“Ард түмний гавьяат” гэгддэг Арго багш хэвлэлийн бага хурал зарлаж “Мөрөөдлийн театр”-ынхан болон олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг доромжилж байгаа хошин шогийн бүх уран бүтээлчдэд энэ үйлдээ таслан зогсоо хэмээн шаардлаа.
Арго багш ярихдаа “Миний бие монголдоо Гадаад хэлний дээд сургуулийг англи хэлний багш, орчуулагчаар төгсөөд 30 гаруй жил багшаар ажиллаж байна. Мөн анхны гадаад хэлний курсийг байгуулж, 13 мянга гаруй хүүхдэд хичээл заажээ. Би Англи, Герман, Франц, Япон, Солонгос, Испани зэрэг найман орны хэл мэднэ. 2011 оноос хошин урлагийн “Шинэ үе” продакшн миний тухай олон ч удаа элэглэл хийж байсан. Тухайн үед жүжигчин Н.Ариунболд /Бооёо/, Ц.Ганбаяр /Ганбаа/ нар миний тухай элэглэн шоолохыг харж байлаа. Гэтэл 2014 оны арваннэгдүгээр сард өвчний улмаас баруун хөлөө тайруулахад хүрсэн. Эрүүл мэндээ хайхрахгүй явсны гайгаар ийм байдалд хүрсэн. Тэр цагаас хойш хэвтрийн дэглэмд орсон. Хүнд өвчтэй үед маань “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид “Мөрөөдлийн баг дэлхийг аварсан нь” хошин шогийн бүтээл хийсэн нь үнэндээ намайг доромжилсон хэрэг болсон. Тухайн үед жүжигчин Г.Эрхэмбаяр намайг дуурайхдаа эсрэгээр нь ууртай, гадаад хэл мэддэггүй, тэнэг хүний дүрээр гаргасан. Энэхүү нэвтрүүлэг гарсны дараа би Г.Эрхэмбаярт хандаж хэлж байсан. Энэ бол хүнийг элэглэхээс илүүтэй доромжлол байсан юм шүү. Өнөөдөр бие гайгүй болж, өөрийн биеэр хэвлэлийнхэнд хандаж байна” гэв.
Мөн нийт хошин шогийн уран бүтээлчид та бүхэнд хандаж уриалж байна. Ингэж элэглэл, доромжлол хоёроо ялгахгүй, өвчтэй зовлонтой хөгшлийн бэрхшээлтэй, ядуу зүдүү хүмүүсийг доромжлохоо болиочээ” гэж хүсч байна.
Хэдийгээр намайг элэглэн шоолж байгаа ч гэсэн үүний цаана олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гутаан доромжилж байгаа хэрэг. Ийм юм хийчихээд олон телевизээр цацаж, бусармаг аргаар мөнгө олж байгаа та бүхэн одоо үүнийгээ зогсоо. Хиймэл хөлтэй байна гэдэг амаргүй шүү. Хүний зовлонгоор олсон мөнгө хоол болохгүй ” гэж санууллаа.