Олимпийн наадам гэдэг бол гайхамшиг. Хүн төрөлхтний өөрсөндөө бүтээсэн үнэт зүйл бол олимп. Ямар ч ойлголцолд хүрэхгүй, зогсолтгүй үргэлжилж, дэлхий яахаа мэдэхгүй болтол дүрэлзсэн дайны галууд зөвхөн олимп эхлэх үед л түр зогсож байсан юм шүү дээ. Хэзээ үхэхээ мэдэхгүй тулалдаж буй хэдэн сая хүн олимпоо үзэх гэж тэр. Хоёр Солонгос өөд өөдөөсөө хараад инээдэг энэ гайхамшигт үйл явдалд дэлхийн 200 гаруй улс орон шашин шүтлэг, арьс өнгө, ядуу хоосон ялгалгүй ач холбогдол өгөн оролцож, олимп дээр бага ч болтугай эх орныхоо нэрийг дуурсгахыг хүсдэг. Монголчуудын мөнхийн хүсэл ч ийм л байлаа. Энэ хүсэл мөрөөдлийг нь биелүүлж өгсөн Н.Түвшинбаяр хүүд Монголын төр хамгийн дээд шагнал болох “Чингис хааны одон”-гоо олгож байна.
2008 оны зуны тэр халуун, хатуу өдрүүдэд Булган аймгийн Сайхан сумын малчин Найдан гуайн банди нийгмийн хувь заяанд нөлөөлсөн юм. Их зөөлрөл, дулаарал авчирсан юм. Долоон сарын 1-ний хар үйл явдал цааш үргэлжилсэн бол Монгол Улс юунд хүрэх байсныг хэн ч мэдэхгүй байсан. Ийм их хүйтрэлийн мөчлөг дээр Найдангийн Түвшинбаяр их дулаарал авчирч, ерэн онд нийгмийн хувьсгал хийх гэж 100 гаруй мянган хүн цугласан төв талбай дээр хоёр дахь удаагаа түүнээс их тооны монголчуудыг цуглуулж, хар өдрүүдийг марттал нь баяр хөөрт автуулсан билээ. Ердөө үүнийх нь төлөө монголын гурван сая иргэн түүнд гүн хүндэтгэлтэй ханддаг. Ингэх эрхтэй, үнэ цэнтэй хүн гэдгийг монголчууд мэддэг. Мэддэг учраас дээшээ гарсан нэгнээ доош нь татдаг монголчуудын муу зан түүнд нөлөөлдөггүй. Өнгөрсөн 10 жилд ганц Н.Түвшинбаярт л монгол хүн бүр хир халдаасангүй, түүнийг элдэв өнгөөр будсангүй. Тэр нэр хүндтэй, бусдын хайр хүндлэлийг татсан хэвээрээ л байна.
Боломжгүйн дундаас олимпийн аваргад хүрсэн түүний ялгуулсан замнал үнэхээр гоё. Тэр Булган аймгийн Сайхан сумын нутаг Хулжийн голоор нутагтай Т.Найдангийн отгон хүү. Ээж нь Д.Цэнд-Аюуш гэж алиа хошин зантай, гэгээ татуулсан хөгшин бий. Долоон хүүхдийн хамгийн бага нь болох Н.Түвшинбаяр ерэн оны сүүлээр хотод бөх болох гэж нэг модон хайрцагтай ирсэн нь үнэн. Түүнд ямар юмных нь амьдрах байр орон бэлэн байх юм бэ. Нутгаасаа бөх болохоор хамт ирсэн, өнөөдрийн улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Э.Энхбат хоёртойгоо хамт оюутны байрнаас эхлэн орцонд арай л амьдраагүй байх. Нийгмийн асуудал нь ийм хүнд тамирчнаа Монгол Улс “Монголын нэрийг дэлхийд дуурсга” гээд явуулсан. Монголчууд ийм л том зүрхтэй ард түмэн. Түүний Бээжингийн татами дээрх ялгуулсан ялалтын бичлэг өнөөдөр ч монголчуудад трэнд байсаар. Ажлынхаа амсхийх багахан чөлөөндөө компьютерынхаа ард түүний барилдааны торгон агшнуудыг үзсэн шигээ стрессээ тайлж суугаа Их сургуулийн том докторыг саяхан миний бие харсан. “Түвшээгийн ялалтуудыг харахаар амрах шиг болох юм” гэж тэр хэлсэн. Арван жилийн өмнөх ялалтууд өнөөдөр ч үргэлжилж, ард түмэнд баяр баясал бэлэглэсээр байгаа нь гайхамшиг биш үү. Ядарсан түмний минь зүрх сэтгэлд буй жаахан ч болтугай аз жаргал мөн биз дээ.
Ийм л сайхныг монголын нийгэмд бий болгох гэж тэрбээр өнөөдөр ч цаг наргүй хөдөлмөрлөсөөр. Түүнд хүмүүс төдийлөн анзаардаггүй гайхамшигтай чанарууд бий. Тэр бүтэн 24 цагийн нислэгээс 11.00 цагт буугаад, гэртээ очиж цайгаа уугаад л үдээс хойшхи 16.00 цагийнхаа бэлтгэл дээр яс зогсож байдаг. Тэр нийгмийн хариуцлагын хүрээнд томоохон арга хэмжээнүүдэд байнга уригдаж шөнө 4 цаг хүртэл оролцсон хэрнээ өглөөнийхөө 6 цагийн гүйлтэд явж л байдаг. Тэр өнөөдрийг хүртэл өндөр зэрэглэлийн тамирчныхаа формыг, хэмнэлийг нэг өдөр ч алдаж үзээгүй. Түүн шиг нэр хүндтэй хүн мэдээж өнөөдөр Монголд байхгүй. Монголын ямар ч аавын хүү дээр ажил хөөцөлдөөд ороход цааш гэх хүн байхгүй. Үүнийг нь ч ашиглах гэдэг хүмүүс мэр сэр бий. Тэр бүхэнд зарчимтай ханддаг. Хүн ёсны, хууль ёсны гуйлтад эр хүн шиг тус болдог. Ёс бус зүйлд тэрбээр өөдөөс нь хараад үгүй гэж хэлж чаддаг.
Булган аймгаас гурван түнтгэр бор хүүг “Авзага трейд”-ийн Мэндбаяр тэр жил авчирсан нь М.Өсөхбаяр, Э.Энхбат, Н.Түвшинбаяр гурав байлаа. Бөхийн мэргэжилтнүүд мань гурваас байгалийн өгөгдөл хамгийн бага, гол ясны бяр муутай, өнөө хоёрынхоо хаана нь ч хүрэхгүй гэж дүгнэсэн нь Н.Түвшинбаяр байсныг олон хүн мэднэ, одоо ч түүх болгон ярьдаг. Гэвч гайхамшигтай хөдөлмөрч чанар нь түүнийг дэлхийн тамирчин болгожээ.
Олимпийн аваргын төлөө барилдахаар гарахад нь түүнд юу хүч өгсөн гээч. Үнэнийг л хэлье. Дэвжээний зах дээр Женкогийн хэлсэн “Чи заавал алт ав. Чи бүгдээс илүү байгаа. Байр сууцны асуудал бүгдийг ах нь очиход чинь бэлэн болгоно” гэсэн үг шүү дээ. Монголын бөх л ганцаараа Бээжингийн олимп дээр ийм урам, хөшүүрэгтэй аваргын төлөө барилдсан байх. Мөн ч өрөвдмөөр, адармаатай түүх шүү. Тамирчдын маань нийгмийн эмзэг асуудал Н.Түвшинбаяраар маань л түүх болоосой. Тэр татами дээр эхний мөчөөс эхлээд тувт ажилласан, урагшаа явж барилдсан. Казахстаны бөхийг хачин царайлтал нь, яагаад ч тогтоохгүй юм байна гэж сэтгэл зүйн дарамтад ортол барилдсан. Мэргэжлийн бус тайлбараар бол хэвтээгээс өмсөх мэх хийсэн. Түвшинбаяр шиг цаг дуустал барилдаан хийдэг бөх тун цөөхөн юм.
…Н.Түвшинбаяр олимпийн аварга боллоо. “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээрээс монголд хэн ч танихгүй годгор банди Бээжин рүү ниссэн бол хэдхэн хоногийн дараа үндэсний баатар, алдар суугийн оргил, амьд домог болон Монголдоо газардлаа. Боломжгүйн дундаас нөр их хөдөлмөрөөрөө алдрын оргилд хүрсэн түүнд бүх зүйл үлгэрийн юм шиг санагдсан. Алдар хүндлэл, амлалт шагнал, авгай хүүхнүүд ч араас нь хошуурсан биз дээ, залуу халуун түүнд. Гэвч тэрбээр тэр бүхэн дунд хөвсөнгүй. Залуухан тамирчин, хоолтой хоолгүй, мөнгөтэй мөнгөгүй зүтгэн байх үед хамтдаа байж, халуун шөлийг нь бэлдэж, хөлстэй хувцсыг нь угаан, амьдралын төлөө хамтдаа зүтгэсэн Б.Оюунбилэг нь түүнийг онгоцны буудал дээр даруухнаар тоссон юм. Түүнд өнөөдрийг хүртэл эхнэр нь, дөрвөн хөөрхөн үр шиг нь үнэ цэнтэй зүйл алга. Тэр эр хүнийхээ хувьд илүү ч үгүй, дутуу ч үгүй, ийм л тайван сайхан амьдралтай хүн. Н.Түвшинбаярыг хүмүүс хамгийн баян хүмүүсийн нэг гэж боддог байх. Тийм юм байхгүй ээ, олимпийн аварга болох үеийн тэр их амлалт, шагнал байхгүй шүү дээ. “Мон-Уран”-ы Наранхүү л эр хүн шиг амалсандаа хүрсэн. Бидэнтэй л адил амьдарч байгааг нь нуулгүй нэг л жишээгээр хэлье. Саяхан олимпийн аварга маань эхнэртээ нэг жижиг машин лизингээр авч өгсөн. Үнэмшихгүй байх л даа, өнөө төрөөс өгдөг тамирчныхаа цалинг барьцаалж шүү дээ. Түүнд алдар хүндийн өндөр дээд эрэмбэ байгаа хэдий ч ард түмнийхээ дунд, адилхан л лизингдээд таваргаж явна.
Норвеги улс нэг олимпийн аварга бэлдэж гаргахын тулд дөрвөн жилийн хугацаанд нэг тэрбум доллар зарцуулдаг, Америк хагас тэрбумыг зориулдаг гэсэн улс орнуудын олимпийн зардлуудыг та нар уншсан байх. Н.Түвшинбаярт Монгол Улс хэдийг зарцуулсан талаар олж мэдэхийг хүссэн ч эцэстээ ичмээр мэдээлэл сонсоод орхисон. Өөр орны тамирчдад дуулгамааргүй юм билээ. Юу ч байхгүй цагаан тал дээр, айраг ууж, адууны мах голдуухан идсэн хөдөөний хүү, спортын ордон, хөлсний байр хоёрынхоо дунд автобусанд туулайчлан явж бэлтгэлээ хийсээр, дэлхийн сая сая тамирчдын мөнхийн хүслэн болсон Олимпийн аварга цолыг эх орондоо авчирчээ. Аваргаа ахин баталж олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл авчихаад сууж байна.
Монгол Улсын хувьд 1946 онд анх удаа ард түмний санал асуулга явуулж 99,9 хувиар тусгаар тогтнолоо баталгаажуулсан нь түүхэн үйл явдал, эв нэгдлийн дээд баяр хөөр болсон юм. Түүний дараа монгол хүн анх сансарт ниссэн баяр хөөр орно. Тэгвэл Н.Түвшинбаяр олимпийн аварга цолыг авчирснаараа сүүлийн дөчин жилд Монголыг огшоосон, эв эед оруулсан ганц хүн боллоо. Монгол Улсын хувьд ийм их үнэ цэнтэй хүн гэдгээ тэр өөрөө ч мэддэггүй байх. 2008 оны тэр хар өдрүүдэд Монголыг түвшинбаяртай болгосон ганц хүн мөн юм. Ийм замналыг туулж, ийм гайхамшгийг бүтээж, бахдам сайхан үлгэр дууриал болж яваа энэхүү хөдөөний бор хүүд Монголын төр, монголын ард түмэн хайртай байхгүй яах юм бэ. Тэр яг энэ цаг дор жүдогийнхоо зааланд даруухан инээмсэглээд зогсож байна уу, аль эсвэл Хулжийн голд өвөлжиж буй навсгар бор гэрийнхээ гадаа аав, ээждээ загнуулан өвлийн бэлтгэлийг нь базааж зогсоно уу. Ямар ч байсан тэр нэг иймэрхүү л ая дантай яваа байх. Харин монгол даяар “Чингис хааны одонг Н.Түвшинбаярт хүртээжээ” гэж шуугиад л…