Жавар тачигнан хацар хайрч, хотын утаа хоолой гашуун оргиулсан өвлийн энэ өдрүүдэд нийслэлд амьдарч буй хэн бүхэн цэнгэг агаар, халуун дулаан орчныг хүсдэг билээ. Ийм нэгэн газар бол “Алт-Болд” ахмадын асаргаа, сувилгаа, амралтын цогцолбор юм. Улаанбаатараас зүүн тийш ердөө 26-хан км зайд байрладаг тус төвийн нэг өдрийг сурвалжлахаар өглөө эртлэн зорилоо. Налайхын дөнгөж наахна Баянзүрх дүүргийн XI хороо буюу Хонхорт “Алт-Болд” төв үйл ажиллагаа явуулдаг юм байна. Авто замаасаа холгүйхэн цэлгэр том хашаанд гурван давхар цомхон ногоон байшин дүнхийнэ. Үүднээсээ авахуулаад л эдний үйлчилгээ өөрийн эрхгүй дотно сайхан мэдрэмжийг төрүүлэв. Зохион байгуулагч бүсгүй О.Мишээл биднийг найрсгаар угтлаа. Энэ үед 09.00 цаг болж байсан болохоор амрагчид өглөөнийхөө ундыг уугаад дөнгөж дуусаад байв.
“Алт-Болд” төв нь өвөлдөө 40, зундаа 52 хүн хүлээн авах хүчин чадалтай гэнэ. Биднийг очиход битүү хүнтэй байв. Яагаад ингэж их хүн зорьж ирдгийн нууц нь ерөөсөө үйлчилгээндээ байдаг юм байна. Дээрээс нь жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа явуулдгаас гадна ахмад, өндөр настнуудыг тусгайлан асардгаараа бусад амралт, сувиллын газруудаас онцлогтой ажээ. Энд дан ганц ахмадууд гэлтгүй жирэмсэн эхчүүд, хүүхэд багачууд гээд бүхий л насныхан зорьж очдог юм билээ.
Ясны шөлтэй хоол зооглож, үнэ төлбөргүй эмчилгээ сувилгаа авах боломжтой
Малын сүү, сааль татарсан өдийд “Алт-Болд” төвийн амрагчид өрөм, сүүгээр тасардаггүй бололтой. Шинэхэн өрөм, сүүтэй цай, тогооч нарын барьсан амттай талх, боорцог ширээ чимнэ. Тэд гэрээтэй ажилладаг малчдаасаа цагаан идээгээ базаадаг гэнэ. Амрагчдынхаа хоолны цэсэнд улиралаасаа хамааран аарц, тараг, гүүний саам зэргийг нэмжээ. Эднийх сувилалын газруудын стандартын дагуу өдрийн таван хоолтой бөгөөд бүх хоолоо ясны шөлөөр хийдэг байна. Доод тал нь зургаан цаг буцалгаж гаргаж авсан ясны шөлтэй хоол амрагчдын ядаргааг аргагүй сайн тайлдаг юм билээ. “Хүүхэд, хөгшидийн хоол боловсруулах үйл ажиллагаа яг ижилхэн байдаг. Тиймээс аливаа хурц хоол хүнс идвэл амархан хямардаг талтай. Тиймээс бид өөх, тос багатай, шингэц сайтай хоол, хүнсийг эрхэмлэдэг. Манайд бусад сувиллын газруудыг бодоход харьцангуй тамир тэнхээ муутай, асаргаа шаардлагатай хүмүүс их ирдэг. Тиймээс тэдэнд гаднаас нь асаргаа сувилгаа хийхийн зэрэгцээ дотроос нь шим тэжээлтэй хоол өгөх нь нэн чухал. Бид ямар ч хоолоо усаар хийдэггүй. Зөвхөн ясны шөлөөр хийдэг болохоор ядруу хүмүүс маань амархан тэнхээрдэг. Бид үйлчлүүлэгчдийнхээ онцлогт тохируулан тусгайлан зоог бэлтгэж өгдөг. Тухайлбал, хоолны дэглэм хатуу баримталж байгаа, чихрийн шижин, хагалгааны дараах эмчилгээтэй хүмүүс гэж байна. Мөн дөнгөж бор хоолонд орж байгаа нялх балчирууддаа зориулж тохирсон хоол, хүнсийг нь бэлтгэдэг дээ” гэж тогооч Б.Өлзийсүрэн ярилаа.
“Алт-Болд” төвийн асаргаа, сувилалд ахмадууд үнэхээр ам сайтай байдаг юм билээ. Сувилал талдаа хоол хүнснээс гадна уламжлалт болон физик эмчилгээний үр дүнг ихэд олзуурхан ярьж байсан. Тус төв нь мэдрэлийн болон уламжлалтын гэсэн гурван их эмчтэй бөгөөд эмчилгээ нь үнэ төлбөргүй аж. Мэдрэлийн эмч нь эрүүл мэндийн салбарт нэрээ тамгалж чадсан доктор дэд профессор Д.Өлзийбаяр Б.Номиндалай нар ажээ. Мэдрэлийн их эмч Б.Номиндалай нь долоо хоногтоо 2-3 удаа ирж амрагч болгонтой уулзаж, үзлэг хийж, зөвлөгөө өгдөг байна. Харин уламжлалтын эмч М.Буянхишиг өдөр бүр эндээ байдаг гэсэн. Мөн бага эмч сувилагчтай бөгөөд 24 цагаар ээлжлэн ажилладаг байна. Тус төвд амарч, сувилуулж байгаа хүн бүр өдөр болгон хэсэгчилсэн болон бүтэн биеийн барианд орж, чийрэгжүүлэх массаж хийлгэх боломжтой. Мөн эмч үзээд шаардлагатай хүмүүстээ бумба тавьж, цэгэн бариануудыг ч хийдэг байна. Физик эмчилгээний тухай эднийх есөн төрлийн аппаратаар үйлчилж байлаа. Хашчулуун ор, төөнүүр, захын мэдрэлийн эсүүдийг сэргээх соронзон эмчилгээ, шарлагын болон массажны аппаратуудтай. Хашчулуун ор нь нурууны өвчтэй хэсгүүдийг мэдэрч дулааны аргаар эмчилдэг бол төөнүүрээр давсаг султай, шээсний гарц муудсан зэрэг оноштой хүмүүсийн зовиурыг тун сайн анагаадаг юм билээ. Физик эмчилгээний сувилагч .Б.Дарьсүрэн ярихдаа ”Манайд голдуу өндөр настай ахмадууд ирдэг. Тэдний бөөр нь өвдөх, даралт нь ихсэх нь элбэг. Тиймээс хашчулуун орон дээр удаан хугацаагаар хэвтүүлж болохгүй. Даралт өндөртэй хүмүүс халуун орон дээр хэвтээд байвал улам даралт нь ихэснэ шүү дээ. Мөн соронзон эмчилгээ бол захын мэдрэлийн эд эсүүдийг сэргээхээс гадна ой тогтоолт сайжруулах, ходоод гэдэсний хямралыг анагаах, тархи, зүрх судасны өвчин гээд олон эмгэгчийг эмчлэхэд өндөр үр дүнтэй байдаг. Шарлагын эмчилгээ маань бүх төрлийн үрэвсэл, өвдөлтийг анагаадаг. Ханиадтай хүмүүс маань чийрэгжүүлэх барианд орсны дараа цээжээ шаруулахад хурдан эдгэрдэг байх жишээтэй” гэлээ. Амрагчдын хувиар тус төвд нэг өдөр өнжихдөө бүтэн биеийн барианд орж, бумба тавиуллаа. Дараа хашчулуун орон дээр 15 минут хэвтэн эмчлүүлэв. Яг өвчтэй хэсгүүдэд очиж төөнөхөд нурууны өвдөлт аяндаа намдаж байсан шүү. Дараа нь шарлагын аппаратаар хэсэг нуруугаа шаруулав. Түүнчлэн массажны аппаратаар хуянгаа тараалгаж, соронзон эмчилгээний ид шидийг үзэв. Уламжлалт болон физик эмчилгээнд орсны дараа алжаал тайлагдаж, бие хөнгөрөөд хачин сайхан болов. Ингээд ясны шөлтэй хоол зооглоход өөрийн эрхгүй хөлс бурзайж, хур ядаргаа гадагшилаж байлаа. Хотын дуу чимээ, утаа униараасхол, нам гүмхэн халуун дулаан орчинд тухлахын хажуугаар тэжээллэг, эрдэс бодисоор баяжуулсан хоол хүнс хэрэглэж, шаардлагатай эмчлгээ, сувилгааг авч байгаа хэн бүхний бие эрхтний эрчим хүч нэмэгдэхгүй байхын юм билээ.
Тус төвд найм хонож буй өндөр настан Б.Аасүрэн гуай хоёр ач, найз хөгшинийхөө хамт амарч байгаа аж. Түүний сэтгэгдлийг сонсоход “Би нэлээд олон амралтын газарт амарч байлаа. Эднийх хүүхэд, хөгшчүүлд тохирсон эмчилгээ сувилгаа сайтай юм байна. Настай улсуудад эрүүл мэндэд нь тохирсон хоол ундтай. Хамгийн гол нь үйлчилгээ нь их таалагдаж байна. Эмээ нь насаараа үйлчилгээний байгууллагад ажилласан болохоор үүнийг л их чухалчилж хардаг. Өндөр настнуудад зориулж ариун цэврийн өрөө нь ойрхон. Бие засаад сууж, босоход нь туслах үүднээс түшүүртэй юм байна. Энэ мэтчилэн ахмадуудаа бодсон нь шууд харагдаж байна. Манай хоёр хүүхдийн бага нь ханиадтай ирээд шарлага, чийрэгжүүлэх массаж зэрэг эмчилгээ хийлгээд сайхан болчихлоо. Дахиад хүүхдийнхээ хичээл сургуулийг амрахаар ирнэ гээд найз хөгшинтэйгээ яриад сууж байна. “Алт-Болд”-ынх хүүхэд шуухадтай нь хүлээгээд авдаг юм байна. Алт-Болд-ыгоо зорино доо” гэв. Түүний найз эмээ нэмж хэлэхдээ “Бид нар найзуудаараа баг бүрдүүлээд амардаг юм. Ирэх хавар арвуулаа болж ирнэ. Олуулаа амрахаар сайхан байдаг юм” гэлээ.
“Алт-Болд”-од анх удаа амарч буй З.Амгаланбаатар гуай гэргийнхээ хамт иржээ. Тэд БЗД-ийн нэгдүгээр хорооных ч утаанаас зайдуу Жанчивланд амьдардаг юм байна. Хорооноосоо энэ амралтын газрын талаар мэдээд, зам дагуу гэхээр нь зориод иржээ. Тэд “Амралт, сувилал хоёрыг хослуулаад настай улсуудад тохирсон үйлчилгээтэй сайхан газар байна. Бид хоёр урьдаас люкс өрөөг нь захиалж байгаад ирсэн. Дотроо их тохилог юм байна. Гавьяаныхаа амралтад гарсан хүмүүс наашаа ирэхэд сайхан юм байна гэж хэлье. Улсаас биднийг жилдээ нэг удаа амралт, сувилалд амрах эрх өгч байгаа шүү дээ. Тэр боломжоо хөгшин бид хоёр ашиглаад сайхан амарч, сувилуулаад авлаа. Сувиллын газрууд тав хоног сувилдаг. Эднийх арав хоног сувилдаг нь тун аятайхан юм байна. Бас эмч ирж үздэг. Ер нь хүн нас ахих тусам зүрх судасны өвчтэй болдог. Тиймээс бариа засал, цахилгаан эмчилгээг нь хийлгээд үр дүн сайхан байна” гэв.
Алсын зорилгоо биелүүлж яваа хөдөлмөрч, бүтээлч хамт олон
“Алт-Болд” төвийн үүдээр оронгуут л ногоон орчин угтах нь үнэхээр тааламжтай. Давхар бүрээ цэцэгжүүлж, цэвэр цэмцгэрийг дээдэлжээ. Гадаах хашааны юм бүхэн нь эмх цэгцтэй гэж жигтэйхэн. Хэдэн жилийн өмнө энэ хэсэг газар цэлийсэн, сул шороо ихтэй тал байжээ. Тэгвэл өнөөдөр энд ойжуулалт хийгдэж, цөөрөм баригджээ. Зундаа хашаан доторх болон гаднах өнгө шууд ялгарч харагддаг байна. Учир нь тэд хаврын урь орохоос эхлээд усалгаа маш сайн хийсний ачаар ногоон орчныг бүрдүүлж чаддаг гэнэ. Ногоон зүлгэн дээр амрагчид налайж, хөзөр, даалуу тоглон цагийг зугаатай өнгөрүүлэх бүх боломжийг бүрдүүлжээ. Дээрээс нь бүжгийн талбай болон ил гал дээр мах шарж идэх зориулалтын саравчуудыг ч бүтээн байгуулсан байна. Эндээс “Алт-Болд” төвийнхөн нэлээд бүтээлч, хөдөлмөрч хамт олон гэдэг нь шууд харагдаж байлаа. Ирээдүйд Нөхөн сэргээх төв, Мэдрэл судлалын төвтэй болох том зорилт тавин ажиллаж байгаа тус төвийн менежер Г.Од “Манай энэ газар хад чулуулаг, бужигнасан шороотой газар байсан. Арчлаад тордоод ирэхээр өнгө зүс нь хачин гоё болж байгаа. Бид аль болох амрагчдынхаа ая тухыг хангахын төлөө ажиллаж, үйлчилдэг. Манайх өвөл болон зуны байшинтай. Эндээ 52 хүнийг хүлээгээд авчихдаг. Гэр бүл, найз нөхдөөрөө ихэвчлэн амардаг хүмүүс зуны байшинг маань захиалдаг л даа. Ер нь бид амрагчдаа нэг гэр бүл шиг байлгаж, халуун дулаан уур амьсгалыг түрүүлж, цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд олон ажлуудыг санаачилдаг. Үүний нэг бол зуны улиралд хонь хорхоглож, амрагчдаа бүгдийг нь хамруулан оролцуулдаг байгаа. Нэг хэсэг нь хонины гэдэс арилгаж, амталж байхад нөгөө хэсэг нь хорхогоо хийж байх жишээтэй. Ингээд бэлэн болсон хорхогоо зүлгэн дээрээ тойрч сууж байгаад л зооглоцгооно шүү дээ. Ер нь бол хүн нас ахиад ирэхээр сэтгэл зүйн хямралд ордог гэсэн судалгаа байдаг. Иймд ахмадуудаа энд байх цөөхөн хэдхэн хоногт ар гэрийнх нь элдэв бодлоос нь салгаж, үеийнхэнтэй нь ярилцаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх бүх боломжоор нь хангахыг эрхэмлэдэг” гэлээ.
Үнэхээр тус төвд өнжиж байхад азай буурлууд маань аз жаргалтай, баяр баясгалантай байдаг юм билээ. Нар ээсэн сандал дээр цэнгэг агаар амьсгалан хуучилж суугаа ахмадуудын царай зүс гэрэлтэй, сэтгэл санаа тэнэгэр байлаа. Буу халан суугаа хөгшчүүлд тус төвийн ажилтнууд анхаарал халамж тавих нь яг л үр хүүхдүүдийг нь орлох мэт.
Оройн хоолны дараа заалныхаа ширээ сандлыг зайчилж бүжгийн талбай гарган амрагчид цагийг хөгжилтэй өнгөрүүллээ. Үсээ буржийлгаж, өндөр өсгийт углаж, даашиз өмссөн өндөр настнууд залуугийн ганган дэгжин явсан гэдэг нь тод харагдана.
Тэд вальсийг баруун, зүүнгүй эргэж, ихэд хөгжилдөцгөөж байсан юм. Эмчилгээ, сувилгаатай хүмүүсийн хувьд өдөр бүр ийм арга хэмжээ зохион байгуулах нь тохиромжгүй бөгөөд долоо хоногтоо 1-2 удаа оройн бүжгийг зөвшөөрдөг гэж зохион байгуулагч Мишээл ярьж байв.
“Алт-Болд” төвийн үйлчилгээний бас нэг онцлог нь өглөө бүр амрагч болгоныхоо шөнө яаж хоносон, эмчилгээ, сувилгаа, хоол хүнс нь хэрхэн тохирч байгааг асууж, анхаарал тавьж байлаа. Мөн хоол тэжээл, эрүүл мэндийн зөвлөгөөг өгч энэ талын боловрол олгож байгаа нь амрагчдад тун их таалагдаж байсан юм.
“Ахмадын асаргаа, сувилгааны хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох ёстой”
Тус төвийг сэтгэцийн их эмч Алтангэрэлийн Болд болон түүний гэргий мэдрэлийн их эмч Дашдоржийн Өлзийбаяр нар үүсгэн байгуулжээ. “Алт-Болд” төв нь мэдрэлийн амбултори эмнэлэг, ахмадын асаргаа, сувилгаа, амралтын газар гэсэн хоёр салбартай. 1994 онд анх мэдрэлийн эмнэлгээр үүд хаалгаа нээсэн амбултори эмнэлэг нь Баязүрх дүүргийн нутаг дэвсгэр, Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвийн баруун талд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг юм. Энэ эмнэлгийг нярай хүүхдээс өгсүүлээд бүх насныханд үйлчилж, тархины цахилгаан бичлэг хийдгээр нь хүмүүс андахгүй биз ээ. Харин “Алт-Болд” ахмадын асаргаа, сувилгаа, амралтын төвийнхөө барилгыг 2007 онд барьж ашиглалтад оруулсан байна. Ингээд ахмадын асаргааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэтэл тэдэнд том бэрхшээл тулгарчээ. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх хууль эрх зүйн орчин нь манайд бүрдээгүй байсан аж. “Алт-Болд” ахмадын асаргаа, сувилгаа, амралтын төвийн үйл ажиллагаа хэрхэн эхэлж байсан түүхийн талаар Д.Өлзийбаяр эмч ярихдаа “2005 онд БЗД-ийн Засаг дарга Э.Мөнх-Очир гэж хүн байлаа. Бид ахмадуудад үйлчилдэг, тэр дундаа асрамжийн газар байгуулах хүсэлтэй байгаагаа түүнд уламжилж, газар олгож өгөхийг хүссэн юм. Тэрбээр бидний саналыг нааштайгаар хүлээн авч газраа судлаад ир гэв. Нөхөр бид хоёр эмнэлгийн хүн болоод ч тэр үү аливаа эрсэдлээ тооцоолж дэд бүтцийг хамгийн түрүүнд тооцоолсон. Хэрэв автозам хаагдаж, боогдох юм бол төмөр замтай ойр гэдэг үүднээс энэ газрыг сонгосон юм. Тэгэхэд БЗД-ийн Засаг дарга асан Э.Мөнх-Очир биднийг дэмжиж тусалсан явдалд одоо ч баярлаж явдаг даа. Анх барилгынхаа зураг төслийг асрамжийн газрын зориулалтаар хийлгэсэн. Ингээд тэр үеийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамаар хөөцөлдсөн боловч манай улсад хувийн асрамж байгуулах эрх зүйн орчин бүрдээгүй байна гэсэн. Харин манайхыг амралт, сувиллын чиглэлээр ажиллуулбал яасан юм бэ гэж яамныхан хэлсэн. Амарч байгаа ахмадууд маань стресс ядаргаагаа тайлахаас гадна хэсэг зуур ч гэсэн ар гэрийнхээ элдэв зовлонгоос ангижирч байгаа нь сайхан боловч нөгөө талаас эмнэлгийн үйлчилгээ авахдаа гол нь биш юм байна. Тэдний хумсыг нь аваад өгчихдөг, үсийг нь угааж, хувцасыг сольж, усанд оруулж, ариун цэврийг нь сахиулах нь чухал юм байна гэдэг нь явц дунд харагдсан. Өнөөдөр манай нийгэмд асаргаа авах хүсэлтэй ахмадууд олон бий. Гэвч энэ үйлчилгээнд зориулагдаж буй зардлыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангаас хэрхэн яаж гаргахыг зохицуулж өгөх шаардлагатай. Эцэг, эхээ 20, 30 жил асарч байгаа хүмүүс байна. Бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гар асаргаа их шаардагддаг. Байнгын асаргаатай байгаа хүмүүсийн дэргэд заавал нэг хүн байх хэрэгтэй болно. Бид 2004 оноос хойш бүтэн гурван жил гэрийн асаргаагаар ажиллаж үзсэн. Гэрийн асаргаа маань эрүүл мэнд, даатгалын сантай холбогдоогүй. Зардал нь хувь хүний халааснаас гардаг болохоор тухайн айлдаа ч хэцүү төлбөрөө авч чадахгүй бидэнд ч амаргүй байсан. Бас нөгөө айл асаргаа үзүүлж байгаа манай ажилтнаар гэрээ цэвэрлүүлэх гэж зүтгэнэ. Элдэв янзаар чангааж, татна. Нэг айлд очоод өдөржин байгаа ажилтны маань ар гэрээс хардалт, сэрдэлт гээд асуудал үүснэ. Энэ зэрэг бэрхшээлүүдээс болоод бид гэрийн асаргаа үйлчилгээ явуулахаа больсон. Гэхдээ энэ төрлийн үйлчилгээг авах хэрэгцээ нь байгааг мэдэрсэн. Өнөөх 60, 70-аад оны их төрөлтийн үеийнхэн тэтгэвэрт гараад эхэллээ. Одоо сургууль, цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг гэж ярьж байгаа ч удахгүй энэ ахмадуудаа яах ёстой юм бэ гэдэг асуудал тулгамдана. Залуучууд нь ажлаа хийхгүй ахмадуудаа гэртээ хараад суух юм уу. Тэгэхээр төр бодлогоо гаргавал манайх шиг жижиг аж ахуйн нэгжүүд ахмадын асаргаа, сувилгааг зохион байгуулаад хийхэд болох юм байна. Ер нь бол 40-өөс дээш насныхан наслалтын даатгал төлдөг байх ёстой. Тэр төлсөн хэмжээгээрээ эргээд нас ахиад авч хэрэглэх хэрэгтэй. Гэтэл манайхан өтөлсөн хойноо хуримтлуулсан хөрөнгөгүй зүдэрч ядарч байна шүү дээ. Би өнгөрсөн зургадугаар сард Канадад мэдрэлийн чиглэлээр хуралд суусан юм. Зориуд Ванкуверийн төвд байдаг ахмад настны асрамжийн газарт очиж үзсэн. Гурван давхар хэрнээ их цэмцгэр, хүмүүсийн тав тухтай орчныг бүрдүүлж өгсөн байсан. Тэнд тогтвортой суурин ажилладаг хүмүүс нь сувилагч. Харин асаргаа үзүүлдэг хүмүүс нь цагийн ажилтнууд юм билээ. Нас ахисан юм уу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэндээс очиж тогтсон асаргаа сувилгаа авдаг. Сувилгаа асаргаа гэдэг бол зөвхөн эм өгөхийн нэр биш. Дээр хэлсэнчилэн асаргаа шаардлагатай хүнийхээ амны хөндийн ариун цэврийг сахиулж, толгойг нь угааж, хумсыг нь авч, усанд оруулж, хувцас хунарыг нь угааж цэвэрлэхийг хэлнэ. Энэ бүхэнд тухайн асаргаа үзүүлж байгаа хүнээс ур чадвар, тэвчээр шаардагддаг. Манайд ур чадвартай, тэтгэвэрт гарсан сувилагч нар олон байгаа. Заавал бүтэн найман цагаар ажиллах албагүй. Дөрөв, дөрвөн цагаар ажиллаад, цалингаа хувааж аваад явах юм бол хэн хэн нь сэтгэл хангалуун, ажлын байртай, ар гэр амьдрал ахуйгаа зохицуулаад явна шүү дээ. Дэлхийн жишигт асрамжийн газрууд зэрэглэлтэй байдаг. Ямар нэгэн өвчин байхгүй, онцгой асаргаа сувилгаа шаардлагагүй ахмадууд амралтын газарт амьдардаг. Даатгал төлсөн мөнгөнийхөө хэмжээгээр люкс өрөөндөө байх уу, энгийн өрөөндөө байх уу, стандарт өрөөндөө байх уу гэдгээ сонгодог. Дараагийнх нь тусламж үйлчилгээ шаардлагатай, тэргэнцэртэй явдаг, хөл гар муутай тодорхой бэрхшээлтэй хүмүүстээ үйлчилдэг асрамжийн газар гэж байна. Гурав дахь хувилбар нь гэртээ байдаг хэрнээ өдөр тутамд зөөлгүүлээд очдог асаргаа, сувилгааны өдөр өнжүүлэх юм. Манай улс хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгоод өгвөл ажиллах хүчний нөөц бололцоо байгаа” гэв.
“Алт-Болд” төвийнхөн ахмадын асаргааг гардан хийх тал дээр нэлээд туршилга хуримтлуулсан хамт олон. Биеэ аваад явах чадваргүй ахмад настан болон гэр бүлийнхэн нь хол байдаг байдаг хүмүүст асаргаа үйлчилгээг үзүүлдэг байна. 2014 онд тус төвийг дөнгөж нээгдээд байхад “Танайхыг хичнээн удаан хүлээв ээ” гэсээр асаргаа хүссэн хүмүүс ихээр хандаж байсан гэнэ. Энэ тухай менежер Г.Од тодруулахдаа “Ганц охин нь Японд амьдардаг эмээ манайд бүтэн зургаан сарын турш асруулж байлаа. Тэр эмээ 90 хүрч байсан болохоор насны доройтолд орчихсон байсан. Тэгсэн мөртлөө ясны нямбай хүн байж билээ. Өглөө бүр хувцсаас сольж өмсдөг байв. Ийм асаргаатай хүмүүст заавал нэг хүн зориулагддаг. Өглөө босохоос нь өгсүүлээд хувцаслаж, хооллож, эмийг нь уулгаж, эмчилгээг нь хийлгэж, гадаа салхилуулж, бие засуулах, ариун цэврийг нь сахиулах гээд бүхий л асаргааг хийдэг. Манай төвд удаан хугацаанд асруулсан бас нэг өвөө байсан. Хоёр түнхээ хугалаад явж чаддаггүй байсан тэр өвөөгийн охин гадагшаа сургуульд явахаар болж манайд хандсан юм. Ирээд 14 хоногийн дараа зовиур нь багассан. Хоёр сарын дараагаас өөрөө явж чаддаад зогсохгүй шатаар өгсч, урууддаг болсон. Энэ мэтчилэн нэг, хоёр сараар асруулах хүсэлтэй хүмүүс байнга ирдэг. Асаргааны хувьд улсаас хөнгөлөлт байдаггүй учраас ар гэрийнхнээс нь төлбөр гарах болно. Тиймээс бид хамгийн доод үнээрээ үйлчилдэг. Мөн саажилттай хүмүүсийг өөр сувиллын газрууд авдаггүй. Харин манайд ийм бэрхшээлтэй хүмүүс хэд хэд байгаа. Зарим нь манайхаас асаргаа авч байхад асрах хүнтэйгээ хамт ирсэн үйлчлүүлэгч бас байна. Сургуулийн амралтын үеэр дунд ангийн хүү эмээгээ асрахаар ирсэн байх жишээтэй. Тэдэнд тусгайлан үйлчилгээ асаргаа үзүүлж, хоолыг нь зөөж, өрөөнд нь ирж сувилгааг нь хийдэг” гэсэн юм.
Ер нь бол ахмадуудын ааш аягийг олоход бэрх гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл эдний хамт олон өвөө, эмээ нараас дандаа “Баярлалаа” гэдэг үгийг сонсдог юм билээ. Ахмадуудаас талархалын үг сонсоно гэдэг маш том урам. “Алт-Болд”-ынхон өндөр настнууддаа хүндэтгэлтэй хандаж, үгийг нь анхааралтай сонсч, чин сэтгэлээсээ харилцан ярилцдаг юм байна. Ингээд ирэхээр буурлууд маань ихэд баярладаг ажээ. Ахмад настнуудаа баярлуулдаг ийм буянтай үйл эрхлэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ч ухамсартайгаар “Алт-Болд”-ынхон биелүүлдэг байна. Баянзүрх дүүргийн XI хорооны Хүүхэд хөгжлийн төвийг байрыг засварлан тохижуулж өгчээ. Мөн хүүхдийн баяраар тус хорооны багачуудыг баярлуулдаг байна. Түүнчлэн ажлын байр хомс Налайх, Хонхорын 20-иод иргэнийг ажлын байраар ханган улсад татвараа цаг тухайд нь төлж, хуулийн дагуу шударгаар үйл ажиллагаагаа явуулж буй аж.
“Алт-Болд” асаргаа, сувилал, амралтын төв ахмад, өндөр настнуудыг өдрийн аравхан мянган төгрөгөөр амарч, сувилуулаад бүтэн жилийнхээ тэнхээг авах боломжийг олгодог байна. Нэг хоногийн амралтын төлбөр нь 30 мянган төгрөгийн үнэтэй байдаг гэнэ. Арав хоногийн төлбөр нь 300 мянган төгрөг болно гэсэн үг. Энэ төлбөрийнхөө 200 мянган төгрөгийг нь халамжийн төвөөс буцаагаад авчихдаг гэж бодохоор ердөө 100 хан мянган төгрөгөөр арав хоног амарч, сувилуулах юм байна. Жилдээ нэг удаа улсаас үзүүлж байгаа энэ тусламж үйлчилгээгээ ахмадууд алдалгүй эдлэх ёстой. Ингэхдээ яг өөрсдөдөө шаардлагатай үйлчилгээ, сувилгаа авчихдаг тийм газрыг сонгох нь чухал билээ. Тав тухтай, өөриймсөг бүхнийг танд зөвхөн “Алт-Болд” төв мэдрүүлнэ. Эднийх цөөхөн ортой, байнгын үйлчлүүлэгч олонтой болохоор урьдчилж захиалга өгөх ёстой юм билээ шүү. Өрөөнүүдийн хувьд VIP, энгийн, асаргааны гэсэн зэрэглэлтэй. VIP гурван өрөө нь тус бүр хоёр хүний ортой. Тусгай үйлчлүүлэгчид амралтын тусдаа өрөөнд тухалж, хоолоо эндээ зөөлгөж зооглодог. Тус төвд амарч, сувилуулахыг хүссэн хэн бүхэн 88088898, 99233080, 91918933 дугаарын утсаар холбогдож, захиалгаа өгөх боломжтой.
П.БАЯР