МАН-ын XXVIII Их хурал, Бага хурал энэ долоо хоногт болж өнгөрсөнтэй холбогдуулан Засгийн газар, байнгын хороодын хурал хойшлоод байсан. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр үдээс өмнө хуралдуулаад завсарлуулсан билээ. Харин УИХ-ын чуулган өнөөдөр хуваарийн дагуу 10:00 цагт эхлэх байсан ч одоогоор эхлээгүй, хуралдах эсэх нь тодорхойгүй байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Монголбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад асуудлыг үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэхээр байсан. Мөн Ерөнхий сайдын мэдээлэл 14.00 цагт товлогджээ.