Categories
мэдээ нийгэм

Манай улсад сүрьеэ өвчнөөр жилд 4000 орчим хүн шинээр оношлогдог

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслөөс сүрьеэ өвчтэй иргэдэд дулаан хувцас, хүнс гардууллаа. Манай улсад сүрьеэ өвчнөөр жил бүр 4000 орчим хүн шинээр оношлогдож буйн олонх нь хоол тэжээлийн дутагдалтай нийгмийн эмзэг давхаргынхан байна гэх судалгаа бий. Удаан хугацаанд олон төрлийн антибиотик давхар уухаас гадна энэ өвчнийг эдгээхэд биеийн дархлаа сайн байх нь чухал. Тэр утгаараа Глобаль сангийн сүрьеэгийн төслийн нэг хэсэг нь өвчтөнүүдэд нийгмийн халамж дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг хэмээн төслийг зохицуулагч А.Оюунбилэг онцоллоо.

Тэрээр, “Энэ арга хэмжээ нь өвчтөнүүдийн эмчилгээнд төдийгүй, амьдралд нь дэмжлэг үзүүлж буй хэлбэр юм. Бид дүүрэг бүрийн сүрьеэгийн диспансераас үнэхээр дэмжлэг шаардлагатай эмзэг бүлгийн өвчтөний нэрсийг гаргуулж авсан. Нийтдээ найман дүүргийн 226 өвчтөнд энэ удаа дэмжлэг үзүүллээ. Тодруулбал, өвчтөн тус бүрт хөвөнтэй дулаан өмд цамцны хослол, “Алтан тариа” ХК-ийн 25 кг гурил, гурван кг гоймон, мөн “Номин” супермаркетаас 86 мянган төгрөгт хүнс авах ваучер олгосон. Учир нь хүн бүрийн хүнсний хэрэгцээг тодорхойлж мэдэх аргагүй учраас шаардлагатай хүнсээ өөрсдөө сонгоод авах боломжийг нь ваучераар олгож байгаа юм. Гэхдээ энэ ваучераар архи дарс, ахуйн бараа худалдан авах боломжгүй. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн авах боломжтой” гэлээ. Түүнчлэн энэ үеэр нэн ядуу, эмзэг бүлгийн дөрвөн өвчтөнд таван ханатай гэр гардуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *