“Залуучуудын гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагааны үр дүн” зөвлөлдөх уулзалт боллоо. Энэхүү уулзалт нь Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Консалтинг” группийн хэрэгжүүлсэн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт” төслийн хүрээнд болсон юм.
Энэхүү төслийг найман аймаг хоёр дүүрэгт хэрэгжүүлж гарааны бизнес эрхлэх сонирхолтой залуусыг шалгаруулж, сурган, чадавхижуулав. Ийнхүү шалгарсан есөн гарааны бизнес эрхлэгчдэд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн аж. Тэд өөрсдийн гарааны бизнесийг танилцуулж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай зөвлөлдсөн юм. Уулзалтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, Олон улсын донор байгууллагынхан оролцлоо.
“Залуучууд хөдөлмөр эрхлэлт” төслийн эксперт М.Галсансараас тус уулзалт, зөвлөгөөний талаар тодрууллаа.
-Энэхүү уулзалтын гол онцлог юу вэ?
-“Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2016 оноос Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ төсөл нь гурван бүрэлдхүүн хэсэгтэй. Нэгдүгээрт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг сайжруулах чиглэлээр ажиллана. Хоёрдугаарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг орон нутагт сайжруулах чиглэлээр найман аймаг, хоёр дүүрэгт ажиллаж байгаа. Сүүлийн хэсэгт энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.
-Өнөөдрийн арга хэмжээний талаар яриач?
-Залуучуудын гарааны бизнесийг дэмжих төслийн үр дүнг өнөөдөр танилцуулж байна. Манай төсөл гарааны бизнес эхлүүлэх сонирхолтой залуучуудыг орон нутагт сургаж, дэмжих санхүүгийн дэмжлэг олгох, зөвлөн чиглүүлэх үйлчилгээнд хамруулдаг. Энэ хүрээнд нийт 890 залуусыг сургаж чадавхжуулсан. Start up weekend буюу гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр юм. Мөн төслийн уралдаанаас шалгарсан гарааны бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Одоогийн байдлаар есөн гарааны бизнес эрхлэгч 10 сая төгрөгийн дэмжлэг аваад байна. Энэхүү бизнесийн хурдасгуур хөтөлбөрийн сүүлийнх нь одоо хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрт найман гарааны бизнес эрхлэгч хамрагдаж байгаа. Эндээс зургааг нь сонгож санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Цаашдаа зөвхөн санхүүжилт өгөөд орхихгүй. Яагаад гэвэл зарим гарааны бизнес эрхлэгчид амжилтад хүрч чадахгүй байгаа. Үүнд анхаарч орон нутагт нь туршлагатай бизнес эрхлэгч, зөвлөхүүдтэй ажиллуулж байгаа.
-Гарааны бизнес эрхлэгчдийг сонгохдоо ямар шалгуур тавьдаг вэ?
-15-34 насны шинэлэг бизнесийн санаатай, цааш хөгжих хүсэл эрмэлзэлтэй залууст нээлттэй. Шалгаруулахдаа зөвхөн бичгээр бус видео танилцуулга авдаг. Үүн дээр үндэслэж шалгаруулна. Нэг аймагт 100-аад залуу шалгарч байхад тэндээс тавин залууг нь шалгаруулаад тэднийгээ сургаж бизнесийг нь дэмжиж ажилладаг” гэв.
Зөвлөлдөх уулзалтанд гарааны бизнесийн тансаг зэрэглэлийн ган төмөр, арьс гуулиар хийсэн хутга үйлдвэрлэлийн “Таван салаа” компани. Мөн “Сакар” эмийн ургамалтай казак үндэсний саван үйлдвэрлэл, хүүхдийн тараг үйлдвэрлэдэг “Мазаахай” компани, “Алтай органик цай” болон “Сүүн цацал” сүүн чихэр, “Шижир” тойгны тосоор хийсэн ванны бөмбөлөг мөн Livon брэндийн арьсан эдлэлийн үйлдвэрлэл танилцуулагдсан юм. Тэд өөрсдийн гарааны бизнесийн талаар ийнхүү өгүүлэв.
Aquila natures компанийг үүсгэн байгуулагч Л.Ганхараа: Зүрхний чинь мухарт жижигхэн гэрэл байгаа бол түүнийхээ төлөө тэмцээрэй
Тэд 2016 онд Монголдоо анх удаа тойгны шөлний тостой ванны бөмбөлөг хийж борлуулалтанд гаргаж байсан нь “Aquila” брэндийн эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдхүүн хийх эхлэл нь болсон ажээ.
-Би анх үхрийн тойгны шөлний тосыг хөл гарандаа түрхэж хэрэглэж байгаад тэрнийгээ хялбарчлах юмсан гэж боддог байлаа. Эмэгтэй хүн шөл үнэртүүлээд явах хэцүү. Гэтэл тойгны шөл ядаргаанд маш сайн. Үе мөчий өвчин хүнийг маш ихээр сульдаадаг. Гэвч тойгны шөл ардын уламжлалт арга юм. Үүнийг монголчууд хөл гарандаа түрхдэг уламжлалтай. Энийг хэрэглэх гэхээр үнэр танараас авахуулаад хэрэглэхэд таагүй байсан. Үүнийг шийдэхийн тулд ардын уламжлалт аргыг орчин үеийн шинэ бүтээгдхүүн болгохоор ванны бөмбөлөгтэй хослуулж өгсөн. Ийнхүү ваннандаа суугаад гоо сайхан болон эрүүл мэнддээ давхар анхаарах боломжтой болсон доо.
Энэ санаагаар 2016 оны арванхоёрдугаар сард Хан-Уулд болсон залуучуудын гарааны бизнесийг дэмжих төсөл хөтөлбөрт шалгарч, хурдасгуур хөтөлбөрт хамрагдан санхүүгийн дэмжлэг авсан. Энэ нь санаагаа бизнес болгох туршилт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, анхан шатны тоног төхөөрөмж авах, бизнесийн суурь болсон. Манай хүүхэд хоёр настай. Энэ намар хүүхдээ цэцэрлэгт оруулсан. Тэгээд есдүгээр сараас үзэсгэлэн худалдаанд орсон. Анх тойгны тостой ванны бөмбөлөг хийх санаа байсан бол одоо хэрэгжсэн. Улмаар үхрийн тойгны шөлний тосоор хийсэн хөлийн дүрлэг ванн болон шүршүүртэйгээ бүтээгдэхүүн. Үүнийг гэр хороололд байдаг хүмүүс хэрэглэх боломжтой.
-Энэхүү төсөл таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?
-Гэртээ хүүхдээ хараад суудаг ээж байсан бол одоо суралцан хөгжиж, ажил хэрэгч ээж боллоо. Анх гал тогооны ширээн дээр бизнесийн санаагаа хийх гээд туршиж байсан бол одоо өөртөө ажлын байр бий болгосон байна. Мөн ажлын өрөөтэй болсон. Энэ зун бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төсөл хөтөлбөрт оролцож тэнцсэн. Дөрвөн сарын урьдчилсан хөтөлбөрт хамрагдаад өчигдөрхөн төгсөөд явж байна.
Гарааны бизнес эрхлэх гэж байгаа залуучууд бүгд өөрийн гэсэн санаатай явдаг. Зүрхний чинь мухарт жижигхэн гэрэл байгаа бол түүнийхээ төлөө тэмцээрэй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл мэрэгжилгүй, мөнгөгүй гэх мэт маш их үгүйсгэлтэй таардаг. Гэхдээ тэр үгүйсгэлтэй таардаг газраас илүү дэмждэг хүмүүсээ олоорой. Одоо залуучуудыг дэмжих сургах олон үйл ажиллагаа бий болсон. Хүн өөрөө хүсэж түүнийхээ араас тууштай явж чадах юм бол үлдсэн газарт нь бурхан ажлаа хийнэ гэдэг шиг боломжууд зөндөө гарч ирсэн байна гэв.
Livon компанийг үүсгэн байгуулагч Б.Үнэнбаяр: Байнга бодогддог байсан зүйлийнхээ шийдлийг эндээс олж харсан
Мод болон ширээр тансаг зэрэглэлийн цүнх үйлдвэрлэдэг гарааны бизнесийн Livon компани 2012 оноос үйл ажиллагаагаа эхэлж өдгөө нэрийн Epoch цүнхээ гаргаад байна.
-Савхин эдлэл хийх санаагаа хаанаас олсон бэ?
-Би арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Сургуулиа 2012 онд төгссөн. Тэгээд брэнд үүсгэе гэсэн зорилго мөрөөдөлдөө хөтлөгдөөд савхин эдлэл хийж эхэлсэн.
-Танай компанийн цаашдын төлөвлөгөө юу вэ?
-Одоогоор бид компанийхаа дотоод үйл ажиллагааг жигдэрүүлж борлуулах цэгүүдээ хайж олон, экспортлох төлөвлөгөөтэй байна. Америк, Япон, Солонгосоос манай компанид хандаж байгаа. Ойрын хугацаанд энэ газрууд руу экспорт хийдэг болох юм. Харин хэтдээ Монголдоо төдийгүй олон улсад танигдсан арьсан ширэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.
-Энэхүү төсөл таныг хэрхэн өөрчилсөн бэ?
-Энэ төсөлд орохоос өмнө захиалгаар гурван жил савхин эдлэл хийсэн. Энэ хугацаанд бэрхшээлтэй тулгарч, түүнийгээ хэрхэн шийдэх вэ гэдэг бодол байнга төрдөг байлаа. Ийнхүү байнга бодогддог байсан зүйлүүдийнхээ шийдлийг эндээс олж харсан. Энэ хөтөлбөрт орсоноор өөрийн багаа бүрдүүлсэн. Манай багт дөрвөн хүн бий, үйлдвэрлэлд 8-10 хүн тогтмол ажилладаг гэв.
Б.АМАРТҮВШИН