Categories
мэдээ нийгэм

Улаанбаатараас Улаан-Үд, Эрхүүгийн чиглэлд хурдны галт тэрэг явж эхэллээ

Улаанбаатараас Улаан-Үд, Эрхүүгийн чиглэлд шинээр аялж эхлэх хурдан галт тэрэгний анхны аяллыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ боллоо. Тус чиглэлийн 305/306 дугаар галт тэрэг аялуулах талаар өнгөрсөн есдүгээр сард Вьетнам улсын Халонг хотноо болсон олон улсын галт тэрэгний хурлаар хэлэлцэж улмаар ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан Хятад-Монгол-ОХУ-ын хилийн хэлэлцээрээр баталгаажуулсан аж. Шинэ галт тэрэг аялуулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улаанбаатар Төмөр Зам /УБТЗ/ ОХУ-аас 2014 онд авсан шинэ вагоноос бүрдсэн галт тэрэгний бүрэлдэхүүний зэхэлтийг бүрэн шинэчилж, вагоны үйлчлэгч нарын дүрэмт хувцсыг шинэ загвараар хийлгэн, зорчигчдын тав тух, аюулгүй байдалд ихээхэн анхаарсан байна.

Хурдан галт тэрэгний талаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа хэлэхдээ: “ОХУ, Монгол Улс хооронд харилцан визгүй зорчдог болоод гурван жилийн хугацаа өнгөрлөө. Хоёр орны хооронд харилцан визгүй зорчдог болсноос хойш худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын бизнес эрчимтэй хөгжих боллоо. Мөн авто тээврийн урсгал 2-3 дахин нэмэгдсэн. Алтанбулагийн боомтоор өмнө нь нэг өдөрт 200-300 хүн, 150-170 машин харилцан зорчдог байсан бол одоо 700-800 иргэн, 500 гаруй тээврийн хэрэгсэл харилцан зорчдог. Тиймээс цаашид Алтанбулаг, Хиагтын боомт дээр үүссэн бөглөрөл, ачааллыг багасгахын тулд хурдан галт тэргийг аялуулахаар ОХУ-тай тохиролцсон. Иргэд хямд найдвартай унаагаар Байгаль нуурын эрэг дээр очиж амрах, Эрхүү хотоор аялах боломжтой болж байна. Нөгөө талдаа галт тэрэг дагасан шинэ аялал жуулчлалын маршрут нээгдсэн гэсэн үг“ гэлээ.

Улаанбаатараас Эрхүү хүртэл өмнө нь 48 цаг явдаг байсан бол энэхүү хурдан галт тэргээр тус газарт 24 цагийн дотор очих боломжтой болж байгаа юм байна. ОХУ-ын төмөр замчидтай Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс цагийн хуваариа тохирчээ. Ингээд олон улсын галт тэрэгний хуваариар долоо хоногт гурван удаа, 15.22 цагаас явахаар болсон байна. Үнийн тухайд 33550-120750 төгрөгийн хооронд байгаа юм. Цаашид зорчигчдын тоо нэмэгдвэл алдагдалтай эхэлсэн тасалбарынхаа анхны үнийг буулгаж, хөнгөлөх талаар хоёр тал ярилцах аж.

Галт тэрэг ингэж хурдан аялдаг болсноор улс хоорондын ачаа эргэлт нэмэгдэж ОХУ, Монгол Улсын иргэдийн харилцаа улам дотносно гэж ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл онцолж байлаа.

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *