Би найман настай. Хасаг охин Анаргуль арван настай л байсан байх. Тэр цагаас Анаргулийнх манай хоёр айл, аймаг явах болсон. Манай хоёр гэр Ховд, Буянт голын бэлчирт намаржиж, хаваржаад хоёр голоо өгсөн зусдаг, Хар ус нуураа бараадаж өвөлждөг байж.
Анаргулийн аав Савхаан, манай эцэг хоёр идэр залуу наснаасаа айл, саахалт явж, хонь малын сэлгээ хийж, манжийн ноёрхлын үеэс нутагшсан луухаан нарын ногоо, тариа тарьж их ургац авч гаршсан зургаагийн газар гэдэг нутагт тарвас, хөх тариа, буудай тарьж аминаасаа илүү гарсныг Ховд хотын зээл дээр борлуулж хэдэн цаас болгодог байсан юм гэнэ билээ.
Савхаан ах манай өвөлжөөнд тарианы сүрэл, шар шавартай хольж, явраар бэхжүүлсэн түүхий тоосгоор сууц барьж өгсөн юм. Ингэж хасаг, халх хоёр эрчүүд гар, ур ганзага нийлсэн яахын аргагүй айл хүний амь нэгтэй хөршүүд байж дээ.
Би хоёр эгчтэй, Анаргуль гурван ахтай болохоор нэг нь эцгийн ганц хүү, нөгөө нь айлын ганц охин. Эгч, ах нар маань айлын хүн болж, ном үзэж, цэрэгт явсан болохоор бид хоёрт бие биенээсээ өөр тоглох, саатах хүүхэд шуухад манай айлд байсангүй. Зун хурганы бэлчээрт, намар нь тариа ногооны газар, өвөл хавар нь гэрийнхээ хооронд бид цаг барна. Хасаг ёсонд арав хүрсэн охидыг эрэгтэй хүүхэдтэй тоглуулж, нүд далд явахыг хорьдог, охид хөвгүүдийг эм төрх сууж, эр бие гүйцтэл хол хөндий өсгөдөг Лалын гэр бүлийн хатуу дэг жаягтай юм гэсэн. Гэвч нэг хотын бид нарт өөр найз нөхөдгүй, тэгээд чиг би гэдэг арав хүрээгүй балчир амьтан байж дээ.
Би Анаргулиас гадна нэг найзтай. Тэр минь хөөрхөн ааштай шар гөлөг. Гөлөгтэйгөө би бөмбөг, тоглоом булаацалдаж, ишиг хургатай хөөцөлдөж тоглоно. Шар гөлөг амьтан болгоныг надтай адилхан санаж хөөж, тууна. Хурга ишиг, унага тугал үзэгдвэл хөөж, эрхэлж наадна. Би хургаа шар гөлөгтэйгөө хамт хариулна. Манай хоёр айлын хурга, ишиг шар гөлөгтэй минь наадаж, тоглож дассан болохоор үргэнэ, тарна гэж байхгүй, харин гөлгийг мөргөж, дэвхэрч тоглох дуртай.
Хурганы бэлчээрт саахалт айлын хасаг хүүхдүүдтэй хааяа таарна. Тэд миний шар гөлгийг их ад үзнэ. Миний гөлөг тэдний хургатай хөөцөлдөж тоглох гэж өднө, зангий нь мэдэхгүйд тэд нар хуйларч зугтана, тэгэхээр нь миний гөлөг элдэнэ.
Нэг өдөр гөлгийг минь хасаг хүүхдүүд хуурч барьж аваад бургасанд оосорлож уяж байгаад чулуугаар тал талаас нь шидэж үйлийг нь үзлээ. Би ганцаараа тэд нар олуулаа. Хамгийн том Жамел гэдэг хүүхэд намайг хөдөлгөлгүй барьж байгаад гөлгийг минь нүдэн дээр тамалж, бид хоёрыг тэнгэр задартал гаслан гангинуулж, орилон чарлуулж байлаа. Үхтэлээ зодуулсан шар гөлөг минь бургасны ёроолд хэдэн өдөр хэвтэж байгаад ор сураггүй алга болж билээ. Нохой гэдэг хүний доод төрлийн ухаантай амьтан. Шар гөлөг минь эзэн намайг айлын хүүхдүүдээс өмөөрч авсангүй гэж голдоо ортол гомдоод хаа нэг зүг уйлан гаслан алга болсон болов уу гэж хар дарж зүүдлэн эцэг эхээ зовоосонсон.
Би энэ зовлон, шаналалаа Анаргульдаа нулимс дуслуулан байж ярьж билээ. Тэр намайг дагуулан айлын хүүхдийн толгойлогч Жамел дээр очиж өөрийнхөө хэлээр өөд уруугүй загнаж, санаагий минь түр боловч амрааж өглөө.
Үүнээс хойш Жамел бид хоёр шар гөлөгний хэрүүл нэг тийш болсон боловч, өөр бас нэг хэн хэн нь сайн мэдэхгүй хэргээр таарамж муутай болсон. Тэр намайг урьдынх шигээ айлган далайлгах эрхгүй болсон ч гэсэн миний хурганы уургыг хугалах, ус зөөдөг тэргээ надаас харамлах болж заримдаа тэсч ядаад дух руу минь нясалж элдэвлэнэ. Хэдийгээр миний ард Анаргуль гэдэг өмгөөлөгч байгаа боловч надаас хэдэн ах, биерхэг, зоримог Жамелаас би айхгүй ч гэсэн аягүй. Тэр намайг урваганахаар, сүр үзүүлж
-Дахиад чи Анаргульд намайг ховлобол чинь “шаналактайм” гэж гараа далайна. Энэ нь алганы амт үзүүлнэ шүү гэсэн үг. Өөдөөс нь би зориг гаргаж “оттама” (дуугаа тат) гэж арай ядан хэлсэн болно.
Жамелийн нүдэнд би Анаргулийг дагуулж хургаа хариулж, цэцэг жимс түүж явна гэдэг баяр, бахархал, ялалт. Хасаг гэрийн сургуулиар эрэгтэй хүүхэд, охидыг шоглодоггүй, бие биенээсээ зай барин явахыг сургадаг. Хасаг ёсонд өсвөр насны охид, хөвгүүд ч гэсэн манай халхчууд шиг нийлж тоглох, шуугих нь ховор. Харин эм бие гүйцэж байгаа охид үеийн харчуулыг хурдан мориор хөөж ташуурддаг тэмцэлдээн байдаг нь цаанаа бас учир, начиртай юм гэсэн. Энэ наадам бол “Чи эрмэг, чийрэг, эрэлхэг болж байж миний авааль нөхөр болно шүү” гэсэн далдын совин, нууц сэтгэлийн илрэл, хайр дурлал юм.
Жамел хэдийгээр надад атаархаж, уур нь хүрч, уушги нь сагсайж явдаг ч гэсэн Анаргуль бид хоёрт халдах сачий нь хүрдэггүйг би мэднэ.
Нэг өдөр би хургаа ганцаараа хариулж явлаа. Анаргуль ээжтэйгээ хамт арвай цайруулж, ширмэн тогоон дээр хуурна гэж гэртээ үлдээд “Чамайг саах тавихаар ирэхэд чинь өрөмтэй хуурсан тариа өгнө” гэж ам гараад үлдсэн юм. Хурганы бэлчээр дээр Жамел жижиг хээр даага уначихсан давхиж ирлээ.
-Чи Анаргультайгаа хамт явах чинь яагаав “Гатан хэтэвхалд маа” (эхнэр чинь явчихсан уу) гэж дамшиглаж, ташуураа далайж буулгах алдав. Би өөрийгөө өмөөрөх эцсийн аргаа хэрэглэж
-Анаргуль аятаам (Анаргульд хэлнэ шүү) гэж сүр далайлгав.
Жамел дааганаасаа бууж, ташуураа бүсэндээ хавчуулаад, миний хажууд ирж суугаад, өөрийн эрхгүй бууж өгөөд
-Ийм үгийг Анаргульд хэлж болдоггүй юм. Манай аав, Анаргулийн аав хоёрт хэлцэж тохирсон үг бий. Манайх таван азарга адуутай. Анаргуль шиг охинтой айлтай, зуун гүүтэй айл үг хэлцэх эрх эдэлдэг юм. Манайх арван жилийн дараа тийм олон адуутай болно гэж бид хоёр хурга ишиг биш, унага даага адууны тухай хөгжилтэй яриа дэлгэж, Жамелийн хээр даагыг би дур зоргоороо унаж бахаа хангаж өнжив.
Жамел бид хоёр маргаанаа мартаж эвлэрээд, миний өвөрт хоёр чихэр хийж “нэгийг нь Анаргульд өгөөрэй”, “Намайг муухай үг хэлсэн гэж хэнд ч хэлж болохгүй шүү дүү минь” гэж миний толгойг илчихээд Жамел хээр даагаа унаад давхиж одсонсон.
Анаргулиас хоёр жилийн хойно би сургуульд орж, зуныхаа амралтаар хоёул хурга хариулж, эрвээхэй хөөцөлдөж, жимс түүж хэдэн жил түргэн өнгөрч билээ. Намайг дунд ангид орох жилээс Анаргулийн эх биднийг хамт хурга хариулж, тоглож наадахыг болиулсан шиг санагдах юм. Анаргуль үсээ олон салаа сүлжиж, толгой дээрээ шар шувууны өд хатгасан, сайхан цоохор тоорцог өмссөн надаас өндөр охин боллоо. Ээж нь охиноосоо гаравч оровч салахгүй. Гэртээ хөлөө богочиж суугаад хувцас оёно, орны аравч, дэрний уут нэхнэ, ямаа саана, айраг тараг бүрнэ. Хааяа гадаа хасаг тулган дээр хөх тариа хуурч харагдана. Надтай тааралдах, үг солих нь холдсон боловч заримдаа гэртээ дуудаж оруулаад хөх будаа, сайхан тараг өгөөд үг дуугүй цомцойж суухыг би нүдний булангаар удаан харна.
Тэр хурган цагаан гартай, олон ороож сүлжсэн хар гэзэгтэй, урт сормуустай, алаг нүдтэй, цав цагаахан охин болсон байсан юм.
Би өгсөн хоолыг нь удаан гэгч нь идэж аваад, амаа гараараа арчаад Анаргуль шиг үг дуугүй гарна. Араас минь дуудах бий, нэг сайхан үг хэлэх бий гэж би эргэн эргэн горьдож, хүлээсээр гэртээ ороод, орон дээрээ дээшээ харж хэвтээд юу эс бодох билээ дээ.
Таван жилийн дараа Буянт голын хүрхрээ шиг адуу шаагисан олон олон жороо морины уралдаан шиг домборын ая цуурайтсан Жамел, Анаргуль хоёрын хурим хийсэн өдөр би намрын өтгөн өвсөн дунд орж хэвтээд хэнд ч юм учиргүй гомдоод эхэр татан уйлж билээ. Тэгэхэд би арван долоотой байж.
Тэгээд арван жилийн өмнө Жамелд үхтэлээ зодуулаад эрээд олдошгүй газар одсон шар гөлөг шигээ би төрсөн нутгаа орхиод эцэг эхдээ ч нэг аман үг хэлэлгүй ор сураггүй болж билээ.
Ингэж би хасаг болж төрөөгүй Аллах тэнгэрт гомдож, хаяа нь тоосорсон адуутай болоогүй хувь заяандаа хорсож, мэлтэлзсэн устай зэгсэн зэрэглээтэй хар ус нуур, мэлмэрсэн нүдтэй, шинийн саран хөмсөгтэй Анаргуль хоёроо орхисон юм даа.
Ц.МУХАР
2005 он