Categories
мэдээ улс-төр

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлав

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДАВ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.30) хуралдаан 10 цаг 39 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, нийтдээ таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн хэлэлцүүлэхэд Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт нар асуулт асуулаа. Баруун аймгуудын иргэдийг хямд үнэтэй гурилаар хангахын тулд Цагааннуурын боомтоор гурил импортлох асуудлыг төсөлд тусгаагүй нь ямар шалтгаантай талаарх асуултад Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хариулт өглөө. Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл хуралдаад дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих нь зүйтэй хэмээн үзэж, улаан буудайн импортыг дэмжсэн гэв. Улаан буудай, малын тэжээл, өвсний импорт хийхдээ гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тодорхой тооны компанид олгохоор оруулсан нь шударга өрсөлдөөний зарчимд нийцэж буй эсэх асуултад Б.Батзориг сайд хариулахдаа “Энэ жил цаг уурын байдлаас үүдэн ургац алдсан тул тодорхой хэмжээний улаан буудай, малын тэжээл, өвсийг импортоор авахаар төлөвлөөд Засгийн газар асуудлыг хэлэлцэн, хэмжээг тогтоосон. Үүний дагуу үйлдвэрүүд чанартай гурилыг тогтвортой үнээр зах зээлд хангалттай нийлүүлэх үүрэг хүлээлгэж байгаа, бусдаар өрсөлдөөнийг хязгаарлах, давуу эрх олгох асуудал байхгүй” гэсэн. Монгол Улс жилд 1.2-1.4 сая тн өвс, тэжээл бэлтгэдэг байсан бол энэ жил 900 мянга гаруй тн өвс, тэжээл бэлтгэсэн. Иймд дутагдалтай хэмжээний хүчит тэжээлийг импортоор авч, аймгуудын малын тоо, хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг нь тодорхойлж байгаад улсын хэмжээнд түгээхээр бэлтгэл ажил хангаж байгаа гэлээ. 51 мянган тн хүчит тэжээлийг түгээх нь нарийн зохион байгуулалт шаардана, хууль батлагдвал арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гэхэд аймгууд дээр тэжээлийг хүргэхээр бэлтгэл хангаад байгаа юм байна. Өвс, малын тэжээлийн импортын асуудал дээр яам ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг тэрбээр тэмдэглээд “Малын тэжээл, өвсний үнийн тухайд бид тодорхой тоо хэлэх боломжгүй. Учир нь зах зээлийнхээ зарчмаар ОХУ-аас авсан үнэ, тээврийн зардал гээд олон зүйлээс шалтгаалан эцсийн үнэ тогтоно. Салбарын яам аль болох хямд үнээр иргэдэд хүргэхээр ажиллаж байгаа, өнөөдрийн хэлэлцэж буй хуулийн төсөл батлагдсанаар импортын малын тэжээл, өвс гааль, НӨАТ-аас чөлөөлөгдөнө. Эцэст нь малчдын хотонд хямд өвс, тэжээл хүргэх гэсэн зорилготой” гэлээ.

2017 онд дотоодын гурилын үйлдвэрүүд 141 мянган тн улаан буудай хурааж авсан, харин дотоодын хэрэгцээнд 360 гаруй мянган тн улаан буудай шаардлагатай. Иймд шаардлагатай байгаа 225 мянган тн улаан буудайг импортлон, гурилын үнийг тогтвортой байлгах бодлогыг баримтлан Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас төслийг өргөн мэдүүлсэн байна. Өвөлжилт хүндэрч буйтай холбоотойгоор махны борлуулалт, экспортын асуудалд салбарын яам ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ. 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар 27.000 тн мах экпортлон 108 тэрбум төгрөгийн орлого олжээ. Өчигдөр хуралдсан Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл мах экспортлох квот тогтоожээ. Тухайлбал, 28.9 мянган тн үхрийн мах, 43.6 мянган тн адууны мах, хонь, ямааны махыг чөлөөтэй экспортлохоор тогтоосон байна.

Ийнхүү асуулт хариулт дуусч, хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүд 84 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225 мянга хүртэл тн хүнсний улаан буудай, 10 мянга хүртэл тн үрийн улаан буудайг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүхий хууль батлагдсан бөгөөд эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга уншиж танилцуулав.

Үргэлжлүүлэн 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах дээрх хэмжээний малын тэжээл, өвс, хүнсний улаан буудай, үрийн улаан буудайг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүхий Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан 2017 оны төсвийн тодотгол хугацаа хойшлогдож батлагдсантай холбоотойгоор ОХУ-аас худалдан авах нэг боодол өвсний үнэ 1700-8000 төгрөг болж нэмэгдсэн нь малчдад хүндрэлтэй тусахаар байна, мөн импортоор оруулах малын тэжээл, өвсний хуваарилалтад цаг агаарын хүндрэлтэй байгаа Ховд аймгийн урд талын сумдыг хамруулах нь зүйтэй гэсэн саналыг хэлжээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Б.Пүрэвдорж, Ч.Улаан, Ж.Мөнхбат нар асуулт асууж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Дараа нь хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72 хувь нь дэмжсэн. 2017 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны зургаадугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөх Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо.

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ

Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийн төслийг 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс хуулийн төслийг баталснаар ИТХ-ын төлөөлөгчид төрийн захиргааны албан хаагчаар ажиллахтай холбогдуулан Үндсэн хуулд заасан нутгийн өөрөө удирдах ёсны зарчим алдагдах, мэргэжлийн чадвар, туршлагагүй хүн төрийн захиргааны албан тушаал эрхлэх зэрэг сөрөг үр дагавар гарахаар байгаа тул хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах горимын санал гаргажээ. Харин Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр татгалзсан байна. Мөн тус хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн аж.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж нар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж, төсөлтэй холбоотой зарим зүйлийг тодруулав. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ.

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

Дараа нь 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Нямдорж нарын гаргасан горимын саналын дагуу хуулийн төслийн хэлэлцүүлгийг хаалттай явуулах эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Ийнхүү төслийн хэлэлцүүлэг үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Х.Баделхан, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Ц.Нямдорж нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс зарим зүйлийг тодруулсан юм. Арилжааны банкууд охин компани байгуулан хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулах 2010 онд оруулсан зохицуулалтыг өөрчлөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр тусгаагүй байгаа шалтгааныг тодруулсан юм. Хэлэлцэж буй төсөлд “Банк, түүний хараат болон охин компани энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд …” хэмээн хөндөн, өөрчлөхөөр тусгасан байгааг тайлбарлалаа. Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох асуудал дээр төв банк ямар байр суурьтай байгааг лавлав. Банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх шаардлага байгаа бөгөөд Монголбанк 11 хуулийн төслийг боловсруулсны эхний хоёрыг өргөн мэдүүлээд, хэлэлцүүлж байгааг Монголбанкны ерөнхийлөгч хэллээ. Зээлийн хүүг бууруулах талаар нийгэмд олон төрлийн хэлэлцүүлэг өрнөж байгааг Монголбанк ажиллаж байгаа гэлээ. Түүнчлэн тусгайлан судалгааны баг ажиллуулан, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлсэн. Тус баримт бичигтээ зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоохтой холбоотой төв банкны байр суурийг тодорхойлсон байгаа гэлээ. Ийнхүү гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авснаар нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *