Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Ариунаа: Эдийн засгийн тогтворгүй байдлын гол шалтгаан нь төсвийн алдагдал, гадаад өр өндөр байгаатай холбоотой

Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, эдийн засгийн ухааны доктор Л.Ариунаатай ярилцлаа.

-Монгол Улсын 2018 оны төсөв батлагдсан. Алдагдал өндөртэй төсөв баталлаа. Мэргэжлийн хүний нүдээр харахад 2018 оны төсөв ямар багцаатай байна вэ?

-Манай улсын хувьд эдийн засгийг өсгөх, ажилгүйдлийг бууруулахад төсвийн бодлогыг илүүтэй хэрэглэж байна. Ерөнхийдээ хөгжиж буй орнуудад төсөв давамгайлсан бодлого хэрэгжүүлдэг, түүнтэй адил дүр зураг байна. Сүүлийн 10 гаруй жилд манай улсын төсөв тэлэх бодлого хэрэгжүүлж, төсвийн алдагдал өндөр байна. 2018 оны хувьд ОУВС-гийн тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд төсвийн орлого, зарлага болон төсвийн алдагдлын нийт хэмжээ нь уг хөтөлбөрт тусгагдсан дүнгээр батлагдсан. Мөн 2018 оны төсвийн зарлагын өсөлтийн 60 гаруй хувь нь халамжийн үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөгдсөн байна. Түүнчлэн улсын салбарт ажиллагсдын тоо 4000 гаруйгаар нэмэгдэхээр төсөвт тусгажээ. Засгийн газрын гадаад өр их хэмжээтэй байгаа. Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн хэмжээ нь ДНБ-ий 80 хувь, Засгийн газрын нийт өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн хэмжээ нь ДНБ-ий 101.3 хувь /ОУВС-ийн тооцоо/ байгаа нөхцөлд бол нэлээд их тэлсэн төсөв болсон. Бид энэ өрийн асуудлаа шийдэхийн тулд төсвийн орлогоо нэмэгдүүлэх, зарлагаа бууруулах эсвэл зарлагаа өсгөхгүй харин хуваарилалт, зарцуулалтын үр дүнг сайжруулах зарчмын томоохон өөрчлөлт хэрэгжүүлмээр л байгаа юм. Батлагдсан төсвийн баримт бичигт энэ талын бодлого, арга хэмжээ сайн харагдахгүй байна.

-Бүсээ чангалсан төсөв байх болов уу гэсэн хүлээлт байсан ч халамжийг дэмжсэн урсгал зардал ихтэй төсөв болсон талаар эдийн засагчид хэлж байна?

-Орлогоо нэмэгдүүлэхийн тулд зардал нэмэх бус тогтолцоогоо сайжруулах, бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй болгох замаар бизнесийн орчинг зохистойгоор бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал үндэсний бизнес эрхлэгчид ялангуяа жижиг дунд үйлдвэр, гарааны бизнесийн хувьд инновацийг нэвтрүүлэх тогтолцоог зохистой болгож урт хугацаандаа ашигт малтмалын үнийн хэлбэлзлийн эрсдлийг бууруулж тогтвортой орлогоо өсгөхөд анхаарах ёстой. Төсвийн зардлын төлөвлөлт, хэрэгжилтийг гүйцэтгэлтэй уялдуулах замаар хэмнэлт гаргах буюу хөтөлбөрөөр төсөвлөх аргыг 2008 оноос хойш хэрэгжүүлж байгаа хэдий ч тодорхой үр дүн гарахгүй байгаа. Энэ нь гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг зөв тодорхойлж чадахгүй байгаагаас үүдэлтэй гэдэг нь бидний судалгаагаар нотлогдсон. Тиймээс хөтөлбөрийн төсөвлөлтийн хэрэгжилтийг бодитой практик үр дүн гаргахад анхаарах хэрэгтэй. Төсвийн хуваарилалтын асуудал нь зах зээл болон шударга ёс хоёрыг холбогч нугас болдог чухал асуудал. Төсвийн хуваарилалтын зохимжтой тогтолцоог бүрдүүлэхийн тулд төсвийн зарлагын шинжилгээ буюу чиг үүргийн шинжилгээг 2-3 жил тутамд хийх хэрэгтэй. Энэхүү чиг үүргийн шинжилгээнд үндэслэн орлогын хуваарилалт болон төсөв хоорондын санхүүгийн шилжүүлгийг шийдсэнээр төсвөө үр дүнтэй хэмнэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төр засаг нь иргэндээ ойр болох, иргэд оролцох хянах боломж нөхцөл бүрдэнэ.

-Сүүлийн жилүүдэд Засгийн газар бонд гаргаж байгаа. Гаргасан бондыг банкууд худалдан авснаар эргээд иргэдэд зээл бараг гаргахаа больсон. Засгийн газар бонд гаргадаг нь инфляцийг өсгөх шалтгаан болж байна?

-Зээлийн хүү гэдэг бол нэг талдаа мөнгө зээлэх өртөг, нөгөө талдаа зээлийн үйлчилгээ болон зээлийн эрсдлийн нөхөн төлбөр юм. Тэгэхээр зээлийн хүү өсөх, буурахад зээлийн эрэлт болон нийлүүлэлт нөлөөлнө. Тухайлбал зээл авсан хүмүүс зээлээ төлж чадахгүй хойшлуулснаар муу зээлийн хэмжээ өсч зээлийн хүүг өсгөнө. Зээлийн хүүгийн хэмжээнд инфляцийн түвшин шууд нөлөөлнө. Инфляц өндөр байх нь хүүг өсгөнө. Засгийн газрын бонд гаргах хэмжээ нь мөнгөний бодлогоор дамжин зээлийн хүүд нөлөөлж болно.

-УИХ-аас инфляцийг бага байлгана гэсэн байгаа. Нөгөө талаас төсвийн алдагдлаа өндрөөр баталчихлаа. Зээлийн хүүг бууруулах талаар улстөрчид, эдийн засагчдын түвшинд хаа, хаанаа ярих боллоо. Өнөөдрийн байдлаас харахад зээлийн хүүг бууруулах боломж бий юу?

-Инфляцийг мөнгөний бодлогоор зохицуулан удирдана. Өөрөөр хэлбэл Монголбанк мөнгөний нийлүүлэлтийн хэмжээгээ зөв зохистой удирдах замаар инфляцийг тогтвортой байлгах, бууруулах боломжтой. Мөнгө бол эдийн засгийн хүчтэй машин. Тэгэхээр энэ машины тосолгоо арчилгааг тохируулах нь аль ч орны төв банкны үндсэн үүрэг юм. Манай орны хувьд санхүүжилт босгох эх үүсвэр нь үндсэндээ зээл л байна. Хувьцаа үнэт цаас гаргах, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа, даатгалын зах зээлийг илүү хөгжүүлбэл зээлийн хүү буурахад нөлөөлнө. Эрэлт, нийлүүлэлт хоёрын огтлолцол дээр зах зээлийн үнэ тогтдог. Тиймээс энэ зарчмаар л төр, засаг ажиллах ёстой. Тодруулбал, нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр үнэ тогтворжиж, эрэлтийг зохицуулдаг. Гэтэл манайд хэт туйлширсан тогтолцоо яваад байна. Ер нь аль ч салбарт зах зээлд хэдхэн том компани давамгайлах байр суурьтай байгаа юм. Түүнийг олигополь зах зээл гэж нэрлэдэг. Манай орны банкны зах зээл нь нэлээд олигополь шинжтэй. Тиймээс өрсөлдөөний бодлогоор энэ зах зээлд шударга өрсөлдөөнийг дэмжээд өгвөл зээлийн хүү буурна гэж бодож байна. Жишээлбэл үүрэн холбооны операторын үйлчилгээний зах зээлд нэг компани ажилладаг монополь байхад хичнээн хүн гар утас хэрэглэж ямар өндөр төлбөр төлдөг байлаа даа. Одоо олигополь өрсөлдөөнт зах зээлийн нөхцөлд үнэ төлбөр маш их буурч бараг хүн бүхэн гар утас хэрэглэх боломжтой болсон. Эдийн засгийн бодлого нь уг нийгмийн дэг журмыг тогтоох өөрөөр хэлбэл тоглоомын дүрмийг тогтоох, үйл явцыг зохицуулах болон эдийн засгийн бүтцийг тодорхойлоход чиглэх учиртай. Ер нь бол эдийн засгийн ерөнхий нөхцлийг бүрдүүлэхэд өрсөлдөөн, хөдөлмөрийн зах зээл, хүрээлэн буй орчны бодлого зэрэгт ихээхэн анхаарах хэрэгтэй.

-Зарим улстөрчид зээлийн хүү, хадгаламжийн хүүн дээр хязгаар тогтоох ёстой гэх болсон. Энэ зөв алхам мөн үү?

-Зах зээлийн зарчмаар үнэ тодорхойлогдож нөөцийн зохистой хуваарилалт хэрэгжих зайлшгүй нөхцөл нь шударга өрсөлдөөнтэй байх явдал юм. Тэгэхээр энэ зах зээл хэр өрсөлдөөнтэй байна гэдгээс хамаарч зохицуулалт явагдах учиртай. Хэрвээ монополь зах зээл байгаа бол үнийг хязгаарлах зохицуулалт хийх шаардлагатай. Манай орны хувьд эдийн засгийн дэг журмын бодлого тухайлбал өрсөлдөөний бодлогыг сайжруулах үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага байна. Ингэж чадвал зах зээлийн механизм гацаж доголдохгүй ажиллаж ганц зээлийн хүү гэлтгүй олон асуудлыг шийдэх боломжтой

-Хадгаламжийн хүү багасч, зээлийн хүүг бууруулах алхмыг хийснээр банкуудад эрсдэл үүсэх үү?

-Банкуудын үйл ажиллагаа идэвхжиж жинхэнэ утгаараа санхүүгийн зуучлалын үйлчилгээгээ сайжруулахад анхаарах байх. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авч эхэлсэн байгаа. Татварын төлөвлөгөө гүйцэтгэлээс харахад хадгаламжаа татаж өөр төрлийн хөрөнгөд байршуулах үйл явц эхэлсэн байна. Эдийн засгийн энэ идэвхжил нэмэгдэх байх гэж таамаглаж байна.

-Манай улс эдийн засгийн хямралд өртөх болсон шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?

-Макро эдийн засгийн тогтворгүй байдлын гол шалтгаан бол төсвийн алдагдал, Засгийн газрын гадаад өр өндөр байгаатай шууд холбоотой. Тиймээс бид өрийн таазыг зохистой түвшинд хүртэл аль болох орлогоо нэмэгдүүлэх, зардлаа өсгөхгүй байж төсвийн илүүдэл бий болгоход чиглэсэн төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Манай улсын төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн бодлого эмх замбараагүй явж ирсэн. Алсыг харсан бодлого хэрэгжүүлэхгүй байна уу даа?

-Төсвийн алдагдлыг бууруулж өрийн дарамтаас гарахын тулд төсвийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт нь тодорхой тогтсон дүрмээр явдаг байх хэрэгтэй л дээ. Тэрхүү дүрэм нь одоогийн байгаа нөхцөл шиг жил бүр өөрчлөгдөхгүй харьцангуй тогтвортой байх шаардлагатай. Харамсалтай нь манайд энэ байдал сул байна. Мөн төсвийн байгууллагын хувьд зардлын бүртгэл болон хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулах ажил хиймээр байна.

-Багш нарын цалинг нэмэх тухай яриа нэлээн өрнөсөн. Цалин нэмснээр боловсролын салбарт ахиц гарах уу?

-Багш нарын цалин бага байгаа гэдэгтэй санал нэг байна. Ер нь боловсролын салбарын бодлогоо шинэ түвшинд гаргах шаардлага байна. Ерөнхий боловсролын сургуулийн гүйцэтгэлийн гол үр дүн бол Монгол хүн төлөвшүүлэхэд чиглэх ёстой. Монгол хүн ямар ёс суртахуунтай, ямар ур чадвартай, соёлтой байх вэ гэдгээсээ эхлэх хэрэгтэй байх. Бусад орны туршлагыг судлах хэрэгтэй л дээ. Гэхдээ эхлээд монгол хүнээ судлах хэрэгтэй байх. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид яг ямар хүн болж гарч байна. Их дээд сургууль төгсөгчид дэлхийд өрсөлдөх чадвартай байж чадах уу гэх мэт бодитой судалгаандаа үндэслэж бодлогоо боловсруулах хэрэгтэй болов уу. Бид өнөөдөр сургууль, цэцэрлэгийн тоо хүртэхгүй байна гэх мэт анхан шатны хэрэгцээгээ ярьсаар 20 гаруй жил боллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *