Categories
мэдээ цаг-үе

П.Мягмарсүрэн: Монголд хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, оролцох, хамгаалуулах эрх зөрчигдөж байна

Монгол Улс Ази тивд анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгох сургалтыг зохион байгуулж, хүүхдийн эрхийн улсын 38 байцаагчийг бэлтгэлээ. Эдгээр нэр бүхий байцаагч нарт уржигдар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд үнэмлэх, тамга тэмдгийг гардуулан өгсөн юм. Хүүхдийн эрхийн тухай хуульд “Хүүхдийн эрхийн байцаагч”-ийг хуульчилсан байдаг. Хуульд заасан хүүхдийн эрхийн байцаагч нь шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тодорхой төрлийн хүүхдийн зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй аж. Энэхүү үйл ажиллагааны үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “2016 онд УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн эрхийн хэрэгжилтэд нь хяналт тавих, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх бүхий албан тушаалтныг хуульчилж, хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх, хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх механизмыг бий болгосон нь хүний эрхийг хамгаалах үндэсний томоохон ажлын нэг болсон. Хүүхдийн эрхийн байцаагчаар ажиллах хүсэлтэй иргэд, төрийн албан хаагчид их байсан. Гэхдээ хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр таваас дээш жил ажилласан байх шаардлагыг хангасан 43 албан хаагч, хүүхдийн эрхийн улсын байцаагч бэлтгэх 14 хоногийн сургалтад хамрагдаж, байцаагчийн эрх олгох шалгалтад тэнцсэн 38 албан хаагчид эрх олголоо. Хүүхдийн эрхийг зөрчсөн этгээдэд оногдуулах хариуцлага сайжирсаар байгаа ч хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байна. Тэр дундаа бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөх, амь насаа алдах зэрэг тохиолдол гарсаар байгаа нь харамсалтай. Тухайлбал, гэмт хэргийн улмаас хүүхэд амь насаа алдсан тохиолдол энэ онд 120 орчим гарчээ. Энэ бол гурван сая монголчуудын хувьд маш эмгэнэлтэй хэрэг юм аа” гэлээ.

Энэ үеэр бид Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын хүүхдийн эрхийн хяналт, зохицуулалтыг хариуцсан ахлах мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн улсын байцаагч П.Мягмаржавтай ярилцлаа.


-Монгол Улс хүүхдийн эрхийн улсын байцаагчтай боллоо. Энэхүү албан тушаалын эрх, үүргийг тодруулахгүй юу?

-Юуны өмнө Хүүхдийн эрхийн улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүүхдийн эсрэг зөрчил, хүүхэд харах үйлчилгээ, төрийн албатай холбоотой гурван зүйлийн зөрчлийг шалган шийдвэрлэх юм. Энэхүү ажил, мэргэжил манай улсад зайлшгүй шаардлагатай байсныг онцлон хэлмээр байна. Монгол Улсад хүүхдийн эрх, хүний эрхийн асуудал үнэхээр тулгамдсан сэдэв болчихоод байгаа. Адаглаад бид агаарын бохирдлоос болж, эрүүл саруул амьдрах эрхээ хасуулсаар байна. Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын сурч боловсрох, амар тайван амьдрах, эрүүл энх өсөн бойжих эрх зөрчигдсөөр байгааг бид энгийн жишээнээс л харж болохоор. Энэхүү ажил мэргэжлийн ур чадвар, туршлага шаарддаг. Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн гол чиг үүрэг бол хүүхдийн жам ёсны эрхийг хангуулах явдал юм. Мөн хүүхдийн эрхийг зөрчсөн хуулийн этгээд болоод иргэнд зохих хариуцлагыг оногдуулна. Хүүхдийн эрх зөрчигдсөний дараа ажил хийх биш, түүнээс өмнө урьдчилан сэргийлэх ажлыг идэвхтэй зохион байгуулах ёстой.

-Хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч нь хариуцаад явчих болохоор хүүхдийн эрх зөрчигдөхгүй гэсэн явцуу ойлголтоор бид өнөөг хүрсэн гэж салбарын сайд хэллээ. Яг хүүхдийн эрхийг хамгаалахын тулд та бүхэн ямар ажлуудыг хийх вэ?

-Хүний эрх дотор хүүхдийн эрх оршдог. Хэдийгээр эцэг, эх, асран хамгаалагч байгаа боловч хүүхдийн жам ёсны эрх гэж бий. Тэгэхээр бидний гол үүрэг бол хүүхдэд хуулиар олгогдсон жам ёсны эрх гэж байдаг юм шүү. Үүнд нь хяналт тавьдаг төрийн бодлого, албан хаагчид ажилладаг шүү гэдгийг олон нийтэд ойлгуулж, хамтран ажиллахыг зорилгоо болгох юм.

-Сүүлийн үед бага насны охидыг хүчирхийлэх, хулгайлах зэрэг онц ноцтой гэмт хэргүүд гарсаар байна. Мөн энэ онд л гэхэд 120 орчим хүүхэд амь насаа алдсан гэсэн харамсалтай тоо гарчээ…

-Хүүхдийн эрхийн зөрчил, онц ноцтой гэмт хэргүүд сүүлийн үед их гарч байна. Энэ нь нийгмийн хөгжилтэй холбоотой боловч нөгөө талаараа эрх зүйн орчин сайжирч, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сайн байгаатай холбоотой юм. Өнөөдөр Монгол Улс хүүхдийн эрхийн улсын байцаагчтай боллоо гээд хүүхдийн эрхийн зөрчил шууд арилахгүй ээ. Тийм болохоор бид ямар нэгэн зөрчил гарахаас өмнө урьдчилсан сэргийлэх ажлуудыг маш сайн явуулах хэрэгтэй байна.

-Эхний ээлжид яг ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Юуны өмнө бид иргэд, эцэг, эхчүүдэд хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх ерөнхий ойлголтуудыг өгөх ажлыг гүйцэтгэнэ. Хүүхдийн эрхийг хэрхэн зөрчиж байна, түүнд ногдуулах хариуцлага юу вэ гэдгийг сайн сурталчилна. Иргэд болоод байгууллагууд хүүхэдтэй холбоотой хууль, эрх зүйн мэдлэгтэй болох хэрэгтэй. Мэдээд зогсохгүй хэрэгжүүлэх шаардлагатай юм. Мөн бидний үйл ажиллагаа нарийн судалгаан дээр тулгуурлаж явагдах болно. Сургуулийн орчимд хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол их байдаг. Тийм болохоор сургууль, цэцэрлэгүүдэд хүүхдийн эрхийг хамгаалах талаар сургалт, семинар зохион байгуулна. Иргэд хүүхдийн эрх гэж юу болохыг мэдээгүйгээс болж зөрчил гаргадаг. Яахаар хүүхдийн эрх зөрчигддөг юм, юуг хүүхдийн эрх гээд байгааг иргэд, байгууллагуудад мэдээлж, энэ талаар мэдээлэлтэй болгосноор бидний анхны ажил эхлэх юм.

-Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэг, сургуульд явуулахаасаа өмнө эмээдэг болжээ.Учир нь цэцэрлэгийн багш нь зоддог, хүүхэдтэй зүй бусаар харьцдаг, сургуулийн орчимд автомашины хөдөлгөөн, хулгай дээрэм их болсонтой холбоотой гэж тайлбарлаад байгаа шүү дээ…

-Зарим сургууль, цэцэрлэгийн багш нар уламжлалт хэв буруу зуршлаасаа болж хүүхэдтэй зүй бусаар харилцаж, үүнээсээ болж хүүхдийн эрхийн зөрчил гаргаж байна. Хүүхдийн эрхийн зөрчил гарсны дараа бидний зүгээс үргэлжлүүлэн хяналт тавина. Дахин хүүхдийн эрх зөрчигдөж байна уу, хүүхдүүдтэйгээ зөв сайн харилцаж байгааг бид хянах юм. Манайхны нэг дутагдал нь буруу үйлдэл, зан авир гаргаж буй хүүхдийн алдааг зөвөөр хэлж, ухааруулахын оронд гар хүрч, ширүүн загнадаг. Үүнээс болж хүүхдийн эрхийн зөрчил үүсэж байна. Энэхүү үйлдлээсээ болж хуулийн хариуцлага хүлээдэг. Тийм болохоор хүүхдийн эрхийг дээдэлж, тэдэнтэй зөв харилцах учиртай.

-Мэргэжлийн хүний зүгээс хэлэхэд амьдрал дээр хүүхдийн эрх ямар тохиолдолд зөрчигдөөд байна вэ?

-Наад зах нь хүүхдийн үндсэн дөрвөн эрх зөрчигдөж байгаа юм. Монголд хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, оролцох, хамгаалуулах эрх зөрчигдөж байна. Хүүхэд төрсөн цагаасаа эхлээд л эрх нь үүсэж байдаг. Монгол хүүхэд бүр агаар, хөрс, ус, дуу чимээний бохирдолгүй газар эсэн мэнд өсөж бойжиж байна уу, гэр бүлийн, нийгмийн хүрээнд аюулгүй, дарамт шахалтгүй амьдарч чадаж байна уу, сурч боловсрох эрхээ бүрэн гүйцэт эдэлж чадаж байна уу. Энэ бүхэн нь хүүхдийн жам ёсны эрхүүд зөрчигдсөөр байгаа гэсэн үг юм.

-Та бүхний ажлын үр дүн хэдэн жилийн дараа нийгэмд тодорхой харагдах бол. Ирэх жилүүдэд Монголд хүүхдийн эрхийн зөрчил буурах уу?

-Бидний ажлын гол зорилго бол хүүхдийн эрхийн зөрчлийг цөөн болгож, улмаар хүүхдийн эрхийг дээдэлдэг нийгмийг бүрдүүлэх явдал юм. Бид энэхүү зорилгодоо хүрэхийн тулд маш шаргуу, нягт нямбай ажиллах хэрэгтэй. Дан ганц бидний оролцоо энэхүү асуудлыг шийдвэрлэхгүй. Нийгэм бүхлээрээ хүүхдийн эрхийн төлөө дуугарч, хүүхдээ хайрлаж, хамгаалж чадсанаараа бидний ажлын үр дүн харагдах болно. Гэхдээ тодорхой хэдэн жилийн дараа Монголд хүүхдийн эрхийн зөрчил эрс буурна гэдэгт итгэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг цөөн болгож, хүүхдийн эрхийг хамгаалахын тулд бид урьдчилан сэргийлэх ажлуудыг л маш сайн хийх ёстой юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *