БНСУ-д мэс засал болон эмчилгээ хийлгэсэн монгол иргэд маань эх орондоо хяналтанд орж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломж бүрдэж байгаа таатай мэдээг хүргье. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Солонгос улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд Квон Деок Чёлтой уулзах үер ярилцаж, шийдвэрлэлээ. 2015, 2016 онд зайлшгүй шаардлагаар гадаад улсад буюу солонгос руу 115 иргэн эмчилгээнд хамрагдсан байна. Тухайлбал нэг иргэн гадаадад хагалгаанд орлоо гэхэд дор хаяж 2-3 удаа тухайн улс руу дахин явж хагалгааны дараах хяналтанд орж, эмчилгээ хийлгэдэг. Энэ нь тухайн иргэнд санхүүгийн маш их дарамт болдогоос гадна цаг хугацаа алддаг байна. Тэгвэл тун удахгүй солонгос улсыг зорьж, эмчилгээ хийлгэдэг иргэдийн эмчилгээний дараах хяналтыг монголын томоохон эмнэлгүүдээр дамжуулан цахим сүлжээгээр эх орондоо хийдэг болно. Ингэсэнээр тухайн иргэн хагалгааны дараа дахин явалгүй эх орондоо нөхөн сэргээх эмчилгээг хийлгэх бүрэн боломж нээгдэж байна. Мөн энэ үер эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ Эрүүл мэндийн салбарт БНСУ-тай олон чиглэлээр хамтарч ажилладаг. Тухайлбал “Сөүл төсөл”-ийн хүрээнд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан Монгол эмч нар орчин үеийн анагаах ухааны ололт амжилт, оношлогоо, эмчилгээний шинэ технологи, ноу хауг нутагшуулахад ихээхэн үр дүнтэй ажиллаж байгаагийн зэрэгцээ Солонгос улсын эмнэлгийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээний соёл, харилцаа хандлагаас суралцаж, өөрийн ажилладаг эмнэлэгүүдэд тусламж үйлчилгээг хэрхэн оновчтой зохион байгуулах аргуудаас суралцаж сайн туршлагыг нэвтрүүлж байгаа нь чухал ач холбогдолтой байгаа талаар онцоллоо.Мөн “Сөүл” төслийн хүрээнд суралцах эмч мэргэжилтэнүүдийн тоог нэмж өгөхийг солонгосын эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайдаас хүслээ.