Categories
мэдээ цаг-үе

“Tesla Semi” шинэ үеийн цахилгаан ачааны машиныг танилцууллаа

“Tesla Motor”-ын ерөнхий захирал Илон Маск нь Калифорни мужид компанийнхаа шинэ бүтээгдэхүүн цахилгаан ачааны машиныг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан юм. “Tes­la Semi” хэмээн нэрлэсэн машиныг 2019 оноос эхлэн үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Шинэ үеийн машин нь нэг удаа цэнэглээд 805 километр замыг туулдаг. Аккумулятор болон хөдөлгүүр нь 1,6 сая км замыг туулах зориулалттай. Шинэ үеийн машин нь дизель шатахуунаар ажилладагтай харьцуулахад 20 хувь бага зардалтай байна гэсэн тооцоо гаргажээ. Галт тэрэгний тээвэрлэлтийн зардлаас хамаагүй хямд гээд олон давуу талтай. “Autopliot” хэмээн нэрлэдэг шинэ технологийг ашиглан бүтээсэн цахилгаан ачааны машин нь хагас автомат жолоодлоготой. Замд нь ямар нэгэн саад тулгарахад автоматаар зогсдог гэнэ.

Түүнээс гадна 300-400 километр замыг туулах нөөцтэй юм байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нөөц нь маш чухал гэнэ. Ер нь бол ачааны машинууд нэг өдөрт 300-450 киломерт замыг туулдаг.

“Tesla” компани нь шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахаар Калифорниг сонгосон нь учиртай аж. Тус мужийн Лос-Анжелес болон Лонг-Бич боомтууд нь аажмаар дизелиэр ажилладаг машинуудаар ачаа тээвэрлэхээ болино хэмээн төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, агаарт хортой хий ялгаруулдаггүй машин хэрэглэдэг болох зорилт тавьжээ. Цахилгаан ачааны машины бас нэгэн онцлог нь жолоочийн бүхээг. Жолоочийн суудал нь бүхээгний яг голд байрлах бөгөөд хоёр талдаа толины оронд 15 инчийн дэлгэцтэй. Машины шил нь нэлээд хүчтэй цохилт даах чадвартай. Аккумуляторыг жолоочийн суудлын дор буюу хамгийн аюулгүй газар байрлуулжээ. Машины бүхээгийг хагас дугуй хэлбэртэй хийсэн нь аэродинамикийн татах хүчийг багасгах зорилготой юм байна.

“Tesla” компани шинээр бүтээсэн цахилгаан ачааны машинаараа хамгийн түрүүнд Невада муж дахь үйлдвэрээсээ Калифорни дахь аккумлятор угсардаг үйлдвэрт зарим эд ангийг нийлүүлэхэд ашиглах гэнэ. Өөрөөр хэлбэл, шинэ үеийн машиныг үйлдвэрлэж худалдаанд гаргахаас өмнө амжиж тус компани нь цэнэглэдэг газруудыг байгуулах юм. “Tesla Semi” машиныг цэнэглэхэд ердөө 30 минут шаардлагатай.

“Tesla” компани нь шинэ үеийн машин бүтээх чиглэлээр нэлээд идэвхтэй ажиллаж байгаа компаниудын нэг. 2008 онд “Roadster” нэртэй анхны шинэ үеийн машиныг бүтээсэн. Удахгүй 96 км/цаг хүртэл хурдалдаг “Roadster II” машиныг хэрэглэгчдийн хүртээл болгосон. Түүнийг уралдааны машинтай харьцуулахын аргагүй хурд, үзүүлэлт зэрэг нь хамаагүй илүү.

Шинэ үеийн ачааны машин нь чухам ямар үнэтэй талаар “Тesla Motor” компанийн ерөнхий захирал тодорхой мэдээлэл өгөөгүй. Ямар ч байсан эхний ээлжинд 5000 ам.долларын барьцаа авах юм байна. Ер нь ойролцоогоор 250 мянган ам.доллараар үнэлэгдэх бөгөөд 50 мянган ам.долларын урьдчилгаа төлнө гэсэн болзол тавих юм. Эхний ээлжинд “Tesla” компани нь 1000 цахилгаан ачааны машин үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

“Tesla”-гаас өөр хэд хэдэн компаниуд цахилгаан ачааны машин үйлдвэрлэх чиглэлээр нэлээд эрчимтэй ажиллаж байгаа. Алдарт “Daimler” компани шинэ бүтээгдэхүүнээ удахгүй гаргах бөгөөд хэд хэдэн загвар гаргачихаад байгаагаа олон нийтэд үзүүлж байсан. Түүнээс гадна “Paccar” компани цахилгаан, гибрид, хий, устөрөгчөөр ажилладаг мотортой ачааны машин бүтээж байгаа. Мөн “Volvo AB” компани нь алсын зайнд явах чадвартай гибрид ачааны машин удахгүй үйлдвэрлэж эхлэх юм. “Cummins” компани ч тэднээс дутахгүй хэмээн шинэ үеийн машин бүтээх гэж байгаа. Гэвч эдгээр машинууд нь нэг удаа цэнэглээд ердөө 160-350 километр зам туулах чадвартай. Тиймээс одоогоор “Tesla Semi”-г үзүүлэлтээрээ гүйцэхгүй байна. Нэг удаагийн цэнэглэлтээр аль болох хол явах нь ачааны машины хувьд маш чухал.

“Tesla Semi”-гийн бас нэгэн давуу тал дөрвөн цахилгаан мотортой. Энэ нь 1032 морины хүчтэй тэнцэх юм. Ачаагүй бол таван секундэд хэдэн зуун километр замыг туулах чадвартай гэдгийг түүнийг бүтээгчид нь онцолжээ. Бүр тодруулбал суудлын “Audi” машин шиг хурдлах чадвартай юм.

Мэргэжилтнүүд “Tesla” компани яаж нэг удаагийн цэнэглэлтээр 805 километр зам туулах чадвартай цахилгааны машиныг бүтээсэн амжилтыг хамгийн ихээр сонирхож байгаа гэнэ. Зайг нь ердөө 30 минут цэнэглэхэд халахгүй зэрэг техник технологийн хувьд маш том амжилт гаргасан байна. Энэ машины бас нэгэн давуу талаас дурдъя. Шинэ үеийн цахилгаан ачааны машинаар тээвэрлэлт хийснээр эзэмшигч нь жилд 26 мянган ам.доллар хэмнэх юм.

“Tesla” компани удахгүй бас нэгэн шинэ бүтээгдэхүүнээ олны хүртээл болгох гэнэ. “Мөнхийн” хэмээн нэрлэсэн хөдөлгүүр хийхээр зорьж байна. Өөрөөр хэлбэл тос, шүүлтүүр зэрэг эд ангиудыг нь солихгүйгээр 1,6 сая километр замыг туулах чадвартай хөдөлгүүр.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар шинэ үеийн цахилгаан ачааны машин нь зах зээлд нийлүүлж эхлэнгүүт шууд л борлуулалтаараа тэргүүлээд эхэлнэ хэмээн бодож болохгүй гэнэ. Одоогоор олон түмэнд сонирхуулахын тулд хоёр л ийм машиныг үйлдвэрлэсэн. 2020 оноос нааш олноор нь үйлдвэрлэхгүй. Түүнээс гадна цэнэглэдэг газруудыг аль болох олон цэгт байгуулах ёстой. 2020 он хүртэл “Tesla”-гийн өрсөлдөгч компаниуд нь давуу үзүүлэлттэй цахилгаан ачааны машин үйлдвэрлэж эхэлчихгүй бол “Tesla Semi” нэг хэсэгтээ л байлдан дагуулна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *