Хэдхэн хоногийн өмнө ирэх жилийн загварын өнгийг тодорхойлдог “Гоёл 2018” наадам болж өнгөрсөн билээ. Энэ жилийн наадмын “Ирээдүйтэй загвар өмсөгч”-өөр М.Болорхишиг шалгарсан юм. Залуухан загвар өмсөгч маань уг наадмын өмнөхөн болсон “Miss Mongolia”-д амжиллтай оролцжээ.
-Юуны түрүүн “Гоёл 2018” наадамд оролцож “Ирээдүйтэй загвар өмсөгч”-өөр шалгарсанд баяр хүргэе. Та эхлээд өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
-Би Нийслэлийн 1-р дунд сургуулийн төгсөх ангид суралцдаг. Энэ жил дунд сургуулиа дүүргээд цаашдаа олон улсын харилцааны чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байгаа.
-Та хэд дэх удаагаа “Гоёл” наадамд оролцов?
-Энэ жил хоёр дахь удаагаа оролцлоо. Анх “Гоёл”-д орж байхдаа маш их догдолж бас баярлаж байсан. Яагаад гэхээр энэ нь Монголын хувцасны загварын тэргүүн дээд наадам юм. Тиймээс ч түүнд оролцох нь загвар өмсөгч охидуудын маань мөрөөдөл байдаг. Хоёр дахь удаагаа оролцохдоо “Ирээдүйтэй загвар өмсөгч”-өөр шалгарсандаа их баяртай байгаа.
-Энэ жилийн “Гоёл” наадамд 100 загвар өмсөгч оролцох хүсэлтээ гаргасан гэсэн. Түүнээс 50-ийг шилж авсан. Загвар өмсөгчдийн хувьд уг наадамд оролцох босго аль зэрэг өндөр вэ?
-Энэ жил бараг 100 гаруй загвар өмсөгч оролцох хүсэлт гаргасан байх. Миний хувьд өмнө нь оролцож байсан болохоор босго нь ямар байдгийг мэднэ. Тиймээс шалгууртаа тааруулж өөрийгөө бэлдсэн. Нийтдээ дөрвөн үе шаттай шалгаруулалт явуулж оролцох загвар өмсөгчдөө сонгож авсан. Эхний шатанд 70 загвар өмсөгчийг авч дараа дараагийнх нь шалгаруулалт долоо долоо хоногийн зайтай явагдсан байгаа. Тэр хугацаанд топ модель Т.Уранцэцэг, том Цолмон багш хичээл заасан. Түүнээс гадна шүүгчид маань нэлээд нарийн шүүдэг гэдгийг хэлмээр байна. Загвар өмсөгчдийн хувьд хамгийн гол нь өөртөө итгэлтэй, алхаагаа жигдрүүлсэн, хувцаслалт нь шаардлага хангасан байх ёстой.
-Алхаа гэснээс загвар өмсөгчдийн хувьд алхаа их чухал байдаг. Зөв алхаж сурах хэцүү юу. Саяхан “Vic-tory Secret” шоуг телевизээр үзэж байхад загвар өмсөгчдийнх нь алхаа их өөр юм шиг санагдсан.
-Алхааг анхнаасаа л их зөв сурах хэрэгтэй байдаг. Учир нь анх яаж сурсан тэр чигээрээ суучихдаг. Дараа нь хичнээн зассан ч суурь нь харагддаг. Түүнээс гадна хүн болгон өөрийн гэсэн онцлогтой алхаатай байдаг түүнийгээ шингээж өгөх хэрэгтэй. Европ, Монголын загвар өмсөгчдийн алхаа өөр өөр байдаг. Энэ нь соёл зэрэгтэй холбоотой байдаг байх. “Victory Secret”-ийн алхаа гэж бий. Энэ нь дотуур хувцасны шоу бөгөөд загвар өмсөгчдийг тайзан дээр маш чөлөөтэй байхыг шаарддаг.
-Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад энэ жилийн “Гоёл” ямар онцлогтой болж өнгөрсөн гэж бодож байна?
-Жил бүрийн “Гоёл” өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Жил ирэх тусам шинэчлэгдэн сайжирч байгаа. Энэ жилийн хувьд гэвэл уг наадмын маань 30 жилийн ой тохиосон. Энэ утгаараа урьдынхаасаа илүү олон хүнийг хамарсан, нэлээд өргөн хүрээнд болж өнгөрлөө.
-Та энэ удаагийн “Гоёл”-д хичнээн дизайнерын бүтээлийг үзэгчдийн хүртээл болгов.
-Зургаагаас долоон гараатай байсан. Нэлээд олон загвар зохион бүтээгчдийн урласан хувцсыг өмсч тайзан дээр гарсан. “Ice Cashmerе”, дизайнер Н.Болормаагийн урласан загварууд , “Сити” дээд сургуулийнхны бүтээл гээд олон загвар өмссөн.
-Эдгээрээс аль нь танд хамгийн их таалагдсан бэ?
-Дээдсийн гоёл гэдэг загварууд надад хамгийн их таалагдсан. Яагаад гэхээр монгол хувцсыг орчин үеийн хувцастай хослуулж, өдөр тутам өмсөхөд тохиромжтой болгосон, өнгөлөг, хийц нь ч их баялаг.
-Та хэдэн настайгаасаа эхлэн загвар өмсч эхлэв?
-Би 14 настайгаасаа эхлэн загвар өмсч байна.
-Яагаад загвар өмсөх болов?
-Би багаасаа л “Miss World” тэмцээнийг их үздэг, тэнд оролцож байгаа бүсгүйчүүд шиг болох юмсан гэж мөрөөддөг байсан.
-“Miss World” гэхээс та энэ жил “Miss Mongo¬lia” тэмцээнд оролцсон юм билээ. Ямар амжилт үзүүлэв?
-Тиймээ би энэ жил “Miss Mongolia” тэмцээнд анх удаагаа оролцож шилдэг оролцогчдын нэг нь болсон. Багадаа “Miss World” тэмцээнийг их үздэг байсан гэж түрүүн хэлсэн. Багынхаа мөрөөдөлд хөтлөгдөж оролцсон гэж болно. “Miss Mongolia” бол моделиудын тэмцээнээс өөр, эмэгтэй хүн дотоод болон гадаад гоо сайхнаа харуулдаг онцлогтой. Түүнд оролцоод маш их зүйлийг сурсан.
-Танай гэр бүлийнхэн өөрийг тань загвар өмсөхөд эхэндээ тийм дуртай байгаагүй гэж ярьсан. Одоо бодол нь өөрчлөгдсөн үү?
-Манай гэр бүлийнхэн бол загварын ертөнцөөс хол хүмүүс. Эмч, хуульч гээд төрийн байгууллагад ажилладаг. Эхэндээ дуртай байгаагүй хэдий ч цаг хугацаа өнгөрөөд амжилт гаргаад эхлэхэд ойлгодог болсон. Нэг зурагны цаана маш их хөдөлмөр байдаг гэдгийг ч мэддэг болсон. Нэг зураг авахуулахад бүтэн өдрийг зарцуулж, нэг загварын шоунд оролцоход олон хоног бэлддэг гэдгийг ойлгосон . Тиймээс ч намайг дэмжиж, миний авсан шагналууд маань манай гэрийн хойморьт байдаг.
-Таныг загварын шоу, тэмцээнд оролцоход ангийнхан, багш нар нь юу гэж байна?
-Янз бүрийн арга хэмжээнд оролцчихоод ирэхэд ангийнхан маань анги дүүрэн алга ташилтаар угтдаг. Багш маань баяр хүргээд үнсэхэд их сайхан санагддаг. Энэ боломжийг ашиглаад “Гоёл” наадмыг 30 дахь жилдээ зохион байгуулж энэ олон нэртэй загвар өмсөгч, дизайнеруудыг “төрүүлж”, бүтээлийг нь олон түмэнд хүргэж, өөрсдийнхөө хөдөлмөрийг үнэлүүлэх боломж олгож буй Монголын дизайнеруудын холбооны хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Цаашдаа ч “Гоёл” наадам маань хүрээгээ улам тэлж олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг болоосой гэж хүсэх байна.