Categories
мэдээ цаг-үе

Ж.Лхамхүү: Хүмүүс драмын жүжгийн тасалбарыг бүтэн жилээр нь захиалаад авчихдаг байлаа

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Ардын жүжигчин Ж.Лхамхүүтэй ярилцлаа.

-Та Увсын Цагаанхайрхан сумынх байх аа?

-Өндөрхангайнх гэж явдаг. Хуучин Цагаанхайрханд байсан юм. Тэндээ долоон жилийн сургуулиа төгсөөд аймгийн төв рүү ирж арван жилээ дүүргэсэн. Тэгээд л хотод ирсэн.

-Урлагтай холбогдсон түүх гэвэл?

-Биднийг аравдугаар ангиа төгсөхөд буюу 1959 онд кино драмын анхны анги байгуулагдаж байсан юм, Улсын багшийн дээд сургуулийн дэргэд. Тэнд шалгалт өгөөд л тэнцээд орж байлаа. Ингэж л урлагтай хувь заяагаа холбосон. Мэргэжлийн жүжигчин гэгдэж Драмын театрт хуваарилагдаж байв.

-Мэргэжлийн жүжигчин болчихоод театрын тайзнаа бүтээсэн хамгийн анхны дүр тань гэвэл?

-Анхны жүжигтээ эрэгтэй хүний дүр бүтээж байлаа. “Энэ хүүхнүүд үү” кино чинь анх жүжиг байсан юм. Би Дуламсүрэнгийн дүрийг бүтээж байлаа. Анх “Итгэж болно” гэдэг нэртэй байсан л даа. Тэр жүжгийн гол дүрд тоглочихоод л шууд хөдөө бригадаар явж билээ. Миний гараа тэгж эхэлсэн.

-“Гологдсон хүүхэн” киноны тухай яривал гоё түүх хөвөрнө дөө?

-Тэр кинонд оюутан байхдаа, хоёрдугаар курстээ тоглосон юм. Бид чинь их олон юмны гэрч шүү. Энэ бүхнийг ярихаас өмнө Соёл, урлагийн их сургууль хаанаас эхтэй вэ, үүсэл нь юу юм бэ гэдгийг ярих нь зүйтэй байх гэж бодлоо. 1957 онд ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа гуай, манай энэ сургуульд олон жил багшилсан Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар багш, миний багш, Сүхбаатарын гэргий Янжмаад тоглодог гавьяат жүжигчин Ренчинноров гээд дандаа найруулагчид МУИС-ийн дэргэд найруулагчийн ангийг авч байсан юм. Өмнө нь Орост урлагийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байсан юм. Найруулагчдаас Ардын жүжигчин С.Гэндэн гуай, нөгөө “Үер” кинонд тоглодог, төрийн шагналт Л.Ванган багш, хөгжмийн зохиолчдоос С.Гончигсумлаа, Л.Мөрдорж гуай, Ц.Намсрайжав гуай, зураачдаас Ардын зураач Ц.Доржпалам гуай гээд бүгд л Орост бэлтгэгдсэн улсууд. Тэр байтугай балетийн бүхэл бүтэн хоёр ангийг хойно бэлдэж байлаа. Ингээд урлагийн мэргэжилтнүүдээ дотооддоо бэлтгэх шаардлагатай гэж үзээд 1957 онд найруулагчийн ангийг МУИС-ийн дэргэд, 1959 онд Багшийн дээд сургуулийн дэргэд дээд мэргэжилтэй жүжигчдийг бэлтгэж эхэлсэн юм. Тус оны наймдугаар сарын 12-ны Сайд нарын зөвлөлийн 331 дүгээр тогтоолоор анхны жүжигчдийг бэлтгэх анги бий болсон. Тэр ангийн анхны элсэгчид нь бид болсон юм. Ардын жүжигчин Д.Мэндбаяр, гавьяат жүжигчин С.Сэлэнгэ, Мягмар, Бужгар, Готов гуай, доктор, профессор Зориг энэ олон авьяастнууд тэр ангийг төгссөн юм. Тэгж явсаар 1990 онд Соёл, урлагийн сургууль тусдаа сургууль болж гарсан. Тэгээд л энэ сургуульд дуучин, бүжигчин, хөгжимчин бэлддэг болсон. Тэр цаг үеэс хойш 26, 27 жил өнгөрчээ. Тэгэхээр өнөө жил СУИС-ийн анхны мэргэжилтэй боловсон хүчин бэлдсэний 60 жилийн ой тохиож байна. Уг ойн баяр энэ өдрүүдэд эхэлж, энэ сарын 20-доос хойш гол гол арга хэмжээнүүд нь үргэлжлэх юм. Анх Багшийн дээд сургууль, МУИС-ийн дэргэд найруулагч, жүжигчний анги нээж байгуулагдаж байсан бол өнөөдөр томроод долоон бүрэлдэхүүн сургуультай том айл болчихоод байна даа.

-Урлаг их гоё, гэгээлэг л дээ. Гэхдээ урлагийн тогоонд байгаа хүмүүс нь өөрсдөө “Урлаг хэцүү” гэж их ярьдаг?

-Урлагийн мэргэжил сайхандаа сайхан, хэцүүдээ хэцүү. Жүжигчний ажил бол сайхан мэргэжил. Муу хийвэл муухай ажил. Муу хийнэ гэдэг нь авьяасгүй гэсэн үг л дээ. Авьяастай, өөрийгөө хөгжүүлээд, ажилдаа уран бүтээлч сэтгэлгээгээр хандаад явбал олонд танигдсан уран бүтээлч болдог. Ийм өндөрлөгт хүрэхийн тулд, ард түмнийхээ дунд нэртэй уран бүтээлч болохын тулд маш их хөдөлмөр, амьдралын золиос шаарддаг.

Бараг л амьдралаа хоёрдугаарт тавьдаг. Ерөөсөө л урлаг, уран бүтээл нэг номер. Хоёрдугаарт амьдралаа тавь гэж шаарддаг байлаа шүү дээ. Хоёрдугаарт амьдралаа тавь гэдгийг нь харгис гэж хэлж болно. Байнга л хамт олноороо байж, байнга уран бүтээлийн формтой байх ёстой болохоор хүүхэд гаргаад, тэднийгээ өсгөөд явна гэхээр өнөөх форм нь алдагдчих гээд байгаа юм шиг. Бусдаасаа хоцорчих гээд байдаг. Энэ бол урлагаа гэсэн сэтгэл л байхгүй юу. Урлагт дурласан сэтгэл. Сэтгэлгүй хүн энэ ажлыг хийхэд хэцүү.

-“Гологдсон хүүхэн” киноны тухай яриандаа эргэж оръё. Одоо үед тийм том киноны гол дүрд хоёрдугаар курсын оюутан тогловол “нисээд” л явчихна даа?

-Тэр үед бид чинь карьер мэддэггүй байсан байхгүй юу. Дөнгөж л гарч ирж байсан хүүхэд юун тэр нисэх. Их даруу байсан. Одоо бол “Би тийм дүр бүтээснээрээ цойлох ёстой, нэрд гарах ёстой. Би өөрийнхөө нэр төр, карьерийг өсгөх ёстой” гэдэг. Бидний үед тийм байгаагүй ээ. Манай киноны хичээлийг бас л Орост киноны найруулагчаар төгсч ирсэн Р.Доржпалам гэдэг хүн заадаг байсан. Тэр үед багш маань “Энэ хүүхнүүд үү” киног хийхгүй юу. Биднийг олны хэсэгт оруулаад л, жижиг дүр тоглуулаад л. Тэгэхэд манай ангийнхан олон кинонд тоглосон. Би чинь хөдөөнөөс ирсэн, улаан хацартай нэг муу охин байсан л даа. Тэгж явахдаа л “Гологдсон хүүхэн” кинонд тоглоод, Мэндбаяр, Мягмар, Сэлэнгээ “Энэ хүүхнүүд үү” кинонд тоглоод л. “Нүгэл буян” кинонд манай ангийн Дуламсүрэн тоглосон. Охиных нь дүрд. Ичинхорлоо гуайтай хамт тоглосон шүү дээ. “Алтан өргөө” киноны хараагүй охинд манай ангийн Норжмаа тоглосон юм. Ийм том кинонуудад манай ангийнхан оюутан байхдаа тоглоцгоосон. Тэгэхээр мэдээж, хоёрдугаар курсийн оюутнууд тэр дүрүүдээ өөрсдийнхөө байгаагаар ч юм уу, ахмад үеийн алдартнуудын тусламжаар хийж байсан. Д.Чимэд-Осор гуай гэхэд л “Гологдсон хүүхэн”-ийг найруулаад л өөрөө өртөөний өвгөний дүр тоглонгоо “За хүү минь ингэ, тэг” гэж удирдаж явсан болохоос биш урлагийнхаа номыг гүйцэт заалгаагүй бид чинь кинонд яаж тоглох аргаа мэдэхгүй. Тайзан дээрээ тоглох аргаа мэдэхгүй. Тийм л хүүхдүүд байлаа шүү дээ.

-Бусад хүний хувьд киноноос л хардаг, хүмүүсийн ам дамжсан ярианаас л сонсч байсан алдартнуудаар та бүхэн хичээл заалгаж, тусламж авч байсан гэхээр бахархмаар юм?

-Биднийг анх л сургуульд элсэн ороход хэн хэн шалгаж авч байсан гэж бодно. Ардын жүжигчин Нямын Цэвэгмэд, ардын жүжигчин Цагааны Цэвэгмэд, Булыгина Калара багш, бидний үндсэн багш Л.Ванган, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай гэсэн энэ алтан үеийн алдартнууд шалгаж авч байсан юм. Тэд бидэнд багшилдаг байсан гэж бод доо. Тэгээд хамтарч ажиллаж байсан. Түүх домог болон яригдаад байсан тэр үеийн хүмүүс мөн ч сайхан жүжигчид шүү гэж одооны хүмүүс их ярих юм. Дээр үеийн кино үзэх их дуртай. Дөнгөж сая л гэхэд би таксинд суутал жолооч нь “Та хэн билээ. Дээр үеийн кинонууд мөн ч гоё шүү” гээд л ярьж байгаа юм. Төгсч гараад л драмын театрт очиход бидэнд багшилж байсан Алтан үеийнхэн маань тосч аваад л кинонд хамтран тоглож эхэлсэн.

-“Нандин эрдэнэ” киноны хадам ээжийн дүр хүмүүсийн сэтгэлд хүрсэн дүрүүдийн тань нэг. Их л шуналтай муухай эмэгтэй дээ?

-Нэг л эсрэг дүр бүтээж байсан. Түүнээс бусдад нь дандаа сэтгэлзүйн, зөв талын сайхан дүрүүдийг бүтээж ирсэн. Ч.Лодойдамба гуайн “Гарын таван хуруу” жүжгийн Сүрэнгийн дүр байна. Олон сайхан дүрүүдээр тэр үеийн үзэгчдийн сайшаалыг хүртэж явлаа. “Нандин эрдэнэ” киног жүжиг байхад нь Дулмаагийн дүрд тоглож байлаа. Тэр Дулмаа чинь кинон дээрээ нугардаг хүүхэн шүү дээ. Жүжиг дээрээ тийм байгаагүй. Кино зохиол болгохдоо миний тэр тоглосон Сурмаа гэдэг ээжийн дүрийг бичсэн. Эсрэг талдаа дүр л дээ. Ухаандаа бэрээ хүүхэд гаргуулахгүйгээр нугардаг ажлаар нь ашиг олчих санаатай. Тэгээд хурим хийж байхад худынх нь зүүж байгаа алтан ээмэг, бөгж нь нүдэнд нь туссан. Тийм л роль, эмэгтэйчүүд, авгай нар сүүлийн үеийн нийгмээр дүүрэн. Тийм байгаа биз.

“Жаргал даахгүйн зовлон” киноны тэр хүүхний дүр байна. “Эзэнгүй айл”-ын Бүдүүн эмээгийн дүр ч байна. Тэр Бүдүүн эмээ зах зээл дөнгөж эхэлж байхад компанийн эзэнтэй охиноо гэрлүүлчих санаатай. Охиноо тэр хүнтэй л гэрлүүлчихвэл энэ зах зээлийн үед амьдарч болох юм байна гэсэн ойлголттой. Зах зээлийн зарчмыг бүрэн ойлгоогүй тийм л нэг эмэгтэй. Тэр “Жаргал даахгүйн зовлон” киноны эмэгтэй чинь нөхөргүй. Ханьтай хүний нөхрийг уургалж аваад өөртөө туслуулах санаатай. Эд чинь амьдрах гэж ядаж байгаа л эмэгтэйчүүдийн дүр. Тийм байгаа биз дээ.

-Нээрэн тийм ч юм уу?

-Тэгэхээр эднийг эсрэг бодоод байх шаардлага юу байна вэ. Амьдралд байдаг л дүрүүд ш дээ.

-Та 1977 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн билүү?

-Тэгсэн 1977 онд.

-Хэдэн настайдаа гэсэн үг үү?

-37-тойдоо. Ю.Цэдэнбал даргаас гавьяатын тэмдгээ авч байлаа. Ангиасаа хамгийн түрүүлж гавьяат болсон. Театрын тайзан дээр олон гол дүрүүдэд тоглочихсон байсан юм. Би их эрчтэй явчихсан л даа.

-Тэр үед манайхан драмын театрт очиж жүжиг их үздэг байсан л даа?

-Тэгэхэд Монголд жилд гурав дөрөвхөн кино л шинээр гардаг байлаа. Хүмүүс театрт жүжиг их үздэг байсан. Маш их шүү. Билет шахна гэсэн ойлголт байхгүй. Бүтэн жилээр нь тасалбараа захиалчихдаг байсан. Жишээ нь, “Гарын таван хуруу” жүжгийн тасалбарыг үзэгчид бүтэн жилээр нь захиалаад авчихаж байсан. Би тэр жүжигт өөрөө тоглож байсан юм чинь мэдэлгүй дээ.

Тэгээд үзэгчид “Тэр жүжигчнийг үзнэ”, “Тийм жүжигт тоглосон тэр жүжигчин” гэж их ярьдаг байлаа. Одоо бол жүжигчид, дуучид “Алга ташаарай”, “Дахиад нэг ташаарай” гэж гуйж алга ташуулдаг. Надад тэгэх нь их эвгүй санагддаг. Үзэгчид гэдэг чинь алга таших юман дээр өөрсдөө ташдаг. Уйлах юман дээрээ өөрсдөө уйлж, инээх юман дээрээ өөрсдөө инээдэг. Бидний үед хэзээ байхдаа үзэгчдээс гуйж алга ташуулж байсан юм бэ. Үзэгчид өөрсдөө л аяндаа бороо шаагих шиг алга ташаад шуухитнатал нусаа татаж уйлаад л. Өөрсдөө аяндаа элгээ хөштөл савж унатал инээгээд л. Бүр жүжиг дундуур алга ташдаг байсан. Тэгэхээр энэ бүхэнд ялгаа байна л даа. Нийгмээ дагаад уран бүтээлчид өөр өөрийн гэсэн үзэгчидтэй байдаг.

-Таныг тайзан дээр ид гялалзаж гавьяат цол хүртээд явж байхад шүтэн биширч байсан үзэгчид олон байсан нь мэдээж?

-Байсаан, байсан. Тэр үед арван жилийн хүүхдүүд их захиа илгээнэ. Цэргийн улсууд их захидал ирүүлнэ. Үзэгчдээс ч захиа ирдэг байлаа. Одоогоор бол мессеж юм даа. Гэртээ утастай айл тэр болгон байсангүй. Захиагаа дугтуйнд хийгээд “Драмын театрт. Жүжигчин Лхамхүүд” гэж хаяглана. Жижүүр дээр надад хаягласан захидал ирчихсэн л байдаг байлаа. “Таны жүжгийг үзлээ, амжилт хүсье. Их таалагдлаа. Танилцахыг хүсье” гэсэн захиа их ирнэ. Зөндөө ийм захиа ирдэг байсан.

-1980-аад оны сүүлээр нийгэм өөрчлөгдөж, зах зээлд шилжих үеэр урлагийн салбар унасан гэж болно. Их ч олон уран бүтээлч урлагаасаа хөндийрсөн дөө?

-Донсолгоонд орсон. 1990 оны өөрчлөлтөөр урлаг тэр чигээрээ хаягдчихсан ш дээ. Гэтэл тэр цаг үед хошин урлаг их хөгжсөн. Хошин урлагийнхан бор зүрхээрээ гарч ирсэн шүү. Социалист нийгмээр явж байгаад зах зээлийн нийгэм рүү шилжих явцад амьдрах аргаа хайж тэр их өөрчлөлт дунд янз янзын юм болж л дээ. Тэр болгоныг гаднаас нь гарахад инээдэмтэй байж. Урлагийнхан тэрийг онцгойлон хараад инээдмийн урлаг маш сайн хөгжсөн ш дээ. Би тэгж боддог юм.

-Та тэр үед хаана байв?

-Би театртаа байсан. Манай театрынхан тал тал тийш явж, зарим нь бүр гарсан. Би 1992 онд СУИС-д багшаар ирсэн юм. Ид хийж бүтээдэг ухаан суусан насан дээрээ би энэ сургуульд багш болж ирснээрээ хожсон л доо. Яагаад вэ гэвэл ард түмний хүүхдүүдэд 30 жил жүжиглэсэн арга барилаасаа зааж байна. Алтан үеийнхэнтэй хамт жүжиглэсэн арга барил надад тэр чигээрээ үлдчихсэн байна. Оросын мэргэжилтэн багшаар заалгасан урлагийнхаа номыг хүүхдүүддээ өгч байна. Хүнд чинь туршлага, арга барил гэж байна. Миний тухай нэг баримтат кино хийсэн байна лээ. Удахгүй гарах байх.

-Жүжигчид залуудаа тоглосон киногоо их голдог нь анзаарагддаг юм?

-Тухайн үед “Пээ” гээд л нүүрээ дарж буруу хараад ичдэг байсан бол одоо сүүлд нь харахаар “Энэ ч харин гайгүй юм биш үү” гэж харах гээд байдаг юм байна, заримдаа. Бас заримдаа “Ээ тэгэхэд ингэчихгүй яасан юм бол оо. Тэгчихгүй дээ” гэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *