Categories
мэдээ цаг-үе

Б.Агчбаяр: Миний уургач цагаан морь Очирваань бурхны унаа болж сэтэрлэгдсэн

Агчбаярын сэтэрлэгдсэн цагаан морины зураг одоо ч эзнийхээ хойморт бий

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн малчин Банзрагчийн Агчбаяртай уулзаж ярилцлаа. Агчбаяр гуай Буянт багийнхаа Засаг даргын албыг олон жил хашиж байсан, сумын алдарт уяач хүн аж.

-Отгонтэнгэр уулыг монголчууд эртнээс тахиж ирсэн шүтээн хайрхан гэдэг. Та энэ л хайрханы бэлд төрж өссөн хүн гэл үү?

-Би хүн болж хүзүү толгой холбосоор энэ л хайрханыхаа урд биед төрж, багаасаа цаст оргилыг нь харж, насан өтөл болтлоо эндээ л нутаглаж яваа хүн. Отгонтэнгэр хайрханыг 1700-гаад оноос тахиж ирсэн уул юм гэнэ лээ. Манай хошуу нэг тахьдаг, бас төрийн тахилгатай байсан гэдэг. Отгонтэнгэр уулын тухай нэг домог байдаг. Очирваань бурхан гээчийг нэгэн их хүчтэн Жагарын орноос нааш үүрч яваад даахгүй болохоороо цээжин биеийг нь энд авчирч тавьсан юм гэнэ лээ гэж аав ээж, өвөө эмээ минь ярьдаг сан. Дээр үед төрийн тахилгатай байхад нь Бадар хундаганы наана байгаа овоог тахьдаг байж. Тахьдаг лам нар нь хонины гүзээ авч явж тэрэндээ бие засдаг байсан юм билээ. Бүсгүй хүн тахьдаг овооноос цааш гардаггүй л гэдэг байсан. Тэр тахьдаг овооны тэнд дөрвөн хөлтэй, дал гаруй килограммын ширмэн бойпор байсныг аймгийн музейд тавихаар тавиад онд авч явсан яриа байдаг. Арц уугиулдаг тэр том бойпрыг тэмээгээр ачиж явахдаа хөлийг нь хугалчихсан юм билээ. Намайг дунд сургуульд байхад Отгонтэнгэр уулыг далайн төвшнөөс дээш 4031 метр гэж заадаг байсан. Гэтэл одоо 4009 метр гэх юм. Намдчихна гэж баймааргүй л юм.

-Уултай холбоотой дурсамж танд их байгаа даа?

-Жаран гурван онд Германы уулчид оройд нь гарсны дараа онгоц уналаа гэж хөгшчүүл ярьж байсан. Дөч гаруй хүнтэй онгоц осолдсон юм билээ. Унасан онгоцыг хайхаар Цог генерал гэдэг хүн баахан цэрэгтэй явж байна гэж байлаа. Тэр үед жигтэйхэн их манантай жил байсан. Нэг бороотой өглөө би хонь хариулаад явж байтал Отгонтэнгэр уулын урд талын Баян уул гэдэг өндөр улаан уулын хажуугаар тэр онгоц гараад явчихсан юм. Тэгэхнээ л тэр онгоц Отгонтэнгэрийг мөргөчихсөн юм билээ. Энэ Баян уул чинь сонгинотой, ар руугаа ус урсдаг, бас их өндөр хайрхан. Тэгэхээр их доогуур нисэж явсан онгоц байгаа юм. Тэр өдрийн нөгөөдөр нь болсон чинь машин техниктэй улс манайхаар ирээд “Үүгээр онгоц үзэгдэв үү” гээд асуудаг юм. Манайх тэр үед Баян уулын архан талд зусаж байв. Машинтай дарга нар ээжийг гаднаас дуудаад “Онгоц харсан гээд байгаа хүүхдээ гаргаад ир” гэж. А жаран ес гэдэг машинтай тэр улсад би онгоц харснаа хэлсэн. Бороохой нисгэгчийн барьж явсан ногоон онгоц гээч юмыг л эрээд байсан.

-Бас нэлээд эрж хайжээ, янз нь?

-Мөнх цас, асга хоёрын заагт далавч нь зоогдоод, толгой хэсэг нь хавцал руу шидэгдсэн байдалтай осолдсон нь олдсон байдаг. Тэр онгоцны осол баруун хавцалд болсон. Бурхан болоочид саяын уулчид зүүн ангал руу унасан байна лээ.

-Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн тахилгын үеэр Ерөнхийлөгч нар цагаан морь сэтэрлэж тавьдаг нь ямар учиртай юм бол. Таны нэг морь сэтэрлэгдэж байсан гэл үү?

-Пунсалмаагийн Очирбат гуай Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон. Түрүүний нь тахилгаар Банзрагч гэдэг хүний хурдан бор морийг эхэлж сэтэрлэсэн юм. Тэгэхэд доктор Х.Нямбуу гэдэг хүн сарын өмнө ирж төрийн тахилгыг яаж хийх ёстойг манай нутгийнханд болон Завхан аймаг, Отгон сумдын удирдлагуудад зөвлөгөө өгсөн. Тэгээд тэр цагаан морийг сэтэрлэсэн юм. Тэр нь хөгшин морь байсан. Дараагийн дөрвөн жил болж тахихад миний дөнгөж гүйцэж байгаа цагаан морийг сэтэрлэж байсан. (Хоймрын гүнгэрваан дахь бараан, цагаан хоёр морины зургийг заав. сур)

-Зургаан настай морь байсан юм байна шүү дээ?

-Тийм. Би тэгэхэд энэ Буянт багийн дарга байсан юм. Хэд хэдэн хүнд “Төрийн тахилга болох гээд байна. Цагаан морь өгөх арга байна уу” гэтэл их дурамжхан байна. Морь олдохгүй болохоор өөрийнхөө бор морийг барьж уясан. Тэрнээс хойш миний цагаан морь гурван төрийн тахилга өнгөрөөсөн. Ерөнхийлөгчид ариулсан хадаг уяад адуунд нь тавина.

-Та бор морио их нас хүртэл нь сойж уралдуулж байв уу?

-Уралдаж байгаагүй морь. Сайхан уургач адуу байсан. Соёолон наснаас морь хөөж уургач болгоод байлаа.

-Таныг сумын алдарт уяач гэж сонссон. Амжилт хэр байв?

-За, нэг их сүртэй том уяач биш шүү дээ, би. Сумынхаа наадмаас нэг түрүү, арваад айраг авч байсан даа.

-Төрийн тахилгатай, хайрханы хөлөгт эмээл тохож барихгүй биз?

-Сэтэрлэснээс нь хойш унаж барьж болох уу гэтэл “Эзэн хүн нь эмээллэж болно” гэсэн. Би хааяа “Уургач адгуус байсан юм даа, хөөрхий” гэж хөлсийг нь гаргаад тавина аа.

-Та ч тэгвэл Богд Очирваанийхаа хөлгийг унаж байсан хүн байна шүү дээ?

-Унаж байсаан. (Инээв. сур) Угаасаа уулынхаа өвөрт нэг сэтэртэй морь байх ёстой юм гэнэ лээ. Хөөрхий, хайрханы цагаан унаа маань ертөнцийнхөө жамаар өтөлж өнгөрсөн дөө. Бурхад чинь бүгд тус тусын унаа хөлөгтэй юм билээ ш дээ. Намсрай бурхан гэхэд ухаандаа халиун морь хөлөглөх учиртай. Очирваань бурхан цагаан морь хөлөглөдөг.

-Отгонтэнгэр уулыг нутгийнхан их олон янзаар нэрлэх юм аа?

-Бид Цагаан уул гэнэ. Ер нь Отгонтэнгэр гэсэн нэрийг нь хэр барагтай бол хэлэхгүй шүү. Цаст хайрхан, Цагаан хайрхан, Богдын өвөр, Очирваань хайрхан, Цагаан өвөө гээд хүн бүхэн л өөр өөрийнхөөрөө сэтгэлдээ сүлдлэн сүсэлж, сүү цайныхаа дээжийг өргөж байдаг юм. Манай хөгшин бол өглөө оройгүй дээжээ өргөнө шүү.

-Хайрханд мөргөхөөр очсон хүмүүс Бадар хундаганд мөнгөн аяга шидээд байдаг гэсэн. Энэ ямар учиртай юм бол?

-Дээр үед хошууны ноён уулаа тахихдаа мөнгөн мандаа, ембүү шиддэг байсан юм гэнэ лээ. Мөнгөн мандаа гэж хавтгай тавгархуу зүйл байсан гэдэг. Бадар хундага гэдэг чинь нэг ёсондоо Очирваань бурхны аягатай рашаан нь юм гэсэн. Энэ рашаан руу сүү, цагаан идээ өргөдөггүй. Ууландаа л цагаан идээ, сүү, цайныхаа дээжийг өргөдөг. Нутгаас хол яваа хүн нэг мөргөөд явахад гурван жилдээ ажирдаггүй гэсэн үгтэй. Сүүлийн үед л хүмүүс мөнгөн аяга шиддэг болсон юм гэнэ. Намар усны хаялгаар шидэгдсэн аягыг түүхээр буруу санаатнууд ч зорьж ирдэг болсон л гэх юм.

-Богд Очирваанийн их хөлөгч таны ажил үйл ч өөдрөг гэгээн байдаг байлгүй?

-Их хайрханыхаа ивээлээр амьдрал ахуй олноос дутуугүй сайхан л явдаг, хөөрхий. Би насаараа л Отгон сумандаа жолоо мушгисан хүн. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Адьшаажав гэж мундаг хүний тэргийг би долоон жил барилаа. Сүүлд найман жил багийн даргаар ажиллалаа. Гурван хүү, ганц охинтой. Охин Цогзолмаа Архангайн Багшийн сургууль дүүргэж, нутгийн хүнтэй гэр бүл болж тэндээ амьдарч байгаа. Гурван хүү Улаанбаатар хотод аж төрж байна. Ууган хүү Баянхалиун хувиараа аж ахуй эрхэлнэ. Дунд хүү Баяндорж Монгол Улсын Дээд шүүхийн жолоочоор ажиллаж байна. Бага хүү Баянбаатар маань Улсын хоёрдугаар төрөх эмнэлэгт эх баригч их эмчийн албатай. Очирвааниа шүтэж явахад амьдрал үргэлж өөдрөг гэрэл гэгээтэй л байна. Хүн аюул осолд өртөхдөө ээжээ дууддаг шиг манай нутгийнхан Богд Очирвааниа л дууддаг. Нэг хүн мориныхоо дөрөөнд чирэгдэхдээ “Ээж минь” гэж уулга алдаад хөл нь дөрөөнөөс салж байсан гэдэг.

Хад руу нүүсэн бас нэг хүн “Ээ, Очирваань минь” гэж хашгиртал хадны үе дээр тогтож байсан түүхтэй. Нутаг ус гэдэг цаанаасаа л эзэн хүнтэйгээ хүйгээр холбоотой байдаг юм байна. Хүн байтугай мал хүртэл нутагтайгаа хүйн салшгүй холбоотой байдаг гэдэг. Жараад онд Энэтхэгт аваачсан нэг цагаан азарга Монголдоо гүйгээд хүрээд ирсэн гэдэг яриа ч сонсогддог л байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *