Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын XXVIII Их хурал үргэлжилж байна

– МАН-ЫН ШИНЭ ДАРГА ӨНӨӨДӨР ТОДОРНО –

МАН-ын XXVIII Их хурал өчигдөр Соёлын төв өргөөнд өглөө 09 цагт эхлэв. Нийт 1309 төлөөлөгч оролцож байгаа. Гурван өдөр үргэлжлэх хурлыг нээж МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавив. Илтгэлээ тавихын өмнө хурлын тэргүүлэгчдийг есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр баталж, төвийн бүсийн тэргүүлэгчээр М.Энхболд, нийслэлийн бүсийн тэргүүлэгчээр Д.Амарбаясгалан, А.Ундраа, Ө.Энхтүвшин, хангайн бүсийн тэргүүлэгчээр Я.Содбаатар, говийн бүсийн тэргүүлэгчээр Н.Наранбаатар, Б.Сэмжидмаа, Б.Өлзийбаян, А.Женисхан нараар хурлыг удирдан зохион байгуулахаар батлав.

Ингээд мандатын комиссын илтгэл, Хяналтын ерөнхий хорооны тайланг сонссон. МАН-ын Их хуралд оролцохоор Баян-Өлгий аймгаас хүрэлцэн ирсэн 13 төлөөлөгчийг хасч, Улаанбаатар хотоос 30 төлөөлөгч нэмээд байсан. Үүнийг эсэргүүцсэн төлөөлөгчид хурлын зааланд ‘болъё’ хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн хашгирч, Баян-Өлгийн төлөөлөгчдийг Их хуралд оруулахыг шаардсанаар Баян-Өлгийн төлөөлөгчдийг оруулахаар болсон юм. Ингээд МАН-ын дарга М.Энхболдын илтгэлээс онцлон хүргэе. Тэрбээр “Манай намын гол үнэт зүйл бол эв нэгдэл юм. Энэ үнэт зүйлийнхээ ачаар л бид түүхэн цаг хугацааны туршид алдаж оносон аливаа бүхнээ зөв дүгнэн, оновчтой шийдэж ирсэн уламжлалтай. Бусад улс төрийн хүчинтэй харьцуулахад эв нэгдлээ үнэт зүйл болгосон нь бидний маргашгүй давуу тал. Манай намд улс төрийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байна. Сонгуулийн үр дүн нь зөвхөн нэр дэвшигчийн хувийн амжилт биш, нам хэмээх үндэсний хэмжээний байгууллагын бодлогын ялалт, хамтын хүчин чармайлтын үр дүн байдаг. Гишүүд, дэмжигчидтэйгээ ямагт хамт, ойр байх зарчмыг лоозогнолоос салгаж, энгийн бодит үйл ажиллагаа болгох нь шинэчлэлийн чухал зорилтын нэг юм. Намаа засах, шинэчлэх түүхэн тодорхой шийдвэрийг энэ Их хурлаараа Та бид гаргаж, намын нийт гишүүд, дэмжигчдийнхээ өгсөн даалгаврыг биелүүлэх учиртай. Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, улс төрийн тогтвортой байдал, Засгийн газрын хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүх талаар хангах зарчмыг бид тууштай баримталбал зохино.

Сөргөлдөж тэмцэлдэхийг хойш тавьж, гар нийлэн ханаа дугуйлж, санаа нийлэн тоосгоо өрж байж л өргөө гэрээ босгож чадна” гэх мэтээр эв нэгдлийг сахих тухай үгийг голчлон илтгэлдээ дурдсан. М.Энхболдын илтгэл цаг орчим үргэлжилсэн бөгөөд МАН-ын даргын албыг хоёр удаа хашиж ажилласан тайлан, 2012-2016 онд цөөнх болж, сөрөг хүчнээр ажилласан болон 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалт, Ерөнхийлөгчийн сонгуульд гурван удаа дараалан ялагдсан зэргийг тэрбээр илтгэлдээ онцолж байв. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлийг сонссоны дараагаар 12 цагт төлөөлөгчид завсарлага аван гадагшаа гарч Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн олуулаа дурсгалын зургаа татуулсан юм.

Энэ өдрийн хуралдаанаар намын дүрмийн шинэчлэл, мөрийн хөтөлбөрийг голлон хэлэлцэх бөгөөд маргааш өдөр нь буюу өнөөдөр МАН-ын даргад нэр дэвшигчдийг дэвшүүлэн санал хурааж намын даргаа тодруулах юм. МАН-ын даргад өрсөлдөхөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Дэмбэрэл нар нэрээ дэвшүүлж буйгаа олон нийтэд зарласан байгаа.

Заалнаас нэр дэвших эрх бий бөгөөд Ж.Энхбаярыг нэр дэвшиж болзошгүй гэсэн яриа дуулдаж байв. Мөн тус намын гишүүн “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн г.Майцэцэг намын даргад нэрээ дэвшүүлж буйгаа илэрхийлж, хүсэлтээ хүргүүлсэн гэх боловч г.Майцэцэг энэ өдөр Их хуралд оролцохоор ирсэн ч дотогшоо нэвтэрч чадаагүй. Түүнийг мандатгүй тул Их хуралд оролцох боломжгүй байна гэдгийг хурал зохион байгуулагчид мэдэгдэж байв. Харин “Exclusive“ компанийн захирал г.Майцэцэг “Намайг хүрээд ир гэж дуудсан. Би дотогшоо хурал руу орох шаардлагатай байна” гэдгээ хэлж байлаа.

МАН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧИД ИНГЭЖ ЯРИВ

МАН-ын Их хурал хаалттай болж байгаа бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэлийнхэнд мэдээлэл өгөөгүй бол бусад нэр дэвшигчид нэр дэвшсэн шалтгааныхаа талаар ингэж ярив.


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: -Их хурлаар яригдах хамгийн гол асуудал бол намын боловсон хүчний асуудал юм. Манай нам бол өөрийн гэсэн үзэл баримтлалтай. Энэ удаад гишүүдийн байр суурьт тулгуурлаж гол шийдвэрийг гаргана. Миний хувьд боловсон хүчний бодлогын алдаа, өмнө нь ямар алдаа гаргасан бэ гэдэгт дүгнэлт хийнэ. Алдагдсан үнэт зүйлээ сэргээх нь шинэ зүйл хийхээс илүү гэж үзэж байна. МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл: -МАН-ын хувьд хариуцлагатай Их хурал болж байна. Хэдийгээр бид олонх болсон ч намын рейтинг байнга унаж байна. Дээр нь 65 эрх ашиг хөөж явсаар байгаад хоёр хуваагдсан. Ийм үед намынхаа эрх ашгийг бодох уу, улс орныхоо эрх ашгийг бодох уу, эсвэл 32,33 гэсэн хоёр том бүлэглэлийн эрх ашгаар явах уу гэдгийг өнөөдрийн хурлаар шийдэх ёстой. Хоёрдугаарт, МАН шинэ бүтэц зохион байгуулалтад орох шаардлагатай. Жишээ нь Удирдах зөвлөл 33 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг ч өнөөдрийн нөхцөлд энэ бүтэц тохирохгүй байна. Тиймээс бид энэ намынхаа Удирдах зөвлөлийг 10-20 хүнтэй болгох ёстой. Нэгэнт намын дарга, Удирдах зөвлөлдөө итгэл үзүүлж байгаа бол эрх мэдлийг төвлөрүүлэх ёстой. Намынхаа удирдлагад шантааж хийдэг идээ бээрээсээ МАН салах ёстой. МАН-ын гишүүн Г.Майцэцэг: -МАН бол хамгийн ардчилалтай нам юм. Би бол жирийн иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа намын даргад нэр дэвшихээр шийдсэн. Монголын эмэгтэйчүүд нуруун дээрээ маш их ачааг үүрээд явж байна. Гэтэл эрчүүдийн байр суурь түүнээс дээгүүр байдаг ч эв нэгдэлгүй харагдаад байгаа юм. Хэрэв би МАН-ын дарга болох юм бол өнгөрсөнтэйгөө зууралдаж, хэн нэгэнд хариуцлага тооцохгүй. Яагаад гэвэл манай намын лидерүүд чин сэтгэлээсээ зүтгэж байсан гэдэгт би баттай итгэж байна. Харин ч өнөөдрөөс илүү маргаашийг харж ажиллах болно. Би 2010 онд МАН-д элссэн. Зорилго нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх байсан. Тиймээс Баянгол дүүргийн 120 дугаар үүрийн гишүүн болсон. Түүнээс өмнө өөр намд элсэж байгаагүй гэв.

