Categories
мэдээ цаг-үе

С.Дашдорж: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч” цолны сүүлийн шалгалтыг шавь нартайгаа хамт давсан нь сайхан хэрэг

Санхүү, эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн ахлах багш С.Дашдоржийг “Багш” буландаа урилаа. С.Дашдорж тус сургуулийг 2011 онд эдийн засагч мэргэжлээр төгсчээ.Дараа нь МУИС-ийн Эдийн засгийн сургуульд эдийн засгийн онолын магистр зэрэг хамгаалсан байна. Тэрбээр өдгөө төгссөн сургуульдаа долоо дахь жилдээ багшилж байгаа. Компанийн санхүүгийн менежмент, хөрөнгө оруулалт зэрэг хичээл ордог ажээ.

-Таныг Олон улсын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч цол авсан гэж сонслоо. Энэ тухай тодруулаач?

-Санхүүгийн олон улсын мэргэшсэн цол болох итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч (CFA) цолыг энэ жил авсан байгаа. Энэ шалгалт нь АНУ-д төвтэй, CFA институтээс явуулдаг, хөрөнгө оруулагчийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийж байгаа байгууллагуудын мэргэжилтнүүд буюу хөрөнгө оруулалтын шинжээч, цаашлаад бусад оролцогчдыг нэгдсэн нэг ойлголттой болгох, мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс зүйтэй байлгах үүднээс ийм цолыг бий болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах шударга зах зээлийг үүсгэх зорилготой юм. Үндсэндээ гурван удаагийн шалгалт өгөөд, дөрвөн жилийн ажлын туршлагатай нөхцөлд цолоо авах боломжтой. Миний хувьд тэнхимээсээ энэ цолыг анх авсан гэдгээрээ онцлог.Энэ жил манай хоёр багш энэ цолыг авсан. Энэ шалгалтыг өмнө нь гадаадад очиж өгдөг байлаа. Ихэнхидээ ойрхноор нь Бээжинд өгдөг байсан. Ирэх оноос Монголд авахаар болж байгаа. Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч болж, карьераа ахиулъя гэсэн залууст шинэ боломж нээгдэж байна.

Монголд энэ цолыг авсан арав гаруй хүн бий. Миний хувьд зургаан шавьтайгаа хамт сүүлийн шалгалтандаа тэнцсэн. Шавь нарын маань ажлын туршлага нь хүрээгүй байгаа учраас цолоо хараахан аваагүй байгаа. Гэхдээ шавь нартайгаа хамт сүүлийн шалгалтаа давсан нь багшийн хувьд сайхан хэрэг.

-Та Монголд төгссөн бүтээгдэхүүн. Олон улсын цол авна гэдэг монгол сургууль төгсөгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг?

-Монголд сурсны давуу тал нь маш олон танилтай болдог. Төгсөгчид бие биенээ таньдаг. Энэ нь эргээд бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд маш том давуу тал юм. Монголд төгссөн ч олон улсын зэрэг цол авна гэдэг сул талаа нөхөх сайхан боломж. Зөвхөн CFA гэсэн ганц шалгалт байдаггүй. Хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшихийг хүсч байгаа хүмүүс, даатгал, хөрөнгийн үнэлгээгээр мэргэшсэн хүмүүст зориулсан маш олон төрлийн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг мэргэжлийн цол, зэрэг бий. Монгол залуус сүүлийн үед энэ шалгалтуудыг зорьж өгч, цол авах болсон. Бидний хувьд гадаадын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах боломж улам нэмэгдэж байгаа.

-Багшлахаас гадна эдийн засагчийнхаа хувиар ажилладаг уу?

-Сургуулиа төгсөөд шууд багшилсан болохоор номоо л барьдаг байсан даа. Манай компаниудын мэдээлэл хаалттай байдаг учраас дотоодын кейсүүдээр сургалт явуулах боломж багатай. Гэхдээ сүүлийн үед АПУ ХК, Сүү ХК, Говь ХК зэрэг компаниудын мэдээлэл нээлттэй болж байгаа. Гадаад сурах бичиг ашиглахаар дандаа гадны компаниудын кейс байж таардаг. Шууд багшилсан хүний хувьд практикт ийм байдаг гэж ярихад амаргүй.

Одоо цол зэрэг авч, багшлахын зэрэгцээ янз бүрийн төсөлд хамрагдаж, судалгаа хийж, өөрийгөө хөгжүүлэх боломж бий.

-Монголд олон улсын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч юу хийдэг вэ?

-Хөрөнгө оруулагчийн нэрийн өмнөөс хөрөнгө оруулалтын шинжилгээ хийгээд, ямар хөрөнгө оруулалт хийвэл илүү оновчтой, энэ хүнд илүү тохирох вэ гэдгийг судалж, маш болгоомжтой, хянуур, үндэслэлтэй, ёс зүйтэй мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зорилготой цол гэж түрүүнд дурьдсан. Одоогоор уг цолтой монгол мэргэжилтнүүдийн хувьд бизнесээ тэлэхээр санхүүжилт авахыг хүссэн компаниудад гаднаас санхүүжилт олж өгөх чиглэлээр илүүтэй ажиллаж байна. Мөн хөрөнгө оруулалтын санд ажиллах нь илүү тохирдог. Жишээлбэл, иргэдийн хувьд мэдээлэл, чадвар харьцангуй дутмаг байдгаас өөрсдөө шууд хөрөнгө оруулахад хүндрэлтэй. Тийм учраас эдгээр хүмүүсийн нэрийн өмнөөс хөрөнгө оруулалт хийх боловсон хүчин бэлтгэгдэж байна гэж болно. Ялангуяа ирээдүйд хувийн тэтгэврийн сан гэх мэт хөрөнгө оруулалтын компанийн менежер болж ажиллах хүмүүс гэж ойлгож болно.

-Ашигтай хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг ч мэргэжлийн бус хүмүүсийн хувьд амаргүй л дээ?

-Манайхан ашигтай хөрөнгө оруулалт гэж буруу ойлголттой явдаг. Үнэндээ энэ бол зорилготой хөрөнгө оруулалт байх ёстой. Бидэнд илүүдээ гарсан мөнгө байхгүй. Хүүхдийнхээ боловсролд зориулж, тэтгэврийн хуримтлалаа өсгөхөөр хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгэхээр алсыг харж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлд үүсч байгаа савлагаанаас огцом ашиг хийх хөрөнгө оруулалт руу нийтээрээ хандаад байж болохгүй. Урт хугацаатай оновчтой хөрөнгө оруулалт байх ёстой. Жишээлбэл Монголд байгаа хувьцаануудыг худалдаж авах нь маргаашийн огцом өсөлтөөс ашиг хүртэх гэхээсээ урт хугацаанд энэ компаниудаас өгөөж хүртэх хөрөнгө оруулалт гэсэн үг.

-Нэг сониуч асуулт байна. Шарк танк гээд шоу нэвтрүүлэг үздэг үү. Ингэх ёстой байсан юм даа гэх бодол орж ирдэг болов уу?

-Монгол телевизээр гарч байгаа Шарк танк нэвтрүүлгийг алгасахгүй үзэхийг хичээдэг. Мэдээж маш хэрэгтэй нэвтрүүлэг. Танд сайхан санаа байвал яагаад бизнес болгож болохгүй гэж. Хамгийн гол нь маш сайн төлөвлөх хэрэгтэй. Хэрэв тэр бизнес ирээдүйд үр өгөөжөө өгнө гэж үзвэл хөрөнгө оруулагч олддог юм гэдгийг харуулах зорилготой нэвтрүүлэг гэж бодож байна. Ер нь энэ нэвтрүүлгээс гадна жижиг, эхэлж байгаа бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийх механизмууд бий. Монголд энэ механизмыг улам хүчтэй болгоход энэ нэвтрүүлэг чухал ач холбогдолтой.

Өөрт хэрэгтэй зүйлээ бүтээхээс бизнес эхэлж байгааг бид энэ нэвтрүүлгээс харж байгаа. Хэнд ч бизнесийн санаа төрж болно. Санаагаа хөгжүүлэх хэрэгтэй. Заавал том бизнес хийх албагүй. Бизнес хүнд хэрэгтэй, өгөөжтэй байх ёстой. Мэдээж Шарк танк нэвтрүүлгийн хөрөнгө оруулагчдын хувьд өөрөө ойлгож, хөгжүүлэхэд нь хувь нэмрээ оруулж чадна гэж үзэж байгаа бизнесээ сонгож буй болов уу. Нэвтрүүлгийн үеэр сонгогдоогүй байлаа гээд тэр бизнес огт явахгүй гэсэн үг биш л дээ.

-Та яагаад багш болсон бэ. Эдийн засагч байсан бол илүү өргөн хүрээнд ажиллах боломж гарах байсан биш үү?

-2011 онд төгсөх гэж байхдаа хоёр найзтайгаа хамт сургуулиа төлөөлж, Олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцсон юм. Тэр үед надад сургуульдаа багшлаач гэдэг санал ирсэн. Тухайн үедээ өөр ажил хайж үзье гэж бодоогүй. Багшаар ажилласандаа харамсдаггүй. Багш хувь хүнийхээ хувьд хөгжих боломжтой. Хэрэв би мундаг багш бол өөрөө хөгжөөд зогсохгүй маш олон хүнийг хөгжүүлж чадна. Энэ нь эргээд мөнгөн бус үр өгөөжтэй. Багш болох сэдэл төрүүлсэн бас нэг зүйл надад хичээл зааж байсан Ц.Батсүх багш маань зааж, судалж байгаа зүйлээсээ кайф авдаг нь сайхан санагдсан. Тэр багш шигээ мундаг болох сон гэж зорьдог.

-Багш хүний жаргалыг мэдэрсэн үе байв уу?

-Анхны шавь нартайгаа бараг л найзууд шиг байдаг. Тэднээс хүндлэл мэдэрдэг. Асуудал гарахад багшаа гэсэн сэтгэлээр дэмждэг. Шавь нар маань амжилттай явааг харах маш их кайфтай. Миний заасан зүйл хэрэг болж байгааг харах сайхан. Манай сургуульд багшилдаг шавь бий. Гадаадын хөрөнгө оруулалтын байгууллагад шинжээч, арилжааны банкууд, уул уурхайн компаниудад ажилладаг, хувиараа бизнес хийж байгаа шавь нар бий.Хааяа уулзахдаа тэднээсээ маш ихийг сурдаг.

-Та өөрийгөө хөгжүүлэхэд хэр их цаг зарцуулдаг вэ?

-Хагас сайнд бас хичээл ордог учраас бүтэнд сайнд амардаг. Багшийн том хариуцлага хичээлийн бэлтгэл. Зааж байгаа чиглэлээрээ маш сайн мэдлэгтэй байх шаардлагатай. Ганц ном уншаад болчихгүй. Бодит байдал дээр юу болж байгааг мэдэхийн тулд янз бүрийн судалгааны ажил уншдаг. Нэг хичээлийг нэг удаа бэлтгээд болчихгүй. Тасралтгүй хөгжих шаардлагатай.

-Та онол үзсэн хүн. Харин Монголын эдийн засаг тоглоомын дүрэмгүй гэж ярьцгаадаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Гэхдээ энэ байдал аажмаар өөрчлөгдөж байгаа. Маш олон жишээнээс харж болно. Хүмүүс боловсрохын хэрээр мэдлэгтэй, чадвартай хүмүүс нь бизнесийг авч явж таарна. Монголд ийм юм чинь гээд боловсрол олгохгүй байж таарахгүй. Дэлхийтэй хөл нийлүүлэх том зорилго бидэнд бий. Дэлхийн хамгийн том зах зээлийн дэргэд байгаа гэдэг утгаараа ирээдүйд бидэнд маш том боломжууд үүснэ. Түүнд бэлэн байх ёстой.

-Судалгаа их хийдэг үү?

-Сүүлийн жилүүдэд Монголбанктай хамтрах, Санхүү эдийн засгийн их сургуулийн өөрийн дотоод санхүүжилттэй судалгаа, бизнесийн байгууллагуудын захиалгат судалгаанууд дээр ажилласан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *