Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өчигдөрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Энэхүү дүгнэлтэд Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны “… эсхүл хөгжпийн бэрхшээлтэй …” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Энэ талаарх Хууль зүйн, байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Лүндээжанцан нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “…Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэснийг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “…Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэснийг, Арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсгийн “… тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.” гэснийг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “… Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөнийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь дэмжив.

Хуулийн төслүүдийг баталлаа

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэв.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Олон улсын хөрөнгө оруулалтыг банк (ОУХОБ)-ийг хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын 1970 оны хэлэлцээрийн дагуу анх үүсгэн байгуулсан бөгөөд манай улсын хувьд тус хэлэлцээрийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 26 тоот “Хэлэлцээр батлах тухай” тогтоолоор баталсныг дурдав.

Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай протоколыг 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр БНКУ-ын Гавана хотноо үйлдсэн аж. Иймд Монгол Улс нь тус банкны гишүүн улсын хувьд Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Уг протоколд оруулж буй өөрчлөлт нь тус банкийг орчин үеийн олон улсын хөгжлийн банкуудын үйл ажиллагаанд мөрдөгддөг нийтлэг зарчимд нийцүүлэх зорилготой юм байна. Тухайлбал, компанийн засаглалын шинэ систем буюу Удирдлагын дээд түвшнийг Удирдах Зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хороо зэрэг гурван түвшинт удирдлагад шилжүүлэх, шинэ дүрмээр Удирдах зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хорооны эрх, үүргийг зааглан тогтоох, санал хураах зарчмыг шинэчилж “Нэг орон-нэг санал” гэсэн санал хураалтын хуучин зарчмаас татгалзан олон улсын хөгжлийн банкуудын жишгийн дагуу гишүүн орнуудаас банкны дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээнээс хамаарсан санал хураалтын шударга зарчимд шилжиж байгаа аж. Олон улсын статус бүхий хөгжлийн банкуудад бүгдэд нь, тухайлбал Монгол Улс гишүүнээр нь орсон АХБ, Дэлхийн банк, ЕСБХБ-д банкны дүрмийн санд оруулсан хөрөнгөөс хамаарсан санал өгөлтийн тогтолцоо мөрдөгддөг юм байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ц.Гарамжав, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн хувьд Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас өнгөрсөн хугацаанд авсан зээлийн үр ашгийн тооцоог танилцуулах, цаашдаа асуудлын ач холбогдол, үр өгөөжийг тооцож байхыг анхааруулж байсан.

Ингээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.0 хувь нь дэмжив.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил тус тус танилцуулсан.

Монгол Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк (ЭЗХАОУБ)-ны гишүүн улсын хувьд тус банкийг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Тус банкны гишүүн зарим улс банкны гишүүнчлэлээс гарсан, зарим улсаас дүрмийн санд оруулсан хувийг дахин хуваарилсан, зарим гишүүн орны албан ёсны нэр өөрчлөгдсөн, банкны дүрмийн санг бүрдүүлсэн валютын нэрийг евро болгож өөрчилсөн зэрэгтэй холбогдуулж Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн протоколд өөрчлөлт оруулсан аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат саналаа хэлсний дараа Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.2 хувь нь дэмжсэн.

Санхүүжилтийн хэлэлцээрүүдийг соёрхон батлахыг дэмжив

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн зээлийн багцын хүрээнд Япон Улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд хэсэгчлэн авахаар тохирсон. Энэхүү санхүүжилтийн эхний шат болох “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэмжээ нь 32 тэрбум иен буюу 283 сая ам.доллартай тэнцэх бөгөөд зээлийн жилийн хүү 0.8 хувь, эргэн төлөгдөх хугацаа нь 20 жил, үүнээс эхний эхний зургаан жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн таатай нөхцөлтэй. Бодлогын энэхүү зээл нь макро эдийн засгийн тогтвортой удирдлагаар хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх болон эдийн засгийг тогтворжуулах замаар өсөлтийг хангах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, төсвийн зардлыг санхүүжүүлэхэд чиглэгдэж байгааг онцоллоо.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, С.Бямбацогт нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд Монгол Улсын эдийн засгийн өнөөдрийн хүнд нөхцөлд 20 жилийн хугацаатай, жилийн 0.8 хувийн зээл авч байгааг дэмжихийн зэрэгцээ зээлийн эдийн засгийн үр өгөөж, ажлын байр нэмэгдэх эсэх талаар тодрууллаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, энэ зээл нь төсвийн алдагдлыг нөхөхөд зориулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, төсөвт суусан 9.6 их наяд төгрөгийн зардлын санхүүжилтэд дэмжлэг болж, төсвийн алдагдлыг нөхнө. Төслийн зээл биш, бодлогын зээл. Өмнө нь төсвийн алдагдлыг нөхөхийн тулд арилжааны банкуудаас 14-18 хувийн хүүтэй зээл авдаг. Жилдээ 600 тэрбум төгрөгийг зээлийн хүүд төлдөг байсан. Харин ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд бодлогын тодорхой арга хэмжээнүүдийг шийдвэрлэхээр тохиролцсонтой холбоотойгоор уг зээлийг авч байгаа хэмээн хариулав.

Ингээд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.3 хувь нь дэмжсэн.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нар тус тус танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банктай хамтран гурван жилийн хугацаанд гурван үет шаттай хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Засгийн газар энэ хугацаанд 29 бодлогын арга хэмжээ, түүнээс нь 9 арга хэмжээг нь эхний жилд хэрэгжүүлэхээр тохирчээ. “Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн эхний шатны эдгээр арга хэмжээг Сангийн яам, Монголбанк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам голлон хариуцаж, бүрэн хэрэгжүүлж дуусаад байгаа аж. Хөтөлбөрийн арга хэмжээг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдлыг нөхөхөд дэмжлэг хэлбэрээр авах юм байна. Уг зээл нь 30 жилийн хугацаатай, жилийн 1.25 хувийн хүүтэй, эхний таван жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй аж.

Сангийн сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, М.Билэгт, Л.Болд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Байнгын хорооноос Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал гаргасныг, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *