Агаарын бохирдлоос эрүүл мэндээ, хүрээлэн буй орчноо хамгаалах явдал туйлын чухал юм. Аливаа эрсдэлээс сэргийлэх ур чадвартай болохын тулд хамгийн түрүүнд хаана тухайн эрсдэл байгааг мэдэх хэрэгтэй. Агаарын чанарын индексийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвших нь анхны алхам билээ. Дараагийн алхам бол аль болох агаарын бохирдол бага ялгаруулах, байгаль орчинд ээлтэй Эко амьдралын хэв маягийн эрхэмлэх хэрэгтэй.
Манай орны хувьд өвлийн улиралд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд байгаа тул аль болох бохирдолд өртөхгүй буюу ид бохирдлын үед гадаа хийгдэх үйл ажиллагаанаас татгалзах нь дараагийн алхам болно. Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэн хэвшил болгох нь агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс таныг хамгаалдаг. Товчхондоо идэвхтэй хөдөлгөөн хийдэг, эрүүл хооллодог, тамхи татахгүй, ажил, амралтын дэглэмээ зөв зохицуулдаг байх нь агаарын бохирдлоос сэргийлэх үндсэн аргын нэг болно.
Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд идэвхтэй оролцож, бохирдлыг бууруулахад өөрийн чармайлтыг оруулахыг хичээх хэрэгтэй. Тиймээс та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Гэрийн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ
- Гэрийн зуух
- Гэрийн дулаалга ба сайжруулсан зуухны хэрэглээ
- Агаар шүүх төхөөрөмж
- Гэртээ тамхи татахгүй байх
- Эрчим хүчний хэмнэлт, дотоод орчны температур
Агаарын бохирдолд өртөлтийн ихэнх хэсэг нь гэр болон байшин дотор болдог. Дотоод орчны агаарын бохирдол нь халаалтын зорилгоор галлах үед зуухнаас гэрт ялгарч буй утаа, тамхины утаа болон хоол хийх явцад ялгарах утаанаас гадна гадаад орчны агаарын бохирдол дотоод орчинд нэвтэрсний улмаас үүсдэг. Иймээс бохирдлын эх үүсвэр тус бүрт чиглэсэн арга хэмжээг авах шаардлагатай.
Монгол улсад агаарын бохирдлыг бууруулахад чиглэлээр хэрэгжүүлж буй нэгэн томоохон ажил нь энгийн гэрийн зуухыг сайжруулсан зуухаар солих үйл ажиллагаа юм. Айлуудын халаалтын зориулалтаар хэрэглэж буй зуухны оронд хийн түлш хэрэглэдэг болох, төвийн халаалтын системд холбогдох нь агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Боловсруулсан нүүрс түлэх хэрэгтэй. Утааны ялгаралт багатай сайжруулсан зуух нь урт хугацаанд эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөг бууруулахад илүү ач холбогдолтой юм. Нүүрснээс хийн түлшинд шилжих шилжилтийг хэрэгжүүлэхийн тулд чанарын хий болон бусад төрлийн байгалийн хийн нөөцийн олборлолтыг нэмэгдүүлэх, боловсруулах дэд бүтцийг хөгжүүлэх нь агаарын бохирдлыг бууруулахад чухал хувь нэмэртэй билээ.
Дулаан алдалтыг бууруулснаар түлшний хэрэглээг бууруулж улмаар агаарын бохирдлыг бууруулдаг. Сайжруулсан зуухыг гэрийн нэмэлт давхаргатай хослуулан хэрэглэж байж түлшний хэрэглээг бууруулах зорилгодоо хүрэх боломжтой. Түүнчлэн уламжлалт зуухтай харьцуулбал сайжруулсан зуухыг хэрэглэж буй айлуудын дундаж температур нь 24 цагийн турш 2 хэмээр илүү дулаан байгааг тогтоосон. Мөн гэрийн нэмэлт давхарга болон үүдний амбаар суурилуулах нь гаднах орчны агаарын бохирдол дотоод орчинд нэвтрэхийг бууруулах ач холбогдолтой юм.
Гадаад орчны агаарын бохирдлыг хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй хэмжээнд хүртэл бууруулах хүртэл иргэд өөрийн гэрийн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулж, бохирдол багатай орчинд амьдрах нь туйлын чухал юм. Юуны өмнө дотоод орчны агаарын бохирдлын концентрацийг бууруулах хэд хэдэн завсрын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж болох юм. Тухайлбал, агаарын тоосонцрыг шүүдэг ХЭПА шүүлтүүр ихээхэн үр ашигтай. Агаар шүүх төхөөрөмжүүдийг ашигласнаар агаарын бохирдлыг улмаас үүсэх өвчнийг бууруулна.
Бага насны хүүхдийн дэргэд тамхи татах нь хүүхдийн амьсгалын доод замын өвчинд өртөх явдлыг ихэсгэж, астма, багтраа өвчнүүдийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гэр бүлийн бусад гишүүдтэй харьцуулахад эхийн тамхидалт нь хүүхдийн өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гэр бүлийн бусад гишүүд тамхи татах нь бага насны хүүхдэд дотоод орчны агаарын бохирдлын өртөлтийг нэмэгдүүлж, амьсгалын замын хурц өвчний шалтгаан болдог. Улаанбаатар хотын хүн амын дундах жилийн дундаж өртөлтийн ойролцоогоор 21% нь гэрийн орчин дахь тамхины утаанаас үүдэлтэй байна.
Өвлийн улиралд дотоод орчин дахь харьцангуй чийгшил 60% байхад зохистой температур 20-24С байхад тохиромжтой байдаг. Гэвч Улаанбаатар хотын дотоод орчны температур ихэвчлэн энэ заалтаас хэтэрсэн байдаг. Үр ашигтай байдлыг хэмжих ийм арга хэмжээг хэрэгжүүлэх нь хямд төсөр бөгөөд агаарын бохирдлыг бууруулахад чухал үр дүнтэй юм.
Б.Үржиг