МАН-ын 28 дугаар Их хуралд оролцож буй төлөөлөгчидтэй уулзаж байр суурийг нь авсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -Одоо мөрдөж буй намын дүрмээр бол “Хэрэв нам нь сонгуульд ялах юм бол Ерөнхий сайдыг намын даргад нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг. 2016 онд энэ дүрмийн заалт зөрчигдснөөр дараа дараагийн зовлонгууд гарч ирсэн. Намын дарга гэдэг хүн сонгуульд оролцохдоо ирэх дөрвөн жил хийж хэрэгжүүлэх намын мөрийн хөтөлбөрөө боловсруулж эргээд ард түмэндээ тайлангаа тавьдаг. Ерөнхий сайд нь намын дарга болдог энэ жишгийг дагахгүй л бол цааш явахгүй. Энэ утгаараа би Ерөнхий сайдад боломж олгон нэр дэвшихээс татгалзсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш амаргүй давааг туулж ирлээ. Янз янзын хөдөлгөөн хийгдэж байгаа нь алдаа дутагдлаас ангижирч, элдэв бусармаг үйлдлээс ангижрах зорилгоор явагдаж байгаа юм. Энэ удаагийн Их хурлаар шинэ дарга сонгогдоно, Ерөнхий нарийн бичгийн дарга, Бага хурал, Удирдах зөвлөл гээд шинэ бүрэлдэхүүнтэй болно. Удирдлагын шинэ баг гарч ирж байж шинэчлэл хийгдэнэ. Удирдах зөвлөлд одоо 30 гаруй хүн байгаа. Тоог нь өөрчлөх байх, мөрийн хөтөлбөрийг өөрчилнө. Ер нь энэ намын шинэчлэлээс энэ улсын цаашдын хувь заяа харагдана. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд: -Энэ хурал эв найрамдлын хурал болох учиртай. Хурлаар намд тулгамдаж байгаа асуудал, шинэчлэлийн зорилтуудыг ярилцдаг. Эрх баригч нам дараагийн жилүүдэд ямар бодлого барих, улс орны хөгжлийн бодлогын талаар ярилцдаг. Бидэнд нийгэм, эдийн засаг, санхүүгийн шийдвэрлэх асуудал их байна. Намаа шинэчлэх, дүрмээ шинэчлэх шаардлага байна. Бид эрх баригч хүчин учраас намынхаа мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр, сонгуульд тусгасан амлалтуудтай уялдуулж боловсруулах ёстой. 2020 онд ялалт авч ирэхийн тулд, ард түмний өмнө амласан амлалтаа биелүүлэхийн тулд тогтвортой байдал эв нэгдлийг хангах нь өнөөдрийн яригдах гол сэдэв байх болно. УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Д.Оюунхорол: -Намын үнэт зүйл бол боловсон хүчний бодлого байдаг. Улс төрийн нам бэхжиж, төлөвшихийн тулд боловсон хүчний бодлогоо шатлан дэвших зарчмаар явуулах шаардлагатай. Их хуралд хүрэлцэн ирсэн 1300 төлөөлөгч ч мөн адил ийм хүлээлттэй байгаа болов уу. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал: -Намын даргын илтгэл маш сонирхолтой илтгэл байлаа. Цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа намын боловсон хүчний асуудлыг хөндөж тавилаа. Хэн нэгэн гэнэт гарч ирээд намын нэрээр төрийн өндөр албан тушаал хашдаг. Энэ нь гишүүдийн итгэлийг алдагдуулдаг, төрийг эргээд муухай харагдуулдаг. Боловсон хүчний ажиллах жил, үнэлэмжийг тооцдог болох тухай хөндсөн нь сэтгэлд нийцлээ. Манай Баянхонгор аймгаас 38 төлөөлөгчид ирж оролцлоо. Энэ хурлаар намын шинэчлэл хийгдэнэ гэдэгт итгэж хүлээж байна. Өнөөдөр 1300 гаруй төлөөлөгчид хариуцлагатай сонголт хийж намын даргаа сонгоно. Засгийн газрыг, намыг нэгдсэн удирдлагаар хангах бодлогын шийдвэр гаргах нь зүйтэй. Намын дарга нь Ерөнхий сайд байх зарчимд нийцнэ. Хэрэв өөр байдлаар шийдвэр гарвал эргээд Засгийн газраа унагах аюулд хүргэж, цаашлаад УИХ тарахад хүргэх вий гэсэн эмзэглэл байна. Үүнийг бодолцож төлөөлөгчид шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Уул уурхайн сайд асан Д.Зоригт: -Дөрвөн жилд болдог намын их хурал бол намын даргыг сонгох нь гол биш намыг шинэчлэх, дэвшиж хөгжүүлэх асуудлыг хөнддөгөөрөө гол онцлогтой. Төр өнөөдөр тогтвортой ажиллах хэрэгтэй байна. Төр тогтвортой байхын тулд нам нь тогтвортой, эв нэгдлийг хангасан байх шаардлагатай. Үүрийн гишүүтэй уулзахад энэ Их хурлаараа үл ойлголцол маргаанаа нэг мөр зогсоогоорой гэдгийг намын олон гишүүд хэлж байна. Тиймээс эв нэгдэл, тогтвортой байх нь маш чухал юм гэв. МАН-ын Их хурал түр завсарлаад эргээд орсон. Үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.раднаасэд “МАН-ын дүрмийн шинэчлэл”-ийн талаар “Дүрмийн өөрчлөлтийн хүрээнд найман чиглэл 50 гаруй зүйл заалтыг өөрчилж байгаа. Тоймлоод хэлэхэд шийдвэр гаргах түвшинд намынхаа анхан шатны гишүүдийг оролцуулдаг байх зохицуулалт хийнэ. Удирдах зөвлөл болон Хяналтын хорооны гишүүдийн тоог багасгана. Хариуцлагатай, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэл тусгасан. Улс төрийн намын санхүүжилт хаалттай байна. Үүнийг дагаад авлига хээл хахууль авдаг гэж яригддаг. Өнөөдөр МАН-ын санхүүжилтийн үйл ажиллагааг журамд оруулж, тэрхүү журмыг Бага хурлаар баталснаар намын санхүүжилт ил тод нээлттэй болох нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн намын гишүүдийн ёс зүйн асуудалтай холбоотой шинэ бүтцийг бий болгож оруулж ирлээ” гэв. Үүний дараа УИХ-ын гишүүн С.Бямбацогт “МАН-д шинээр элсэх гэж байгаа гишүүн энэ намыг ямар үзэл баримтлал, ямар бодлого, үнэт зүйл, үзэл санааг баримталдаг вэ гэдэг талаас нь мэдэх ёстой юм. Намын гишүүн болсон бол ямар зарчим баримтлах ёстой вэ гэдгээ зарлаж, түүнийхээ төлөө зүтгэх учиртай. Энэ удаагийн намын мөрийн хөтөлбөрт бид орчин үеийн үзэл санааны суурь үндсийг илүү тодорхой болгох нь зүйтэй гэсэн чиглэл баримталж байгаа. Энэ утгаараа хүн төвтэй намын бодлого үзэл санааг шингээж өгөхийг зорьсон” гэв. Үүний дараа Их хурлаас гарах уриалгын талаар хэлэлцсэн. Албан ёсны илтгэлүүд явсны дараагаар хуралд оролцож буй төлөөлөгчид асуулт асууж санал хэлэх явц эхлэв. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр асуулт асуусны дагуу харилт өгсөн. Намын дүрмийн өөрчлөлт оруулахад намын эмэгтэй гишүүд бойкот хийж эмэгтэйчүүдийн квотыг 25 хувь байсныг 30 хувь болгон нэмэгдүүлэх санал гаргасан нь нэлээн их дэмжигджээ. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүд нь намын дарга байхыг эсэргүүцсэн санал гарчээ. Намын хариуцлагыг сайжруулах тухай нэлээн яригдсан байна. Намын боловсон хүчний бодлого буруу явж байна. Өнгө мөнгийг харж, хэн ч таньж мэдэхгүй хүмүүс нэр дэвшиж дарга болдог боллоо гэх шүүмжлэл нэлээн яригджээ. Хурлын уур амьсгалаас харахад МАН-ын даргад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж буй нийт төлөөлөгчдийн 60 хувьтай байгаа бол нэр дэвшигч Д.Хаянхярваа дээр үлдсэн 40 хувь ирж байх шиг байна гэнэ. Тодруулбал, Д.Хаянхярвааг Дархан-Уул аймаг тэр чигтээ дэмжиж байгаа бол Архангай аймгийн дэмжигчид Ж.Мөнхбатын нөлөөгөөр нэмэгдэн орж ирж байгаа. Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн тал хувь нь дэмжиж байгаа гэдэг нь тодорхой болжээ. Засгийн газрыг огцруулж шинээр байгуулахад УИХ дахь МАН-ын гишүүд 32, 33 болж хуваагдсан. У.Хүрэлсүхийг дэмжигчид өөр зуураа Д.Хаянхярвааг 65 хүнтэй МАН-ын бүлгийг удирдаж чадахгүй, хоёр хуваасан байж яаж намын дарга болох юм гэж ярилцаж байгаа бол Д.Хаянхярвааг дэмжигчид У.Хүрэлсүхийг намын даргын түвшинд ажиллах буурь суурьтай хүн биш гэсэн яриаг гаргаж байгаа бололтой.

Өчигдрийн Их хурлын хувьд намын шинэчлэлийг хэрхэн хийх, юун дээр бид алдав гэдгийг ярилцсан хурал болж байна. Их хурал дугаар шилжих мөчид буюу 21 цагийн байдлаар хурал үргэлжилсээр байсан бөгөөд 24.00 цаг хүртэл үргэлжлэх төлөвтэй байв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *