Саудын Арабын эрх баригчид тус улсад кинотеатруудыг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Тус улсад ийнхүү 35 жилийн дараа иргэд кинотеатруудаар үйлчлүүлж, хүссэн уран бүтээлээ үзэх боломжтой болж буй юм. Эрх баригчдынхаа шийдвэрийг иргэд талархан хүлээн авч буйгаа илэрхийлжээ.
Авлигын эсрэг кампанит ажлыг эхлүүлж, энэ оны “TIME” сэтгүүлийн онлайн санал асуулгаар “Оны хүн”-ээр тодорсон тус улсын угсаа залгамжлах ханхүү Мухаммед бин Салман кинотеатруудын үйл ажиллагааг сэргээх шийдвэрийг гаргасан байна.
Тэрбээр “Хэт хуучинсаг хориг шийдвэрүүдийг халж, Саудын Арабыг илүү нээлттэй улс болгох болно” гэж хэлжээ.
Ирэх 2018 оноос арилжааны зориулалттай кинотеатруудыг үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрсөн болохыг тус улсын Соёлын яамнаас мэдээлэв.
1980 оны эхээр шашны хэт үзэлтнүүд кинотеатруудыг соёл, шашны дайсан хэмээгээд кинотеартруудыг хаалгаж байжээ.
Эрх баригчид энэ онд эмэгтэйчүүдийг харгалзах хүнгүйгээр машин барих, цэнгэлдэх хүрээлэн орох, сонгуульд нэр дэвших болон саналаа өгөхийг зөвшөөрсөн билээ.