Categories
мэдээ цаг-үе

Хүрэлзгэнээр хийсэн талх худалдаанд гарлаа

Өнгөрсөн баасан гаригаас Финландад нэгэн шинэ төрлийн талхыг худалдаанд гаргасан юм. Тус улсын “Fazer” компани ийм нэгэн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхэллээ. Хүрэлзгэнийг хатааж нунтаглаад гурилтай хольж түүгээрээ талх хийжээ. Нэг талханд ойролцоогоор 70 ширхэг хатаасан хүрэлзгэнэ орно. Энэ нь талхны гурван хувь нь. Уншигч танд эвгүй санагдаж магадгүй. Тэгвэл нэгэн анхааруулгыг таны сонорт хүргэе. Нэлээд хэдэн жилийн өмнө НҮБ-аас зарим төрлийн шавьж хорхойг хүнсэндээ хэрэглэж байхыг зөвлөсөн баримт бичиг гаргасан байдаг. Энэ нь юуны түрүүнд таны эрүүл мэндэд ач тустай. Түүнээс гадна ирээдүйд хоол хүнс дутагдалтай болох магадлал өндөр тул асуудлыг шийдэх нэг арга зам хэмээн үздэг. Олон улсын байгууллагаас гаргасан уриалгыг хамгийн түрүүнд хүлээн авч амьдрал дээр хэрэгжүүлсэн улс бол Швейцарь. Энэ жилээс тус улсад ногоо, өтний хольцтой котлет худалдаанд гаргаж эхэлсэн. Ийм котлетыг худалдаанд нийлүүлсэн “Essento” компанийн мэдэгдсэнээр тус бүтээгдэхүүн нь өдөр тутам хэрэглэдэг хүнснээс ялгаагүй гэнэ.

Финландын “Fazer” компани нь энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжиж хүрэлзгэнээр талх хийж эхэллээ. Түүнийг их хэмжээгээр барьж авах нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаар хүртэл судалгаа хийжээ. Эрдэмтдийн ярьснаар энэ нь байгаль дэлхийд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Агаар мандалд хорт хий цацаж байгаа зэрэгтэй харьцуулахад энэ нь юу ч биш гэнэ. Тэгээд ч Ази, Африкийн орнуудад хорхой шавьжийг хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн уламжлалтай гэдгийг сануулсан байна.

“Fazer” компанийн захирал шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулахдаа хүрэлзгэнэтэй талх нь маш их уураг агуулсан болохыг онцолсон юм. Түүнээс гадна нэлээд хэмжээний протеин , В 12 аминдэм, төмөр, кальци гээд хүний биед ач тустай эрдэс бодисоор баялаг. Өнгөрсөн нэгдүгээр сард Бригам Янгийн их сургуулийн эрдэмтэд судалгаа хийж зарим хорхой, шавьжийг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэгээд ч хүрэлзгэнэ нь тахианы мах шиг амттай гэнэ. Ийм талх нь гурван еврогийн үнэтэй. “Fazer” компани нь Финландад 47 салбартай. Түүхий эд буюу хүрэлзгэнэ хангалтгүй байгаагаас одоогоор ердөө 11 салбартаа шинэ талхаа худалдаалж байгаа гэнэ. Гэхдээ ойрын ирээдүйд бүх салбартаа шинэ бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр төлөвлөжээ. Тиймээс хүрэлзгэнэ үржүүлэх чиглэлээр нэлээд анхаарах гэнэ.


6 replies on “Хүрэлзгэнээр хийсэн талх худалдаанд гарлаа”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *