Categories
мэдээ цаг-үе

Б.Цогзолмаа: Хүүхдийг өвчлүүлэхгүй байх хамгийн энгийн арга бол нар, ус, агаараар чийрэгжүүлэх

Амар-Мед хүүхдийн эмнэлгийн их эмч Б.Цогзолмаатай ярилцлаа.


-Өвлийн улиралд хүүхдийг ханиад томуунаас хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Хүүхэд нялхсын дунд хамгийн элбэг тохиолддог өвчин бол намар, өвөл, хаврын улиралд элбэг тохиолдох амьсгалын цочмог халдвар буюу ханиад томуу юм. ДЭМБ-ын шинжээчдийн дүгнэлтээс харахад хот суурин газрын хүүхэд жилдээ 5-8 удаа хөдөө орон нутгийн хүүхдүүд 3-5 удаа ханиад томуугаар өвдөж байна гэж дүгнэсэн байдаг. Хүйтэн сэрүүний улиралд ханиад томуугаас сэргийлэхэд хамгийн чухал зүйл бол хүүхдийн амьдрах сурах орчинг эрүүл байлгах. Хүүхдийн орчин цэвэр байх ёстой. Үүнд гэр болон цэцэрлэг сургуульд өдөрт хоёроос доошгүй чийгтэй цэвэрлэгээ хийх, хүүхдийн анги танхим, гэр орон тоглоомын газруудыг өдрийн цагаар хоёр цаг тутам 5-10 минутаар агаар оруулах хэрэгтэй. Мөн орчныг чийгшүүлж өгөх хэрэгтэй. Зуухан дээрээ том амсартай саванд ус хийж тавих, радиаторынхоо орчинд цэвэр саванд ус хийж тавих, агаар чийгшүүлэгч, агаар цэвэршүүлэгч асаах гэх мэт. Хүүхдийг дааруулахгүй, халууцуулахгүй дулаан хувцаслаарай. Манай эцэг эхчүүд хүүхдээ сэрүүний улиралд хэт бэгнэж халууцуулж хувцасладаг. Энэ нь эсрэгээрээ хүүхэд ханиад хүрэх, ханиадтай хүүхэд хүндэрч хатгалгаа болоход нөлөөлдөг. Хүүхэд тэжээллэг амин дэмээр баяжуулсан хоол өгөх, жимсний бүлээн шүүс уулгах, халуун бүлээн аарц сүү тогтмол уулгаж байвал хүүхдийн дархлаа сайжирна. Зургаан сар хүртэлх хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллоорой. Ингэснээр хүүхэд эхээсээ дархлааны иммунглобулин авч өвчнөөс хамгаалагддаг юм. Хүүхэд, томчууд бүгд ямарваа нэгэн үйлдэл хийхийн өмнө заавал гараа угааж байх шаардлагатай. Томуу томуу төст өвчин бол зөвхөн агаар дуслаар дамжихгүй бохир гар, орчноос халдварлагддаг гэдгийг битгий мартаарай. Мэдээж хүүхдийг товлолын вакцин болон улирлын томуугийн вакцинд хугацаанд нь хамрагдуулаарай. Хүүхдийг дагуулж шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх, хэрэв зайлшгүй шаардлагатай бол маск хэрэглэж заншаарай. Маскийг хоёр цаг тутам сольж байх, болж өгвөл зориулалтын шүүлтүүртэй маск хэрэглэх нь ханиад томуу төдийгүй, агаарын бохирдлоос хамгаалж чадна. Эцэст нь хэлэхэд томчууд маань нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх нь үр хүүхэд болон өөрсдийгөө томуу, томуу төст өвчин болон сүрьеэ гэх мэт халдвараас хамгаалж чадна.

-Ханиад томуу хүрсэн тохиолдолд гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах хэрэгтэй байдаг вэ?

-Ханиад томуугаар өвдсөн нөхцөлд хамгийн түрүүнд хүүхдийг цэцэрлэг, сургуульд нь явуулалгүй гэрт нь дулаан байлгах хэрэгтэй. Ханиадны үед хамгийн түрүүлж илрэх шинж бол хамар битүүрэх нус гоожих шинж байдаг энэ үед хүүхдийн хамрыг хоёр хувийн содын уусмал юмуу 0.9 хувийн давсны усаар угаах, угааж чадахгүй бол хамарт нь дусааж хамрыг цэвэрлэх шаардлагатай. Үүний дараа хүүхдийнхээ цээжийг 20-30 градус орчим өндөрлөж хагас хажуу тийш нь харуулж хэвтүүлж өгөх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн амьсгал саадгүй болох, хамрын салст хөөж хавагнахаас хамгаална. Дараагийн илрэх нэг шинж бол халууралт юм. Хүүхэд халуурах нь өвчнөө эсэргүүүцэж өөрийн интерфероноо ялгаруулж буй хамгаалах урвал юм. Хүүхдийн халууныг 38-38,5С хүртэл болж өгвөл эмгүйгээр буулгах гэж оролдох хэрэгтэй. Үүнд хүүхдийн хувцсыг нимгэлэх, хүйтэвтэр бүлээн нойтон алчуураар том судастай газар болох суга цавь, хүзүү цээжийг арчих, шингэн зүйл уулгах, хүүхдээ биендээ нааж тэвэрч тайвшруулах аргуудыг хэрэглэж болно. Хүүхэд халуурахдаа татдаг бол эсвэл тархины янз бүрийн эмгэгтэй, унаж татдаг гэх мэт асуудалтай бол халууныг яаралтай буулгах шаардлагатай бөгөөд халууныг ойрхон үзэж хянаж байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд 38,5С-ээс их халуурах, бага халуурсан ч зовиур их уйлагнуур байх, арьс эрээнтэж цонхийж цайж байвал парацетамол, ибупрофен зохих тунгаар уулгаж халууныг нь буулгаарай. Хэрэв 39С-ээс дээш удаан хугацаагаар халуурах, татах, уух, хөхөхдөө муудах шинж илэрвэл яаралтай эмч, эмнэлэгт хандаарай. Мэдээж ханиад хүрсэн хүүхэд ханиадаг энэ үед эцэг эхчүүд яаран антибиотик, цэр ховхлох эм уулгадаг. Цэр ховхлох шингэлэх эмийг 0-6 сар хүртэлх хүүхдэд дураараа уулгаж болохгүй. Хүүхэд бөгшүүлж удаан хугацаагаар ханиагаад байвал эмчид үзүүлж эм өгнө. Ханиад томуугаар өвдсөн үед хүүхэд хоолонд дургүй болдог. Энэ үед амархан шингэхүйц аль болох шимт бодисоор баялаг хурц биш хоол өгөх ёстой. Хүүхэд хоолонд дургүй болдог тул ойр ойрхон бага багаар хооллох хэрэгтэй. Хүүхэд халуурах үед амьсгал олширдог. Үүнээс гадна ханиад хүндэрч хатгалгаа болсон бол халуураагүй үедээ амьсгааддаг. Хүүхдийн амьсгалыг зөв тоолж сурах нь чухал. Хүүхдийг уйлаагүй тайван байх үед нь амьсгалыг тоолох ба нэг минутын турш тоолно. 0-2 сар хүртэлх хүүхдийн амьсгал нэг минутанд 60 ба түүнээс их болох, хоёр сараас нэг настай хүүхэд 50 буюу түүнээс их амьсгалах, 1-5 нас хүртэлх хүүхэд 40 ба түүнээс дээш амьсгалвал хатгалгаа болсон байна гэж үздэг. Мөн хүүхдийн цээж хонхолзох шинж хатгалгааны үед илэрдэг. Хүүхдийн цээж хонхолзох нь хатгалгааны шинж. Ханиад томуугаар өвдсөн үед гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулах, хүүхдээ дулаан хувцаслах хэрэгтэй.

-Өвчин тусахгүй байхын тулд дархлаагаа сайжруулах ямар энгийн арга байна. Дархлааны эм, бэлдмэлүүд их байдаг. Үүнийг хэрэглэх зөв үү, уг эм бэлдмэлүүд нь сайн болон сөрөг ямар талтай байдаг вэ?

-Хүүхдийг өвчлүүлэхгүй байх хамгийн энгийн арга бол нар, ус, агаараар чийрэгжүүлэх. Иймд хүүхдээ өвөл нь өвдүүлэхгүй байя гэвэл зунаас эхлэн бэлтгэх хэрэгтэй. Манай орны хувьд зун долоо, наймдугаар сар бол хүүхдээ чийрэгжүүлэх чухал улирал тул эцэг эхчүүд ажил амралтаа зохицуулж амрах хэрэгтэй. Мөн албан газрууд ч гэсэн бага насны хүүхэдтэй ажилчдадаа зуны улиралд амрах боломж олгож өгвөл танай байгууллагын ажил өвөл саадгүй үргэлжлэх боломжтой болно гэсэн үг. Мөн цэцэрлэгийн ахлах анги, сургуулийн сурагчдыг хөдөлгөөнт секц, дугуйланд хамруулах, сурагчдын үдийн цай нь шим тэжээллэг хоол хүнс байвал өвчлөхгүй байх бас нэг нөхцөл болно. Мэдээж зун намрын улиралд сүү, цагаан идээгээ түлхүү ууж, идэх, ойн жимс жимсгэнэ түүж идэх дарж нөөцөлж өвөл хаврын улиралд хэрэглэх нь дархлааг сайжруулах энгийн арга юм. Нялх нярай бага балчир насны хүүхэд хөгшдийг нартай дулаан өдөр айраг, шар сүү, сүүнд оруулах, шавших наранд шарах нь дархлааг дэмжиж чийрэгжүүлэх манай ард түмний уламжлалт арга байдаг.

Хүүхдийн дархлааны тогтолцоо нь бусад эрхтэн тогтолцооны нэгэн адил гүйцэд хөгжөөгүй байдаг. Хүүхэд төрөхдөө ихэсээрээ дамжуулан авч нөөцөлсөн эсрэг бие нь 2-3 сар орчим болоод багасаж эхлэх ба энэ үеэс хүүхдийн өөрийн дархлаа тогтолцоо бага боловч эсрэг бие ялгаруулж эхэлнэ. Мөн зургаан сар хүртэлх хүүхэд эхийн сүүнд байдаг хүүхдэд хамгийн тохиромжтой уураг, нүүрс ус, өөх тос, байхаас гадна янз бүрийн бичил элементүүд, ферментүүд, хамгаалах бодисууд болох иммунглобулин агуулдаг тул хүүхдийг хөхний сүүгээр хооллох нь маш чухал ач холбогдолтой. Сүүлийн үед маш олон төрлийн вирусийн эсрэг эм, дархлаа дэмжих эм гарах болжээ. Манай залуу эцэг эхчүүд ажлаа хийхийн тулд хүүхдийг хэт багаас нь ясли цэцэрлэгт явуулж байна. Энэ нь тэдний буруу биш юм. Амьдрахын тулд хөдөлмөрлөх нь чухал. Гэтэл манай орны хөгжилтэй холбоотойгоор эхчүүд, ээжүүд маань хүүхдээ гурван жил гэртээ хараад суух боломжгүй байна. Уг нь гурван жил хүүхдээ гэртээ харвал хүүхдийн өвчлөл, эндэгдэл багасч хүүхдүүд элдэв янзын дархлааны эм уух шаардлагагүйгээр дархлаа тогтолцоо нь хэвийн хөгжих боломжтой юм. Нэгэнт багаасаа маш ойр ойрхон ханиад хүрч хүндэрч эмнэлэгт хэвтэж, антибиотикийг ихээр хэрэглэж байгаа үед хүссэн хүсээгүй дархлааны дутагдалд орж байгаа үед дархлаа дэмжих эмчилгээг хийхээс өөр аргагүй болж байна.

-Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх өөр ямар, ямар арга байна. Хүмүүс юунаас болоод ханиад томуу их тусч байна вэ?

-Ямарваа нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэдэг бол эрүүл аж төрөх ёсноос эхэлнэ. Хүн ажиллах амрах цаг нь эрүүл зөв, идэх хүртэх хоол унд нь эрүүл зөв, тоглох хөгжилдөх нь ч эрүүл зөв, сэтгэл нь амар амгалан байвал хүн өөрийгөө өвчнөөс урьдчилан сэргийлж байна гэж ойлгож болно. Иймд хүмүүс амьдралын буруу хэв маягаас болж дархлаагаа муутган үүнээсээ улбаалан ханиад томуу болон бусад өвчнөөр өвдөж байна. Эрт унтаж сайн амрах, зөв эрүүл шимтэй хоол хүнс хэрэглэх, хөдөлгөөний дуталгүй идэвхитэй амьдрах, эрүүл агаар нар усаар чийрэгжих нь эрүүл амьдралын үндэс болно.

-Өвлийн улиралд агаарын бохирдол мөн өвчлөлийн эх үүсвэр болж байна. Үүнээс сэргийлэх энгийн арга юу байна?

-Агаарын бохирдолд зөвхөн утаа биш, хэт хуурайшил, гэр хороололын бохирын асуудал, хэт төвлөрөх асуудал, авто машины насжилт гээд маш том сэдвээр ярих хэрэгтэй болно. Ядаж хавраас зүлэгжүүлэх цэцэрлэгжүүлэх, моджуулах ажлаас эхлээд л ажлаа эхлэх хэрэгтэй юм шиг. Агаарын бохирдлоос зөвхөн амьсгалын замын өвчлөл биш ураг нярайн гажиг хөгжил нэмэгдэж байна. Төрөл бүрийн хавдрууд нэмэгдэж, мэдрэл, сэтгэцийн өвчнүүд, арьсны харшлын өвчнүүд нэмэгдэж байна. Агаарын бохирдлоос сэргийлэх арга ядсан энгийн арга нь маскаа л зүүх юм даа. Орчин үед зориулалтын утаа бактер шүүгчтэй маскнууд худалдаалагдаж байгаа. Маскийг тохирсон хугацаагаар нь зүүгээд устгах хэрэгтэй. Удаан хугацаанд хэрэглэсэн маск нь таныг дахин эрсдэлд оруулах болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *