Монголын багш эцэг эхийн холбооноос хэрэгжүүлсэн дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох шинэ сургалтын платформ Ярьдаг гар-1 CD-г өнөөдөр танилцууллаа. Тус төслийг Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засварлалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран хэрэгжүүлсэн аж. Нийтдээ 20 цуврал дохионы хэлний анхан шатны мэдлэг болох хичээлтэй энэхүү CD-ийг REC студийн залуучууд бүтээжээ. Мөн Канадын сангийн орон нутгийн төслийн хүрээнд шалгарч санхүүжсэн юм. Та бүхэн Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн боловсролын газар, 29-р сургууль, 186-р цэцэрлэгүүдээс “Ярьдаг гар” дохионы хэлний хичээлийг үнэ төлбөргүй авах боломжтой. Мөн youtube-т Ярьдаг гар-1 суваг дээр үнэ төлбөргүй тавигдсан байгаа аж.
Уг төслийг санаачлагч Э.Ариунзул “Хоёр жилийн өмнө судалгаан дээр ажиллаж байхад сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд чиглэсэн зүйл хийх хэрэгтэй юм байна гэдэг бодол төрж байсан. Жилийн өмнө яг энэ чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд уулзалдаад юуг, яаж хийх вэ гэж ярилцсан. Тэр үед энэхүү төслийн санаачилга гарч бэлтгэл ажил эхэлсэн. Канадын сангийн орон нутгийн төслийн уралдаанд оролцсон нийт 700 гаруй төслөөс 13-ийг нь шалгаруулсны нэг нь энэ төсөл юм. Энэ төсөл 9-11 сарын хооронд гурван сарын хугацаанд хэрэгжиж танилцуулагдлаа. Дохионы анхан шатны мэдлэг олгох зорилготой энэхүү төсөл нь бага насны хүүхдийн хөгжилд хэрэгтэй чадваруудыг оруулсан. Тухайлбал мэндлэх хүндлэх ёс, өнгө дүрс, тоо бодох, хувцаслах, ариун цэвэр мөн хооллох, цаг агаартай холбоотой бага насны хүүхдүүдэд хэрэгтэй чадваруудыг оруулсан байгаа” гэлээ.
Б.АМАРТҮВШИН