Categories
мэдээ нийгэм

Хятадын судлаачид Монголын түүхэн ном судруудыг цахим хувилбарт оруулжээ

ЗурагМонголын олон тооны түүхэн ном судрыг хадгалан хамгаалж, авч үлдэх зорилго бүхий цахим архивын хэд хэдэн төслийг Хятадын судлаачид хэрэгжүүллээ гэж “Шиньхуа” агентлаг мэдээлэв.

Түвдийн бурхны шашны “Ганжуур” судрын модон бараар хэвлэсэн, маш ховор монгол хувилбарыг сканердаж, зургийг нь авч байгаад цахим хувилбарт оруулсан гэж Хятадын Монгол хэл ба утга зохиолын ажлын хэсгийн орлогч дарга Чи Жиньюй мэдэгдсэн байна.

1720 онд модон бараар хэвлэсэн монгол “Ганжуур” судар нь 109 боть бөгөөд 50 сая үгтэй аж. Одоо үүнийг цахимаар унших боломжтой болсон байна.

Хятадад Монголын 200 мянга гаруй ном, баримт бичиг байдаг аж. Гэхдээ тэдгээрийн олонхийнх нь өнгө хувирч, хөгцөрч мууджээ. Хятадад монгол номуудыг уншигчид болон эрдэмтэн судлаачид тэр бүр олж уншаад байж чаддаггүй аж. Харин монгол судлаач Соёлт ярихдаа “Эртний ном судруудыг олонд түгээх хамгийн чухал арга бол тэдгээрийг цахим хувилбарт оруулах юм. Саяхан бид Монголын эртний олон ном судрыг цахим архивт орууллаа” гэжээ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд Хятадын Өвөр Монголын ӨЗО 120 монгол ном судрыг цахим болгож, нийтэлжээ. Мөн Хятадын баруун хойд нутгийн Ганьсу мужийн Баруун хойд нутгийн үндэстний их сургууль 10 мянга гаруй монгол үлгэрийг цуглуулж, мэдээллийн сан бий болгосон байна. Түүнчлэн Шинжаан Уйгурын ӨЗО-ы судлаачид тод бичгээр бичсэн 384 номыг цуглуулан эмхэтгэжээ. Энэ нь Хятадад буй тод бичгээр бичсэн бүтээлүүдийн цорын ганц эмхэтгэл гэнэ.

Хятадын найман мужид, тухайлбал Өвөр Монгол, Ляонин, Ганьсу, Шинжаан болон Хөхнуурт үндэстний цөөнх 6.5 сая орчим монгол хүн амьдарч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *