Өнгөрсөн жилийн хаврын их цаснаар хот тохижилт ОНӨХХКомпани Хурандаа Б.Эрхэмбаяр захирагчтай зэвсэгт хүчний 339-р ангитай хамтран цас цэвэрлэх ажлыг аймгийн төвд явуулсан байдаг. Их хэмжээний цасыг алба хаагчид нүцгэн гараараа хүрз жоотуугаа бариад л цэвэрлэж байсныг та бид харсан билээ. Тэдэнд барьсан тоног төхөөрөмж байхгүй, хур дагтаршсан цасыг цэвэрлэх гэж хугацаа их алдсан зэрэг хүнд нөхцөл байдлаас үүдэн цас түрэх тусгай төхөөрөмж хийе гэсэн санаачилга гаргажээ. Тус санаачилгыг аймгийн Засаг дарга дэмжиж төхөөрөмж хийх төсвийг шийдэж өгсөн байна. Ингэснээр тус цэргийн ангийн инженер техникийн ажилчид 10 гаруй хоногийн дотор энэ төхөөрөмжийг бүтээжээ.
Цас цэвэрлэх төхөөрөмжийг чанартай сайн хийсэн зэвсэгт хүчний 339-р ангийн алба хаагчдад аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр талархлаа дэвшүүлэн аймаг орон нутгийн хөгжил дэвшил цэргийн ангийн алба хаагчдын хүчин зүтгэлтэй салшгүй холбоотой гэдгийг онцлон тэмдэглээд цаашид боломжтой бүх талаар тус ангийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэлээ.
Энэ үеэр цэргийн ангийн захирагч, хурандаа Б.Эрхэмбаяр цас цэвэрлэх төхөөрөмжөө “Хот тохижилт” ОНӨХХК-ний дарга С.Готовт албан ёсоор хүлээлгэн өгсөн ба цас цэвэрлэх төхөөрөмж цаашид тус компанид харьяалагдаж явах юм.
Төхөөрөмж нь тусгай зориулалтын машинд угсрагдаж гар удирдлагаар ажиллах ба 20-30 см цасыг саадгүй цэвэрлэх юм байна. Түүнийг угсарсан машин нь тусгай цэргийн зориулалттай ба их бага ямар ч хэмжээний цасыг түрж цэвэрлэхэд ачаалал даахуйц юм байна. Төхөөрөмжийг орос материалаар хийсэн ба ойрын 10 жилдээ эвдэрч гацахгүй бат бөх сайн чанартай хийсэн аж. Аймгийн төвийн зам харгуй өвөл хаврын цагт цасанд даруулаад байхгүй, улмаар осол аваар, халтиргаа гулгааг бууруулахад тус ангийн хамт олны хичээл зүтгэл ийнхүү өндөр байж олон хүний ажлыг хөнгөвчилжээ.