Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүд, бизнес эрхлэгчдийг саатуулсан хэрэг энэ сарын эхээр гарсан билээ. Авлигын хэрэг, албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй тэднийг нийслэл Эр-Рияд дахь таван одтой “Ритц Карлтон” зочид буудалд хорьсон талаар мэдээлж байв. Их Британийн “Дэйли Мэйл” сонин саяхан энэ талаар мэдээлэхдээ Америкийн хувийн хэвшлийн нэгэн компани тэднийг эрүүдэн шүүж, мохоохыг оролдож байна гэжээ. Саатуулагдагсдын байрлаж буй “Ритц Карлтон” зочид буудлын гадна талд Саудын Арабын тусгай албад харуул хяналтаа чангатгасан байна. Гэвч үнэн хэрэгтээ зочид буудалд дээрх компани ажлаа явуулж байна гэжээ.
Харин “Academi” компанийн төлөөлөгч дээрх мэдээг няцааж, саатуулагдсан хүмүүстэй тус компани огт хамаагүй гээд “АНУ-ын хуулиар үүнийг хориглодог. Бид Саудын Арабт аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлээгүй. Тус улсын Засгийн газрын ба бусад албаны хүмүүстэй холбогдож байгаагүй” гэсэн тайлбар хийжээ. Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз аль Сауд арваннэгдүгээр сарын 5-нд Авлигатай тэмцэх дээд хороог байгуулах зарлиг гаргасан. Тус байгууллагын даргаар угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Саудыг томилсон. Тэрээр ажлаа авсан даруйдаа авлигын хэрэгт сэжиглэн 11 хунтайж, 30 орчим сайд асан, бизнес эрхлэгчийг саатуулах тухай тогтоол гаргасан байдаг. Гэвч дараа нь дээрх хэрэгт холбогдуулан 208 орчим хүнийг саатуулсан талаар мэдээлж байв.
Одоогийн байдлаар саатуулагдсан иргэдээс 194 тэрбум ам.доллар бүхий эд хөрөнгийг битүүмжлээд буй. Тэдний дунд дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг гэгдэх хунтайж Аль-Валид бен Талил, мөн Үндэсний гвардийн огцорсон сайд хунтайж Митаб бен Абдалла бен Абдель Азиз аль Сауд байгаа юм.
“Дэйли Мэйл”-ийн мэдээлснээр нийт хөрөнгө нь долоон тэрбум ам.доллараар хэмжигдэх хунтайж Аль-Валид бен Талилыг “Academi”-ийн ажилтнууд саатуулсны дараа хөлнөөс нь дүүжилж сүрдүүлж байсан талаар мэдээлжээ.