Өнөөдөр уран зургийн галерейд “Шинжлэх ухаан технологи, инноваци-2017” үзэсгэлэн боллоо. Тус үзэсгэлэн нь жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт болдог уламжлалтай.
Энэ үеэр эрдэмтдийн бүтээсэн ном, товхимол, вакцин, оношлуур, биологийн идэвхит бүтээгдэхүүн, малын эм бэлдмэл, тэжээлийн ургамал, шинэ сорт зэрэг шинжлэх ухааны 200 гаруй нэр төрлийн бүтээл дэлгэгдсэн юм.
Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгээс таримал ургамал, төмсний шинэ сортыг 1959 оноос хойш гарган авч, нутагшуулж иржээ.
Тус хүрээлэнгийн жимс жимсгэнэ эмнэлгийн ургамлын эрдэм шинжилгээний ажилтан Б.Баттөмөрөөс энэ талаар тодрууллаа.
-Манай хүрээлэн Монголын хөрс цаг уурт тохирсон таримал ургамлын сортуудыг шинээр гарган, нутагшуулж, тарималжуулдаг. 1959 оноос хойш селекцийн аргаар 108 сорт гаргасан байна. Сүүлийн үед тариаланчдын эрэлт хэрэгцээнд нийцэж манай сортуудыг сайн гэж ам дамжин ярьдаг болсон. Дархан хотод 144, 131, 34 гэсэн сортуудыг тариаланчид өргөнөөр ашиглаж байна. Эдгээр сортууд улсын дундаж ургацыг 3.1 центнрээр ахиулсан амжилттай байна. Эрэлт хэрэгцээ ихтэй байгаа учир манай хүрээлэнд “Элит үр” хэмээх гарааны компани байгуулсан. Энэ гарааны компани нь манайхаас гарсан сайн сортуудын үрийг үйлдвэрлэдэг.
-Төмсний сортуудыг гаднаас аль болох хөрс цаг уурын хувьд Монголтой төстэй газруудаас манайд ургах боломжтой сортуудыг авчирч цуглуулдаг юм. Цуглуулсан сортын төмснүүдээ шалгаад ган, халууныг тэсч, хорхой шавжийг тэсвэрлэж өндөр ургац өгөх сортуудыг шалгаруулдаг. Сүүлийн үед шинээр гаргасан сортууд бол гала, солист, эсприт гэх германы сортуудыг шинээр нутагшуулаад байгаа.Эдгээр сортууд нь өндөр ургац өгдөг гэв.
Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Монгол орны ургамлуудыг судалж малд хэрэгтэй ургамлуудыг гарган авч таримал ургамлын үр болон тэжээл бэлтгэдэг аж.
Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Сүхбаатар ингэж ярилаа.
-Энэ үзэсгэлэнд манай хүрээлэнгийн зүгээс малын бэлчээр сайжруулдаг ургамлуудыг дэлгэж байна. Энэ чиглэлээр Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн 1974 оноос 2016 он хүртэл Монгол орны ургамал газар зүйн 15 тойргийг хамарсан 18 удаагийн экспидиц яваад нийтдээ 2240 ургамлын дээж цуглуулсан. Энэ ургамлууд нь малын бэлчээрийн ач холбогдол өндөртэй ургамлууд юм. Тус ургамлуудаас судалгаа хийгээд тарималжуулаад нийтдээ 1986 оноос хойш арваад сорт гаргасан. Энэхүү сортын үрүүдээр уул уурхайн нөхөн сэргээлт мал аж ахуйн бэлчээрийн нөхөн сэргээлт хийж хадлан малын тэжээл бэлтгэх бүрэн боломжтой. Монгол орны уур амьсгалд дасан зохицсон арван төрлийн сорт байна. Эдгээрийг малчид авч бэлчээрээ сайжруулаад, хашаандаа хадлан бэлтгэж малаа тэжээх юм. Үүнээс гадна гаргаж авсан сортуудаараа малын тэжээл үйлдвэрлэсэн. Нунтаглаад хорголжин тэжээл хийж, өвсний гурил бэлдээд төл мал, саалийн үнээ махны чиглэлийн үхэр зэргийг тэжээхэд тохиромжтой, амин дэмээр баяжуулсан тэжээлүүдийг үйлдвэрлэдэг. Дээрхи ургамлуудыг таривал байгалийн ургамлаас 40-50 хувь илүү ургадаг. Тарималжсан ургамлын онцлог нь юм. Байгалийн ургамлуудаас илүү ургадаг ургамлууд байгаа юм гэв.
“Гарааны монгол экологийн бордоо компани” нь олон төрлийн бордоог судалж шинжилж үйлдвэрлэлд нэвтрүүлдэг аж.
Тус компаний захирал Ц. Эрхэмбаяраас энэ талаар тодрууллаа.
-Гарааны Монгол экологийн бордо компани нь ХААИС-н дээд сургуулийн эрдэмтэн профессор Г.Чойжамц гэдэг хүний эрдмийн бүтээлээр компани болж үүссэн. Түүний бүтээл нь Монголд олон жил туршигдаж судлагдсан юм. Манай компани нь үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж Монголын ХАА газар тариаланд хувь нэмрээ оруулж байна. Мөн орканик болон эрдэс бордоонууд үйлдвэрлэдэг. Органик бордогоо малын бууц, сангаснаас үйлдвэрийн аргаар гаргаж авдаг. Эрдэс бордогоо Беларусын компаниас түүхий эдийг нь оруулж ирдэг. Манай бүтээгдхүүнүүд үйлвдэрлэлд нэвтрээд хоёр жил болж байна. Мөн Азот, кали, фосфор, эрдэс, органик гэсэн төрлийн бордоонууд гаргаж байна. Мөн хэрэглэгчид өөрсдийн захиалгаар бордо гаргуулж авах боломжтой гэв.
Б.АМАРТҮВШИН