“Амьдралын минь хань
Амин зүрхний хайрт гэргий минь сайн байна уу?
Алсын оддын дороос чамайгаа мөрөөдөн суугаа Дашбалбарыгаа адилхан санааширч суугаа чамдаа хайрын захидлаа илгээнэм. Өнөөдөр 11 дүгээр сарын 30 буюу оройн 11 цаг өнгөрч байна. Сая Сүрэнжав гуайтай цуг Останкинд очиж Егор Исаевын яруу найргийн үдэшлэгт оролцож, сэтгэл маш их хөдлөв. Хайрт минь чи бодооч. Останкин гэдэг бол Зөвлөлтийн телевизийн бичлэгийн төв юм. Эндээс дэлхий дахинд Орбитоор дамжуулан нэвтрүүлэг явагддаг гэж бод л доо. Хэрвээ чи минь хотод байдагсан бол намайг Орбитын сувгаар даруй гурван цаг харахсан. Би хамгийн нүүрэн талд нь зураг авалтын гол төвд байсан. Бид Исаевт асуулт тавьж, тэр хариулж байсан гээч. Гэлээ ч хотод байдаг нөхөд минь үзэж баахан шуугих байх л даа. Останкины цамхаг бол дэлхийд хамгийн өндөр цамхаг. Зөвхөн ганхалт нь 36 метр гээд бодоод үз л дээ. Сонин биз. Бичлэгийн заал нь гайхамшигтай саруулхан, сайхан юм. Цул гантиг шалтай гээч. Тэр ч яахав, хамгийн гол нь оросууд яруу найрагчдаа гайхамшигтай хүндлэх юмаа…”
ЗХУ-ын нийслэл Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурч байх үедээ О.Дашбалбар найрагч, гэргий Н.Борхүүхэндээ бичсэн захидал ийнхүү эхэлнэ.
“…Амрыг эрье. Хоног өдрүүдийн тоосонд явсаар л. Бүтээл ч муугүй. Хоёр дахь номоо явуулж, гурав дахиа хэвлэлтэнд бэлдээд байна. Дөрөв дэх номоо бас бэлдэнэ. Амьдралд өгөөмөр гараа сунгаж байх шиг байна. Мэхийн аваад хүртэж орхиноо. Дандаа гадаа бус, ажил дээр бус, айлд бус, гэрт минь морилооч. Ярих хөөрөх юу эс мундах билээ. …Чи өөрөө юу хийж байна. Алгуурхан биш, довтлох мэт ажиллаач. Их унших, өөрөөр харах хэрэгтэй байна шүү. Бичлэгийн өвөрмөц төрөл хайх, олон юмаар оролдох хэрэгтэй байна. Шүлгийн номоо яаралтай бэлдэж ирүүл!!! Миний хувьд гэвэл олон төлөвлөгөө, олон бодолд дарагдаад сууж байна. 1. Бруно Спартакын тухай найраглал бичнэ. 2. “SOS” туульсын найраглал бичнэ. 3. “Үлэмжийн чанар”, “Миний он жилүүд” роман бичих гээд 2000 он хүртэл хийх гол ажлууд энэ. Бас хөрөг, эссе, зураглалаар, нэг ном хийнэ. Өөрөөр хэлбэл, утга зохиолын тухай. За өөр онц юмгүй. Говь талын бор толгодын салхи үнэрлэсэн захидлыг чинь үргэлж хүлээж байх болно. Уран бүтээлийн анд Д.Цэнджавт яруу найрагч О.Дашбалбар ийн захиа бичиж байсныг товчилбол ийм.
“Сайн байна уу, хайрт аав минь. …Гуравдугаар курст ордог жилээсээ би ээж та хоёрыг хамтад нь гадаадад, хоёр гурван орноор жуулчлалаар явуулна гэж бодож байна. Сайхан шүү дээ. Орчлон дээр хүн болж төрснийх юм үзэж нүд тайлах хэрэгтэй. Жуулчлалаар явах их сайхан. Олон улсын хэлэлцээр байдаг учир дээд зэргийн бүх үйлчилгээгээр хангадаг юм. Амьдралдаа ер үзээгүй сайхныг үзэх болно. Онгоц, галт тэргэнд дээд зэргийн суудалд, бүр тусгай үйлчлэгчтэй явна гээч. Ямар ч сайд дарга нараас дутахгүй, нэг сар жаргаж үзэх хэрэгтэй. Москва, Польш, Герман гэсэн маршрутаар явуулахыг бодно. Би ингэж мөрөөдөж байгаа. Миний мөрөөдөл биелдгийг аав та мэднэ шүү дээ. Надад итгээрэй. Би явуулна. Би чадна…” Аавдаа бичсэн түүний захидлын хэсэг энэ. Энэхүү захидалд бичсэнээр яруу найрагч өөрийн аав, ээжийгээ аялуулсан. Мөрөөдлөө биелүүлсэн. Чадсан.
Хуучин, том хүрэн төмөр шүүгээн дэх найрагч аавынхаа гар бичмэл, тэмдэглэлүүдийг эмхэлж суухдаа нямбайлан хадгалсан олон захидлуудыг нь олж амтархан уншсаны эцэст олон хүн уншвал хичнээн сайхан гэж бодон хэвлэхээр шийдсэн юм. Аавынхаа бичсэн тэр захидлуудыг уншиж суух нь ээ үнэр нь үнэртэх шиг, энэ захидлыг бичихдээ ямар дүр төрхтэй байсан нь, юуг бодон суусан нь сэтгэлд тодрох шиг. Ийнхүү аавынхаа захидлуудыг “Миний захидлууд” нэртэйгээр “Зохист дорно” хэвлэлийн газарт эмхтгэн, энэ онд хэвлүүлэн гаргасан билээ. Энэхүү номонд яруу найрагч, Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо, Д.Цэдэв, Ж.Саруулбуян нарын олон алдартнуудтай харилцаж байсан захидлууд бий. Цаг хугацаа өнгөрөх тусам захидал илүү үнэ цэнтэй болдог. Захидал бичиж буй хүмүүс өөрсдөө ч анзааралгүй, түүхийг бичиж үлдээж байдаг юм байна. Он цагийг элээж цаасан дээр бэхээр бичсэн эзнийхээ гарын хэвтэй үлдсэн тэр захидлууд ямар их нууцыг хадгалж байдаг юм бэ. Хүмүүс нүүр нүүрээ харан тэр бүр хэлж чадаагүй үгээ бодлоороо дамжуулан захидалдаа бичдэг юм байна. Тэр захидлуудад тухайн он цагийн үйл явдлууд дурайж, бичсэн эзний хүсэл мөрөөдөл, сургамж, хайр, аз жаргал, баяр гуниг, гэгээн дурсамж, чин сэтгэлийн нандин бүхэн буудаг аж. Та ч бас хайртай хүмүүстээ, аав, ээждээ, анд найздаа, үр хүүхдэдээ захидал бичээрэй. “Миний захидлууд” ном Интерном, Аз хур дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа шүү.