Өнөөдөр Монгол банкны удирдлагууд өнгөрсөн сард Монгол Улсын эдийн засгийн салбарт гарсан томоохон өөрчлөлтүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Төв банкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил хэлэхдээ: “Сүүлийн саруудад эдийн засагт гарч буй эерэг үзүүлэлтүүдийг бэхжүүлэх, аливаа эрсдэлээс сэргийлж, иргэдийн ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад 2018 оны мөнгөний бодлого чиглэж байна. Энэ хүрээнд Банкны болон Төв банкны тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг 10 гаруй хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн” хэмээн онцоллоо.
Түүний дараа Монгол банкны Судалгаа, статистикийн газрын Статистикийн хэлтсийн захирал Б.Батсүрэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийлээ.Тэрбээр, “Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Монгол Улс 26 тэрбум ам.долларын гадаад өртэй байгаа юм. Тухайлбал, Засгийн газар 6.2 тэрбум, Монгол банк 1.9 тэрбум төгрөгийн өртэй бол хувийн хэвшлийн салбар 17.9 тэрбум ам.долларын өртэй байна. Харин эдийн засаг дахь нийт зээлийн үлдэгдэл 15.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар өссөн үзүүлэлт. Нийт зээлийн 49 хувь нь цалин, тэтгэвэр буюу иргэдийн, барилга, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл зэрэг хувийн хэвшлийн зээл 51 хувийг эзэлж байгаа юм” хэмээв.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авав.
-Банкны тухай хуулийн төсөлд зээлийн хүүг Монгол банк тогтооно гэсэн заалт бий. Үүнд Монгол банк ямар байр суурьтай байна вэ?
-Төв банкны зүгээс зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн боловсруулсан стратеги урт хугацаанд зээлийн хүүг хэрхэн бууруулах вэ гэдгийг нарийн тодорхойлох юм. Одоогоор тооцоо, судалгаануудыг хийж байна. Банкны салбараас гарч байгаа бүх зээлийн хүүг шууд тогтоох нь эдийн засагт маш том сөрөг үр дагавар авч ирдэг. Өөрөөр хэлбэл, эрсдэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй зээл өгөхөөс татгалзаж эхэлдэг. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт зогсоно. Улмаар ажлын байрны тоо ч буурна гэсэн үг. Тиймээс бид ипотекийн зээл эсхүл уул уурхайгаас өөр салбарын экспортыг өсгөхөд чиглэсэн стратегийн чухал салбарын зээлийн хүүг Монгол банк тогтоож болно гэж үзэж байгаа. Тиймээс хуулийн төсөлд “Монгол банк зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно” гэсэн заалт орсон.
-Төгрөгийн ханшийн уналтыг зогсоох чиглэлд Монгол банк ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
-Төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарч байгаа. Үүнд Монгол Улсад орж ирж буй гадны хөрөнгө оруулалт томоохон нөлөө үзүүлж байна. Төв банкны тухай хуульд “Монгол банкны үйл ажиллагааны үндсэн зорилт нь төгрөгийн ханшийн тогтвортой байдал байна” гэж заасан байдаг. УИХ-д өргөн барьсан шинэ хуулийн төсөлд “Үнийн тогтвортой байдлыг хангах нь Төв банкны үндсэн зорилт байна” гэж өөрчилсөн. Үнийн тогтвортой байдалд гол анхаарлаа хандуулснаар төгрөгийн худалдан авах чадвар, ханшийг хадгалах боломж бүрдэх юм. Нөгөөтээгүүр Монгол Улсын эдийн засаг уурхайн салбараас хамааралтай. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ хэлбэлзэхэд төгрөгийн ханш ихээхэн өөрчлөгддөг. Тиймээс эдийн засгийг төрөлжүүлэх нь төгрөгийн ханшийг хамгаалах гол ажил. Энэ нь ихээхэн хугацаа шаарддаг тул бид аль болох эрт эхлүүлэх хэрэгтэй байгаа юм.