Categories
мэдээ нийгэм

ХДХВ бол элэгний В,С вирустэй адил вирусийн гаралтай өвчин юм

Хүний дархлал хомсдолын вирус бол элэгний В,С вирустэй адил вирусийн гаралтай өвчин юм.Вирусийн халдвар авсан хүн түүнийг насан туршдаа биедээ тээж явдаг байна. 2015 оны байдлаар дэлхийд ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа 36 сая хүн бүртгэгдсэн бол ДОХ-ийн улмаас жилд 1,1 сая хүн нас бардаг гэсэн үзүүлэлт байдаг. Хамгийн гол нь бэлгийн замын халдварт өвчин нийгмийн асуудал дагуулдаг нуугдмал нууц өвчин юм. Хэн нэгэн хүн ямар нэгэн ханиад, томуу авах, бөөр өвдөхөд хэнээс ч нуудаггүй. Гэвч бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн хүн ил тод хэлж чаддаггүй. Учир нь бусдаас санаа зовж бишүүрхдэг. Монгол улсад 1992 онд ХДХВ-ийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдэж байжээ. Тэдгээр хүмүүс өдийг хүртэл амьдарч байна. Тодруулбал ХДХВ-ийн халдвартай 13 ээжээс 19 хүүхэд төрөөд эрүүл саруул бойжиж байгаа билээ. Үүнээс харахад 1980-аад онд ХДХВ анх оношлогдож, эмчлэгддэггүй байснаас, үхдэг өвчин гэдэг ойлголтыг хүмүүсийн тархинд суулгаж өгсөн эмгэнэлтэй. Өдийг хүртэл энэ ойлголт нийгэмд ноёрхож байна. Гэвч ХДХВ-ийн халдвартай хүн, ДОХ-той хүн гэдэг бол хоёр өөр ялгаатай ойлголт юм. ХДХВ-ийн вирус тээгч эрт оношилгоонд орохгүй, эмчлүүлэхгүй явсаар ДОХ гэдэг өвчин болгож байгаа явдал нь харамсалтай. Тиймээс ХДХВ-ийг тээгч эрт оношлуулж эмчлүүлж эхэлбэл илүү урт удаан амьдрах боломжтой ажээ. Харин ДОХ болчихвол тусламж үйлчилгээ үзүүлэх боломж багасдаг байна. Халдвар тээгч үхэн гэсэн харанхуй бодлоос салах хэрэгтэй учир нь хэр удаан амьд явах нь тухайн хүний л гарт байна. Хэр эрт эмчлүүлж эхлэн төдий чинээгээрээ урт наслах боломжтой. Монгол улсын хэмжээнд нийтдээ 85 цэгт ХДХВ-ийн шинжилгээ хийгдэж байгаа боловч,ХДХВ-ийн халдвар авсан байх магадлалтай эрсдэлт бүлгийнхэн үүнд хамрагддаггүй ажээ. ДОХ нь зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, харин нийгэм болон хөгжлийн асуудал.Ямар ч өвчин туссан тэр бол хувь хүний нууц. Хэн ч түүнийг задруулах эрхгүй. Бас өвчин авсны төлөө хүнийг элдвээр гутаан доромжилж болохгүй. Харин цаг алдалгүй шинжилгээ өгөх нь зөв шийдвэр болно.ХДХВ/ДОХ-той хүмүүст удаан амьдрах боломж байна. Харин гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалт нь цаг алдалгүй эмчилгээ авахад хориг саад болдог. Хэнийг ч гаднаас нь хараад халдвар тээгч гэдгийг мэдэх боломжгүй.

Ямар замаар халдварыг авах вэ?

Уг өвчний халдвар нь ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох,халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх зэргээр дамждаг байна.Харин ХДХВ хүний биеийн гадна удаан амьдарч чаддаггүй учраас шүлс, нулимс, хоол хүнс, аяга халбагаар ,агаар дуслын зам /ханиах, найтаах зэрэгт шүлсээр/, шумуул болон бусад төрлийн хорхой шавж ,хамт амьдрах, ажиллах, суралцах,тэврэх, үнсэх, бассейн, халуун ус, бие засах газар зэрэгт орох зэргээр халдварлах боломжгүй ажээ. Гэхдээ шүдний сойз, сахлын хутга зэрэг арьс салст гэмтээдэг багаж хэрэгслийг хамтран хэрэглэх нь аюултай юм.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих ёстой. Өнгөрсөн онд ХДХВ-ийн халдвар авсан хүний 50 хувь нь гэр бүлтэй хүмүүс байжээ. Иймд зөвхөн халдвартай нь мэдэгдсэн цөөхөн хүмүүс рүү анхаарлаа чиглүүлэх биш, харин өөрөө хариуцлагатай байх нь ДОХ-оос хамгаалах хамгийн зөв арга юм.Мөн эцэг эхчүүд бэлгийн амьдралын талаар хүүхдүүдтэйгээ нээлтэй ярилцдаг байх хэрэгтэй. Бэлгийн замын дархлал хомсдолын вирусээр 20-29 насныхан ихэвчлэн өвчилдөг байна. Иймээс хүүхдүүд нэг нэгэндээ зөвлөх, ам дамжсан буруу ташаа мэдээлэл авснаас бэлгийн хавьталд орсны дараа угаахад бэлгийн замын өвчин авахгүй гэх олон буруу ойлголтой байдаг. Ерөнхий боловсролын сургуульд охид, хөвгүүдэд тус тусад нь Эрүүл мэндийн хичээл орох шаардлагатай байна.Дараагийн урьдчилан сэргийлэх арга бол бэлгэвч юм.Бэлгэвчийг буруу ашигласнаас халдвар авах тохиолдол элбэг аж. Хүмүүс хоол хүнс авахдаа л үйлдвэрлэсэн он, сар өдөр, дуусах хугацааг нь хардаг бол бэлгэвч авахдаа тэр бүр хардаггүй.Энэ нь бэлгэвч цоорч халдвар авах эрсдэл болдог. Иймээс бэлгэвч хэрэглэхээр шийдсэн бол хэрхэн зөв хэрэглэхийг мэдэх нь зүйтэй юм.

Цонх үе гэж юу вэ?

Халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл ойролцоогоор 3 сар (заримдаа 3-6 сар)өнгөрдөг. Энэ 3 сарын хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй байж болох тул ХДХВ оношлогдохгүй. Энэ үеийг “Цонх үе” гэж нэрлэдэг. Иймээс ямар нэгэн эрсдэлтэй үйлдэлд өртсөн бол 3 сарын дараа дахин шинжлүүлэх хэрэгтэй.Монгол улсад нийт бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 38,5 хувь нь ДОХ-ын үедээ оношлогджээ. Иймээс жилд нэг удаа шинжилгээнд орох нь амьд явах эрхээ эдэлж байна гэсэн үг юм.

Хүмүүс ХДХВ/ДОХ-ын талаар ямар ташаа ойлголттой байдаг вэ?

ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамт ажиллах, амьдрах, хооллох, асрах, тэврэлдэх зэрэгт халдвар авахгүй. Зөвхөн халдвартай хүний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл хүний биед нэвтэрсэн тохиолдолд л халдвар авна. ХДХВ-ийн халдвар аваад 20 жил болсон Б хэлэхдээ “Анх ХДХВ-ийн халдвартай болсон гэдгээ мэдээд эмчилгээнд хамрагдаж өдийг хүрлээ. Нэг ч удаа эмээ тасалж байгаагүй. Халдварын вирус арилж, дархлаа энгийн хүнтэй адилхан болсон. Одоо би нэг хүүхэдтэй цаашдаа ч дахиад нэг хүүхэдтэй болох бодолтой байгаа. Анх Монгол Улсад ХДХВ-ийн халдвар авсан эхний гучин хүнд үнэхээр хэцүү байсан. Олон хүмүүс машинтай араас нь хөөгөөд яг ямар хүн авав гэх жишээтэй. Хамгийн гол нь энэхүү өвчин авсан хүмүүсийг ингэж араас нь мөрдөж, нийгэмд бусдын адил хэвийн амьдралаар амьдрах итгэл найдварыг бүү алга болгооч гэмээр байна. Мөн ХДХВ-ийн халдвар авсан хүн маш хариуцлагатай байх ёстой. Тэгвэл та удаан амьдарч чадах болно. Монгол Улсад баяр ёслол маш их. Үүнийгээ дагаад архидалт их байдаг. Үүнээс болж халдвар авах эрсдэл ихсэж байна” гэсэн юм.

ХДХВ бол гэр бүлийн асуудлыг дагуулдаг учир хувиа хичээх өвчин биш юм. Магадгүй ирээдүйд бидний хүүхэдтэй амьдрах гэр бүлийн хүн энэ өвчнөөр өвчилсөн байвал яах вэ? Монгол Улсын хэмжээнд ХДХВ-ийн халдвар авсан 249 хүн бүртгэгдсэнээс энэ онд шинээр 24 хүн бүртгэгджээ. Эдгээр хүмүүсийн 50 хувин л эмчилгээнд хамрагдсан байна.

Би сэргийлж чадна

Харин та

Бид сэргийлж чадна

Харин та


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *