Categories
мэдээ цаг-үе

Улс тунхагласны баярыг Ухнаагийн Хүрэлсүх улс орон даяар тэмдэглэх байлгүй

Намынхаа нэрнээс “хувьсгалт” хэмээх үгийг хусч хаяад “Ардын нам, ардын засаг мандтугай” хэмээн индэр дээрээс чанга дуугаар хэлж, Их хурлын ээлжит сонгуулийн сунгаанд орж байсан хүн бол У.Хүрэлсүх юм. Тэрээр “Манай нам энэ удаагийн сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би үүрнэ” гэж ам тангаргаа өгч байсан. Тэр чинь 2012 оны сонгууль. Ардын нам ялагдаж сөрөг хүчин болсон. Хүрэлсүх хариуцлага хүлээсэн эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан тэр өнөөдөр эрх баригч Ардын намынхаа дарга боллоо.

Эгэл жирийн иргэн шууд Ерөнхий сайд болоод, дараа нь намын дарга болж үнэндээ бяртай загнаж байна. Өөрийнхөө байгуулсан засгийг “бяртай засгийн газар” гэж тодорхойлсон нь ч бий. Эрх баригч намын даргыг хамгийн түрүүнд Улс тунхагласны баяр хүлээж байна. Савлхийвэл “Ардын нам, ардын засаг” гэж ярих дуртай Ерөнхий сайд маань ардын намын анхдагч гишүүдийнхээ байгуулсан түүхэн гавьяа, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны ойг ёстой нөгөө “улаан туг”-аа намируулж гэдэг шиг улс орон даяарын баяр болгон тэмдэглэх биз.

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа батлан хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжсэнээр хамжлагат ёсыг халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан байдаг. Ард иргэдийн сонгох сонгогдох эрх нээлттэй болж, эмэгтэйчүүд, эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх, бүх нийтээр бичиг үсэгт суралцах, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь үндэс чухам л энэ цаг үеэс тавигдаж манай улс орчин цагийн улс болсон түүхтэй. Соёл, шинжлэх ухааны энэ их дэвшил тэндээс улбаалж, НҮБ-д элсэх үүд хаалга нээгдсэн гэдэг. Мөн Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ.

Ардын хувьсгал ялсны дараахан бий болсон энэхүү түүхэн баярыг Ардчилсан нам засгийн эрхэнд гарсны дараа үнэ цэнэ, статусыг нь бууруулж тэмдэглэлт өдрийн хүрээнд авч үзэх болсон. Бүх нийтээр амарч тэмдэглэдгийг болиулж, Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардуулах, онцгой гавьяа байгуулсан эрхмүүдэд төрийн соёрхол зэрэг өндөр шагнал олгодог байсныг өөрчилсөн. Харин арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойн өдөр болгон тэмдэглэж, эл өдөр эрхэм хүндтэй хүмүүст төрийн өндөр цол, одон медаль гардуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл бөхийн барилдаан болж нийтээрээ амарч баярладаг. Ардчилсан намын хэсэг нөхөд Төрийн ордонд гал бадрааж, дээлийнхээ нударгыг урж хаян шатаасан удаа ч бий.

Тэгвэл өнгөрөгч жил Их хурлын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан Ардын намын нөхөд, тодруулбал Я.Содбаатар тэргүүтэй Их хурлын гишүүд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулсан. Үндсэндээ Ардын нам нэртэйгээр сонгуульд орж ялагдал хүлээн Ардчилсан намынханд Улс тунхалагласны баяраа “устгуулах” шахсаныхаа хариуг авч баярыг “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” болгон сэргээсэн юм. Чингисийн талбайг буцааж Сүхбаатарын талбай болгон өөрчилж, Сүх жанжныхаа хөшөөнд сүрхий гэгч нь хүндэтгэл үзүүлсэн. Өнгөрөгч жил Улс тунхагласны баяр амралтын өдөр бямба гаригт тохиож байв. Түүнийг Ардын намынхан Засгийн газрынхаа хурлаар хэлэлцэн байж нааш нь татан баасан гаригийг бүх нийтийн амралт болгон тэмдэглэж байсан. Тэгвэл өнөө жил Улс тунхагласны баяр мөн л амралтын өдрөөр буюу ням гаригт тохиож байна. Хэдхэн хоногийн өмнө Эзэн богд Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр” ням гаригт болсон. Бүх нийтээр амарч, эзэн хаанаараа бахархаж, монгол даяар баярлах өдөр маань зүгээр нэг амралтын өдөр болоод л дууссан. Улс тунхагласны баяр бас л ийм маягаар өнгөрөхгүй байлгүй гэж санана.

Хуучин арваннэгдүгээр сарын 26-ны энэ өдрийг Монголын ард түмэн хэрхэн тэмдэглэж ирснийг бид мэднэ. Цагаан сарын баяр болж байгаа юм шиг таатай сэтгэгдэл төрдөг байлаа. Хөдөө гадааныхан хэдийнэ өвөлжөөндөө буучихсан, хадлан тэжээлээ базаачихсан, халуу дүүгиж сууна. Өнтэй өвлийн эхэн сард намрын их ажлаа нугалсан хүн зон сая л нэг тав тух, аз жаргалыг мэдэрнэ. Айлууд идшээ идчихсэн адууны тарган хятай, үхрийн толгой хавирга чанаж, хотлоороо баяр баясалтай байх ийм л цаг мөчид Улс тунхагласны баяр тохиодог жамтай.

Хэн хүнгүй Монгол эх орон, үүх түүхээрээ бахархаж “Тусгаар тогтнол”, “Чингис” шүлгүүд уншигдаж, дуу хуур цангинаж, тэгээд л бөхийн барилдаанаа хүлээнэ. Улс тунхагласны бөхийн барилдаан яг л сар шинийн барилдаан шиг үзүүштэй сайхан болно. Тэртээ наян дөрвөн онд жаран жилийн ойгоор нь Баянаа аварга түрүүлж, Хадаа аварга үзүүрлэж байсан юм билээ. Ингэж л домогт их аваргууд Улс тунхагласны баярт түрүүлсэн байдаг. Гэтэл сүүлийн үед өндөр цолтой бөхчүүд төрт ёсныхоо баярыг тоож зодоглохоо байсан нь эмгэнэлтэй. Хамгийн ойрын жишээ гэхэд эзэн хааныхаа Монгол бахархлын өдрийн барилдаанд энэ цагийн аварга, арслан, заанууд бүгд зодоглоогүй. Хятадад болж байгаа “Алтан бүс”-ийн наадамд мөнгө хөөгөөд явчихсан. Төрийн тэргүүнээ үл хүндэтгэсэн тэднийг одоо Хүрэлсүх сайд хуйгаар нь цуглуулах байлгүй.

“Аливаа улсын тусгаар тогтнол үндсэн хуулиараа баталгаажиж байдаг. Тиймээс Анхдугаар үндсэн хуулиа баталсны ач холбогдол ч тусгаар тогтнолын дайтай үнэ цэнэтэй. Үндсэн хуулиа баталж, өөрийн гэсэн засаг төртэй болж, Монгол Улсаа дэлхийд хүлээн зөвшөөрүүлж, эрх чөлөөтэй амьдрахыг л 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан, зохион байгуулсан Богд хаан, Чин ван Ханддорж, Түшээ гүн Чагдаржав, Эрдэнэ ван Намсрай, Эрдэнэ далай ван Гомбосүрэн, Да лам Цэрэнчимэд, Сайн Ноён хан Намнансүрэн зэрэг ноёд түшмэд, 1921 оны Ардын хувьсгалыг гардан хийсэн Д.Бодоо, С.Данзан, Д.Чагдаржав, Д.Сүхбаатар нар хүсч мөрөөдөж, үүний төлөө бүгд алтан амиа зориулсан билээ. Анхдугаар Үндсэн хуулинд “… улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлж”, “Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхагласан энэхүү заалт одоо ч утгаа хадгалан Ардчилсан Үндсэн хуульд оршсоор буй”-г эрдэмтэн судлаачид хэлдэг.

Үндсэндээ 1911, 1921 оны хувьсгал аль аль нь Монгол Улсын түүхэнд алтан үсгээр бичигдэх учиртай гэдгийг эрдэмтэн мэргэд хэлсээр ирсэн. Даанч Ардчилсан нам, Ардын нам хоёр нэг нэгээр нь өмчлөөд, түүхчдээ хооронд нь хагаралдуулж улс төр болгоод байдаг болохоос түүхэн гавьяа, үнэ цэнэ нь ижил юм. Эрх чөлөө, тусгаар тогтнол, Монголоороо бахархах төрт ёсны баяр одоогийн байдлаар гурав болоод байгаа. Эхэн үед учир нь ч олддоггүй зовлонтой байлаа. Эзэн Чингисийн мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”, Улс тунхагласны ойн өдөр, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн баяр. Гурвуулаа Монгол Улсын хуулийн дагуу нийтээр тэмдэглэх баяр. Өнөө жилийн хувьд сонин байна.

Чингис хааны өдөр нь амралтын өдөр тэгсгээд өнгөрлөө. Ядахад ард түмэнд сэтгэлийн цэнгэл таашаал эдлүүлэх бөхийн барилдаан нь урам хугалсан. Тэгтэл Улс тунхагласных нь ой дахиад бүтэн сайнд таарч байна. Арванхоёрдугаар сарын 29-ний баяр бол тэртэй тэргүй шинэ жилийн уур амьсгалд дарагдаад өнгөрдөг. Тэгэхээр Ардын намын тамгаа аваад хөөр баяр нь дарагдаж амжаагүй байгаа У.Хүрэлсүхийг Улс тунхагласныхаа ойг улс орон даяар “Улаан тугийг мандуулсан, улсын сүрийг бадруулсан” хэмээн сүртэй гэгч нь тэмдэглэх байлгүй гэж “хатгаад” байгаа маань ийм учиртай. Засгийн газраа хуралдуулж бүтэн сайны амралтын өдрийг даваа гаригийнх нь өдөрт шилжүүлж ард түмнээ амраах нь зүйтэй болов уу. “Халуун эх орончид…” гэх тодотголтой “ах нам”-ын дарга Хаянхярваагаас дутахгүй, ард түмнээ нялуун гэгч нь үнсэхээ мартана гэж үү.

Д.БАТБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Улс тунхагласны баярыг Ухнаагийн Хүрэлсүх улс орон даяар тэмдэглэх байлгүй” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Хан-Уул дүүргийн долоодугаар хороонд байрладаг 73 дугаар цэцэрлэг “Сайхан бүсгүй” фейсбүүк группийн эмэгтэйчүүдийн хандиваар өргөтгөлтэй болсон байна. Энэ талаарх өдрийн сурвалжилгыг тэргүүн нүүрэн орсон “Цэцэрлэгийн өргөтгөлийг ээжүүд, бүсгүйчүүдийн хандиваар босголоо” мэдээнээс уншаарай.

Өчигдөр УИХ-ын чуулган нэг цаг хуралдаад завсарласан юм.Үүний тухай мэдээг улс төрийн хоёрдугаар нүүрэн дэх “Түргэвчилсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэв” сурвалжилгаас үзээрэй.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Батболд “Улс тунхагласны баярыг Ухнаагийн Хүрэлсүх улс орон даяар тэмдэглэх байлгүй” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан нийт эрдэмтэн судлаач, шинжлэх ухааны салбарт ажиллагсад болон шинжлэх ухааны үр шимийг хүртэгч иргэд, хамтран ажиллагч байгууллага, хамт олондоо Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлсэн тавдугаар нүүрэнд хэвлэгджээ.

Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнийг сонгох сонгууль болж дүнгээ гаргасан билээ. Ардчилсан залуучуудын холбооны шинэхэн тэргүүн С.Эрдэнэболдтой хийсэн ярилцлагыг улс төрийн зургаадугаар нүүрнээс хараарай. Тэрээр “Залуучууд шинэ манлайллыг бий болгоно” гэжээ.

Монголд хамгийн анх удаа “Уламжлалт анагаахын их эмч” гэсэн мэргэжлийн диплом гардан авч байсан нэг ангийнхан манай сонины нэг анги буланд уригдан оржээ. Энэ талаарх сонирхолтой нийтлэлийг арван хоёрдугаар нүүрнээс уншаарай.

Өчигдөр “Уран зохиолын сургалт: Уламжлал ба өнөөгийн шинэчлэл” нэртэй мэргэжлийн семинар хэлэлцүүлэг болсон юм. Уг арга хэмжээнд зохиолч, орчуулагч П.Оюунчимэг “Уран зохиолын хичээл яагаад зайлшгүй хэрэгтэй вэ?” сэдвээр илтгэл тавьсан байна. Түүнтэй хийсэн ярилцлагыг арванхоёрдугаар нүүрнээс үзээрэй. Тэрээр “Манай уран зохиолын хичээлийн хөтөлбөр ерөөсөө болохгүй байна гэдгийг дор бүрнээ хүлээн зөвшөөрдөг” хэмээн онцлон хэлжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *