрийн залгамж халаа болсон алба юм. Эндээс харахад улс төрийн албан тушаалтнаа төдийгүй төрийн мэргэшсэн албан хаагчдаа “бяртай” засгийн газар авч шидээд байх нь. Цаашид хэн хэнийг баяр цэнгэлийг далимдуулж ажлаас нь халж хөөж туух нь таашгүй. Ингэж Монгол төр иргэдээ баярлаж байхад ар хударгаар дайрдаг новшийн ажлаа хэдийнэ эхлүүлчихлээ.

Д.БАТБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Баярынх нь өдөр иргэдээ барьж хорьж, хөөж туудаг хударгагүй төр” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

УИХ-ын гишүүн, МАХН-ын дарга О.Баасанхүү, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар нартай хийсэн ярилцлага тэргүүн нүүрэнд тус тус хэвлэгджээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай хийсэн ярилцлага улс төрийн хоёрдугаар нүүрэнд оржээ. Тэрээр “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 3-4 хувийн хүүтэй зээл олгоно” гэжээ.

Өчигдөр МАН, АН-ын бүлгүүд тус тус хуралдсан юм. Энэ талаарх сурвалжилгыг хоёрдугаар нүүрнээс хүлээн аваарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд “Баярынх нь өдөр иргэдээ барьж, хорьж, хөөж туудаг хударгагүй төр” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

“Монгол кино пикчерс”-ийн зургийн дарга Б.Ангарагтай хийсэн ярилцлагыг баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс үзэх боломжтой. Тэрээр “Утсаа оролдож яваад л метроны замруу уначихсан юм билээ” гэсэн байна.

XI эмч нүүрэнд “Алт болд” эмнэлгийн мэдрэлийн эмч Д.Өлзийбаяр уригдан оржээ. Тэрээр “Уцаарлах, бухимдах, хэт хардах зэрэг нь сэтгэцийн тулгамдсан асуудал” гэж онцлон хэлжээ.

Үсний бүтэц, үс яагаад бууралтдаг, үс тойрсон бизнес, үсийг хэрхэн шилжүүлэн суулгадаг, үсээ хэрхэн зөв арчлах талаар танин мэдэхүйн XII нүүрнээс сонирхон харах боломжтой юм.

“Малчин” телевизийн сурвалжлагч, нэрт сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэнтэй хөөрөлдсөнийг XIII нүүрнээс хүлээн аваарай. Тэрээр “Монгол орны жараад хувь зудтай, дээр нь туурайн зуд нэрвэж эхэллээ” гэжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *