УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та ТЕГ-ын дарга асан Б.Хурцын оролцсон “Цензургүй яриа” нэвтрүүлгийг үзсэн үү. Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд байхад нь та орж ирсэн юм уу. Хоёр Төрийн нарийн бичгийн дарга агсны гэр бүлийнхэнд нөхөн олговор авч өгөхийн тулд Б.Хурцад хаяглаж тэгж хэлсэн гэсэн. Үнэн үү. Тэр өдөр яг юу болсон юм бэ?
-Нэвтрүүлгийг үзлээ. Д.Эрдэнэбат даргын арын өрөөнд бүлгийн гишүүд цуглаж байсан нь үнэн. Нэр дэвшигч Б.Хурц шууд ороод ирсэн. Б.Хурц Д.Эрдэнэбат даргатай уулзах гэж орж ирсэн байх. Тэнд нэлээд их яриа болсон. Орж ирсэн даруйдаа Б.Хурц “Нэг намынхан биднийг эвгүй байдалд оруулж байна, Нямдоржийн барьцаанд оруулж байна” гэх мэтээр яриаг өдөж эхэлсэн. Ингээд юу болсон тухай тал талаас, хүн болгон өөрийнхөө өнцгөөс ярьж байгаа учраас би бичлэг гаргах нь зүйтэй гэж бодож байгаа.
-Б.Хурц, Ж.Батзандан хоёрын яриа зөрөлдөөд байна л даа. Ж.Батзандан гишүүн өөрөө эхлээд Б.Хурцыг “ална шүү” гэхээр нь зөрүүлээд “Ална шүү” гээд хэлсэн юм уу. Орон дотор хорлоно энэ тэр гэж яриагүй юм байна, тийм үү?
-Нэгнийгээ ална тална гэсэн асуудал бол хуулийн хариуцлагатай, тэр хүрээндээ шийдэгдэх ёстой. Надад гэрчээр оролцоорой гэсэн мэдэгдэл өгчихөөд байгаа. Би хуулийнх нь хүрээнд ярьж таарна. Энд одоо аль нэг талд нь орж байгаа юм шиг олон юм ярих хэрэггүй байх аа.
-Таныг пиар хийхийн тулд хоёр Төрийн нарийн бичгийн даргын нас барсан асуудлыг хөндсөн гээд ярих шиг болсон. Түүний ярьснаас үзвэл зөвхөн хувийн пиараа өсгөхийн тулд хүний нэр төрд халдсан байна гэж харагдахаар байна лээ?
-Энэ бол хүний ёс зүйтэй үл нийцэх үг. Тэр ярилцлагадаа үүгээр намайг пиар хийсэн юм шиг ташаа ойлголтыг олон түмэнд өгөхийг оролдсон. Үүнд би хамгийн их эгдүүцэж байгаа. Цаад талд нь тэр хүмүүсээ бодох хэрэгтэй. Хуулийн байгууллагууд хилсээр шалгах явцад тэр хүмүүс амиа алдсан. Тэдэнд ёс бусаар хандсан. Хамт шалгагдаж байсан хүмүүс бүгд гэм буруугүй болоод хохирлоо нөхөн төлүүлцгээсэн. Харин тэр хоёрыг өнөөдөр хэн цагаатгасан юм. Хэн уучлалт гуйсан юм, хэн хохирлыг нь нөхөн төлсөн юм. Ямар хүнд нөхцөлд, яаж байсныг нь би маш сайн мэднэ ш дээ. Өнөөдөр тэр байгууллагыг толгойлж байсан хүн Элчин сайдаар томилогдоод явах гэж байхад энэ асуудлыг тавихгүй юм бол чухамдаа харин ч би хүн ёсгүй хүн болно. Үүнийг би өөр өнцгөөс нь олон түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй гэсэн үүднээс хэлснийг пиар гэсэн үгээр буруу ойлголт өгөх гэж оролдож байгаа нь дэндүү увайгүй үйлдэл гэж хэлмээр байна.
-Түүнчлэн хойд Солонгосчуудтай уулзаж байхад онгоцны сэлбэг зарах асуудлаас болж хоёр хүн цаазаар авахуулсан гэдгийг дохиогоор үзүүлсэн тухай үзүүлж байсан. Тэр үнэн болж таарав уу, яав?
-Энд Хойд Солонгосын хоёр иргэнийг цаазлуулсан гээд л Их хурал дээр зарлаад байсан. Тэрийг нь нотлох ёстой шүү гээд би шүүхэд өгчихсөн байгаа л даа. Тэгсэн тэр ярилцлага дээр нэг сонин дохио үзүүлж байна лээ. Тэр дохиогоор чинь хүн цаазалсан гэж ойлгох юм уу, ажлаасаа хусуулсан гэж ойлгох юм уу, даргадаа бут авахуулсан гэж ойлгох юм уу. Сонин л дохио үзүүлсэн байна лээ. Ямар ч баримт байхгүй гэдэг нь ойлгомжтой л байна лээ шүү дээ. Тэгээд би хойд Солонгост хэдэн хүн цаазлуулдаг юм, тэр болгоныг надтай холбох юм уу гэж тэр утгаар бухимдлаа илэрхийлснийг бас мушгин гуйвуулж, эвлүүлж ярина лээ.
-Хойд Солонгосоос ирсэн 300 мянган ам.доллар эргүүлж төлүүлэх бичиг олдохгүй байна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ярьсан ч зургадугаар сард ирсэн бичиг нь энэ байна гээд харуулж байсан. Б.Хурцын ярьснаар тэр бичиг үнэхээр ирчихсэн юм биш үү. Гэтэл манайхан ирээгүй мэтээр булзаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн?
-300 мянган доллар гээд л яриад байгаа. Тэр бичгийг телевизээр анх үзлээ. Нэгдүгээрт, Элчин сайдаар томилогдох гэж байгаа хүн улс хооронд явж байгаа албан бичиг, албан ноот ямар байдгийг эрх биш гадарладаг болчихоод тийм бичиг ашиглаасай гэж хүсч байна. Тэр нэг сайн дураараа биччихсэн, хэнээс, хэн, хэзээ яаж өгсөн, шилжүүлсэн нь тодорхойгүй, төрийн ямар ч баримт бичгийг бүрдүүлэлт байхгүй ийм бичгийг хэн албан ёсны гэдэг юм. Үүнд Гадаад яам яаралтай анхааралдаа авч, БНАСАУ-ын талд тэр бичгийг шилжүүлж, албан ёсны тайлбар авах ёстой. Ялангуяа хүний эрхтэй холбоотой, хууль ёстой холбоотой, хүний ажил амьдралтай холбоотой ийм асуудлаар улс хооронд ингээд л сайн дураараа хүн ирээд бие биендээ бичиг бэлдээд, өгөөд явж байдаг ийм ёс гэж хаана ч байхгүй. Хоёрдугаарт, энэ бичгийн хугацааг харж байгаа биз. Энэ хэрэг явдал хэзээ боллоо. Яагаад энэ оны зургадугаар сарын 12-нд энэ бичгийг олж авсан бэ. Би тухайн үед чих дэлссэн юм. Яагаад гэвэл намайг тухайн үед Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад хэрвээ та Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа бол таны эсрэг нэг бөмбөг бэлдэж байгаа гэсэн чих дэлссэн яриа надад ирсэн. Би тэрийг нь тоогоогүй. Үнэндээ надад энд айгаад байх зүйл байхгүй учраас тоогоогүй. Тэр бөмбөг нь энэ л байж дээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл тэр хуулийн байгууллагад өгөөд л шалгуулчихгүй, хэзээ нэгэн цагт миний эсрэг ашиглана гэж халаасалж явж явж өнөөдөр гаргаж байгаа нь энэ юм байлгүй дээ. Инээд ч хүрэх шиг.
-Ц.Нямдорж сайдын үгээр Б.Хурцыг цагдаад өгөх бичгийг та үйлдэж байсан юм уу. Ц.Нямдорж сайд таныг бичиг өг гэж шахсан утгатай зүйл ярьж байсан даа. Үүнээс үзвэл хор найруулах маягийн юм явчихсан юм биш үү?
-Харин эсрэгээрээ. Би ингэж гүтгүүлчихээд, ийм гүтгэлгийг хаана ханддаг юм бэ гэж Их хурал дээр Ц.Нямдорж сайдаас зөвлөгөө авсан юм. “Энийг чинь одоо цагдаад өгдөг юм уу” гэсэн чинь “цагдаад өгч болноо, нэр төрөө бодож байгаа бол ийм юманд уддаггүй юм аа, түргэн шуурхай хандсан нь дээр шүү” гэдэг нөхөрсөг зөвлөгөө өгсөн. Үүнийг нь би тэр яриан дунд надад түргэн цаг алдалгүй цагдаад ханд гэж зөвлөгөө өгсөн шүү гэж хэлсэн. Энд бол ямар ч ёс бус юм байхгүй гэж харж байна. Ямар ч хор найруулах тухай асуудал энд байхгүй. Хэн ч намайг үүнд чиглүүлээгүй, угаасаа ч би хуулийн байгууллагад хандчихсан байгаа.
-Та бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд болсон уулзалтын бичлэгийг нийтэд дэлгэхийг Б.Хурцаас шаардсан. Тэр үед бичлэг хийж байсан болж таарав уу?
-Тухайн үед уулзалт болж байхад уулзалтын эхэнд биднийг гар утсаа унтраахыг шаардсан. Бодвол өөрсдөө бичлэг хийсэн учраас биднийг бичлэг хийх вий гэж хардсан байх. Тэрэнд надад эмзэглэсэн юм байхгүй. Харин одоо тэр бичлэгээ олон нийтэд дэлгэж гүтгэлгээ зогсоохыг л би шаардсан хэрэг.
-Та өөрийн твиттер хуудаснаа “Уулзалтын төгсгөлд Батзандантай орой архи уугаад аргална. Чи найзыгаа уучил. Би хэтрүүлсэн байна. Алдаагаа засна. 2020 онд намаасаа УИХ-д гарна дэмжээрэй гээд хоёр ч удаа гар бариад салсан хүн шүү дээ” гэсэн байсан. Танаас уучлалт гуйсан нь үнэн үү. Ярьж байгаа нь бол таныг л уучлал гуйсан мэт байсан л даа?
-Би болсон процесс яаж төгссөнийг л үнэнээр нь хэлсэн. Тэр бичлэгээ гаргаад үзүүлбэл тэр харагдана. Бие биенийхээ эсрэг дуу өндөрсгөж харилцан дайралт хийж, харилцан уучлалт үзүүлсэн нь үнэн. Миний ойлгосноор тэртээ тэргүй би хуулийн байгуулагаар яваад Б.Хурцад өгөх шийтгэл нь уучлалт гуйх л юм билээ. Тэгэхээр хуулийн байгууллагын эцсийн шийдвэр нь уучлалт гуйх юм байна гэж ойлгосон. Тэгсэн харин бүүр эсрэгээр гүтгээд, даажигнаад үнэхээр хүний ёсноос гадуур хандаж байна лээ.
-Б.Хурц 2020 онд Ардчилсан намаас Их хуралд нэр дэвшинэ гэж таны бичсэнээс ойлгосон. Нэр дэвших гээд таныг дэмжээрэй гэсэн юм уу?
-Бүлгийн дарга Д.Эрдэнэбат бид хоёроос тэгж хүссэн нь үнэн.