Categories
мэдээ нийгэм

Х.Уянга: ”Монгол хүнийг монголоороо бай” гэсэндээ Дал тайлахуйн ухаан оршсоор байгаа юм

Цагаан далыг шатаалгүйгээр хүний заяа төөргийг тайлдаг Х.Уянга бүсгүйн увидсыг монголчууд төдийгүй ази, европын улсууд хэдийнэ мэддэг болжээ. Түүний энэ чадварыг европын орнууд ихэд үнэлсэн байна. Улмаар өөрийн холбоондоо нэгдэх саналыг хүртэл тавьсан гэдэг. Харин Х.Уянга одоогоор ямар нэгэн холбоо, төрийн бус байгууллагад харьяалагддаггүй юм билээ. Түүнтэй уулзаж, монголчуудын эртний өв соёл болох цагаан далыг шатаалгүй тайлдаг увидасынх нь нууцаас хуваалцсан юм.


-Далыг эрт дээр үеэс хүндэт идээ гэж дээдэлж ирсэн учир холбогдлын талаар ярилцлагаа эхэлмээр санагдлаа…

-Монгол түмэн маань хонины далыг “Баруун хааны дал”, “Дал дөрвөн өндөр” гэж идээ шүүсний дээж хэмээн хүндэтгэлтэй ханддаг. Дал бол бүтэн шүүсийг төлөөлдөг их идээ юм. Тэр ч утгаараа чанасан далны ясанд эмэгтэй хүн, балчир хүүхэд хүрч болдоггүй, далны махыг далуулаа хүрт гэхчлэн идэж байгаа шүүс нь хүртэл нарийн учиртай болохыг бидний өвөг дээдэс ойлгуулаад хэлчихсэн байна. Арга талаас нь аваад үзэхээр цаанаа хүндэтгэлийн шинж чанартай. Харин өв соёлын хувьд далаар дан ганц мэргэлэхээс гадна дом шившлэг хийдэг. Газар дэлхий, уул усны холбогдолтой мэдээллийг далнаас авч болдог. Далдын аугаа хүчийг энэ олон мянган жилийн турш хадгалсаар ирсэн далны тухай ойлголт хэдхэн үгэнд багтахгүй, тийм өргөн цар хүрээтэй.

-Таныг дал шатаалгүйгээр цагаанаар нь мэргэлдэг хосгүй чадалтай болохыг дууллаа. Анх энэ эрдмийг хэзээ өвлөн авсан бэ?

-Үе удам дамжсан удган, зайран тэргүүтнүүд далыг шатаах мэргийг өвлөж авдаг. Харин далыг цагаанаар тайлах мэргийг энгийн хүнээс хэн нэгэнд өвлүүлж өгдөггүй. Тодруулбал, тэнгэр онгодоос зөвшөөрөл өгч байж, тухайн улаач хүн далыг цагаанаар тайлах эрхийг хүлээн авдаг. Тэрнээс хөрстөд мөр зэрэгцэн амьдарч байгаа хэн нэгэн, багш шавийн барилдлагатай хүмүүс биедээ уламжлуулан өгдөг ойлголт биш юм. Хүний сэтгэлийн дотоод мөн чанар, итгэл сэтгэл, тэсвэр тэвчээр гээд бүх зүйлийг онгод тэнгэрүүд хардаг. Ингээд хугацаа нь болонгуут энэ эрхийг өвөг дээдэс маань надад өгсөн.

-Олон төрлийн мэргэ бий. Тэр дундаа дал шатаах, далыг цагаанаар тайлах мэргэ ямар ялгаатай юм бэ?

-Дал шатаах, далыг цагаанаар тайлах хоёр тэс ондоо ойлголт юм. Цагаан далан дээр тайлагдахгүй зүйл гэж байхгүй. Далан дээр тухайн хүнтэй холбоотой бүх учир холбогдлууд гарна. Хүн бүр заяа таван тэнгэртэй байдаг шүү дээ. Буурлууд маань цай, сүүнийхээ дээжийг өргөхдөө “Үр хүүхдүүдийн маань хийморь сүлд нь өөдөө байг, ханийн тэнгэртэй байг, аз хийморийн тэнгэртэй байг” гээд заяа таван тэнгэрт даатгадаг. Биднийг хардаг тэнгэрүүд гэж бий. Тиймээс тухайн хүнтэй холбоотой мэдээлэл далан дээр гарч ирдэг л дээ.

Хүмүүс заяаны бус завсрын байдлаар яагаад гэмтээд байна вэ. Яагаад ажил үйлс нь бүтэхгүй, хэрэг түвэгт холбогдоод, гэнэтийн байдлаар бэртэж, осолдоод байна вэ. Ямар нэгэн байдлаар заслаа хийлгээд байхад цаанаасаа нэг л болж өгөхгүй байгаа тэр бүх угшил, учир шалтгааныг дал төгс тайлдаг. Тодруулж хэлбэл, бүх төрлийн мэргэний хамгийн дээд орой мэргэ нь цагаан дал тайлах юм. Бусад мэргэн дээр гарахгүй хамгийн эцсийн шатны мэргийг ч цагаан дал тайлдаг. Хамгийн багадаа далан дээр тухайн хүнээс дээш есөн үе доторх бүх мэдээлэл хадгалдагддаг. Үүнээс гадна засал болон арга дом гээд бүхий л зүйл нь тухайн тайлагдсан далан дээр бүрэн илэрхий болдог.

-Тухайн хүний хувьд дал нь тайлагдахгүй байх тохиолдол бий юу?

-Ер нь бол дал тайлагдах, тайлагдахгүй нь хүний чин сэтгэлтэй шууд холбоотой. Гурван тохиолдолд дал тайлагддаггүй юм. Асар муу санаатай, цаашаа гэсэн сэтгэлтэй, итгэл үнэмшилгүй буюу үл ойшоосон байдлаар хандсан хүний дал тайлагдахгүй.

-Дал тайлахын тулд заавал бөөлж, онгодоо оруулах шаардлагатай юу?

-Үгүй ээ. Учир нь надад энэ эрхийг өвөг дээдэс маань олгосон болохоор энгийн үед ч дал тайлах бүрэн боломжтой.

-Өөр урсгалын сүсэг бишрэлтэй хүн далаар төлөг тавиуллаа гэхэд шашинтай нь харшлах уу?

-Хэзээ ч харшлахгүй. Цагаан далан дээр маань энэ дэлхий дээр оршиж, таталцлын хуулин дээр оршиж байгаа бүх талын мэдээллүүд гарч ирдэг юм.

-Заслаа хийлгэж байгаа хүн юун дээрээ анхаарвал зохилтой вэ?

-Тухайн хүн заслын шалтгаантай л байвал тэр чигтээ галын засалтай байдаг. Монгол хүн болгоны зүрхэнд гал бий. Айл бүрийн гал дээр эзэн суудаг. Тэр айл зөв явж байна уу, буруудаад байна уу, хийморь сүлдний дархлаа нь ямар байна вэ гээд энэ бүхэн галын эзэн гэдэг ойлголт юм. Айл болгоны гал дээр амьтай эзэн сууж байдаг. Тийм учраас бидний өвөг дээдсүүд “Галаа дээдлээрэй, галаа тахиарай, галаа сэвтүүлж болохгүй шүү, галандаа ууртай уцаартай бүү хүрээрэй” гэж захидаг байсан. Ерөөсөө заслын гол шалтгаан нь гал байдаг. Галын эзэн сайхан бол тэр айл цаанаасаа аврагдаад, эрхшээл ивээлд нь ороод өөдөө сайн явна. Төөргийн зовлон, учрах ёстой зовлон, үйлийн үрийн зовлон, үйлийн үрийн бус зовлон гэж бий. Мөн өөрийн үйлийн үрийг эдэлж явж байна уу, хүний үйлийн үрийг эдэлж явж байна уу гэдгийг салгах ёстой. Өнөөдөр зовж байгаа зовлонгийн шалтгаан бүхэн зөвхөн далдын далдыг хардаг цагаан далан дээр буудаг юм. Заслаа хийлгэсний дараа анхаарах зүйлс гэж бас байна. Хүмүүс өнөөдөр заслаа хийлгэж, галаа тахиулсан гэдэг боловч маргааш нь ямар ч тийм шинж байхгүй тохиолдол илэрдэг. Энгийнээр жишээ аваад үзье л дээ. Эмчилгээ хийлгэсэн хүн гам барьдаг. Тэрэнтэй адил галаа тахиулна гэдэг бол тэр айл эмчлэгдсэн гэсэн үг. Ингээд гамаа барихдаа галын эзнийг тайван байлгах ёстой. Гал маш ялихгүй юмнаас сэвтдэг. Хуримтлагдсаар байгаад галын эзэн тэсэрдэг. Монгол хүн далаа сайхан дээдлээд, галаа сайхан тахиад явж байхад тэр гэр бүлийн ноён нуруу, хийморь сүлд хэзээ ч доройтно гэж үгүй.

-Заавал асч байгаа гал тахиулах ёстой юу. Жишээлбэл, орон сууцны айлууд яах юм бол?

-Суурин соёл иргэншилд шилжээд хүн болгон амьд галтайгаа харьцаж чадахгүй байна. Ийм тохиолдолд яах вэ гэвэл гал маань бидний плитка болчихоод байна. Энэ бол биднийг хооллож ундлах, цайлах, амьдрах эрч хүчийг минь тэтгэж байгаа болохоор яалт ч үгүй гал юм. Хоолыг маань буцалгаж байгаа тохиолдолд сэвийн сэтгэлээр галтайгаа харьцаж огт болохгүй. Монгол хүн болгон галаа сайхан дээдлээд, хайрлаад ариун байлгах ёстой. Аяндаа хийморь бат бол ирээдүйд өнгөтэй байна.

-Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Монголчууд маань амны бэлгэ, амны хүч гэдгийг цээж зүрхэндээ тээгээсэй гэж боддог. Таны үр хүүхдүүд ямар явах нь аав, ээжийн, өвөө, эмээ нарын амны бэлгээс шууд хамаатай. Орчин цагт хүмүүс амны бэлгэ гэдгийг оюун ухаандаа хадгалж чадахаа байчихсан юм уу, оюуных нь цараа тийм царцмаг болчихсон юм уу даа гэж харагдаад байгаа. Ялангуяа одоо цагийн өвөө, эмээ нар өвөө, эмээ биш болжээ. Тэд маань дандаа болохгүй, бүтэхгүй, хар бараан зүйл ярих юм. Монголчууд маань байхгүй ч байгаа, болохгүй, бүтэхгүй ч болно гэж хэлдэг байсан нь цаанаа учиртай. Гэтэл сүүлийн үед буурлууд маань энэ ёсоо алдчихаад байгаад их эмзэглэдэг. Өндөр насалсан ахмадууд маань зулын гол ч ороож чадахгүй байгаа нь эмгэнэлтэй.

Засал домоо хийлгэхээр ирж байгаа хүмүүсийн хувьд ч бэлгэ дэмбэрэлгүй зүйл ярих тохиолдлууд байдаг. Настай буурлууд маань хүүхдээ дагуулчихсан, ноён нурууг нь үзүүлэхээр ирэхдээ нөгөөдүүлийнхээ зовхийг өндийхийн аргагүй болтол загнах нь бий. Тэдэнд “Өөрийнхөө хайраас төрүүлсэн зүрх сэтгэл, мах, цус, яснаас тасарч гаргасан үрээ болохгүй муу муухай үгээр утаад байхаар тэр хүүхдийг нь мянган алтаар хучаад ч өндийхгүй. Хамгийн гол нь амны бэлгээ бод. Тэрний дараа заслаа хийлгээрэй” гэж хэлдэг дээ. Юм болгоныг эерэг талаас нь харж байх хэрэгтэй. Хүний дотор хар, цагаан хоёр бие байдаг гэж би хувьдаа боддог. Дотор байгаа биеийнхээ цагаан зөвийг ажиллуулах юм уу, харыг нь давамгайлах уу гэдгийг тунгаах ёстой. Ухамсар бодол сэтгэлийн хүчээр бүх юм биелж байгаа. Аливааг буруугаар бодоод байвал гэрэлтэх юмгүй болно. Дээрээс өвөг дээдсүүд маань биднийг байгалийн хүн, тиймээс байгалиа шүтэж амьдарбал алзахгүй гэдгийг уураг тархинд шингээгээд үлдээсэн. Хамгийн гол нь дом шившлэгээ мартагнах юм бол өнөөдөр байгалийн хүн гэж яваад хэрэггүй.

-Орчин цагт мэргэ төлгө тавьдаг хүмүүс олширсон. Харин далыг цагаанаар буюу шатаалгүйгээр тайлах нь бусад төрлийн мэргээс ямар ялгаатай юм бэ?

-Бидний өвөг дээдсүүд дэндүү их нарийн цаад мэдрэмж өндөртэй хүмүүс байсан нь зуун зуун дамнан өвлөгдөж ирсэн цагаан дал тайлах домнол шившлэгтэй шууд холбогдох болов уу. Дал шатаах мэргийг голдуу малчин ардын дунд илүүд хэрэглэдэг гэдгээр нь гар доорх далдын толь хэмээн нэрийддэг. Харин үүний дээр дал зөвхөн шатаагдаж бус цагаан яс чигээр мэргэлэгдэн тайлагдахдаа ойр зуурын бус хэтийн болоод ирээдүй, өнгөрсөн, одоо цагийн үйлийн үрийн гарвалтай амьдралын аливаа гогцоо зангилаа үл тайлагдах цаад талын хийн гарвалтай мэдээллийг ил гарган тайлдаг. Дээрээс нь хүн бүрийг харж тэтгэн байдаг гэх “Заяа таван” тэнгэрийн холбоостой, бүүр түүнчлэн гал голомтоо холбох гэж буй ураг удам цаашдаа зохицох, үл зохицох талын шинжийн зүйлийг хүртэл тайлж байх юм.

-Зарим хүмүүс энэ бол мухар сүсэг гэж үгүйсгэдэг. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Далын дом зүй, шившлэг гээд ярихаар зарим нэг ертөнцүүд мухар сүсэгтэй холбон ойлгох мэт санагдах юм. Энэ их язгуур ухааныг түмэн олондоо илүү ойроос түгээгээд явж байгаа хүний хувьд маш ойлгомжтойгоор тайлбарлан хэлэхэд Монгол хүн бүрийн мэдвэл зохих, мэдсэн байхад илүүдэхгүй гэдэг талаараа хүн хэмээх ертөнц махан болоод сүнсэн хоёр биетэй. Цөөн хэдэн үгээр хэлбэл, “Далдын” цаад талын “Арга билиг”-ийн “Билиг” дэх ертөнцийн бүхий л талын мэдээллийг цогцоор нь агуулсан толь. Далдын сөрөг хүчний дом гэдгийг бидний өнөө үед байгаа хийгээд өмнөх болоод өмнөхийн өмнөх судлаачид, номч мэргэд, түүхч өвгөд өтгөс маань ном судар, зохиол бүтээлдээ тодоос тод тэмдэглэн бичиж үлдээсэн байдаг. Энэ нь одоо үед манай хийж түгээд буй үйл ажилд минь улам ихээр мэдрэгдэж, тэр дундаа зөвхөн “Монгол үндэстэн” л энэ далдын язгуурт сүнслэг ухааныг өвлөн авах эрхтэй төрсөн гэдгийг машид сайн ойлгож мэдээсэй гэсэндээ дотоод ертөнцөд нь агуулагдах шинж тэргүүтнийг чадлынхаа хэрээр үе тэнгийн залуус, хойч ирээдүйдээ ойлгуулж тунгаалгахыг хичээж байна. Хичээж байна гэдэг үгийн цаана Монгол хүн монголоороо байгаасай, амьтны мэт үйлдлээр амьдарч үржихгүй байгаасай, өв соёл, ёс заншил өвөг дээдсийн сургаальтай, жудагтай, хариуцлагатай, оюунтай, хүнлэг чанараа үргэлж үеийн үед гэрэлтүүлж явах ухаанд суралцан шамдаж хичээж яваасай л гэж бодох юм. Үүний дээр цагаан далны дом шившлэгийг бусад мэргэтэй огтоосоо эн зэрэгцүүлж болохгүй.

-Яагаад?

-Яагаад гэвэл далны мэргэ маань амьд харилцаан дээр оршиж он цаг хугацааны мэдээллээ хадгалсаар оршдог. Учир нь даланд агуулагдаж буй мэдээлэл нь “магадгүй, эсвэл” гэсэн эргэлзээнд тайлагддаггүй. Сүүлийн үед дал тайлуулах гэж ирж байгаа хүмүүс маань ихэвчлэн олон төрлийн мэргэ төлгө тавиулж байсан байдаг. Тэр болгоноос сайн нь ч байна, саар нь ч байна. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд далны мэргийг бусад төрлийн мэргэтэй зүйрлэж болохгүй. Хүмүүс ихэвчлэн “Мэргэ нь хэр сайн бэ, хэр магадлалтай вэ” гэж асууж лавладаг. Цагаан далыг өдий хугацаанд тайлаад явж байгаа хүний хувьд хэлэхэд “Магадлалтай, магадгүй” гэсэн зүйл далан дээр огт буудаггүй гэдгийг дахин баттай хэлье. Нэг ёсондоо эргэлзээтэй мэдээлэл далан дээр буудаггүй юм. Учир нь тухайн хүн далтай харьцаж эхэлсэн цагаас түүнтэй холбоостой бүх мэдээлэл хадгалдагддаг гэсэн үг. Тэгэхээр анх далны махаа хуулсан цагаас эхлээд тухайн хүний халуун эрчимтэй нь далны яс маань шууд холбоостой болж далдын буюу сүнсэн талын мэдээллийг өөртөө буулгадгаараа гайхалтай байдаг. Тиймээс бусад төрлийн мэргэтэй харьцуулашгүй. Билиг талаасаа мэргийн цаад оношлуур нь далан дээр тайлагдаж байдаг.

-Тэгэхээр цагаан далан дээр тухайн хүний заяа төөрөг тэр чигтээ буудаг гэж үү. Ингэж тайлуулсан далаа яах ёстой вэ?

-Тайлагдсан дал маань он цаг хугацааны туршид дом шившлэг болоод тухайн гэр бүлийн хойморьт залагдаж эрчим хүчтэй оршихуйд хадгалагдсаар ирсэн байдаг. Үүнийг монголчуудын өв соёлтой холбоод үзэхэд таван хошуу малынхаа далыг ерөөсөө хаядаггүй байжээ. Ялангуяа малчин зон олон маань буянт малынхаа баруун хааны далыг хаядаггүй байж. Энэ тухай түүхэн сурвалжууд арвин. Өнөө цагт хүртэл хөдөө орон нутгаар явж байхад аливаа хад хавцалд дал хавчуулсан байх жишээтэй. Ингэхдээ хар зүгийг хааж, далныхаа ясыг тавьдаг байсан байна. Дээр хэлсэнчлэн далтайгаа байхад гэдэг үгийн учир нь гэвэл далдын чигээ тайлуулсан дал маань давхар дом шившлэгийг өөртөө шингээдэг шидтэй гэж урьд өмнө ярьж байсан билээ. Дом шингэнэ гэдэг тухайн айл гал голомт, ноён нуруу, хийморь сүлдтэй холбоостой далдын цаад мэдээллийг он цагийн турш хадгалсаар ирсэн гэдгээрээ монгол хүмүүн бид энэ ариун болоод далдын өгөгдлийг дотоод сэтгэлээсээ ойлгож учиртай хандаж явах л хэрэг үүнд оршиж байх шиг бодогдож санагдах юм.

Засал гэдэг бол махан биен дээр очоод тариа тарихын нэр биш шүү дээ. Хувь хүний дотоод сүнсэн эрчим хүчтэй холбоотой. Хий талын эм эмчилгээ хийгдэж байгаа юм. Нийт хүмүүстээ бас хандаж хэлэхэд нэгдүгээрт, засал хийлгэх бол нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл биш. Тэр заслын шинжтэй зүйл тухайн хүний сүлдэн бие буюу сүнсэн биед хийгддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүний махан бие өвчлөхөд ямар нэгэн эм тариагаар эмчилчихдэг. Үүний цаана дотоод ертөнцөд тухан хүний ноён нуруу болоод хийморь сүлд тал нь бүрэн бүтэн байх ёстой. Хамгийн гол нь хүний сүнсэн орон зай, сүнсэн бие чухал. Тэгэхээр сүлдээ, ноён нуруугаа бүтэн байлгахын тулд хувь хүнээс шалтгаалах ганцхан эрчим хүчтэй зүйл нь үг, хэл, сэтгэл, үйлдлээ зөв байлгах юм. Ингэж чадвал тухайн хүний ноён нуруу хийморь сүлдтэй холбоотой сүнсэн биеийн орон зай, цаад эрчим нь бүтэн оршдог.

-Далыг домноно гэдэг нь юуг хэлээд байгаа юм бэ?

-Домнол зүйг тоочвол асар их зүйл бий л дээ. Тиймдээ ч далаа домнож, галаа дээдлэн тахиж ирэхэд өдөр өдрөөр, сар сараар, жил жилээр ахуй болон сүлдэн амьдрал дээшилж, өнгөжин жавхаажиж, удам угсааны дархлаа тэргүүтэн нь батжиж дэлгэрдэг жамтай юм. Хүний хийморь сүлд бат төгс оршиж байж гэмээнэ тухайн хүний ахуй амьдралаас гадна элэг бүтэн байх, ажил үйлс өдөө байх нь өөрөө болон үр хүүхдүүд, хойч үеийнхэнд нь ч үргэлжилнэ. Тэдний гол оршин буй үндэс нь гал юм. Хоёр гэр бүл оршиж байгаа тохиолдолд тулгандаа галаа бадраагаад ирэх ирээдүйнхээ сайн сайхан бүхэнийг галынхаа сүлдэндээ даатгаж ирсэн ард түмэн юм.

-Тухайн айлын ноён нуруу ямар байх нь галын эзэнтэй нь шууд холбоотой гэж ойлголоо. Тэгвэл галаа тахиулахдаа юу анхаарах ёстой вэ?

-“Өнөөдөр нэг юм бүтэхгүй байгаа юм чинь галаа тахиулчихъя” гэдэг зүгээр нэг хоосон орон зайн сэтгэлгээгээр хандаж болохгүй. Хамгийн гол нь монгол хүн гэдгээ ойлгож галын тахилгын үйлд оролцох ёстой. Миний хийморь сүлд, цог золбоо өсч дэвжих бүх үндэс нь галын эзэндээ байдаг юм байна гэдгийг сэтгэл зүрхэндээ гүн гэгч нь ойлгох хэрэгтэй. Нэг талдаа бид их азтай ард түмэн. Азтай байхыгаа бүр илүү тодотгож харъя гэвэл монгол ёсоо дээдэлж явах нь өлзийтэй. Хорвоо ертөнц дээрх бүх зүйл хоёр талтай. Билиг тал нь юу юм бэ гэдгийг тайлбарлъя л даа. Өнөөдөр хүмүүс уул хангайгаа ухаад, алтыг нь аваад байдаг. Тэр хүний амьдрал нь элбэг хангалуун болж байгаа мэт боловч ирээдүй хойч үед нь үйлийн үр нь заавал ирдэг. Яагаад гэвэл хүн өөрийгөө байгалийн бүтээгдэхүүн гэдгээ сайн ойлгох ёстой. Өөрийг нь үүсгэсэн үүсгэлийнхээ энгэрийг нь малтаад л хамаг юмыг нь ухаж түнхээд байвал заавал хариугаа авна. Үүний цаана хүний сэтгэлийг гомдоогоод, сэв суулгаад, зориудын гаргалгаатай буруу зөрүү санаад, байх юм бол эргээд тэр хүнд дааж давашгүй үйлийн үр болоод ирдэг. Ямар нэгэн хүн заслын шалтгаантай байна гэдэг бол түүний хийморь сүлд дааж давашгүй асуудалтай, доголдолтой явж байгаагийн шинж юм. Тэгэхээр хамгийн ойлгомжтой бөгөөд өөртөө баримтлах зүйл нь сэтгэлийн болон үгийн, үйлдлийн хатуу зүйлээс болгоомжтой явахыг хичээгээрэй.

-Ингэхэд танаар дал тайлуулсан хүн өөр хүнээр заслаа хийлгэж болох уу?

-Би хүний сүнсэн биеийнх нь буюу билиг талыг эмчилж байгаа хүн. Шинжлэх ухааны талаас нь аваад үзвэл өвчтөнд онош тавьсан эмч нь эмчилгээгээ хийвэл илүү үр дүнтэй байдаг. Үүнтэй адил дал тайлуулсан хүн тухайн тайлсан хүнээрээ заслаа хийлгэвэл засал нь төгс оршдог.

-Ер нь ямар ч зан үйлээр засал хийгдэж болдоггүй зүйл гэж байх уу?

-Би дээр дурдсан. Ухамсаргүйн тэнэглэл засагдахгүй. Ер нь монголчууд бид билэг оюуныг дээдэлдэг үндэстэн учраас арга мухардана, арга барагдана гэж бараг үгүй. Тиймдээ ч монголчууд эрт цагаас эхлэн үр хүүхдээ бага балчираас нь эхлэн эрэгтэй хүүхдийг 13-ны жил дээр, эмэгтэй хүүхдийг хий настайд нь есөн настайгаас эхлэн өөрийнх нь харсан заяа таван тэнгэрт нь бүсэнд нь домнолзүй хийж ерөөл бэлгэдлийн үг хэлж, ирээдүйн хань үрсийн бүтэн заяаг хурайлан дуудаж өгдөг байжээ.

-Ер нь монголчууд үр хүүхдээ хүнтэй суулгахдаа хүргэн, бэрийнхээ удам угсаа, гарал үүслийг нь сайн хардаг шүү дээ. Тэр байтугай эрт цагт хүүхдүүдээ балчир ахуйд нь ураг барилдуулж, хадаг тавьдаг ёсон байсан. Орчин цагт энэ уламжлал алдагдаад байх шиг. Тэгэхээр эцэг, эхчүүд үр хүүхдүүдийнхээ заяа төөргийг сайн сайхан байлгахын тулд юун дээрээ анхаарах ёстой вэ?

-Хичнээн аав, ээж нь хориглож, суулгахгүй гэж зүтгэдэг ч залуус хайр сэтгэлийнхээ дуудлагаар гээд л ёртой юм шиг гэр бүл болдог. Дараа нь сайн сайхан амьдралыг олж чаддаггүй. Өмсөх хувцас, идэх хүнсээр элбэг хангалуун байгаа ч айл гэрт аз жаргал дутагдаж, хүйтэн хөндий орон зай үүсээд байдаг. Энэ бүгдийн гол шалтгаан нь нөгөө л эцэг, эхийн хийморь сүлдээ зөв зүйтэй манаагүй, галын эзний дархлаа суларсны шинж юм. Эрт дээр үед монголчууд маань галаа их ажигладаг байжээ. “Манайд хүргэн орж ирэх нь. Ийм бэр орж ирэх нь” гээд л шууд галтайгаа харьцдаг байсан. Өнөө цагт энэ уламжлал мартагдаж, алдагдчихаад байна.

Тухайн гэр бүлийн гал голомт гэдэг бол дархлаатай байдаг. Галын хийморь баттай, дархлаатай оршиход тэр гэр бүлийн бүхий л хийморь сүлд өөдөө бат оршдог юм. Тиймээс галандаа анхаарал хандуулах ёстой. Айл гэр болгоны галан дээр эзэн сууж байдаг. Монгол хүн л юм бол таныг дагаад галын эзэн сууж байдаг юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Тантай энэ сэдвээр ярилцахад таатай байлаа. Монгол ёс заншилтай холбоотой олон шинэ мэдээллийг уншигч түмэнд хүргэсэнд баярлалаа. Тэр бүгдийг энд дурдвал олон нүүр, хуудас болох нь ойлгомжтой. Тиймээс тантай холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл хэрхэн холбогдож болох вэ?

-Монголчууд бол аугаа баялаг өв соёл, түүхтэй ард түмэн. Тэдгээрийн зах зухаас нийгэмд танин мэдүүлж, соён гэгээрүүлэн түгээн дэлгэрүүлж байгаа танай сонинд талархаж байна. Энэ дашрамд дурдахад надтай 8810-1325, 8810-1326 дугаарын утсаар холбогдож илүү нарийн мэдээлэл авах боломжтой.

П.БАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *