Categories
мэдээ улс-төр

Л.Болд “Зөрчлийн хуульд засварлах зүйл олон бий”

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Үндсэн хуулийн цэцийн долоодугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Тус дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарснаас хойш 15 хоногийн дотор УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой юм байна. Энэхүү дүгнэлт нь Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсний “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийг цэцийн хуралдаанаар хэлэлцэн Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Зөрчлийн тухай хуулиар 5.8.5 дахь хэсэг нь бусдын жагсахыг хориглосон заалт биш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг яагаад бусад этгээд татан оролцуулж байна вэ гэдэг санал Монголын хараагүйчүүдийн холбоо болон бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ашигладаг байдал ажиглагдаж байна, үүнийг таслан зогсоох өгөх хүсэлтийг УИХ-д ирүүлсэн. Жагсаал, цуглааны явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нам улс төрийн хүчин оролцуулсан тохиолдолд Зөрчлийн хуулиар шийтгэнэ гэж заасан.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг улс төрийн нам, хэсэг бүлэг этгээд жагсаалд татан оролцуулсан тохиолдолд ямар нэг эрсдэл учирвал яах вэ гэдэг зүйл амьдрал дээр гардаг. Зөрчлийн хууль дээр ганцхан энэ биш өөр олон гомдол, санал ирж байна. Хууль амьдрал дээр хэрэгжээд эхлэхээр арга хэмжээ давхарддаг, субъектийн давхардал, онгорхой үлдээдэг, амьдрал дээр хэрэгжүүлэхэд төвөгтэй зүйл их гарч байна гэдэг саналыг хэлж байна. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон бусад хүмүүс Зөрчлийн хуулийн хэрэгжилтийн явцад гарч байгаа хүндрэл, бэрхшээлүүдийг судалж, холбогдох байгууллагуудаас санал авч, засварлах, зохицуулах зүйл байгаа гэдгийг сануулж байна гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Зөрчлийн хуульд тодорхой зөрчилтэй зүйлүүд бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн, сэтгэцийн өвчтэй гэдэг тодорхойлолтод нэгтгэн оруулсан нь хүний эрх талаасаа буруу болоод байгаа юм. Цаашид бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүний эрх, иргэний эрх талаас нь ялгаварлан гадуурхахгүй байх ойлголтыг парламент дахин гаргаж болохгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалсан, бэртэж гэмтэхгүй байх тал дээр жагсаал зохион байгуулж байгаа тухайн нэгж нь хариуцлага хүлээх ёстой.

Үүний дараа Зөрчлийн тухай хуулийн тавдугаар зүйл Үндсэн хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээж авах нь зүйтэй гэж үзэж, Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Олон улсын улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *